| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2021/00388/И |
| Дугаар | 142/ШШ2021/00458 |
| Огноо | 2021-05-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 142/ШШ2021/00458
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-23-28 тоотод суух Ломбо овгийн Дагвын Д.Б /регистрийн дугаар ВМ75122901/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-19-17 тоотод суух Дуут овгийн Зинамядарын З.Х /регистрийн дугаар РП85051617/-д холбогдох,
2 536 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д.Б /онлайн/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гал тогооны тавилга хийлгэхээр урьдчилгаа 1 335 000 төгрөгийг З.Хт хамт ажилладагОын дансанд шилжүүл гэсний дагуу шилжүүлсэн бөгөөд тавилгыг хийж өгөлгүй 3 сар болсон тул захиалгаа харилцан тохиролцож цуцалсан. Ингээд мөнгөө буцаан авах гэсэн боловч өнөөдрийг хүртэл 6 сар өгөөгүй тул урьдчилгаанд төлсөн 1 335 000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд хоногийн 0.5 хувиар алданги нэмж тооцон мөн нэхэмжлэлтэй холбоотой гарсан зардлын хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Д.Д.Б миний бие нь иргэн З.З.Хт нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэхдээ 1 335 000 төгрөг, алданги 1 201 500 төгрөгийг бичихээ орхигдуулсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж 1 201 500 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 33 400 төгрөг тушаасан болно гэжээ.
Хариуцагч З.З.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие З.З.Х нь тус шүүхэд гаргасан Д.Д.Бгийн нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Д.Д.Б нь нэхэмжлэлдээ алданги нэхсэн байх ба бид хоорондоо ямар нэгэн хүү алданги тооцох талаар гэрээ болон хэлцэл хийгээгүй байтал алданги нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэл гаргахдаа шүүхэд төлсөн тэмдэгтийн хураамжаа нэхэмжлэх талаар дурдсан нь хариуцагчид ямар ч хамааралгүй болно. Учир нь шүүхэд нэхэмжлэл гаргагч нь тэмдэгтийн хураамж болон нотлох баримтыг өөрөө гаргаж өгч төлөх үүрэгтэй талаар шүүх шийдвэртээ тусгадаг. Миний хувьд нэхэмжлэгч Д.Д.Бд захиалсан тавилгыг нь хийж өгөх гэсэн боловч манай байгууллагын гол ажлын багаж болох зүсэгч /хавтан/ машин эвдэрч сэлбэгийг нь хайгаад олдохгүй болохоор хил гааль ачаа тээвэр хаалттай мөн ковидтой холбоотой дэс дараалсан олон хөл хорио цээрийн улмаас шалтгаалан ажиллах боломжгүй байсан. Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн дүн болох 1 335 000 төгрөгийг 2021 оны 05-р сарын 25-нд 335 000 төгрөг, 06-р сарын 25-нд 500 000 төгрөг, 7-р сарын 25-нд 500 000 төгрөг эмэ мэт хуваан төлөх боломж олдвол эвлэрлийн гэрээ байгуулах саналтай байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д.Б нь З.З.Хт холбогдуулан 2 536 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлээс 1 335 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгээс нь татгалзсан, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.Д.Б нь З.З.Хаар гал тогооны тавилга хийлгэхээр харилцан тохиролцож 1 335 000 төгрөгийг З.З.Хт өгсөн талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Гал тогооны тавилга хийлгэхээр 1 335 000 төгрөгийг шилжүүлсэн. Тавилгыг хийж өгөлгүй 3 сар болохоор нь харилцан тохиролцож захиалгаа цуцалсан. Мөн өнөөдрийг хүртэл хугацаанд мөнгөө өгөөгүй учир хоногийн 0.5 хувиар бодож нийт 1 201 500 төгрөгийн алданги нэхэмжилж байна гэсэн.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэжээ.
Талууд гүйцэтгэх үүрэгтэй холбоотойгоор анзыг хэрэглэхээр бичгийн гэрээ байгуулаагүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д заажээ.
Иймд нэхэмжлэгч, хариуцагч нар нь анз буюу алдангийн талаар тохиролцож бичгийн гэрээ байгуулаагүй байх тул алданги 1 201 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 36 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 232 дугаар зүйлийн 232.7.-д заасныг тус тус баримтлан хариуцагч З.З.Хаас 1 335 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д.Бд олгож, нэхэмжлэлээс алданги 1 201 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 36 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА