Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2020/ДШМ/1337

 

     2020           10           20                                       2020/ДШМ/1337                              

 

 

Л.Мад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч Л.Мын өмгөөлөгч Л.Б,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/744 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Мын өмгөөлөгч Л.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.Мад холбогдох эрүүгийн 1905 04746 1027 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Цэ овгийн  Л.М, 1969 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Энигма Констракшн” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт .................................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................../;

            Шүүгдэгч Л.М нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оффис” нэртэй зочид буудалд иргэн М.Жыг “чи ямар зэвүүн, хэгжүүн хулгайч вэ” гэж зодож түүнд тархи доргилт, нурууны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Баянгол дүүргийн прокурорын газраас: Л.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Мад оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Л.Маас 364.295 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Жт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Ж нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.М цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Л.Мын өмгөөлөгч Л.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 744 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар нотолбол зохих зүйлийг нотлоогүй байна. Гэрч Ц.Батчимэг “... тухайн өдөр 11 цагийн үед “Оффис” нэртэй зочид буудлын уулзалтын өрөөнд манай захирал Л.М ганцаараа сууж байхад гаднаас М.Ж уулзахаар ирсэн. Мөн бас өөр хүмүүс уулзах гээд ирсэн байсан. Тэгээд М.Ж Л.М захиралтай уулзаж байх явцад би дундуур нь албан бичиг батлуулах асуудлаар 1-2 удаа орсон. Тэр үед Л.М М.Ж нар хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй байсан бөгөөд уг уулзалтын өрөөний хаалга онгорхой байсан болохоор орилж чанга ярьсан зүйл байхгүй. Намайг ороход хэрэлдэж маргалдсан, муудсан зүйлгүй хоорондоо 2-3 сандалын зайтай ширээний ард сууж байсан. Тэгээд нээх удаагүй М.Ж уулзалтын өрөөнөөс гараад оффисын өрөө орж бичгийн цаас авч текний ширээн дээр ажлын төлөвлөгөөгөө бичиж байгаад ресепшинд үлдээгээд явсан байсан.” гэх мэдүүлэг /хх-32-33/,

            Мөн гэрч Н.Мөнхтамир 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “... би “Оффис” зочид буудалд зөөгчийн ажил хийж байсан. 1 давхарт ресторантай залгаа уулзалтын өрөө байдаг. Уг өрөөнд захирал Л.М ажлынхаа хүн гэх М.Ж гэгчтэй уулзаж байхдаа надад ус оруулаад ир гэж захиалахаар нь би оруулж өгчихөөд гарсан. ... би ус оруулж өгөхөд гэмтэл шарх харагдаагүй зүгээр юм яриад сууж байсан захиралтай уулзах гээд хүмүүс гадаа нь байсан М.Ж гэгч нь удалгүй гарч ирээд ресепшиний хажууд юм бичиж, түүнийгээ ресепшинд үлдээгээд гараад явсан. Тэгэхэд бас гэмтэл шарх учраагүй зүгээр байсан.” гэх мэдүүлэг /хх-35/,

            Хохирогч М.Жын өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байгаа нь бусад гэрч нарын мэдүүлгээр няцаагдаж байна. Иймд хэргийн нөхцөл байдал нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

            Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэж байна. Гэвч өмгөөлөгч нь хохирогчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан яллах талын баримтуудыг няцаасан баримтыг дурдаж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гаргаж чадсангүй гэж үзэж байна. Учир нь, хохирогч “намайг хоёулхнаа байхад зодсон” гэж мэдүүлгийн эх сурвалжаа заан мэдүүлдэг. Шүүх эмнэлгийн шинжээчийн хоёр удаагийн шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэмтлийн зэрэг гарсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон. Энэ хүрээнд хохирогч нь өөрийн танил, найз нөхөд, төрөл садан хүмүүстээ тухайн цаг хугацаанд хэлсэн нөхцөл байдал байдаг. Аливаа ямар нэг үйлдлээс болж бусдыг цохиж хөнгөн гэмтэл учруулснаа хэн нэг гэрч хараагүй гэсэн үндэслэлээр зодоогүй гэж үгүйсгэж болохгүй. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тодорхой тогтоож, яллах талын нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн бодит байдалд нийцсэн эсэхийг шалган тогтоосон. Мөн шүүгдэгчийн хохирогчийг цохиогүй гэж байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, үйл баримтаар хэрхэн няцаагдаж үгүйсгэгдэж байгаа талаар шийтгэх тогтоолд үндэслэл бүхий дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоосон. Мөрдөгч гэрч нарын мэдүүлгийг бүхий л талаас нь шалгаж, хуульд заасан ажиллагааг хийсэн. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Л.М нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оффис” нэртэй зочид буудалд иргэн М.Жыг “чи ямар зэвүүн, хэгжүүн хулгайч вэ” гэж зодож түүнд тархи доргилт, нурууны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Жын “... 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн үед “Оффис” нэртэй зочид буудалд Л.М захиралтай уулзахад “чи хүн шантаажилж мөнгө авдаг, ажлын байран дээр архи уудаг, барилгын эд зүйл хулгай хийдэг” гээд хэл амаар доромжлоод байхаар нь та ярьж байгаа зүйлээ баримт нотолгоотой гаргаад ир гэхэд босч ирээд намайг боогоод, зүүн шанаа хэсэгт 1 удаа цохисон. Тэгэхэд би ширээний хажууд унасан чинь бөгс рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд би босоод сандал дээр суутал толгойны дагз хэсэг рүү 2-3 удаа цохисон, би бултаад баруун тийшээ унахад нуруу руу гараараа 3-5 удаа цохисон. Би буцаад сандал дээрээ суусан чинь “200 машины гараж барьж байгаа, В блокын бригадын дарга Тогтохбаяртай яах гэж нийлээд байгаа юм, чи тэрэнтэй нийлээд хулгай хийлээ” гэж ярьж байгаад чи тайлангаа дэлгэрэнгүй болгож ир гээд явуулсан. ...” /хх 11-12, 21-26/,

гэрч М.Б-гийн “... манай нөхөр М.Ж 2019 оны  9, 10 дугаар сарын цалингаа авах гээд захиралтайгаа уулзаад зодуулчихлаа гээд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр над руу залгасан. Тэгээд М.Ж гэртээ ирэхээр нь юу болсон талаар асуухад “өмнө сарын цалингаа аваагүй талаар ярихад тайлангаа бичиж өг гэхээр нь бичээд ороход өөр шалтаг гаргаад цалинг чинь өгөхгүй гэх зэргээр хэлээд намайг цохисон, тэгээд унахад мөн цохисон, толгой, нуруу өвдөж байна гэж хэлсэн. ...” /хх 27-28/,

гэрч Г.Т-рын “... М.Ж надад “захирлаас цалин, мөнгө авах гэж очоод зодуулчихлаа” гэж хэлсэн. Би “яаж байгаа юм бэ, цагдаад ханд, өргөдөл гаргаж өг” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа намайг очиход ил гэмтэл шарх байхгүй, бараачихсан сууж байсан. ...” /хх 29-30/,

Шинжээч эмч М.Аригуунтөгсийн “... Нурууны зөөлөн эдийн гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх 75/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12909 дугаартай “М.Жын биед тархи доргилт, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх 48-49/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 474 дугаартай “2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12909 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. М.Жын биед тархи доргилт, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. М.Жын биед учирсан гэмтэл нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үүссэн гэмтэл бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дүгнэлт нь гарсан байна. М.Жын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. М.Жын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх 50-52/ гэх дүгнэлтүүд болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхээс үнэлэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Л.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Л.Мыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

            Шүүгдэгч Л.Мын өмгөөлөгч Л.Б нь “... Хохирогч М.Ж нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байгаа нь бусад гэрч нарын мэдүүлгээр няцаагдаж байна. Иймд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Мын үйлдэл нотлогдон тогтоогдсон бөгөөд хохирогч М.Ж нь “намайг цалингаа авахаар очиход захирал Л.М хэл амаар доромжлон, хоолой боож, зүүн шанаа хэсэгт 1 удаа цохисон, унахад нь бөгс рүү 1 удаа өшиглөсөн, толгойны дагз хэсэг рүү 2-3 удаа цохисон, нуруу руу гараараа 3-5 удаа цохисон” гэснийг, шүүгдэгч Л.М нь үгүйсгэж, хохирогчийг цохиж зодсон зүйл байхгүй, биед нь хэн гэмтэл учруулсныг мэдэхгүй гэж мэдүүлсэн боловч шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12909 дугаартай, 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 474 дугаартай дүгнэлтүүдээр “М.Жын биед тархи доргилт, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” /хх 14-15/ гэсэн шинжээчийн дүгнэлт, мөн хохирогч М.Ж, гэрч М.Б , Г.Т , Ц.Б , Н.М , Б.С , шинжээч эмч М.Аригуунтөгс, Ж.Ганцэнгэл нарын мэдүүлэг зэргээс хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгч Л.Мын үйлдлийн улмаас үүссэн болох нь тогтоогдож байна.

            Нөгөөтээгүүр, шүүгдэгч Л.М нь хохирогч М.Жыг зодож байх үйл явцыг шууд харсан гэрч байгаагүй нь хохирогчийн мэдүүлгийг худал гэж үгүйсгэн няцаах нөхцөл байдал биш бөгөөд түүнд учирсан гэмтэл нь шүүгдэгч Л.Мын гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчимд үндэслэн Л.Мад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

            Иймд шүүгдэгч Л.Мын өмгөөлөгч Л.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/744 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/744 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Мын өмгөөлөгч Л.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ  

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