| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2021/00407/И |
| Дугаар | 142/ШШ2021/00442 |
| Огноо | 2021-05-17 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 142/ШШ2021/00442
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Урт булаг баг 5-21-44 тоотод оршин суух Еншөөбү овгийн Бат-Эрдэнийн Б.О /регистрийн дугаар ГЗ95030902, утас: 95355520/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Туулын 4а-1 тоотод оршин суух Сартуул овгийн Галсандагвын Г.Г /регистрийн дугаар ИХ95070317, утас: 85840302/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б.О, хариуцагч Г.Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Хариуцагч Г.Гтай 2017 оны 10 сард Номин агуулахад ажилд ороод танилцаж 2018 оны 2 сард 2 талын гэр бүлтэйгээ танилцаж, 2018 оны 12-р сард Г.Г манай гэрт өвөө эмээгийн хамт амьдарч эхэлсэн. 2019 оны 2-р сарын 12-нд бид 2-ын хүү болох Г төрсөн. 2019 оны 01 сараас бидний харилцаа хэрүүл маргаантай болсон. 1-р сард Г.Г өөрийн гэртээ очиж хонолоо гэж хэлээд гадуур хонож ирснээс бид хоёр хэрүүл маргаантай болсон. 03-р сарын 08-нд Г.Г найзтайгаа уулзана гээд гадуур хонож 03 сарын 09-нд хадам ээж рүү залгаж асуухад миний хүүхэд гадуур хононо уу, байна уу чамд ямар хамаа байна гэсэн хариулт хадам ээжээс авсан. Хадам аав 2020 оны 03-р сарын 18-нд өнгөрч тэрнээс хойш нөхөр Г.Г ээж дүү 2-ыгоо өөрөө асрах гэсэн нэрээр өөрийн гэрлүүгээ явж аажим аажмаар хөндийрч эхэлсэн. Г.Г хадам ээж А хоёрын явуургүй зан, худлаа ярих үл гүтгэсэн зан авир илэрч эхэлсэн. Хэлэхгүй үг, гаргаагүй зан аашийг гаргасан гэсэн гүтгэлгийн үгнүүд ах дүү, хамаатан садан төрөл төрөгсдийн дунд худлаа үг яриа гаргаж, хүүгээ надаас салгаж авмаар байна гэж хэлж уйлуулж эхэлсэн. Энэ маягаараа хэрүүл маргаантай хүү бид 2 луу ярихгүй, ирэхгүй байж хуучин ажлынхантайгаа зугаалганд явж, хүүхнүүдтэй заваардаг байсан. Намайг нялх биетэй байхад гэрлүүгээ явлаа гэж гадуур хонодог байсан. Гадуур хонохдоо хүүхнүүдтэй хонож намайг хуурдаг байсан. 2020 оны 10 сард Г.Гийн ах Гансүх, Суданаас ирж Г.Г бүүр сураггүй болсон. Залгаж асуухаар завгүй шалгалттай байна гээд тасалдаг байсан. Одоо үйлдвэрт аавынхаа оронд ажиллаж байгаа. Хүүгээ ганц ч удаа хоолтой, ундтай байна уу? гэж асууж байгаагүй. Өвдчихлөө гээд залгахад тэгээд би яахын гэсэн үл тоосон байдаг. Эхэндээ өнчин хоцорсон нөхрөө сэтгэл санааны хямралтай байдаг байсан учраас зовоогоод яахав дээ гээд дуугүй байх, залгаж ярихыг нь хүлээдэг байсан. Одоо хүү маань хоёр настай. 2021 оны 01 сарын 10-нд залгахад Хэн бэ гэсэн өөрийнхөө дугаараас залгасан. Б.О хүү нь байна гэсэн үл тоосон маягтай аан гэсэн маягтай Г.Г гэдэг нөхөр хүү бид 2-ыг мартсан юм байна гэдгийг бүрэн ойлгосон. Нялх биетэй байхдаа нэг ч удаа Г.Гаар хүүгээ авахуулж харуулж байгаагүй, ажилтай ядарч байгаа гэсэн бодлоор. Г.Г хүүгээ төрсөн цагаас хойш нэг ч өдөр харж байгаагүй. Дандаа зугтаж гэрлүүгээ явлаа, ажилтай гэж шалтаг хайдаг байсан. Миний төрсөн ах Илдэнтөмөр 2021 оны 01 сарын 13-нд Г.Г руу залгаж Эхнэр хүү хоёр дээрээ ирдэггүй юм уу? гэхэд би шийдсэн дахиж тэр хоёр дээр очихгүй, би өөр хүнтэй болсон гэсэн үг хэлсэн. Миний бие маш их гомдолтой байна. Г.Гийн хүүг төрүүлж сайхан амьдарна гэж бодсон боловч ийм их хууралт, худал үгс, араар тавилт, муулуулж явсан. Иймдээ би нөхөр болох Г.Гаас гэрлэлтийн баталгааг цуцлуулах хүсэлтэй байна. Бид 2-ын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна... гэжээ.
