| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2020/01043/И |
| Дугаар | 142/ШШ2021/00470 |
| Огноо | 2021-05-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 142/ШШ2021/00470
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а хороолол 3-102 тоотод оршин суух Боржигон овгийн Зоригтбаатарын З.З /регистрийн дугаар ФА80080174, утас: 99083135/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а хороолол 3-102 тоотод оршин суух Соёмбо овгийн Баянбараатын Б.Э /регистрийн дугаар МЭ80080107, утас: 99053953/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, Охин З.З.Т, З.З.А нарыг өөрийн асрамжинд авч, З.З.Заас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, банкны зээл 22 787 780 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч Б.Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, М.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.З.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.З.З миний бие нь 2006 онд Б.Б.Этэй танилцан улмаар 2007 онд албан ёсоор гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр охин З.З.Т, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин З.З.А нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оноос салж тусдаа амьдрах болсон юм. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин З.З.Т, З.З.А нарыг өөрийн асрамжинд үлдээж, эхээс нь тэтгэлэг тогтоолгохгүй, бидний гэр бүлийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан зээлийн тавин хувь буюу 22 787 780 төгрөгийг төлөх үүрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн хувьд 22 787 780 төгрөгийг нэг дор төлөх санхүүгийн боломж байхгүй. Харин сондгой тоотой саруудын зээлийн төлбөрийг графикт заасан мөнгөн дүнгээр төлөх, тэгш тоотой саруудад хариуцагч Б.Б.Э төлж байхаар тохиролцож зээлийг төлж барагдуулна. Тухайлбал: З.З.З 2021 оны 05, 07, 09, 11-р сард гэх мэтчилэн сондгой тоотой саруудад төлнө гэжээ.
Хариуцагч Б.Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Баянбараат овогтой Б.Э нь нөхөр Зоригтбаатар овогтой З.Зын 2020 оны 07-р сарын 07-ны өдрийн гэр бүл салах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлд өөрийн хариу тайлбарыг өгч байна. 3 З.З нь өөрийн нэхэмжлэлдээ: Надтай зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оноос салж тус тусдаа амьдрах болсон, хоёр охиноо өөрийн асрамжинд үлдээнэ, эд хөрөнгийн маргаангүй гэж бичсэнд дараах хариу тайлбарыг өгч байна.
1. Бид 2015 онд салаагүй бөгөөд хоорондоо салах тухай хамтран ярилцаж тохиролцсон зүйл ёрдөө ч байхгүй болно. Бид 2007 оноос гэр бүл болсон цагаас эхлэн З.Зын ээж С.Оюун-Эрдэнэтэй 2015 он хүртэл хамтдаа амьдарч байсан бөгөөд Оюун-Эрдэнэ нь 2015 оны 3-р сард надтай маргаж намайг загнаж улмаар намайг гэрээсээ хөөсөн. 2007-2015 оны хугацаанд нөхөр намайг хардах болон өөрийн ээжтэй нь муухай харьцлаа гэх шалтгаанаар хэд хэдэн удаа зодож байсан. Нэг удаа зодоод хамрыг маань гэмтээж, хамраа тэгшлүүлж байсан. Дахин зодож, нүдийг минь гэмтээж мэс заслын аргаар зүсүүлж оёулж эмчлүүлсэн. Мөн бие махбодыг хөхрүүлэх, үсдэх зэрэг тохиолдлууд байсан. Хадам эх Оюун-Эрдэнэ бидний аливаа маргааныг улам дэвэргэхийн зэрэгцээгээр өөрөөс нь болж нөхөр бид хоёр маргалдах асуудлууд зөндөө гарч байсан бөгөөд хүү З.З намайг зодож байхад зогсоож болиулахын оронд хохь нь нөхөртэйгээ аятайхан харьц, өөрөөсөө болж байгаа юм гэх мэтээр хүүгээ өөгшүүлдэг байсан. Оюун-Эрдэнэ ч бас нэг удаа намайг алгадаж, үсдэж байсан. З.Зын миний өөрийн ээжид Б.Эийг дахин зодохгүй гэж бичсэн бичиг ч байдаг. Тэр өдөр манай гэрээс зайл, өгсөн куртикыг тайлж орхиод яваарай гэж хадам эхийг хэлэхэд надад дээрх зүйлүүд бодогдож би гарч явсан. Дараа нь би З.Заас хамтдаа хоёр хүүхэдтэйгээ дөрвүүлээ хадам эх Оюун-Эрдэнээс тусдаа байр хөлслөөд амьдарч үзье, хөгшин настай болохоор нь би хадам эхийг асрана, хамт амьдарч болно гэж гуйсан боловч З.З миний үгийг тоогоогүй. Хадам эх ч гэсэн намайг гэртээ буцаад ир гэж нэг ч удаа асуугаагүй. Ингээд би хүүхдүүдийнхээ хамт байр түрээслэж эхэлсэн. З.З ч гэсэн байр түрээслэхийг зөвшөөрч, надтай хамт шийдвэрлэсэн. Бага хүүхэд минь хоёр ой хараахан хүрээгүй байсан бөгөөд том охин минь сургуулийн сурагч байсан учраас хадам эхийнд ирж очин байдаг байсан нь 2015 оны 5-р сараас эхлэн З.З гэнэт Улаанбаатар явж бизнес шинээр хийнэ, Эрдэнэт зах зээл жижиг ашиг орлого олохгүй байна гэж хэлэн намайг 2 хүүхэдтэй минь орхиод Улаанбаатарт амьдрахаар явсан. Би тэр үед тийм л юм байх гэж итгэж байсан ч гэсэн тухайн үед З.З нь гэр бүлээс гадуурх харилцаатай болж байсныг тухайн үеийн баримтууд одоо гэрчилнэ. Улмаар З.Зын гэр бүлээс гадуурх харилцаа нь одоог хүртэл үргэлжилж байсныг би 2020 оны 5-р сард мэдэж эхэлсний лараа З.З болон хамтран амьдрагч Нямсүрэн гэх эмэгтэй хоёулаа хамтын харилцаагаа хүлээн зөвшөөрсөн болно. З.З нь хамтран амьдарч байгаа хүүхэнтэйгээ үр хүүхэдтэй болмоор байгаагаа найз, нөхөд ажлын хүмүүстээ хэлдэг байсан ба хадам эх ч энэ талаар мэддэг юм билээ. 2017 онд нэг удаа З.З надад би Улаанбаатарт чи Эрдэнэтэд тусдаа амьдарч байгаа юм чинь салья гэж халамцуу үедээ хэлж байсан. Тэгж хэлэхэд нь хэрвээ чи ийм бодолтой байвал албан ёсоор нийлж суусан юм чинь албан ёсоор нь гэр бүлээ цуцлуулья гэж хэлэхэд З.З зөвшөөрөөгүй. Үнэхээр надаас салсан уу гэхээр надтай уулзах, холбогдох (яг л эхнэр нөхөр шиг) санал, санаачлагыг З.З өөрөө эхлүүлдэг байсан ба миний хувьд ч хүүхдүүдийн минь эцгийн хувьд хүүхдүүдийн талаар ярьж, хүүхдүүдийн өсч хөгжиж байгаа талаар мэдээллэж, холбоотой байсан. Тэгэхдээ би удахгүй нэгэн цагт хамтдаа гэр бүлээрээ амьдрана гэсэн итгэл найдварыг тээж байсан учраас аливаа гаргасан З.Зын санал санаачлагыг зөвшөөрч түүний үгээр амьдарсаар ирсэн. Бидний энэ байдал, энэ харилцаа 2020 оны 5-р сар хүртэл үргэлжилж Улаанбаатар, Эрдэнэт рүү бид ээлжлэн ирж, очицгоож байсан болно. 2015 онд салсан гэж яагаад нэхэмжлэлдээ бичсэнийг би ойлгохгүй байна.
