Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2025/00160

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/01725 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2025/00934 дүгээр магадлалтай

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

С.Б-д холбогдох

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 29,216,713 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, хариуцагч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч С.Б-д холбогдуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 29,216,713 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/01725 дугаар шийдвэрээр: Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Б-д холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 29,216,713 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,035 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2025/00934 дүгээр магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/01725 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч С.Б-гээс 29,216,713 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай” гэж,

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,035 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-гээс улсын тэмдэгтийн хураамжид 304,035 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Хариуцагч С.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.05.30-ны өдрийн 210/МА2025/00934 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны тойргийн шүүхийн 192/ШШ2025/01725 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүрээнд хэргийг зөв үнэлж, дүгнэсэн болно. Давж заалдах шатны шүүхийн 210/МА2025/00934 дүгээр магадлалаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч С.Б-гээс 29,216,713 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож өөрчлөх шийдвэр гаргасан нь шүүх нотлох баримт, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүрэн дүүрэн үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн зөвхөн нэг талын зохиомлоор ярьсан тайлбар, мэдээлэлд үндэслэж, Иргэний хуулийн 492.1.1 дүгээр зүйлд заасан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж гаргасан гэж үзэж байна. Б.Х болон С.Б нар нь “Б” ХХК-ийн 50, 50 хувийн хувьцаа эзэмшдэг байсан бөгөөд хамтран ажиллаж байх хугацаанд буюу 2021.06.18-аас 2022.07.06-ны өдрийн хооронд компанийн гүйцэтгэх захирал Б.Х-гийн зүгээс санхүү, хүний нөөц, үйл ажиллагаа хариуцаж ажиллаж байсан С.Б-гийн хувийн хэрэгцээнд ашигладаг ... тоот дансанд 2 удаагийн гүйлгээгээр 9,665,000 төгрөгийг “ОФФИС ТОХИЖИЛТЫН ЗАРДАЛ” гэсэн гүйлгээний утгатайгаар, мөн “Б” ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглахаар шинээр нээсэн ... тоот дансанд 11 удаагийн гүйлгээгээр 122,541,300 төгрөгийг “ЗАРЛАГА” гэсэн гүйлгээний утгатай, нийт 132,206,300 төгрөг шилжүүлснийг талууд маргадаггүй.

Харин хариуцагч С.Б нь тус мөнгөнөөс 102,989,587 төгрөгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан, 29,216,713 төгрөгийг зориулалтын дагуу зарцуулахгүйгээр хувьдаа захиран зарцуулсан нь хэрэгт цугларсан буюу нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдоно гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг нягталж үзээгүй байх ба С.Б-гийн 2021.06.18-аас 2023.01.13-ны өдрийн хүртэлх ... тоот дансны хуулгыг харвал 2021 оны 06 дугаар сараас 2022 оны 08 дугаар сарыг хүртэлх хугацаанд “Б” ХХК-ийн 8 ажилтны цалингийн зардалд нийт 94,946,477 төгрөг, “Б” ХХК-ийн түрээсийн төлбөрт нийт 13,886,000 төгрөг, “Б” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой томоохон зардлуудад /байгууллагын албаны мэйл сунгалт, ажилтны зөөврийн компьютер, ажлын хувцас, оффис нүүлгэлт, интернэтийн төлбөр, ажлын үнэмлэх, танилцуулга хэвлэл, нэрийн хуудас хэвлэл гэх мэт/ нийт 10,326,330 төгрөг, “Б” ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааны зардалд /бичиг хэргийн зардал, цэвэр ус, цай, кофе, нэг удаагийн хэрэгсэл гэх мэт/ нийт 9,544,342 төгрөгийн зардал гарсан байна. Дээрх зардлуудаас зөвхөн 8 ажилтны цалингийн зардал болон байгууллагын оффис түрээсийн зардлын нийлбэр 108,832,477 төгрөг байгаа нь нэхэмжлэгч талын гаргаж өгсөн компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж хүлээн зөвшөөрсөн 102,989,587 төгрөгөөс даруй 5,842,890 төгрөгөөр их байна.

Түүнчлэн “Б” ХХК нь тухайн хугацаанд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байсан тул бусад зардлууд гарах нь зүй ёсны асуудал бөгөөд дээрх бүх зардлууд нь С.Б-гийн ... тоот дансны хуулга /гүйлгээний утга, хүлээн авагч этгээдийн дансны мэдээлэл байдаг/-аар бүрэн нотлогдоно. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч талын нэхэмжилж буй мөнгөн хөрөнгө нь үндэслэлгүйгээр С.Б-д байршиж байгаа учраас буцаан гаргуулах нь зүйтэй гэж үзсэн нь мөн л баримт нотолгоонд үндэслээгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэхээр байна. Учир нь маргалдагч 2 тал 2023.03.13-нд компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахимаар хийсэн бөгөөд тус хурлаар дараах асуудлыг хэлэлцсэн.

1-рт, компанийн үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш тухайн хугацаа хүртэлх орлого, зардал болон компанийн гүйцэтгээгүй ажлын авлага, өглөг зэрэг санхүүгийн шинжилгээг нарийвчлан хэлэлцэж дуусгасан.

2-рт, компанийн санхүүгийн тооцооллыг үндэслээд компанийн эрхийг хэнд шилжүүлэх, ямар нөхцөлөөр шилжүүлэх тухай асуудал ярилцсан.

Тухайн хурлаас С.Б өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг Б.Х-д шилжүүлэхээр болсон бөгөөд төлбөрт нь Б.Х-гээс 17,544,500 төгрөгийг авахаар харилцан тохиролцож хурлын протоколыг үндэслэн 2023.01.17-нд гэрээ байгуулж хувьцаагаа шилжүүлсэн. Дээрх үйл явц нь тухайн үед хийгдсэн нотариатын гэрээ болон хувьцаа эзэмшигчдийн онлайн хурлын цахим бичлэгээр нотлогдоно. Дээрх 2 нотлох баримт нь шүүхэд нотлох баримтаар авагдаагүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ гэж заасан бөгөөд миний бие нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан татгалзлыг нотлох дансны дэлгэрэнгүй хуулга, 2023.01.13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын видео бичлэг зэрэг нотлох баримтаар гаргаж өгөхөөр 2024 оны 12 сард Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд очсон боловч тухайн үед хэргийг хариуцаж байсан шүүгчийн туслах “одоо наад баримтуудыг чинь манай шүүх авахгүй нүүх гэж байгаа” хэмээн миний зүгээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг аваагүй, шууд зайлсхийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэгт заасан үндэслэлд шууд хамаарахаар байна. Тухайн маргаан бүхий мөнгийг хүлээн авсан данс нь зөвхөн байгууллагын үйл ажиллагаанд зориулан нээсэн бөгөөд дэлгэрэнгүй хуулгаар гагцхүү компанид зарцуулсан болох нь бүрэн харагдах бөгөөд энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил нь шүүхийн шийдвэрт шууд нөлөөлсөн болно.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс хуулийг өөрөөр буруу тайлбарлан хэрэглэсэн болно. Тус маргааныг 2024.05.06-ны өдрийн 101/ШШ2024/02445 тоот шийдвэрээр өмнө нь шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүхээс хэргийн оролцогч өөр байх тул хамааралгүй мэтээр тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” хэмээн заасан буюу дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр яг адил үйл баримтыг хянан хэлэлцсэн маргааны зүйл болох мөнгийг хариуцагч С.Б нь өөрийн хувьдаа авч ашиглаагүй компанийн үйл ажиллагаанд зарцуулсан болохыг тогтоосон болно. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал огт тогтоогдоогүй бөгөөд маргаан бүхий хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагад хүний нөөц, санхүү эрхэлсэн захирлын албыг хашиж байсан бөгөөд талууд энэ талаар маргадаггүй. Гэвч давж заалдах шатны шүүхээс хуульд заасан үндэслэлийг шууд эсрэгээр нь тайлбарлаж үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох над руу 132,206,300 төгрөгөөс 9,665,000 төгрөгийг шилжүүлсэн гүйлгээний утга нь “оффис тохижилтын зардал” гэж миний хувийн данс руу хийсэн ба энэ нь үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө оффис авч тохижуулах шаардлага үүсэж харилцан ярьж тохиролцсоны дагуу хүнээс мөнгө зээлэх замаар оффис түрээсэлж тохижуулсан /8 хүний ширээ, сандал, кофены ширээ, буйдан, гал тогооны шүүгээ, шарах шүүгээ, кофе чанагч, цэвэр усны шүүлтүүр, хөргөгч гэх мэт зүйлс авсан/ зэрэг компанийн үйл ажиллагаанд шаардлагатай тохижилтод зориулагдсан үйл баримтыг буруу дүгнэж бодит байдлаас ихээхэн зөрүүтэй хэргийн үйл баримтыг дүгнэсэн болно. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.05.30-ны өдрийн 210/МА2025/00934 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5.Хариуцагч С.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.09.09-ний өдрийн 001/ШХТ2025/00783 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:           

6.Хариуцагч С.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч С.Б-д холбогдуулан 29,216,713 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... Б.Х нь С.Б-гийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг 17,724,500 төгрөгөөр үнэлж, 2023.01.17-ны өдөр Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулж, компанийн эрхийг шилжүүлэн авсан. 2024 оны 04 сард санхүүгийн материалыг шалгахад, 2021.06.18-2023.01.13-ны өдрийн хооронд “Б” ХХК-ийн данснаас С.Б-гийн дансанд нийт 132,206,300 төгрөгийг шилжүүлсэн байсан. С.Б нь тус компанийн хувьцаа эзэмшигч байх үедээ ажилчдын цалин, түрээсийн төлбөрийг төлөх үүрэг гүйцэтгэдэг байсан тул 132,206,300 төгрөгөөс 8 ажилтны цалингийн зардалд 62,448,872 төгрөг, түрээсийн төлбөрт 13,156,000 төгрөг, компанийн зардалд 27,384,715 төгрөгийг тус тус зарцуулсан ба 29,216,713 төгрөгийг тус компанийн үйл ажиллагаанд зарцуулалгүйгээр хувьдаа авч, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэсэн агуулгаар тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “...талууд 2023.01.17-ны өдөр Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулан “Б” ХХК-ийн өөрт ногдох 50 хувийн хувьцааг 17,724,500 төгрөгөөр Б.Х-д худалдсан. Б.Х нь хувьцаа худалдан авсан төлбөрөөс 10,817,500 төгрөгийг 2023.04.15-ны өдөр, үлдэгдэл 6,907,000 төгрөгийг 2023.12.31-ний дотор тус тус төлж барагдуулахаар тохиролцсон ч төлөөгүй тул миний нэхэмжлэлтэй хариуцагч Б.Х-д холбогдох иргэний хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/02445 шийдвэрээр Б.Х-гийн дээрх агуулгаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Х-гээс 23,562,043 төгрөг гаргуулан надад олгохоор шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, энэхүү асуудлыг өмнө нь шүүхээр шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг төлөх үндэслэлгүй болохыг шүүх тогтоосон ба талууд давж заалдах гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иймд шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн асуудлаар дахин шүүхэд хандсан нь үндэслэлгүй” гэж маргажээ.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... хариуцагчийн дансаар хүлээж авсан 132,206,300 төгрөгийн 29,216,713 төгрөгийн тухайд маргаантай. Хариуцагч нь 2023.02.02-ны өдрийг хүртэл “Б” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд нэхэмжлэгч “Б ” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Б.Х  нь С.Б-гийн дансанд 132,206,300 төгрөг шилжүүлсэн гүйлгээ нь талуудын хамтран ажиллах зорилгын хүрээнд компанийн үйл ажиллагаанд зориулж хийгдсэн үндэслэл бүхий гүйлгээ, шилжүүлэг байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч нь шаардах эрхгүй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “…2023.01.13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ мөнгөн дүнгийн өр төлбөрийн асуудал нь яригдаагүй гэж ойлгож байна, …2023.01.17-ны өдрийн гэрээгээр компанид өр төлбөр, авлага байхгүй” гэсэн тайлбараас үзэхэд компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулж, хамтын ажиллагаагаа дуусгавар болгох үедээ талууд компанийн санхүүгийн нөхцөл байдал, өглөг авлага, бусад нөхцөлийг тооцох боломжтой байсан бөгөөд гүйцэтгэх удирдлага Б.Х нь энэ талаар мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, хянамгай байх үүргээ хэрэгжүүлээгүй тул 2023.01.17-ны өдөр Компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж, хувьцаагаа Б.Х-д шилжүүлэн өгснөөр, хариуцагч С.Б нь компанийн өмнө, хувьцаа эзэмшигчийн өмнө хүлээсэн аливаа үүргээсээ чөлөөлөгдсөн байна” гэж дүгнээд, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсонгүй гэж үзжээ.

9.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Магадлалд “...компанийн гүйцэтгэх удирдлага Б.Х нь С.Б-гийн дансанд 132,206,300 төгрөг шилжүүлсэн гүйлгээ нь талуудын хамтран ажиллах зорилгын хүрээнд компанийн үйл ажиллагаанд зориулж хийгдсэн үндэслэл бүхий гүйлгээ, шилжүүлэг байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу. Учир нь “Б” ХХК-аас шилжүүлсэн 29,216,713 төгрөгийг хариуцагч С.Б хүлээн авсан талаар маргаагүй ба хариуцагчийн хувьд уг мөнгөн хөрөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч С.Б-гээс 29,216,713 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна. Хариуцагч нь энэ маргааныг шүүх өмнө нь хянан шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/02445 дугаар шийдвэрээр Б.Х, С.Б нарын хооронд үүссэн “Б” ХХК-ийн хувьцааг худалдах-худалдан авахтай холбоотой маргааныг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч “Б” ХХК нь мөнгөн хөрөнгөө бусдаас шаардаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд хамаарахгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн байна.

10.Нэхэмжлэлийн шаардлагын тухайд хоёр шатны шүүх зөрүүтэй дүгнэлт хийж, өөр өөрөөр шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.  

11.Талууд “Б” ХХК-ийн 50, 50 хувийн хувьцааг эзэмшдэг байсан болон  2023.01.13-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахимаар хийн тооцоо нийлсэн тухайд, мөн 2023.01.17-ны өдөр Компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулан хариуцагч С.Б нь өөрийн эзэмшлийн хувьцааг Б.Х-д шилжүүлсэн тухайд, хариуцагч нь 132,206,300 төгрөгийг өөрийн дансанд хүлээж авсан баримтын тухайд тус тус маргаангүй.

Харин хариуцагч С.Б өөрийн дансаар хүлээж авсан 132,206,300 төгрөгөөс  29,216,713 төгрөгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулалгүй хувьдаа авч үлдэж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээд нь нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэ мөнгөн хөрөнгийн тухайд талууд маргасан байна.

12.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Х, хариуцагч С.Б нарын хооронд “Б” ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдан авсан төлбөртэй холбоотой маргаан өмнө нь шүүхээр шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/02445 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч С.Б-гээс хариуцагч Б.Х-д холбогдуулан 2023.01.17-ны өдрийн компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээний дагуу “Б” ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдан авсан төлбөр 17,724,000 төгрөг, алданги 5,408,750 төгрөг, нийт 23,133,250 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хувьцаа худалдсан үндсэн төлбөр 17,554,500 төгрөг, алданги 6,007,534 төгрөг, нийт 23,562,043 төгрөгийг хариуцагч Б.Х-гээс гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,622,586 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч С.Б-д холбогдуулан компаниас өгсөн 132,206,300 төгрөгийн Б.Х-д оногдох 50 хувь буюу 66,103,150 төгрөгийн төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр болох 27,893,435 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Х-гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ

13.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1. “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1. “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж зохицуулсан байх ба нэхэмжлэгч нь энэ үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

14.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүйгээс мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг маргааны үйл баримтад буруу хэрэглэсэн байх тул магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэхгүй.

15.Хэргийн баримтаас үзэхэд талууд 2023.01.13-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахимаар хийн тооцоо нийлж, 2023.01.17-ны өдөр Компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулан хариуцагч С.Б нь өөрийн эзэмшлийн хувьцааг Б.Х-д шилжүүлснээр Б.Х нь “Б” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болж, 50 хувийн хувьцааны төлбөр 17,724,000 төгрөгийг С.Б-д төлөх үүрэг хүлээсэн байна. Нэхэмжлэлд “...2024 оны 4 сард компанийн санхүүгийн материалыг шалгахад 29,216,713 төгрөгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулалгүйгээр хувьдаа авч үлдсэнийг мэдсэн” гэж тайлбарласан. Харин анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч тал нь “…2023.01.13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ мөнгөн дүнгийн өр төлбөрийн асуудал нь яригдаагүй гэж ойлгож байна”, …2023.01.17-ны өдрийн гэрээгээр компанид өр төлбөр, авлага байхгүй” гэсэн тайлбар гаргасан байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч талын нэхэмжлэлээр шаардаж буй мөнгөн хөрөнгийн тухай мэдсэн гэх үндэслэл болон хугацаа, улмаар шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зөрчилтэй, нэхэмжлэгч шаардлагаа баримтаар нотлоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй байна.

16.Тухайн цаг мөчид хариуцагч компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж байсан үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн гэх 132,206,300 төгрөгөөс үлдэгдэл 29,216,713 төгрөгийг хэрхэн зарцуулсан нь тодорхой биш байгаа байдал нь дангаараа хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Үүний тулд хариуцагч ийм хэмжээгээр бодитой хөрөнгөжсөн байх ёстой. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл бүрдээгүй гэж үзнэ.  

17.Компанийн хувьцаа эзэмшигч нар компанийнхаа хувьцааг харилцан худалдах-худалдан авах гэрээ хийх болон компанийн эрхийг нэгээс нөгөөд шилжүүлэхдээ харилцан тооцоо нийлж, авлага, өглөгөө тодорхой болгодог нь энэ төрлийн гэрээнд түгээмэл хэрэгждэг үйл ажиллагаа байдаг. Иймээс 2023.01.13-ны өдөр цахимаар хийгдсэн хувьцаа эзэмшигчдийн хурлаар талууд санхүүгийн асуудлыг хэлэлцэж, тооцооллыг үндэслэж компанийн эрхийг хэнд, ямар нөхцөл, үнээр шилжүүлэхийг шийдвэрлэсэн гэж үзэхээр, түүнчлэн хариуцагчид шилжүүлсэн 132,206,300 төгрөгийн орлого, зарлагын гүйлгээ нь хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулахаас өмнөх компанийн үйл ажиллагаатай холбоотой зардал байх тул нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймээс хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.

18.Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй гэсэн агуулгаар эрх зүйн дүгнэлтийг үндэслэл бүхий хийсэн /Тогтоолын 7/ боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээгүй алдаа гаргасныг хяналтын шатны шүүх залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2025/00934 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/01725 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч С.Б-гээс  29,216,713 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч С.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 304,035 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                Н.БАТЗОРИГ

                                                                 Н.БАЯРМАА

                                                                                Д.ЦОЛМОН