Хариуцагч Г.Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б.Б.Отэй 2017 онд танилцаж, 2018 оны 12-р сараас Б.Б.Оийн эмээ, өвөө, ээжтэй нь хамт 5-21-44 тоотод амьдарч 2019.02.12-нд хүү Г төрсөн. Хамт амьдарч байх хугацаанд миний аав бие муутай учир хааяа очиж хоноод ирэхэд харддагаас хэрүүл маргаан гардаг болсон. Аав маань 2020 оны 03-р сарын 17-нд Улаанбаатар хотод нас барж тэр үеэс хойш би ээжтэйгээ Дэнжийн Туулын 4а-1 тоотод амьдарсан. Ээж маань хоосон хашаанд монгол гэрт ганцаараа байсан учир байнга ээжтэйгээ хамт тэнд байсан. Б.О, хүү хоёрыг ээжтэй хамт амьдарч хэсэгтээ хамт байя гэхэд зөвшөөрөөгүй. Миний аавыг оршуулах үед Б.О ээжтэйгээ ирж тусалж байсан. Түүнээс хойш ирээгүй. Гэрт нь очихоор дуугардаггүй. Би хүүтэйгээ байж байгаад явдаг байсан. Сүүлдээ би хүүгээ аваад гэртээ ирж ээжтэйгээ байж байгаад орой нь буцаагаад аваачиж өгдөг байсан. Хамт амьдарч байхдаа цалин мөнгөө буухаар өгдөг байсан. Сүүлдээ энд тэнд явна гээд гэртээ оруулдаггүй болсон. Хүүтэй минь хүртэл уулзуулдаггүй болсон. Байнга харддаг, би өөр эхнэр хүүхэдтэй болоогүй. Ээжтэйгээ хамт байж л байна. Уг нь сайхан амьдаръя болгоё, бүтээе гэж бодож явсан боловч бид 2-ын зан аашийн хувьд тохирохгүйгээ ойлгосон. Тусдаа амьдарч жил гаруй хугацааг өнгөрөөхөд бидний салахад ээж, ах ямар ч буруугүй. Ах маань 11 сард Судонаас ирээд карантинд байж байгаад цэргийн анги руугаа явсан. Би одоо гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдийн тэтгэврээ хуулийн дагуу төлнө. Бид 2-ын хооронд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй... гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б.О нь Г.Г.Гт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Б.Б.О Г.Г.Г нар нь 2017 онд танилцаж 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүү Г.Г төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбаруудаар тус тус нотлогдож байна.
Зохигчид шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар ороод эвлэрээгүй байх ба, гэрлэгчид гэр бүлээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй гэдгээ илэрхийлж байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан Б.Б.О Г.Г.Г нарт эвлэрэх хугацаа олгохгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Хүү Г.Ган-Эрдэнийн асрамжийг эхэд нь өгөхөөр талууд тохироцсон байх тул хүү Г.Ган-Эрдэнийг эх Б.Б.Оийн асрамжид үлдээж, хүүхдийг насанд хүртэл нь эцэг Г.Г.Гаар Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасан тэтгэлгийг сар бүр гаргуулан олгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 34 214 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Сартуул овогт Галсандагвын Г.Г /регистрийн дугаар ИХ95070317/, Еншөөбүү овогт Бат-Эрдэнийн Б.О /регистрийн дугаар ГЗ95030902 нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Г.Ган-Эрдэнийг эх Б.Б.Оийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан баримтлан 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Г.Ган-Эрдэнийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Г.Гаар сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Мөнх-Одод даалгасугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 34 214 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА