Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 107

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж, 

            улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,   

            хохирогч Ш.Мөнхдорж,

            шүүгдэгч Я.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Боржигин овогт Ядамдоржийн Эрдэнэбаярт холбогдох 201726030349 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 43 настай, дээд боловсролтой, экологи байгаль хамгааллын  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 3 дугаар гудамжны 70 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.10-т зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Говь-Сүмбэр аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 09 сар 15 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Боржигин овогт Ядамдоржийн Эрдэнэбаяр/РД: ШЕ74061414/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллагдагчаар татах тогтоолд бичигдснээр/

Шүүгдэгч Я.Эрдэнэбаяр нь ялтай байхдаа 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаа 23 дугаар гудамжны 765 тоотод хохирогч Ш.Мөнхдоржийг “чи хамаагүй айлд орлоо, би энэ айлд хамаагүй ордоггүй юм” гэж хэлснээр маргалдаж, улмаар зодолдож доод уруулаас нь хазаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.          

                                         

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Я.Эрдэнэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 11 цагийн үед эхнэр Оюунсайхантай хамт явж байхад Мөнхдорж ахтай тааралдаад золгоход “манайд очье” гэхээр нь тэднийд очихоор явсан. Дэлгүүрээс 0,5 гр шилтэй архи авсан. Тэгээд архиа ууж байтал Мөнхдорж ах шоронгийн юм яриад байсан ба Оюунсайханыг “энэ хэн бэ” гэж асуухаар нь “намайг авч явж байгаа хүн” гэж хэлсэн. Мөнхдорж “чиний хуучин эхнэр манай арын гэрт байдаг ламынд ирдэг юм” гээд утасны дугаарыг нь гаргаж үзүүлсэн. Тэгэхээр нь би хойд айл руу ороод ламтай нилээд юм ярьж байгаад “та миний салсан эхнэр Энхтуулыг яаж танидаг юм бэ” гэхэд “өөрийнхөө болон хүүхдийнхээ толгойг бариулдаг байсан” гэсэн. Лам бид хоёрыг ярилцаж байхад Оюунсайхан байсан ба бид 20 орчим минут ярилцсан. Удалгүй Мөнхдорж орж ирээд “би ч ордоггүй айлд чи яагаад ороод байгаа новш вэ” гээд миний баруун шанаан тус газарт 2-3 удаа цохиход манай эхнэр Оюунсайхан салгасан. Харин лам Мөнхдоржид хандаж “чи зүгээр байгаа хүнийг яаж байгаа юм бэ” гэхэд Мөнхдорж гараад явсан. Намайг ламынхаас гараад хашааны хаалга руу явж байтал Мөнхдорж миний энгэрээс заамдаж аваад бид хоёр ноцолдож байгаад хоёулаа газар давхралдаад унахад Оюунсайхан намайг салгаад аваад явсан. Тэр үед лам гэрээсээ гарч ирээгүй. Намайг газраас босоход Мөнхдоржийн уруулнаас цус гарч байсан гэв.

 

Хохирогч Ш.Мөнхдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 11-12 цагийн үед би Оюунсайхан, Эрдэнэбаяр хоёртой тааралдсан. Би Эрдэнэбаяртай уулзаагүй удсан болохоор 0,5 гр-ын шилтэй архи дэлгүүрээс аваад манайд очоод хамт уухаар болсон юм. Нөгөө архи талдаа ороогүй байхад Эрдэнэбаяр, Оюунсайхан хоёр бие засах гээд гэрээс гараад алга болсон. Би ламын гэрт ороход Эрдэнэбаяр сууж байхаар нь “би ламтай нэг хашаанд байдаг мөртлөө гэрт нь ордоггүй юм” гээд уурлаад түүнийг заамдсан. Тэгээд би түрүүлээд гэрээс гарсан. Гэтэл Эрдэнэбаяр араас гарч ирээд намайг дарж унагааж, миний уруулнаас хазсан. Би хохиролд 200.000 төгрөг авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