2. Би хоёр охиноо З.Зын асрамжинд үлдээхийг зөвшөөрөхгүй. 2015 оноос өнөөдрийг хүртэл хүүхдүүд маань надтай хамт амьдарч, цаг минут тутам миний нүдэн дээр өсөж, хүмүүжиж, хамгаалуулж ирсэн. Цаашид хоёр охиноо З.Зын асрамжинд өгч охидуудаа хойд эхийн гар харуулахыг үнэхээр хүсэхгүй байна. Нөгөө талаас З.З нь охидуудаа ялангуяа том охин З.Тг өөрийн ээж дээр байлгаж, өөрийн ээждээ хань болгох сонирхол маш их байдаг бөгөөд өөрийн асрамжинд авах гэдэг нь өөрийн ээжээр хүүхдүүдээ асруулна гэдэгт би 100% итгэлтэй байгаа учраас хүүхдүүд төрсөн эцэг, эх нь эрүүл саруул, ажилтай, амьдралтай байсаар байтал эмээгийн асрамжинд байна гэдэг миний хувьд байх боломжгүй, санаанд багтамгүй хүний ёсноос гажууд зүйл. Би хүүхдүүдийнхээ өмнө бүрэн хариуцлагаа ухамсарласан эх хүн. Тиймээс ч би өөрийгөө бүрэн дайчлан хичээж өдий хүртэл хоёр хүүхдээ асран хамгаалж, хүмүүжүүлж, боловсрол, эрүүл мэнд, оюун санааны хөгжил төлөвшилд өөрийнхөө бүхий л анхаарал халамжийг тавьж, үргэлж хажууд нь байсаар ирсэн цаашид ч би тийм байх болно. Энэ хоёр хүүхэд миний амьдралын утга учир.
3. Би эд хөрөнгийн маргаантай. Учир нь 2015 онд З.З Улаанбаатар яваад удаагүй байхдаа хэдий надтай надтай холбоотой байдаг байсан ч надтай ярилцаж, миний саналыг харгалзан үзэлгүйгээр ганцаараа шийдвэр гаргаж, бидний амьдарч байсан байр, бизнес хийж байсан 2, нийт 3 байрыг тус тус зарж борлуулсан. Эдгээр байруудыг худалдан авч амьдрах болон бизнесийн үйл ажиллагаа явуулахад миний зүгээс мөнгөн болон бусад хөдөлмөр зүтгэл их байсан. Одоогийн би болон миний хүүхдүүдийн амьдарч байгаа байрыг ээждээ байр авч өгнө, дараа нь өөрсдөө байр авна гэж байсан ч ээж нь тэтгэврийн насны хүн тул зээл нь бүтэхгүй байхаар миний нэр дээр үндсэн ипотекийн зээлдэгчээр худалдан авсан болно. Хэсэг хугацаанд хадам эх амьдарч байгаад 2016 оны 11-р сараас эхлэн би 2 хүүхэдтэйгээ тус байр луу нүүн орж амьдарч байна. Хамтдаа амьдарч байсан эхний байраа зарлаа гэж хэлэхэд би эсэргүүцсэн ч миний үгийг тоогоогүй зарсан. Дараагийн бидний гол бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан байрыг зарж, өрөө дарна, ашиггүй байна /Улаанбаатарт бизнес хийнэ гэж хэлэхэд З.Зд би итгэсэн, 3 дахь байраа зарахад би мэдээгүй, олон сарын дараа хадам эхээс асуухад зарсан гэж хэлсэн. Одоогийн амьдарч байгаа байр маань банкинд миний нэр дээр үндсэн, З.Зын нэр дээр хамтран зээлдэгчээр ипотекийн зээлэнд байдаг учраас З.З хичнээн эд хөрөнгийн маргаангүй гэсэн ч ирээдүйд гарах эрсдлийг бодож эд хөрөнгийг үнэн шудрагаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч З.З.З шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний нөхөр З.З.З нь 2018 оны 05 дугаар сараас эхлэн гэнэт Улаанбаатар явж бизнэс шинээр хийнэ, Эрдэнэтэд зах зээл жижиг учир ашиг орлого олохгүй байна гэж хэлээд намайг 2 хүүхэдтэй минь орхиод явсан. Үнэхээр хоёр охиноо гэсэн сэтгэл байсан бол орхиод явахгүй байсан. Төрүүлж өсгөсөн хоёр охиноо би З.З.Зд өгөхгүй. 2015 оноос хойш 5 жилийн хугацаанд цаг минут тутам миний нүдэн дээр өсөж, хүмүүжиж, надаар хамгаалуулж надтай өөрсдийн зүрх сэтгэлээр ээнэгшин дассан охидыг минь эхээс нь салгах гэж оролдлого хийж байгаа нь харин ч түүнийг охидыг боддоггүй болохыг харуулж байна. Цаашид хоёр охиноо З.З.Зын асрамжинд өгч охидуудаа хойд эхийн гар харуулахыг үнэхээр хүсэхгүй байна. Нөгөө талаас З.З.З нь охидуудаа ялангуяа том охин З.З.Тг өөрийн ээж дээр байлгаж, өөрийн ээждээ хань болгох сонирхол маш их байдаг ба өөрийн асрамжид авах гэдэг нь өөрийн ээжээр хүүхдүүдээ асруулна гэдгийг мэдэж байна. Үүний учир нь тэрээр өөрөө хүүхдийг харж хандах ямар ч цаг завгүй байдаг болно. З.З.З том охины нүдэн дээр намайг нэг биш зодож байсан ба энэ нь хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдэх зөрчил мөн болно. Тусдаа амьдрах хугацаанд түүний хүссэн үед хоёр хүүхэдтэй уулзуулж хүүхдийн эцгийн бие биетэйгээ уулзах эрхийг нь хангаж байсан болно. Би хоёр охиныхоо өмнө бүрэн хариуцлагаа ухамсарласан эх хүн. Тиймээс ч би өөрийгөө бүрэн дайчилж, хичээж өдий хүртэл хоёр охиноо асран хамгаалж, хүмүүжүүлж, боловсрол, эрүүл мэнд, оюун санааны хөгжил төлөвшилд өөрийнхөө бүхий л анхаарал халамжийг тавьж, үргэлж хажууд нь байсаар ирсэн цаашид ч хүүхдүүдээ мэдлэг боловсролтой, сайн хүн болгож өсгөж хүмүүжүүлнэ. Иймд цаашид охидыг өөрийн асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч З.З.З сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: З.З.Зын нэхэмжпэлтэй Б.Б.Э надад холбогдох иргэний хэрэгт сөрөг нэхэмжлэлийн шаарллагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд: Бид гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулж 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, улмаар 56.900.000 төгрөгийн зээлийг авсан ба одоогоор уг орон сууцны зээлийн үлдэгдэл 45.575.559 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Уг зээлийг З.З.З болон миний хувьд тэнцүү хариуцах ёстой гэж үзэж байна. Иймээс тус зээлийн үлдэгдэл 22.787.780 төгрөгийг З.З.З нь хариуцах учиртай тул түүнээс 22.787.780 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Шүүх хуралдаан дээр талууд сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 22 787 780 төгрөгийн талаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээнд: Нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, нөгөө талаас хариуцагч Б.Б.Э бид сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох Худалдаа хөгжлийн банкны өмнө хүлээсэн зээлийн гэрээний /2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ-PCC2016041113-1/ үүрэг 45 575 559 төгрөгийн 50 хувь болох 22 787 780 төгрөгийг зээлийн гэрээний хасвралт 1-д заасан хуваарийн дагуу 2021 оны 05 дугаар сараас эхлэн Сондгой тоотой саруудад З.З.З, тэгш тоотой саруудад Б.Б.Э хариуцан төлж байхаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.З.З, Б.Б.Эт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Б.Б.Э нь Охин З.З.Т, З.З.А нарыг өөрийн асрамжинд авч, З.З.Заас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, банкны зээл 22 787 780 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
З.З.З, Б.Б.Э нар нь 2006 онд танилцаж 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр охин З.З.Т, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин З.З.А нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбаруудаар тус тус нотлогдож байна.
Зохигчид шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар ороод эвлэрээгүй байх ба, гэрлэгчид хэн аль нь гэр бүлээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан З.З.З, Б.Б.Э нарын гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Хүүхдүүдийн асрамжийн хувьд 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин З.З.Т, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин З.З.А нарыг эцэг З.З.З нь өөрийн асрамжиндаа авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Б.Э зөвшөөрөөгүй бөгөөд, хүүхдүүдийг өөрийн асрамжидаа авахаар хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Охин З.З.Т, З.З.А нар нь бага насны хүүхдүүд бөгөөд 2015 оноос хойш эцэг, эхийнхээ тусдаа амьдрах хугацаанд байнга эхийнхээ асрамжид байсан, хүүхдүүд өөрсдөө ээжтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байгаа талаар тайлбар гаргасан, мөн Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 310 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ...хүүхдүүд ээждээ илүү ээнэгшин дассан, ээжтэйгээ илүү дотно харилцаатай, хүүхдүүдийн хүмүүжилд эхийн хүмүүжлийн арга барил, үзүүлж байгаа нөлөө давуу талтай гэсэн... зэрэг байдлуудыг үндэслэн хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээж, хүүхдүүдийг насанд хүртэл нь эцэг З.З.Заас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан тэтгэлэгийг сар бүр гаргуулан олгохоор шийдвэрлэв. Харин нэхэмжлэгчийн хүүхдүүдээ өөрийн амрамждаа авах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ зээлийн төлбөр 22 787 780 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд, нэхэмжлэгч түүний нэхэмжилсэн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч талууд эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээнд: Нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, нөгөө талаас хариуцагч Б.Б.Э бид сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох Худалдаа хөгжлийн банкны өмнө хүлээсэн зээлийн гэрээний /2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ-PCC2016041113-1/ үүрэг 45 575 559 төгрөгийн 50 хувь болох 22 787 780 төгрөгийг зээлийн гэрээний хасвралт 1-д заасан хуваарийн дагуу 2021 оны 05 дугаар сараас эхлэн Сондгой тоотой саруудад З.З.З, тэгш тоотой саруудад Б.Б.Э хариуцан төлж байхаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд зохигчийн эвлэрэл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг харилцан тооцсон бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342 089 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар 206 145 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгийн хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 74 278 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овгийн Зоригтбаатарын З.З /регистрийн дугаар ФА80080174/, Соёмбо овгийн Баянбараатын Б.Э /регистрийн дугаар МЭ80080107/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин З.З.Т, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин З.З.А нарыг эх Б.Б.Эийн асрамжид үлдээж, хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авах З.З.Зын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг тус тус баримтлан 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин З.З.Т, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин З.З.А нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг З.З.Заас сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.
4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох Худалдаа хөгжлийн банкинд төлөх зээлийн төлбөр 22 787 780 төгрөг гаргуулах шаардлагад: Худалдаа хөгжлийн банкны өмнө хүлээсэн зээлийн гэрээний /2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ-PCC2016041113-1/ үүрэг 45 575 559 төгрөгийн 50 хувь болох 22 787 780 төгрөгийг зээлийн гэрээний хасвралт 1-д заасан хуваарийн дагуу 2021 оны 05 дугаар сараас эхлэн сондгой тоотой саруудад З.З.З, тэгш тоотой саруудад Б.Б.Э хариуцан төлж байхаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Мөнх-Одод даалгасугай.
6. Тус шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 4199 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342 089 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 206 145 гаргуулж хариуцагчид, нэхэмжлэгчээс 74 278 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
8. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА