Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/952

 

 

 

 

 

 

 

  2024         09          03                                      2024/ШЦТ/952

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энхтүвшин даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин,

улсын яллагч Л.Наранхүү,

шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Нын Гд холбогдох эрүүгийн 2406 01720 1743 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

..................................................................................................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө ...........................................тоотод хохирогч Б.Зтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар биед халдаж, духанд шарх, зүүн бугалга, тохой, өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зулайд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Н.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө ...........................................тоотод хохирогч Б.Зтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар биед халдаж, духанд шарх, зүүн бугалга, тохой, өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зулайд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Зын өгсөн: “...Би өнөөдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ................. тоотод байрлах гэртээ Г гэх найзтайгаа хамт хоёр шил дарс, хоёр лааз пиво уусан. Тэгээд манай найз Г агсан тавиад бид хоёр муудалцсан ба Г дарсны шилээр миний толгой руу цохисон. Үүнээс болж миний толгой хагарсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан.”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/, 

            Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Зын дахин өгсөн: “...Г архи, согтууруулах ундаа  хэтрүүлэн хэрэглэсэн байсан бөгөөд манай нохой Гд очиж эрхэлж тоглох үед Г уурлаж манай нохойг газар хүчтэй шидсэн. Тэгэхээр нь би түүнд хандаж чи болиоч гэж хэлсэн. Тэгтэл Г над руу гэнэт уурлаж виноны шилээр миний толгойд нэг удаа хүчтэй цохисон. Би түүнтэй ноцолдсон ба Г намайг буйдан руу түлхсэн. Би унахдаа зүүн өвдөг болон зүүн тохойгоороо тулж унаж тухайн биеийн хэсгүүд гэмтсэн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3847 дугаартай хүний биед хийсэн шинжилгээний: “...Б.Зын биед духанд шарх, зүүн бугалга, зүүн тохой, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зулайд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3954 дугаартай хүний биед хийсэн шинжилгээний: “...Н.Гын биед хоёр бугалга, баруун тохой, зүүн шуу, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, хоёр шуу, хоёр сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Н.Гын өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 16-н өдөр найз Зтай уулзахаар тохирч Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах ................. тоот Зын гэрт очсон. Би очихдоо 2 вино, усан үзмийн хамт авч очсон. Бид хоёр виногоо ууж дуусгаад дахин дэлгүүр гарч хоёр лааз пиво авсан. Тэгээд пивоо ууж байгаад маргалдсан. Би түүнээс хойш яг юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаагийн байгууллагад ирсэн байсан ба маргааш өглөө нь сэрэхэд миний нуруу өвдөж гар шархалсан байсан. Би яг яаж гэмтэл авсан талаараа болон Зын биед хэрхэн халдсан талаараа санах зүйл байхгүй байна. Би тухайн үед Б.Зтай муудалцаад тухайн гэмт хэргийг үйлдэх болсон. Тухайн үед бид хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас хэрүүл маргаан үүсэж улмаар зодоон болсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/,

 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл: Б.З 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 48,000 төгрөг түргэн тусламж үйлчилгээ авсан талаар баримт /хавтаст хэргийн 50 дахь тал/ зэргээр тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Улсын яллагч “...Шүүгдэгч Н.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч Н.Г “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэх дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгчийн зүгээс маргаагүй болно.

1.3. Хууль, эрх зүйн дүгнэлт.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шинжээч эмч Ө.Сарангэрэлийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3847 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Зын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Шүүгдэгч Н.Г нь хохирогч Б.Зтай хэрүүл маргаан хийж, улмаар түүний толгой хэсэгт виноны шилээр цохиж, биед халдаж байгаа үйлдэл нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Мөн шүүгдэгч Н.Гын хууль бус үйлдлээс хохирогч Б.Зын эрүүл мэндэд хөнгөн хохирол шууд учирсан байх ба түүний гэмт үйлдэл, учруулсан хохирол, хор уршгийн  хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Тиймээс шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэгт, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж тус тус заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас Б.Зын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд эрүүл мэндийн зардалтай холбоотой баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Н.Г нь эрүүл мэндийн зардалд 1,750,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 48,000 төгрөгийг шүүхийн шатанд тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Н.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Харин хохирогч Б.З нь энэ гэмт хэргийн улмаас цаашид учрах гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Гаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “...Шүүгдэгч Н.Гын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгч “...Хэлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Н.Г гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дахь тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 29 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлтийн лавлагаа /хх-ийн 32, 38 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33, 39 дэх тал/ зэрэг баримтуудаар хувийн байдлыг тодорхойлов.

Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн  тул Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Иймд улсын яллагчийн саналаар шүүгдэгч Н.Гын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, хохирогчийн гомдол санал, хохирол төлж барагдуулсан байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ял буюу шүүгдэгч Н.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Гд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Н.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Х овогт Нын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Гд мэдэгдсүгэй.

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

          6. Хохирогч Б.З нь энэ гэмт хэргийн улмаас цаашид учрах гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Гаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Э.ЭНХТҮВШИН