| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 191400530234 |
| Дугаар | 2020/ДШМ/070 |
| Огноо | 2020-09-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2020/ДШМ/070
Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Бат-Оргил
Яллагдагч Б.Б , түүний өмгөөлөгч Д.Мэндээ
Нарийн бичгийн даргаар Д.Номингоо нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/789 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Бат-Оргилын гаргасан эсэргүүцлээр Б.Б д холбогдох эрүүгийн 191400530234 дугаар хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, овгийн Б.Б , 1970 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Б.Б нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хөрөнгө оруулалт авах гэж байгаа, дансанд мөнгө байршуулах шаардлагатай байна, Солонгос, Япон улс руу гаргаж өгнө, банкнаас мөнгө авах гэсэн чинь авах мөнгөнийхөө нэг хувийг төлдөг гэнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн С.Б оос 4.000.000 төгрөг, иргэн Б.Ж оос 5.000.000 төгрөгийг тус тус бусдын дансаар дамжуулан шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах үндэслэл тогтоогдов.
Үүнд; Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжпэн судлахад;
Яллагдагч Б.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...би Ц д гэх хүнд 25 000 000 төгрөг өгчхөөд түүнийг авах гэж Эрээн хот явсан,.. мөнгөө авах талаар хэлэхэд БНХАУ-ын Эрээн хот руу очоод мөнгө авчих гэж хэлэхээр нь гадаад паспортаа захиалаад БНХАУ-ын Эрээн хот руу явсан, би Б.Ж оос 5.000.000 төгрөг, С.Б оос 4.000.000 төгрөг нийт 9000000 төгрөгийг зээлсэн,...Ц тэй гэрээ хийсэн, 25000000 төгрөгийг манай эгч шилжүүлсэн....гэх мэдүүлэг
Яллагдагч Б.Б ын мөрдөн байцаалт өгсөн....Ц нь мөнгөө хөөцөлдөж байгаа одоо 15.000.000 төгрөг олчихвол эндээс авах мөнгө нь яг бүтэх гээд байна гэхээр нь би надад одоо бол мөнгө байхгүй, би хүнээс мөнгө зээлж өгье гэж хэлсэн,... Б.Ж оос 5.000.000 төгрөг С.Б оос 4.000.000 төгрөг өгөхөөр болж, тэр мөнгийг Цог-Эрдэнийн хадам ээжийнх нь дансаар нь дамжиж Цог-Эрдэнийн данс уруу орж ирснийг нь би хүнээс мөнгө шилжиж орлоо гэж Ц д хэлсэн, би 9.000.000 төгрөг зээлээч гэсэн,..би Ц д зээлсэн 25,000,000 төгрөгөө дээр нь дансанд байршуулахаар өгсөн 9.000.000 төгрөгөө авах байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 126-127/
Хохирогч С.Б ийн мөрдөн байцаалтад өгсөн ... мөнгөний хэрэгцээ болоод байна гэхээр нь л тусалж л мөнгө зээлүүлсэн,...миний дансанд 10.000.000 төгрөг хийж туслаач мөнгө орж ирэнгүүт нь буцаагаад явуулчихна гэж хэлсэн, би ХААН банкны 5152105345 дугаартай, Батаагийн Цэрэнбалжид гэх данс уруу 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн,... гэх мэдүүлэг. /хх-ийн 83-86 /
Хохирогч Б.Ж ийн мөрдөн байцаалтад өгсөн...та 5000000 төгрөг аргалаатахаач гэсэн,..Б.Б би С.Б ид хэлчихсэн байгаа талыг нь аргална гэсэн, чи талыг нь аргалаатах гэхээр нь за гэсэн, би Бямбадоржид 5.000.000 төгрөгөө аваачиж өгөөд С.Б өөрөө 4.000.000 төгрөг нэмээд явуулсан гэсэн, би мөнгө өгөөтхөөч дараа нь өгье гэхээр нь зээлээр мөнгө зээлсэн...гэх мэдүүлэг. /хх 89, 94/
Гэрч Б.Мөнгөнтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн... манай нөхөр Ц л утсаар ярьж Б.Б д хүн мөнгө шилжүүлж байгаа мөнгийг нь аваад долларт хөрвүүлээд шилжүүлээтэхээч гэхээр уг мөнгийг нь данснаас аваад банк дээр Америкийн нэгдсэн улсын доллар болгоод Худалдаа хөгжлийн банкаар Индонез улс руу шилжүүлсэн,... манай хүүхдийн валютын данс болох 499251285 дугаарын данс уруу хийсэн,...данс нь манай хүүхэд Э.Эрдэнэдондогийн данс бөгөөд Ц дансны виза картыг нь аваад гадаад улс руу явсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 101-104/ мэдүүлэг зэргээс үзэхэд Ц , Б.Б нарын хооронд гэрээ хийгдсэн эсэх, уг гэрээг Нарантуяа гэх хүнтэй байгуулсан эсэх, Б.Б нь ямар нөхцөлтэйгээр Ц д 25000000 төгрөгийг шилжүүлсэн эсэх, Б.Цэрэнбалжидын данс руу орсон 9000000 төгрөгийг хэний зөвшөөрлийн дагуу яаж гарсан эсэх, Цог-Эрдэнийн данс уруу 25000000 төгрөгийг долларт хөрвүүлээд 3,356 доллар болсныг Э.Эрдэнэдондогийн валютын данс болох 499251285 дугаарын данс уруу хийсэн, уг данснаас уг мөнгийг авсан эсэх талаар холбогдох ажиллагааг огт хийгдээгүй орхигдуулсан байна.
Өөрөөр хэлбэл Ц , Б.Б ын нарын хооронд хийгдсэн гэрээг хэрэгт хавсаргах, Ц , Э.Эрдэнэдондог, Цэрэнбалжид, Нарантуяа гэх хүмүүсээс мэдүүлэг аваагүй, тухайн үйлдэлд Цог-Эрдэнийн хамтран оролцсон эсэхийг шалгаж тогтоох , хохирогч С.Б , Б.Ж нараас шилжсэн төгрөгийг Э.Эрдэнэдондог, Цэрэнбалжид нарын хүмүүсийн данснаас хэний зөвшөөрлийн дагуу яаж гарсан, мөн валют болгон шилжүүлсэн, уг валютыг хэн хэзээ хэрхэн авсан болох баримт авагдаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг” хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Б д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэрэг хэзээ хаана гарсан, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг тогтоогоогүй бөгөөд шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцож байгаа улсын яллагчийн талаас хэргийн нөхцөл байдалд хийж буй үйл баримтыг болон эрх зүйн дүгнэлт гэдэг утгаараа шүүхийн шийдвэрийн нэгэн адил үндэслэл тодорхой, дүгнэлт ойлгомжтой байдлаар бичигдэх ёстой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар.. эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагтай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ... гэж заасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…”, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-т... энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн хууль ёсны болон шударга ёсны , гэм буруугийн зарчмуудыг баримталж ажиллах шаардлагатай бөгөөд үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр Б.Б д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Бат-Оргилын тус шүүхэд гаргасан 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 45 дугаар эсэргүүцэлд:
Яллагдагч Б.Б нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хөрөнгө оруулалт авах гэж байгаа, дансанд мөнгө байршуулах шаардлагатай байна, Солонгос, Япон улс уруу гаргаж өгнө, банкнаас мөнгө авах гэсэн чинь авах мөнгөнийхөө нэг хувийг төлдөг гэнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн С.Б оос 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, иргэн Б.Ж оос 5.000.000 /таван сая/ төгрөгийг тус тус бусдын дансаар дамжуулан шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.Б ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 215 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд яллагдагч Б.Б ын мэдүүлэгт дурдагдсан Ц , Б.Б нарын хооронд гэрээ хийгдсэн эсэх, уг гэрээг Нарантуяа гэх хүнтэй байгуулсан эсэх, Б.Б нь ямар нөхцөлтэйгээр Ц д 25000000 төгрөгийг шилжүүлсэн эсэх, Б.Цэрэнбалжидын данс уруу орсон 9000000 төгрөгийг хэний зөвшөөрлийн дагуу яаж гарсан эсэх, Цог-Эрдэнийн данс уруу 25000000 төгрөгийг долларт хөрвүүлээд 3.356 доллар болсныг Э.Эрдэнэдондогийн валютын данс болох 499251285 дугаарын данс уруу хийсэн, уг данснаас уг мөнгийг авсан эсэх талаар холбогдох ажиллагаа огт хийгдээгүй орхигдуулсан байна.
Өөрөөр хэлбэл Ц , Б.Б нарын хооронд хийгдсэн гэрээг хэрэгт хавсаргах, Ц , Э.Эрдэнэдондондог, Цэрэнбалжид, Нарантуяа гэх хүмүүсээс мэдүүлэг аваагүй, тухайн үйлдэлд Цог-Эрдэнийн хамтран оролцсон эсэхийг шалгаж тогтоох, хохирогч С.Б , Б.Ж нараас шилжсэн төгрөгийг Э.Эрдэнэдондог, Цэрэнбалжид нарын хүмүүсийн данснаас хэний зөвшөөрлийн дагуу яаж гарсан, мөн валют болгон шилжүүлсэн, уг валютыг хэн хэзээ хэрхэн авсан болох баримт авагдаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Б д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэрэг хэзээ хаана гарсан, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг тогтоогоогүй бөгөөд шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцож байгаа улсын яллагчийн талаас хэргийн нөхцөл байдалд хийж буй үйл баримтыг болон эрх зүйн дүгнэлт гэдэг утгаараа шүүхийн шийдвэрийн нэгэн ажилд үндэслэл тодорхой, дүгнэлт ойлгомжтой байдлаар бичигдэх ёстой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ... гэж заасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “...гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно...” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...”, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн хууль ёсны болон шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримталж ажиллах шаардлагатай бөгөөд үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр Б.Б д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй болж чадаагүй байна.
Учир нь мөрдөн байцаалтын явцад яллагдагч Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хохирогч С.Б уруу утсаар яриад маргааш мөнгө бүтэх гэж байна, эндээс хөрөнгө оруулалт авах гэж байгаа, дансанд мөнгө байршуулах шаардлагатай болчихоод байна миний дансанд 10.000.000 төгрөг түр хийгээтэхээч маргааш мөнгө оронгуут буцаагаад аваад өгье гэж хэлж, хохирогч Б.Ж руу утсаар яриад би Индонези улсад байна, би энд банкнаас мөнгө авах гэсэн чинь шимтгэлийн мөнгө заавал төлдөг юм байна наанаасаа аргалаад хэдэн төгрөг явуулаадахаач... надад 9-10 сая төгрөг хэрэгтэй байна... би Бямбадоржтой ярьчихсан Бямбадорж 4 саяыг аргалъя гэж байна та 5 саяыг аргалаатахаач... гэж тус тус утсаар ярьж Хөрөнгө оруулалт авах гэж байгаа, дансанд мөнгө байршуулах шаардлагатай байна, банкинаас мөнгө авах гэсэн чинь авах мөнгөнийхөө нэг хувийг төлдөг гэнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн С.Б оос 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, иргэн Б.Ж оос 5.000.000 /таван сая/ төгрөгийг тус тус бусдын дансаар буюу хамт явсан гэх Ц гэгчийн хадам эх болох Б.Цэрэнбалжидын дансаар дамжуулан шилжүүлэн авч залилсан болох нь хангалттай нотлогдсон, бусдын дансаар тухайн мөнгийг хохирогч нараас шилжүүлэн авснаар гэмт хэрэг нь төгссөн байна.
Гэтэл анхан шатны шүүх нь хэргийг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэхгүйгээр яллагдагч Б.Б ын үйлдсэн гэмт хэрэгт ямар нэгэн хамааралгүй этгээд буюу яллагдагч Б.Б ын мэдүүлэгт дурдагдсан Ц гэгчийн үйлдэлтэй тухайн гэмт хэргийг ямар нэгэн байдлаар шалтгаант холбоотой гэж үзэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
Залилан мэхлэх гэмт хэрэг нь бусдын хөрөнгө, эд зүйлийг өөрийн болгосноор төгсдөг бөгөөд Б.Б нь бусдаас мөнгө залилж авсаны дараа тухайн мөнгийг хэн нэгэнд өгсөн үйлдэл нь гэмт хэргийн зүйлчлэлд хамаарахгүй юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ыг хуульчилж мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг анхаарч үзээгүй байна.
Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/789 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор Б.Баторгил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:Бичсэн эсэргүүцлээ дэмжин оролцож байна.Тухайн гэмт үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаана уу гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Д.Мэндээ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Шүүгчийн захирамжид заасан ажиллагааг заавал хийснээр шунахай сэдэлттэй болохыг тогтоох шаардлагатай. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээнэ үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурорын бичсэн эсэргүүцэлд үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцлийн үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад:
Прокурорын газраас яллагдагч Б.Б ыг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “хөрөнгө оруулалт авах гэж байгаа, дансанд мөнгө байршуулах шаардлагатай байна, Солонгос, Япон улс руу гаргаж өгнө, банкнаас мөнгө авах гэсэн чинь авах мөнгөнийхөө нэг хувийг төлдөг гэнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн С.Б оос 4.000.000 төгрөг, иргэн Б.Ж оос 5.000.000 төгрөгийг тус тус бусдын дансаар дамжуулан шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж үзэхэд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан н.Ц , Б.Б нарын хоорондын ажил төрлийн харилцаа нь С.Б , Б.Ж нараас зээлсэн 9.000.000 төгрөгтэй шалтгаант холбоотой эсэхийг сайтар тогтоох нь Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл буюу объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг тодорхойлоход ач холбогдолтой байхад дан ганц үүсэж бий болсон үр дагавраар яллах нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчимд нийцэхгүй юм.
Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд Эрүүгийн хуулийн 2.1-д заасан гэмт хэргийн ойлголт, шинж болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, санаа зорилго, гэм буруутай хүний хувийн байдал зэргийг шалгаж бүрэн тогтоох шаардлагатай юм..
Иймд “...яллагдагч Б.Б ын үйлдсэн гэмт хэрэгт ямар нэгэн хамааралгүй этгээд буюу яллагдагч Б.Б ын мэдүүлэгт дурдагдсан Ц гэгчийн үйлдэлтэй тухайн гэмт хэргийг ямар нэгэн байдлаар шалтгаант холбоотой гэж үзэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй...” гэх агуулгаар бичсэн Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.1 -т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/789 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, Прокурор Б.Бат-Оргилын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг Прокурорт очтол яллагдагч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Л.НЯМДОРЖ