| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2021/00323/И |
| Дугаар | 142/ШШ2021/00485 |
| Огноо | 2021-05-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 142/ШШ2021/00485
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг 6-02 тоотод байрлах Т.А ББСБ /регистрийн дугаар 4401379/-ийн нэхэмжлэлтэй, /Утас: 94352759/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 36-04 тоотод оршин суух Боржигон овгийн Батсайханы Б.Б /регистрийн дугаар ГЮ90080216/-д холбогдох /Утас: 99556512/
зээлийн үүрэг 11 954 031 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Н.Отгончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.А ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгончимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.А ББСБ-ыг төлөөлж Н.Отгончимэг би Б.Б.Бгийн хүсэлтээр 3.000.000 /Гурван сая/ төгрөгийг 36 сарын хугацаагаар зээлдүүлэхээр 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн №063 тоот зээлийн гэрээ хийж зээл олгосон. Ингээд Зээлийн гэрээнд тусгагдсаны дагуу өөрийнх нь Хаан банкны 5029986298 данс руу 2018 оны 11 сарын 17-ны өдөр 2 970 000 /Хоёр сая есөн зуун далан мянга/ төгрөг шилжүүлсэн. Түүнээс тогтсон хугацаанд 2 удаагийнзээлийн эргэн төлөлтийг хийж, 2019 оны 01 дүгээр сарын 19-ны өдрөөс хойш огт зээлийн эргэн төлөлтөө хийлгүй одоог хүрсэн. Иймд Б.Б.Бгээс зээлийн үндсэн төлбөр 2 913 021 /Хоёр сая есөн зуун арван гурван мянга хорин нэгэн/ төгрөг, хүүний төлбөр 2 243 010 /Хоёр сая хоёр зуун дөчин гурван мянга арван/ төгрөг, хүүний алданги болох 6.798.000 /Зургаан сая долоон зуун ерэн найман/ төгрөг, нийт 11 954 031 /Арван нэгэн сая есөн зуун тавин дөрвөн мянга гучин нэгэн/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Байгалмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.А ББСБ-ын 11 954 031 төгрөгийн нэхэмжлэлтэй Б.Б.Бд холбогдох иргэний хэргийн нэхэмжпэлийг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Б.Б.Б нь Улаанбаатар хотод байгаа учир 2021.04.03-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатчийн 0347 дугаар итгэмжпэлээр Ш.Байгалмаа надад итгэмлэл олгосон юм. Миний хүү Б.Б.Б нь хүнсний худалдаа хийх зориулалтаар 3,0 сая төгрөг зээлээд Улаанбаатар хотоос мах, махан бүтээгдэхүүн, гахайн утсан мах борлуулж байтал гахайн мялзан өвчин гарч, бүтээгдэхүүний нэр төрөл цөөрч хиам зарж байтал 2019 оны сүүлээс Ковид өвчин гарч үйл ажиллагаа нь зогссон. Ингээд зээлийн төлөлт хийж чадахгүйд хүрсэн тул үндсэн зээл 2 913 021 төгрөг болон хүү 2 243 010 төгрөгийг төлнө. Харин алданги 6 798 000 төгрөгийг төлөх боломжгүй байх тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.А ББСБ нь Б.Б.Бд холбогдуулан зээлийн үүрэг 11 954 031 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлээс үндсэн зээл 2 913 021 төгрөг, хүү 2 243 010 төгрөг, нийт 5 156 031 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн бусад хэсгээс татгалзсан.
Шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Б.Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Т.А ББСБ-с 3 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3,5 хувь, жилийн 42 хувийн хүүтэй зээлж авсан болох нь зээлийн гэрээ, талуудын тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзаж буй үндэслэлээ: ...алдангийг төлөхгүй, ББСБ-ууд нь алданги гаргуулах ёсгүй юм байна лээ... гэсэн.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдэгчийн үндсэн хүүгийн хорих хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно... гэжээ.
Хуульд зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан байх ба, харин алданги төлөх талаар хуульд зохицуулаагүй байна.
Тиймээс Т.А ББСБ нь алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3.-д Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэжээ.
Мөн 2018-11-19-ны өдрийн 063 дугаартай талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд алдангийн талаар заагаагүй байна.
Иймд хууль болон гэрээгээр зохицуулаагүй алданги гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байх тул хариуцагчийн төлөхийг хүлээн зөвшөөрсөн үндсэн зээл 2 913 021 төгрөг, хүү 2 243 010 төгрөг, нийт 5 156 031 төгрөгийг Б.Б.Бгээс гаргуулан Т.А ББСБ-д олгож, нэхэмжлэлээс алданги 6 798 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 214 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Б.Бгээс улсын тэмдэгтийн хураамжаар 97 446 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б.Бгээс 5 156 031 төгрөг гаргуулан Т.А ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 798 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 214 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Б.Бгээс 97 446 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА