Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2025/00157

 

Т.Б, Э.С нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн

2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 320/ШШ2025/00374 дүгээр шийдвэр,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 225/МА2025/00025 дугаар магадлалтай,

Т.Б, Э.С нарын нэхэмжлэлтэй

Б.Д-д холбогдох

**** аймагт үйл ажиллагаа явуулж байгаа ****J авто худалдааны төвийн үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 5 дугаар сард барьсан гаражийн барилга нь нэхэмжлэгч Т.Б миний эзэмшлийн **** аймгийн *** сумын *** тоотод байрлах газрын тодорхой хэсэгт оруулж баригдсан болохыг тогтоолгох, дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох барилга нь хөршийн эрх зөрчсөн болохыг тогтоолгох, нэхэмжлэгч Т.Б-н эзэмшлийн газрын хэсэг рүү орж баригдсан **** аймгийн *** сумын ***-4 тоотод баригдсан ****J авто худалдааны төвийн гаражийн барилгаас Т.Б-н эзэмшил газрыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Б.Д-н эзэмшлийн **** аймгийн *** сумын ***-4 тоотод байрлах нэгж талбарын ****5 дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан болохыг тогтоолгох, дээрх байдал нь хөршийн эрх зөрчсөн болохыг тогтоолгох, Б.Д-н эзэмшлийн **** аймгийн *** сумын ***-4 тоотод байрлах нэгж талбарын ****5 дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, Э.С, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Ж, хариуцагч Б.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Т.Б, Э.С нар нь Б.Д-т холбогдуулан ***** аймагт үйл ажиллагаа явуулж байгаа ****J авто худалдааны төвийн үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 5 дугаар сард барьсан гаражийн барилга нь нэхэмжлэгч Т.Б миний эзэмшлийн **** аймгийн *** сумын *** тоотод байрлах газрын тодорхой хэсэгт оруулж баригдсан болохыг тогтоолгох, дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох барилга нь хөршийн эрх зөрчсөн болохыг тогтоолгох, нэхэмжлэгч Т.Б-н эзэмшлийн газрын хэсэг рүү орж баригдсан **** аймгийн *** сумын ***-4 тоотод баригдсан ****J авто худалдааны төвийн гаражийн барилгаас Т.Б-н эзэмшил газрыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг,

Б.Д нь түүний эзэмшлийн **** аймгийн *** сумын ***-4 тоотод байрлах нэгж талбарын 6****** дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан болохыг тогтоолгох, дээрх байдал нь хөршийн эрх зөрчсөн болохыг тогтоолгох, Б.Д-н эзэмшлийн **** аймгийн *** сумын ***-4 тоотод байрлах нэгж талбарын 6****** дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргасныг зохигч эс зөвшөөрч, маргажээ.

2.Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 320/ШШ2025/00374 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 135 дугаар зүйлийн 135.3-т тус тус зааснаар **** аймагт үйл ажиллагаа явуулж байгаа ****J авто худалдааны төв үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 05 дугаар сард барьсан гаражийн барилга нь нэхэмжлэгч Т.Б-н эзэмшлийн **** аймгийн *** сумын *** тоотод байрлах газар руу хойд талаараа 0.26 см, урд булангаараа 0.22 см буюу 6,2 м.кв орж баригдсан болохыг тогтоолгох тухай, **** аймгийн *** сумын ***-4 тоотод баригдсан ***J авто худалдааны гаражийн барилгаас нэхэмжлэгч Т.Б-н газар руу орж баригдсан 6,2 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг,

хариуцагч Б.Д-н эзэмшлийн **** аймгийн *** сумын ***-4 тоотод байрлах нэгж талбарын 6****** дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх **** аймгийн ****J авто худалдааны төвийн үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 5 дугаар сард барьсан гаражийн барилга нь хөршийн эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох тухай, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх **** аймгийн *** сумын ***-4 тоотод байрлах нэгж талбарын 6****** дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан байдал нь хөршийн эрх зөрчсөн болохыг тогтоолгох тухай, Б.Д-н эзэмшлийн **** аймгийн *** сумын ***-4 тоотод байрлах 6****** газрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-с 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б, Э.С нарт, нэхэмжлэгч Т.Б, Э.С нараас 70,200 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Д-д тус тус олгож шийдвэрлэжээ.

3.Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 225/МА2025/00025 дугаар магадлалаар: Нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 155/ШШ2025/00374 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “1.Иргэний хуулийн 106 дугаар зуйлийн 106.1, 135 дугаар зүйлийн 135.3-т тус тус зааснаар **** аймагт үйл ажиллагаа явуулж байгаа ****J авто худалдааны төвийн үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 05 дугаар сард барьсан гаражийн барилга нь нэхэмжлэгч Т.Б-н эзэмшлийн **** аймгийн *** сумын ***4 тоотод байрлах газар руу хойд талаараа 0,26 см, урд булангаараа 0,22 см буюу 6,2 м.кв орж баригдсан болохыг тогтоолгох тухай, **** аймгийн *** сумын ***-4 тоотод баригдсан ***J авто худалдааны гаражийн барилгаас нэхэмжлэгч Т.Б-н газар руу орж баригдсан 6,2 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх тухай, *** аймгийн ****J авто худалдааны төвийн үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 5 дугаар сард барьсан гаражийн барилга нь хөршийн эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг, хариуцагч Б.Д-н эзэмшлийн **** аймгийн *** сумын ***-4 тоотод байрлах нэгж талбарын 6****** дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх **** аймгийн *** сумын ***-4 тоотод байрлах нэгж талбарын 6****** дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан байдал нь хөршийн эрх зөрчсөн болохыг тогтоолгох тухай, Б.Д-н эзэмшлийн **** аймгийн *** сумын ***-4 тоотод байрлах 6****** газрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Б-н давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагч Б.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анх Т.Б-тай тохиролцоод барилга барьсан. Гэтэл барилга барьж дуусаад үйл ажиллагаа эхэлсний дараа дарамталж, их хэмжээний мөнгө нэхэж байгаад гомдолтой байна. Газрын тухай хуульд 20-50 см газар зөрчихийг хэмжих үед гарч болох зөрүү гэж үздэг юм байна. Манайхаас хөрш Т.Б-н газар руу орсон хэмжээ дээрх хэмжээний дотор байна. Гэтэл Т.Б-н цэвэр ус, дулааны шугамын хоолой 13,1 м.кв газрыг хамран манай хашаан дотор байрлаж байгаа. Иймд удаа дараа дарамталж, ажил үйлчилгээг минь боогдуулж байгаа тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

5.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4-т өмчлөгч, хууль ёсны эзэмшигч эрхээ хамгаалуулахаар шаардлага гаргах талаар зохицуулсан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмчлөх, эзэмших эрхийг зөрчсөн гэх дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан атал хариуцагчийн өмчлөх, эзэмших эрхийг зөрчиж байгаа нэхэмжлэгчийн яг ижил үйлдэл, нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад шинжээчийн дүгнэлтийг хэлбэрийн төдий үндэслэн шийдвэр гаргасан.

5.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэснийг зөрчиж хэргийг хянахдаа “зохигч гомдол гаргаагүй тул дүгнэлт хийлгүй орхив” гэсэн нь ноцтой зөрчил болсон. Учир нь, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа зөвхөн нэхэмжлэгчийн эрх ашгийн хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн ашиг сонирхлыг хөндсөн, хууль зөрчсөн шийдвэр гаргасан байна. Хариуцагчийн эзэмшил хууль ёсны байгаа тохиолдолд зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд хөршийн эрхийн талаарх зохицуулалт хэрэглэгдэх тул магадлалд энэ талаар дүгнэлт хийх байсан. Нэхэмжлэгч нарын өмчлөлийн хувийн сууц руу холбосон цэвэр, бохир усны шугамын хоолой нь хариуцагч Б.Д-н эзэмшлийн газрын 13,1 м.кв газрыг хамран байрладаг. Тус газрын хэсгийг ашиглах, дээр нь барилга байгууламж барих боломжгүй нөхцөлтэй байгаад хариуцагчийн эрх болон эд хөрөнгийн эрх ноцтой зөрчигдөж байгаад хоёр шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

6.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагч Б.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.09.11-ний өдрийн 001/ШХТ2025/00830 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

7.Хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

8.Нэхэмжлэгч Т.Б, Э.С нар нь хариуцагч Б.Д-д холбогдуулан түүний 2024 оны 05 сард барьсан гаражийн барилга нь эзэмшил газар руу хойд талаараа 0,26 см, урд булангаараа 0,22 см буюу 6,2 м.кв орж баригдсан болох, энэ барилга нь хөршийн эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох, нэхэмжлэгч Т.Б-н газар руу орж баригдсан 6,2 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ “...зүүн талын хөрш газрын эзэмшигч Б.Д нь 2024.04.15-ны орчим хашаандаа барилгын ажил эхлүүлэх гээд хашааны дунд хамрыг нь буулгасан ба барилгын материалаа буулгачихаад хамрыг буцааж барина гэж хэлсэн боловч бариагүй, 06 сард барилгыг барьж дуусгасан. Ингээд дунд хамар байхгүй тул зам дагуу нохой орж, барилгын ажил явагдаж, тоос шороо босох, дуу чимээ ихсэх, цонхоо онгойлгох боломжгүй болж, барилгын ажил гүйцэтгэж байгаа хүмүүс манай 00-ыг ашиглах, гэрээс гараад нэг алхаад ухсан нүх, машин үзэхээр ирсэн хүмүүс манай арын талбайд машинуудаа тавих зэргээр амьдрах нөхцөлд муугаар нөлөөлж эхэлсэн. Гаражийн барилга нь манай газар руу 6,2 м.кв хэмжээгээр нэвтэрсэн, байшингийн цонхыг хааж баригдсан, барилга хоорондын зай бариагүйгээс болж гэр бүлийн эрүүл аюулгүй, орчинд амьдрах эрх зөрчигдсөн. Энэ байдлыг хөршийн эрх зөрчсөн гэж үзэж байна. Манай эзэмшлийн дулааны худаг, шугам хариуцагчийн газар дээр анхнаасаа байсан бөгөөд Б.Д нь үүнийг мэдсээр байж аваад барилга барьсан...” гэж тодорхойлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, “...2024 оны 04 сард өөрийн эзэмшлийн хашаандаа барилгын зураг төслөө батлуулаад Г газар, О алба зэрэг байгууллагуудад зураг төслөө танилцуулан, зохих зөвшөөрөлтэйгөөр барилгын ажлаа эхэлсэн. Т.Б нь цэвэр ус, дулааны худгаа манай хашаан дотор гаргасан байсан учир худгийг холдуулах талаар гомдол гаргаж “Х” ХХК Т.Б-г худгаа өөрийн зардлаар зөөвөрлө гэсэн чиглэл өгсөн. Гэтэл Т.Б нь айл хүний амь нэг, ахын дүү байшингаа манай шугамнаас хойш бариач гуйж байна, ах нь шугамаа зөөхөд 15 сая төгрөг гаргах болох юм байна, хашаагаа буулгалцъя барилгын ажилчдад 00-той болтлоо манай 00-ийг ашиглуулж болно гэж өөрөө хэлсэн тул ярилцаж тохиролцсоны үндсэн дээр түүний цэвэр ус, дулааны шугам, худгийг байранд нь үлдээж, харин худалдааны төвийн барилгыг газрын хойд хэсэгт барьсан. Барилгын материалын хэмжээнээс хамаарч барилгын босгогч хавтанг 20-25 см тайрах боломжгүй байсан. Хэрэв нэг талыг тайрвал нөгөө талыг тайрах шаардлага үүсэж байсан тул Т.Б-н газар руу 20-25 см орж баригдсан. Барилга хоорондын зай 6 метр байх ёстойгоос нэхэмжлэгч нар ч энэ хэмжээг баримтлаагүй, анхнаасаа байшингаа хашаанд тулган барьсан байсан. Би газрын хойд хэсэгт барилгаа барьснаар газрын урд хэсгийг ашиглах боломжгүй болсон. Тухайн хэсэгт өөрсдөө оршин суух болон манаач байрлах байшин барих төлөвлөгөөтэй байсан боловч ямар нэгэн барилга байшин нэмж барих боломжгүй байдал үүссэн. Учир нь Б.Д-н эзэмшлийн тус газрын хэсэг дээр нэхэмжлэгч нарын хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг, хоолой байрлаж байгаа...” гэж маргасан.

Хариуцагч нь **** аймгийн *** сумын ***-4 тоот эзэмшил газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын хувийн сууц руу нь холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан болохыг тогтоолгох, энэ нь хөршийн эрх зөрчсөн болохыг тогтоолгох, уг газрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлийг татгалзаж, “... манай шугам, худаг нь нийтийн эзэмшлийн талбай дээр байсан, хөршийн эрх зөрчсөн гэж үзэхгүй. Дулааны шугам, худгаас болж барилгыг хойш барьсан гэж байгаа нь худал юм. Учир нь газрын урд хэсгийн дээгүүр 6000 квт шугам байгаа учраас барилга барих боломжгүй байсан. Б.Д нь тухайн хашааг худалдаж авахдаа дулааны шугамтай гэдгийг мэдэж байсан. Тиймээс Б.Д барилгаа яаж барих нь өөрийнх нь асуудал байсан...” гэж мэтгэлцсэн байна.

9.Анхан шатны шүүх ...хариуцагчийн барьсан гаражийн барилга нь нэхэмжлэгчийн эзэмшил газар руу 6,2 м.кв орж баригдсан болохыг тогтоолгох тухай, 6,2 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Б.Д-н эзэмшил газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хангаж, үндсэн нэхэмжлэлээс ...гаражийн барилга нь хөршийн эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох тухай, сөрөг нэхэмжлэлээс “...нэхэмжлэгч нарын цэвэр ус, дулааны шугам, худаг нь хариуцагчийн эзэмшил газар дээр байрласан нь хөршийн эрх зөрчсөн болохыг тогтоолгох, уг газраас шугам, худгийг албадан чөлөөлүүлэхийг хүссэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх “...гаражийн барилга нь хөршийн эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг үндэслэлгүй гэж үзэж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

10.Хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

11.Маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, ач холбогдол бүхий асуудлаар талууд бүрэн мэтгэлцэж чадаагүй байх тул хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, залруулах боломжгүй байдал тогтоогдож, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

11.1.Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зааглаж, зохих дүгнэлтийг хийх байжээ.

Нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын нэхэмжлэлийн шаардлага нь эзэмшил газар руу хууль бусаар нэвтэрсэн 6,2 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх шаардлага байх ба “...гаражийн барилга нь эзэмшил газар руу хойд талаараа 0,26 см, урд булангаараа 0,22 см буюу 6,2 м.кв орж баригдсан болохыг тогтоолгох”, “хөршийн эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох” нь нэхэмжлэлийн үндэслэл болохыг дүгнэж чадаагүй байна.

Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгч нарын цэвэр ус, дулааны шугамыг эзэмшил газраас чөлөөлүүлэх тухай байх ба эзэмшил газар дээр нэхэмжлэгч нарын эзэмшлийн дулааны шугам, худаг байрласан болохыг тогтоолгох, энэ нь хөршийн эрх зөрчсөн болохыг тогтоолгох нь шаардлага бус нэхэмжлэлийн үндэслэл болохыг анхаараагүй байна.

Шүүх эрх зүйн энэ дүгнэлтийг хийгээгүйгээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хольсон, шүүхийн шийдвэр, магадлал ойлгомжгүй болжээ.

11.2.Талууд эзэмших эрх бүхий хөрш зэргэлдээ газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогджээ.

**** аймгийн Б газрын 2025.03.07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн барьсан гаражийн барилга нь нэхэмжлэгчийн эзэмшил газар руу хойд талаараа 0,26 см, урд булангаараа 0,22 см буюу нийт 6,2 м.кв орж баригдсан гэж тогтоосон боловч ямар аргачлал, тооцоогоор бодоход 6,2 м.кв болж байгаа нь тодорхойгүй, шүүх энэ талаар тодруулаагүйгээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой бус гэж үзнэ. (1хх-137, 144)

Хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт тодорхой бус тохиолдолд шүүх хууль хэрэглэж, шийдвэр гаргах эрх зүйн боломжгүй юм.

11.3.Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах эрхийн зөрчлийн гол зүйл нь барилга байгууламж хоорондын зай 6 метрээс багагүй байх хэм хэмжээг зөрчсөн, цонх хааж аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн, хариуцагчийн барьсан гараж нэхэмжлэгчийн эзэмшил газар руу нэвтэрч орсон гэх үйл баримт байна.

Хоёр шатны шүүх хөршийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэж байгаа нь зөв боловч хөрш этгээдүүдийн барилга хоорондын зай бага байгаа нь байх боломжгүй, эсвэл тэвчих боломжтой эсэхийг маргааны зүйлийг тодруулах замаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байсан. Өөрөөр хэлбэл, энэ маргааны хувьд хөршийн эрхийн зохицуулалтыг хэрэглэх, эсхүл Үндсэн хуульд заасан хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой тэр жам ёсны эрхийг хамгаалах аль нь болох эрх зүйн асуудлаар зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай байсан гэж үзнэ.

11.4.Түүнчлэн, зохигчийн тайлбараас үзэхэд хариуцагч нь хашаандаа автомашины үйлчилгээ эрхэлдэг байх ба нэхэмжлэгч нь байнга автомашины дуу чимээтэй, орох, гарах газрыг автомашин тавьж хаадаг, ... гэж хөршийн эрхийг зөрчиж байна гэсэн агуулгаар тайлбарлаж байгаагаас үзэхэд хүн амьдрах зориулалттай газар үйлчилгээний үйл ажилллагаа эрхлэх нь зөв эсэх, энэ нь маргааны зүйл болж буй эсэх талаар тодруулж зохих дүгнэлтийг хийх нь зүйтэй байв.

11.5.Хоёр шатны шүүх “...хариуцагч нь бусдын шугам, худгийг өөрийн эзэмших эрхтэй газар дээр байгааг мэдсээр байж худалдан авсан тул нэхэмжлэгчийн эзэмшлийн дулааны шугам, худгийг эзэмшил газраас чөлөөлүүлэхийг шаардах эрхгүй” гэж дүгнэж байгаа нь үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна. Хариуцагч нь өөрийн эзэмшил газар дээр нэхэмжлэгчийн эд хөрөнгө байгаа болохыг мэдсэн нь үнэн боловч уг эд зүйлийг эзэмшил газар дээр нь байрлуулсан үйл явдлыг зөвшөөрөх ёстой эсхүл нүүлгэх боломж байгаа бол хууль ёсны эзэмшигчийн хувьд шаардах эрхтэй байх нь ялгаатай зүйл юм. Шүүх энэ талаар тодруулж, хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй байна.

12.Иймд хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтыг тогтоож, хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 320/ШШ2025/00374 дүгээр шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 225/МА2025/00025 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.05.22-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАЯРМАА

                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

                 ШҮҮГЧИД                                                       Н.БАТЗОРИГ

                                                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                                             Х.ЭРДЭНЭСУВД