Шүүгдэгч Я.Эрдэнэбаярын “...2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр эхнэр Оюунсайханы хамт явж байхад 13 цагийн үед Нисэхийн 61 дүгээр байрны урд зүс таних Мөнхдоржтой таарахад “сайн уу ахын дүү, сонин хачин юу байна, чи хэзээ шоронгоос гарч ирсэн юм, манайд очьё, ах нь сайхан амьдарч байгаа, ахынх нь дотор жаахан муу байна, ганц юм ууя” гэхээр нь “надад мөнгө байхгүй” гэсэн. Гэтэл “чи унаа зохицуулчих, тэгээд манайд очьё” гэхэд нь байрны буудлын тэнд танидаг дүү явж байхаар нь “дөхүүлээд өгчих” гээд Мөнхдорж, Оюунсайханы хамт гурвуулаа машинд суугаад явах замдаа Мөнхдорж дэлгүүрээс “Арвай” нэртэй архи худалдаж аваад гэрт нь очоод архиа хувааж уусан. Мөнхдорж манай эхнэр Оюунсайханд архи хийж өгөхөөр нь “надтай хамт явж байгаа хүн уудаггүй юм” гэсэн. Тухайн үед би Мөнхдоржид Оюунсайханыг өөрийнхөө эхнэр гэж хэлээгүй ба би унаж татаж унадаг учраас байнга хүнтэй явдаг юм гэж хэлсэн. Гэтэл Мөнхдорж “хамт явж байгаа хүнтэй чинь танилцъя” гээд ярианы сэдэв өөрчилж, “би ганц бие 16 жил явж байна, наад хүүхэнтэй чинь танилцъя, танай авгай чинь энд байнга ирдэг, надад утасны дугаар нь байна, манай ард байдаг лам дээр ирдэг юм” гэхээр нь би “энэ хүнтэй танилцах шаардлага байхгүй, наад хүн чинь сохор” гээд хэлсэн. Ингээд бид хоёрын яриа нийлэхгүй, ярианы сэдэв нилээд ширүүсэхээр нь яриа тохирохгүй юм байна гэж бодоод гэрээс гарсан. Мөнхдоржийн ярианаас “надтай урд нь амьдарч байсан эхнэрийг энүүгээр ирдэг” гэж сонсоод Мөнхдоржийн ард байдаг лам гэх хүнтэй уулзах гэж гэрт нь орсон. Намайг ороход бөө нь ч мэдэгдэхгүй, лам нь ч мэдэгдэхгүй настай хүн сууж байхаар нь би мэнд мэдээд өөрийнхөө хуучин эхнэр Энхтуулыг асуухад “танай эхнэр чинь надаар толгойгоо бариулдаг юм, мөн хүүхдээ 2 удаа бариулж байсан юм” гээд яриа өрнүүлж байтал гаднаас Мөнхдорж орж ирээд “пизда минь чи юу яриад байгаа юм, наад хүн чинь лам хүн, битгий хачин хачин юм яриад байгаарай” гээд намайг заамдаж аваад зүүн шанаан тус газар нь 2-3 удаа цохисон. Цаанаас лам ах “хүүе чи чинь яаж байгаа юм, наад хүн чинь зүгээр сууж байхад” гэхэд Мөнхдорж “чи намайг цохиод шорондоо ороорой” гээд цохиод байхаар нь гарыг нь тавиулах гэсэн боловч би дийлээгүй. Бид хоёр ноцолдож байгаад дээр дээрээсээ давхралдаад газар унахад эхнэр Оюунсайхан, лам ах хоёр биднийг салгаад Оюунсайхан Мөнхдоржийг авч гараад, би лам ахтай гэрт үлдээд хэсэг хугацааны дараа явах гээд гартал Мөнхдорж үүдэнд зогсож таараад намайг цохисон. Би шууд Мөнхдоржийг барьж аваад газар унагааж, шороон дээр нилээн хөрвөөж байгаад салсан. Нэг мэдэхэд Мөнхдоржийн уруулнаас цус гарчихсан харагдаж байсан. Манай эхнэр ч “одоо  явъя” гээд явсан. Ямар ч байсан ноцолдож байхдаа Мөнхдоржийн амнаас цус гарч байсан. Бид хоёрыг ноцолдож байхад үүссэн гэмтлүүд гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

 

Хохирогч Ш.Мөнхдоржийн “...2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн үед гадуур явж байгаад Нисэхийн байрны буудал дээр байдаг Хаан банкны үүдэнд урьд нь нэг газар амьдарч байсан Я.Эрдэнэбаяр /Божгоо/-той таараад “юу байна, чиний дотор бас муу байгаа юм уу, ахынх нь дотор бас муу байна, ах нь ганц шил архи авчих уу” гэж хэлээд дэлгүүрээс 0,5 литрийн “Арвай” нэртэй архи худалдаж аваад Я.Эрдэнэбаярын эхнэрийн хамт манайд очиж архиа уусан ба эхнэр нь архинаас огт уугаагүй. Архиа ууж байтал Я.Эрдэнэбаяр миний тэмдэглэлийн дэвтэр дээрээс хуучин эхнэрийнхээ дугаарыг харчихаад “энэ дугаар яахаараа танд байдаг юм” гэхээр нь “мэдэхгүй ах нь хойд айлын хүнээс авсан” гэж хэлсэн. Я.Эрдэнэбаяр эхнэртэйгээ хамт “бид хоёр бие засчихаад ирье” гээд гэрээс гарсан. Би тэр хоёрыг удалгүй орж ирэх юм байхдаа гэж бодоод 20 орчим минут хүлээж байтал эхнэр нь орж ирээд “Эрдэнэбаяр хойд айлаас гарахгүй байна” гэхээр нь би очоод “чи яахаараа танихгүй айлд ордог юм, чи байтугай би ч энэ айлд ордоггүй” гэхэд Я.Эрдэнэбаяр уурлаж бид хоёр гэрээс гарсан. Тэгтэл Я.Эрдэнэбаяр араас барьж аваад газар унагааж миний уруулнаас хазчихаар нь маргалдаад байж байтал Я.Эрдэнэбаярын эхнэр нь биднийг салгасан. Я.Эрдэнэбаяр нь уруулаас хазсан, гарын ар хэсэгт үүссэн шархыг шүдээрээ зурчихсан. Надад өөр гэмтэл шарх байхгүй. Миний биед учирсан шарх одоо эдгэрч алга болсон ба эмчилгээний зардалд 200.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

 

Гэрч Б.Оюунсайханы ...2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нөхөр Я.Эрдэнэбаярын хамт Нисэхийн буудал дээр явж байхад нөхрийн танил Мөнхдоржтой таараад замдаа дэлгүүрээс 1 шил архи аваад тэдний гэрт очсон. Тэгээд архиа хуваагаад ууж байтал Мөнхдорж, Эрдэнэбаяр хоёр ярьж байсан зүйлээсээ болоод хоорондоо маргалдаж эхлэхэд Эрдэнэбаяр нь түрүүлж гараад Мөнхдоржийн хашаанд байдаг арын айлд орсон. Би нөхрийнхөө араас гараад тухайн айлд ороход лам ах манай нөхөртэй юм яриад архи хийж өгсөн байсан. Ингээд Эрдэнэбаярыг хүнтэй юм ярьж байх зуур Мөнхдоржийн гэрт нь ороход Мөнхдорж “танай нөхөр хаана байна” гэхээр нь “хойд айлд юм яриад сууж байна” гэж хэлчихээд цүнхээ аваад хойд айлд буцаад орсон. Бид гурвыг юм яриад сууж байтал гаднаас Мөнхдорж орж ирээд манай нөхрийг үгийн зөрүүгүй заамдаж аваад шууд шанаан тус газар нь цохисон. Тэр хоёрыг барьцалдаж авахаар нь лам ах бид хоёр салгаад лам ах Мөнхдоржид хандаж “чи юу болоод байна, бид нар зүгээр л сууж байна шүү дээ” гэж хэлсэн. Би Мөнхдоржийг аваад лам ахын гэрээс гараад Мөнхдоржид “та чинь Эрдэнэбаярыг сүрхий танидаг юм шиг байсан. Яагаад ингэж байгаа юм бэ” гээд яриад байж байтал надаас холдоод явчихсан. Тэгээд би явчихлаа гэж бодоод лам ахын гэр рүү ороод Эрдэнэбаярыг аваад гартал өөдөөс Мөнхдорж гарч ирээд тэр хоёр барьцалдаж аваад газар унаад шороон дээр хөрвөөцөлдөж байгаад салцгаасан. Тэр хоёрыг салах үед Мөнхдоржийн амнаас нь цус гарчихсан харагдаж байсан. Тухайн үед Эрдэнэбаярын баруун доод хавирганы хавьцаа өвдөж байна гэж хэлсэн. Тэр үед эмнэлэгт үзүүлээгүй. Одоо ямар нэгэн гэмтэл шарх байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №3621 дугаартай дүгнэлтэнд:

1. Мөнхдоржийн биед тархи доргилт, доод уруул, баруун сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 17-р хуудас/ ,

 

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39-41-р хуудас/,

Шүүгдэгч Я.Эрдэнэбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Шүүгдэгч Я.Эрдэнэбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаа 23 дугаар гудамжны 765 тоотод хохирогч Ш.Мөнхдоржийг “чи хамаагүй айлд орлоо, би энэ айлд хамаагүй ордоггүй юм” гэж хэлснээр маргалдаж, улмаар зодолдож доод уруулаас нь хазаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Ш.Мөнхдоржийн “...манайд очоод ахиа ууж байтал Я.Эрдэнэбаяр миний тэмдэглэлийн дэвтэр дээрээс хуучин эхнэрийнхээ дугаарыг харчихаад “энэ дугаар яахаараа танд байдаг юм” гэхээр нь “мэдэхгүй ах нь хойд айлын хүнээс авсан” гэж хэлсэн. Я.Эрдэнэбаяр эхнэртэйгээ хамт “бид хоёр бие засчихаад ирье” гээд гэрээс гарсан. Би тэр хоёрыг удалгүй орж ирэх юм байхдаа гэж бодоод 20 орчим минут хүлээж байтал эхнэр нь орж ирээд “Эрдэнэбаяр хойд айлаас гарахгүй байна” гэхээр нь би очоод “чи яахаараа танихгүй айлд ордог юм, чи байтугай би ч энэ айлд ордоггүй” гэхэд Я.Эрдэнэбаяр уурлаж бид хоёр гэрээс гарсан. Тэгтэл Я.Эрдэнэбаяр араас барьж аваад газар унагааж миний уруулнаас хазчихаар нь маргалдаад байж байтал Я.Эрдэнэбаярын эхнэр нь биднийг салгасан. Я.Эрдэнэбаяр нь уруулаас хазсан, гарын ар хэсэгт үүссэн шархыг шүдээрээ зурчихсан. Надад өөр гэмтэл шарх байхгүй. Миний биед учирсан шарх одоо эдгэрч алга болсон ба эмчилгээний зардалд 200.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

...Би Эрдэнэбаяртай уулзаагүй удсан болохоор 0,5 гр-ын шилтэй архи дэлгүүрээс аваад манайд очоод хамт уухаар болсон юм. Нөгөө архиа талдаа ороогүй байхад Эрдэнэбаяр, Оюунсайхан хоёр бие засах гээд гэрээс гараад алга болсон. Би ламын гэрт ороод “би ламтай нэг хашаанд байдаг мөртлөө гэрт нь ордоггүй юм” гээд Эрдэнэбаярыг заамдаж түүнд уурлачихаад би түрүүлээд гэрээс гарсан. Гэтэл Эрдэнэбаяр араас гарч ирээд намайг дарж унагааж, миний уруулнаас хазсан. Би хохиролд 200.000 төгрөг авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Гэрч Б.Оюунсайханы ...архиа хуваагаад ууж байтал Мөнхдорж, Эрдэнэбаяр хоёр ярьж байсан зүйлээсээ болоод хоорондоо маргалдаж эхлэхэд Эрдэнэбаяр нь түрүүлж гараад Мөнхдоржийн хашаанд байдаг арын айлд орсон. Лам ах, Эрдэнэбаяр бид гурвыг юм яриад сууж байтал гаднаас Мөнхдорж орж ирээд манай нөхрийг үгийн зөрүүгүй заамдаж аваад шууд шанаан тус газар нь цохисон. Тэр хоёрыг барьцалдаж авахаар нь лам ах бид хоёр салгаад лам ах Мөнхдоржид хандаж “чи юу болоод байна, бид нар зүгээр л сууж байна шүү дээ” гэж хэлсэн. Би Мөнхдоржийг аваад лам ахын гэрээс гараад Мөнхдоржид “та чинь Эрдэнэбаярыг сүрхий танидаг юм шиг байсан. Яагаад ингэж байгаа юм бэ” гээд яриад байж байтал надаас холдоод явчихсан. Лам ахын гэрээс Эрдэнэбаяр бид хоёр гартал өөдөөс Мөнхдорж гарч ирээд тэр хоёр барьцалдаж аваад газар унаад салцгаасан. Тэр хоёрыг салах үед Мөнхдоржийн амнаас нь цус гарчихсан харагдаж байсан. Тухайн үед Эрдэнэбаярын баруун доод хавирганы хавьцаа өвдөж байна гэж хэлсэн. Тэр үед эмнэлэгт үзүүлээгүй. Одоо ямар нэгэн гэмтэл шарх байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №3621 дугаартай дүгнэлтэнд:

1. Мөнхдоржийн биед тархи доргилт, доод уруул, баруун сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 17-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Я.Эрдэнэбаяр нь хэргийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Я.Эрдэнэбаярт холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Я.Эрдэнэбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн  хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.  

            Хохирол төлбөрийн талаар:

            Шүүгдэгч Я.Эрдэнэбаяр нь хохирогч Ш.Мөнхдоржид 200.000 төгрөг төлсөн ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй /хх-ийн 45-р хуудас/ гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           

            Шүүгдэгч Я.Эрдэнэбаяр нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.10-т зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж /хх-ийн 39-41-р хуудас/, Говь-Сүмбэр аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 09 сар 15 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан /хх-ийн 42-р хуудас/ байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т заасан “хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй тохиолдолд ялгүйд тооцно” гэж заасан ба шүүгдэгч Я.Эрдэнэбаяр нь дээрх хугацаа дуусаагүй байхад шинээр гэмт хэрэг үйлдсэн тул ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Я.Эрдэнэбаяр нь согтуурсан байхдаа, ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12-т заасан ял хүндрүүлэн нөхцөл байдалд хамаарч байна.

 

            Иймд шүүгдэгчийг хохирогчтой эвлэрсэн гэх үндэслэлээр ялаас чөлөөлөх үндэслэлгүй байх тул үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн нөхцөл байдал, өөрийн сайн дураар хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хувийн байдал, хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял буюу торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Боржигин овогт Ядамдоржийн Эрдэнэбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Ядамдоржийн Эрдэнэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Я.Эрдэнэбаярт сануулсугай.   

 

4. Шүүгдэгч Я.Эрдэнэбаяр нь хохирогч Ш.Мөнхдоржид 200.000 төгрөг төлсөн ба шүүгдэгчийг бусдад төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Я.Эрдэнэбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.     

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Эрдэнэбаярт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР