| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2021/00204/И |
| Дугаар | 142/ШШ2021/00328 |
| Огноо | 2021-03-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 142/ШШ2021/00328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 9-10 тоотод оршин суух Өндөр соноо овгийн Авирмэдийн А:А /регистрийн дугаар ЧД84081401, утас: 99972573/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 9-10 тоотод оршин суух Тайж овгийн Ганбаатарын Г.М /регистрийн дугаар ФД84022311, утас: 99368477/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А:А, хариуцагч Г.Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.А:А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Миний бие А.А:А нь нөхөр Г.Г.Мтай 2003 онд танилцаж 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болж, иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 2000 дугаарт бүртгүүлсэн. Г.Г.М бид хоёр гэр бүл болж хамт амьдарч эхэлснээс хойш 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдөр том хүү М.М.Д /15 настай/, 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дунд охин М.Анир /9 настай/, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бага хүү М.Ананд /3 настай/ нар төрсөн. Г.Г.М бид хоёр одоо хувийн таарамжгүй харьцааны улмаас хэсэг хугацааны туршид тусдаа амьдарч байгаа, Г.Г.М нь хамт амьдарч байх үедээ гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, гэртээ хэрүүл маргаан үүсгэн, намайг байнга зодож дарамталдаг, гэр бүлийн хүчирхийлэл дунд 3 хүүхдийг минь амьдруулж байгаа тул бид хоёр тусдаа амьдарч эхэлсэн. Би Г.Г.Мыг гэр бүл, үр хүүхдээ бодоод надаас уучлалт гуйгаад эвлэрэх байх, амьдралаа бодох байх гэсэн бодлын үүднээс би эвлэрүүлэн зуучлалд өргөдлөө эхэлж өгсөн. Түүнээс биш надад Г.Г.Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан талаарх хангалттай баримт нотолгоо байсан тул эвлэрүүлэн зуучлалд хандахгүйгээр шууд шүүхэд хандах боломжтой байсан. Эвлэрүүлэн зуучлалд хандаад Г.Г.М бид хоёр эвлэрэх боломжгүй юм байна гэдгээ мэдсэн, тэгээд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон.
Г.Г.М нь 2010 онд намайг жирэмсэн байхад зодож гэмтээснээс болж 7 сартай байсан ураг зулбах гээд эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан. 2013 онд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ажлаа хийж явахад Г.Г.М согтуу ирээд үндэслэлгүй хардаж зодсоны улмаас миний хамрын таславч яс бяцарч, шанааны яс цуурсан, чамархайн хойд хэсэгт цөмрөлт үүсэж, тархины ар хэсэгт шингэн цус хуралт үүссэн тул Орхон аймгийн БОЭТөв дээр ирж сэхээн амьдруулах тасагт хэвтэн тархи хавантай тул орон нутагт мэс засал хийх боломжгүй гэж Улаанбаатар хотын 3 дугаар эмнэлэгт хагалгаанд орж 21 хоног эмчлэгдэж байсан. Энэ талаар цагдаад өргөдөл гаргасан боловч хадам ээж, аав нар гуйх, загнах, дарамтлах гээд янз бүрийн арга хэрэглэсээр байгаад гомдлоо буцааж авсан.
Г.Г.М нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр намайг зодож улмаар би цагдаад хандаж Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр 100 000 төгрөгөөр торгуулсан, мөн 2019 оны 11 сарын 12-ны өдөр согтуугаар гэртээ ирж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болохоор Зөрчлийн тухай хуулийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, 4.3-т зааснаар 14 цагийн албадан сургалтад хамруулж 7 хоног баривчлах шийтгэл оногдуулж байсан. Түүнчлэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Тайгер бааранд бусдын гар цүнх хулгайлсан зөрчлөөр 7 хоног баривчлагдаж байсан. Эдгээр баримтаас харахад л Г.Г.М архи уудаг, хэрүүл маргаан үүсгэдэг, зодож дарамталдаг, хулгай хийдэг зөрчил гаргадаг болох нь тодорхой байгаа юм. Г.Г.Мын гаргаж буй үйлдлүүд нь хүүхдүүдийн маань сэтгэхүй, хүмүүжилд сөргөөр нөлөөлж эхэлсэн, том хүү маань аавыгаа согтуу байгааг мэдэхээрээ айдаст автдаг болчихсон, бага хүүхдүүд хүртэл бүгд л айдаст автана, би ч их айдаг ийм л түгшүүртэй амьдралд амьдарч байсан. Би цаашид үр хүүхдүүдээ бодоод Г.Г.Маас гэрлэлтээ цуцлуулах нь зүйтэй юм байна, хүүхдүүд маань зөв хүмүүжилтэй өсөж хүмүүжих нь зүйтэй гэж бодсон тул гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Би Г.Г.Мыг архинаас гаргая, үр хүүхэд, амьдрал ахуйгаа бодъё гэсэн зорилгоор эмнэлэгт хүртэл хэвтэж эмчлүүлсэн боловч архинаас гараагүй үргэлжлүүлээд архиа уугаад байсан. Г.Г.Мын гэр бүлээс гадуурх харилцаа нь даамжирч хамт амьдрахаа больсон, гэр орондоо ирэхээ ч больсон, зөвхөн архи уусан согтуу үедээ гэрт ирж дарамт, хүчирхийлэл үүсгэх болсон. Иймд би нөхөр Г.Г.Маас гэрлэлтээ цуцлуулж, том хүү М.М.Д, дунд охин М.Анир, бага хүү М.Ананд нарыг өөрийн асрамжинд авч, тэдэнд эцэг Г.Г.Маас хуульд заасан хувь хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.
Хариуцагч Г.Г.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Ганбаатар овогтой Г.М нь Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 9-10 тоотод амьдардаг. Эхнэр болох А.А:Аийн нэхэмжлэлд гэр бүл цуцлуулах хүсэлтийг зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие М.Анир, М.Ананд хүүхдүүдээ өөрийн асрамжинд харж хандаж, сургууль цэцэглэгт нь байнга өгч авч эхнэртэйгээ ажлын шугамаар хамтран ажиллаж байгаа. Иймд өмнө болсон үйл явдалд уучлалтайгаар хандаж эвлэрүүлэн шийдвэрлэж өгнө үү. Цаашдаа эцгийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж алдаа зөрчил гаргахгүй үр хүүхэд хань ижлийнхээ төлөө амьдрах болно... гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Би хааяа архи уудаг нь үнэн. Одоогоор гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа болохоор архи уух нь ихсэж байна. Гар хүрч байсан, эхнэрээ зодоод хамрыг нь хугалж байсан нь үнэн. Намайг архи уусан үед А.А:А өөрөө уур уцаар хүргэдэг, янз бүрээр хэлдэг тэр байдлаас болоод хэрүүл гарах, гар хүрэх юм болдог. А.А:А ч миний дал руу мэсээр хатгаж байсан. Би одоогоор өөрийн гэсэн орон гэргүй, архины хамааралтай гэж ярилцаж байгаа учир хүүхдүүдээ ээжид нь өгөх хүсэлтэй байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө... гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.А:А нь Г.Г.Мт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
А.А:А Г.Г.М нар нь 2003 онд танилцаж 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүү М.М.Д, 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дунд охин М.Анир, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бага хүү М.Ананд нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.
Зохигчид шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар ороод эвлэрээгүй байх ба, гэр бүлийн дотор хүчирхийлэл үйлдэгдэж Г.Г.М нь эхнэр А.А:Аийн хамрыг хугалж, мөн өөр гэмтлүүд үүсгэж байсан, А.А:А нь нөхөр Г.Г.Мт мэс хүргэж байсан зэрэг байдлууд талуудын тайлбаруудаар нотлогдож байх ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэр бүлээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа байдлыг харгалзан тэдэнд эвлэрэх хугацаа олгохгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэрлэгчдийн дундаас 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү М.М.Д, 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин М.Анир, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү М.Ананд нарыг эх А.А:Аийн асрамжид үлдээхээр талууд тохиролцсон байна.
Иймд хүүхдүүдийг эх А.А:Аийн асрамжид үлдээж, эцэг Г.Г.Маас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасан тэтгэлгийг сар бүр гаргуулан олгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 102 642 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Өндөр соноо овгийн Авирмэдийн А:А, Тайж овгийн Ганбаатарын Г.М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү М.М.Д, 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин М.Анир, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү М.Ананд нарыг эх А.А:Аийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү М.М.Дийг 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ амжиргааны доод түвшингээр, 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин М.Анир, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү М.Ананд нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Г.Маас сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Мөнх-Одод даалгасугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 102 642 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА