| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2021/00153/И |
| Дугаар | 142/ШШ2021/00441 |
| Огноо | 2021-05-17 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 142/ШШ2021/00441
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 38а-20 тоотод оршин суух Боржигон овгийн ОюунбатынО.Б /регистрийн дугаар ШУ95010703, утас: 80014608/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 38а-20 тоотод оршин суух Боржигон овгийн Сандаг-Очирын С.З /регистрийн дугаар ИЖ91071219, утас: 86737316/-д холбогдох
Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, охин З.З.Н, хүү З.Чинзориг нарыг өөрийн амжинд авах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.О.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сандаг-Очир овогтой С.Зтай 2012 оноос хойш 2017 он хүртэл хамтран амьдарсан. Энэ хугацаанд 2013 онд том охин С.З овогтой З.Н төрсөн. 2015 онд С.З овогтой Чинзориг төрсөн. Амьдарч байх хугацаанд архи дарс ууж, агсам согтуу тавьж удаа дараа зодож айлгаж дарамталдаг байсан. Одоо Оюунбат овогтойО.Б миний бие нь 2 хүүхдийн хамт нийтийн байранд амьдарч байгаа. Иймд Сандаг-Очир овогтой С.Заас 2 хүүхдэдээ тэтгэмж тогтоолгохыг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгч О.О.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний бие С.С.Зтай 2011 онд танилцаж хамтран амьдарч 2013 онд том охин З.З.Н төрсөн. 2015 онд бага хүү З.Чинзориг төрсөн. Бид хоёр таарч тохирохгүй хамт байх боломжгүй болсон тул охин З.З.Н, хүү З.Чинзориг нарыг өөрийн асрамжинд авч, хүүхдүүддээ С.Заас тэтгэлэг тогтоолгохыг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгч О.О.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ...Хариуцагч С.С.З нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ архи уудаг, хүүхдүүдээ зоддог гэж намайг үндэслэлгүйгээр гүтгэсэн байна. Мөн хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгаа талаараа дурдсан байна. Миний хувьд эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, архи дарс хэрэглээд байдаггүй, хоёр хүүхдээ хайр халамжаар дутаадаггүй. Бид 2017 онд салснаас хойш эцэг хүнийхээ хувьд хүүхдүүдээ харж хандаагүй, хүүхдээ гэх ямар ч сэтгэл байдаггүй ба хүүхдүүдээ баярлуулах, бэлэг авч өгье, хувцаслая гэх яриа гаргах үед надад мөнгө алга, чи дургүй хүргээд байхад юу гэж би юм авч өгөх юм гэх мэтээр уурлаж уцаарладаг.. Хүүхдүүдээ авна гээд авсан болоч хүүхдүүдээ хайрлаж халамжилж чадахгүй хамаг хувцас бие нь халтайгаад үс гэзэг нь бөөстөж хуучирсан, турж эцсэн, хэцүү байдалтай байсан тул эх хүний хувьд сэтгэл минь маш их шаналж дахин хүүхдүүдээ өөрөөсөө холдуулахгүй гэж шийдсэн юм. Ер нь хариуцагч нь өдийг хүртэл чимээгүй өөрийнхөө амрыг бодож амьдарчихаад гэв гэнэт л хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох хүсэлт шүүхэд гаргасны минь дараа өөрөө хүүхдүүдээ асрамжиндаа авна гэж байгаа нь хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэсэн л санаа нь юм. Хөгшин ээжтэйгээ амьдардаг ч хүүхдүүдээ асран хамгаалж чадахгүй гэж үзэж байна. Мөн хариуцагч нь ойр ойрхон архи уудаг, архи уухаараа агсан согтуу тавьж биднийг айлгадаг. Намайг гудамжинд ч хамаагүй барьж авч зоддог байсан ба харсан гэрчүүд ч бий. Саяхан гэхэд 1 сарын сүүлээр согтуугаар утас руу минь залгаж байгаа газарт чинь очиж ална, араа харж яваарай гэж айлган заналхийлсэн. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг минь ханган шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч С.С.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О.О.Бы нэхэмжлэлтэй С.С.Зт холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би 2 хүүхдийнхээ эхтэй 2012 онд танилцаад, 2013 онд том охин З.З.Н төрсөн, бага хүү 2015 онд төрсөн болно. Хамт амьдрах хугацаандаа намайг архи ууж агсам согтуу тавьдаг байсан гэж бичсэн байна. Би архи хаяа л уудаг, дандаа уудаггүй. Миний ээж Нэргүй нь миний 2 хүүхдийг төрсөн цагаас эхлэн өдийг хүртэл харж асарч тэтгэж ирсэн. Гэтэл өөрөө хардаг юм шиг л бичиж байна. Өөрөө хамт амьдрах хугацаанд хүүхдээ хардаггүй, ажил төрөл хийж байна гээд хүүхдүүдээ ээжээр л харуулдаг байсан. Сүүлд надтай муудалцахдаа хүүхдүүдийг минь аваад явсан байна лээ. Зуны цагт бол ээж л хүүхдүүдийг харж асардаг. Энэ хүнд хүүхдийн мөнгө л хэрэгтэй байгаа байх. Би хүүхдүүдийн тэтгэлгийг аваад хүүхдүүдэд минь зарцуулахгүй байх даа. Иймд би хүлээн зөвшөөрөхгүй. Би хүүхдүүдээ өөрөө авч өсгөн хүмүүжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч О.О.Б архи уудаг бөгөөд хүүхдүүдээ зоддог. Өөрийнх нь аав ээж хоёр нь салаад тус тусдаа гэр бүлтэй болцгоосон бөгөөд аав нь багануурт амьдардаг. Ээж нь Орхон аймагт амьдардаг ч хамтран амьдрагч нь 2 хүүхдийг нь асран хамгаалах дургуй. Нэхэмжлэгч О.О.Бд өөрийн гэсэн орон гэр байхгүй айлын байр хөлслөн мөн нөхрөөсөө салсан эгчтэйгээ хамт амьдардаг бөгөөд архи ууцгаадаг. Иймд:Хариуцагч С.С.Зын 2013-06-14-нд төрсөн охин З.З.Н, 2015-11-03-ны өдөр төрсөн хүү Чинзориг нарыг эцэг С.С.Зын асрамжид өгч эх О.О.Баас тэтгэлэг гаргуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. ЖИЧ:С.С.З 5-р зэргийн мужааны мэргэжилтэй Одоогоор Очир төвд мужаанаар ажиллаж байгаа бөгөөд өөрийн гэртээ ганцаараа амьдарч байгаа бөгөөд хашаанд нь төрсөн эх нь мөн амьдардаг... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... хүүхдүүдээ нэг нэгээр нь авах хүсэлтэй байна. Хэрэв хүүхдүүдийн асрамжийг ээжид нь үлдээхээр бол аавтай нь эмээтэй нь уулзуулж байхыг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.О.Б нь С.С.Зт холбогдуулан хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох үндсэн нэхэмжлэл, хариуцагч нь хүүхдүүдээ асрамждаа авахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
О.О.Б, С.С.Зт нар нь 2012 онд танилцан хамтран амьдарч, тэдний дундаас 2013 оны 6 дугаар сарын 14-ны өдөр охин З.З.Н, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүү З.Чинзориг нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.
Хариуцагч С.С.З нь хүүхдүүдийг өөрийн нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан байх ба С.С.З хүүхдүүдийн эцэг мөн, биш эсэх талаар маргаагүй.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь зан харьцааны улмаас таарамжгүй харьцаатай болсон гэж тайлбарлаж байх ба, нэхэмжлэгч нь С.С.Зыг архи их уудаг, амьдралын идэвхигүй гэснийг хариуцагч эсэргүүцээгүй бөгөөд архи уудаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Хүүхдийн асрамжийн асуудлаар талууд маргаантай байсан тул шүүх хариуцагчийн хүсэлтээр хүүхдийн асрамжийн асуудлаар шинжээч томилж дүгнэлт гаргуулсан, мөн охин З.З.Н нь ээжтэйгээ хамт байх хүсэлтэй талаар тайлбар гаргасан байна.
Хэдийгээр хариуцагч С.С.З хүүхдүүдийг өөрийн асрамжидаа авахаар сөрөг шаардлага гаргасан ч охин З.З.Н, З.Чинзориг нар нь бага насны хүүхдүүд учир тэдний асрамжийг эхэд нь үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2.-д 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтооно гэж заажээ.
Иймд 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин З.З.Н, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү С.Чинзориг нарыг эх О.О.Бы асрамжид үлдээж, хүүхдүүдийг насанд хүртэл нь эцэг С.С.Заар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Дээрх үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 54 502 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д заасныг баримтлан 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин З.З.Н, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү С.Чинзориг нарыг эх О.О.Бы асрамжид үлдээж, хариуцагч С.С.Зын хүүхдүүдээ өөрийн асрамждаа авах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин З.З.Н, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү С.Чинзориг нарыг н 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.С.Заар сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С.С.Заар 54 502 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.-д зааснаар Хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА