| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 104/2022/00263/И |
| Дугаар | 001/ХТ2025/00166 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2025/00166
Г.Г, О.Ц нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/00874 дүгээр магадлалтай
Ч.Э-т холбогдох
Гэм хорын хохиролд 239,260,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч Ч.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Г, О.Ц нар нь хариуцагч Ч.Э-т холбогдуулж гэм хорын хохиролд 239,260,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 193/ШШ2025/00221 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3, 508.4, 509 дүгээр зүйлийн 509.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.2-т заасныг баримтлан хариуцагч Ч.Э-аас 114,976,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 124,284,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба хариуцагч Ч.Э-аас улсын тэмдэгтийн хураамж 732,830 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/00874 дүгээр магадлалаар: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 193/ШШ2025/00221 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Ч.Э-т холбогдох гэм хорын хохиролд 239,260,000 төгрөг гаргуулах тухай Г.Г, О.Ц нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.05.23-ны өдрийн 210/МА2025/00874 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн болон давж заалдах шатны шүүх хуулийг анхан шатны шүүхээс зөрүүтэй хэрэглэсэн талаар: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ магадлалын 5 хуудасны 4-т “Гэм хор учруулснаас үүсэх үүргийн хүрээнд хохирол гаргуулахаар шаардах нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар өөрт хохирол учирсан байх, гэм хор учруулагчийн үйлдэл байх, учирсан хохирол нь гэм хор учруулагчийн үйлдэлтэй шалтгаант холбоотойг тус тус нотлох үүрэгтэй, ... 6 хуудасны 5.7 дах хэсэгт “...Талийгаач Н.Г-ийн ажиллаж байхад осол гарсан бичил уурхайн амны эзэн нь Б.И байсан бөгөөд хариуцагч Ч.Э уг бичил уурхайн амны эзэн биш тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт ... зааснаар хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ. Гэтэл Улсын дээд шүүхийн 2009.05.22-ны өдрийн 15 тоот тогтоолын 1.1-т Энэ зүйлийн 115.1-д заасан “Эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол” гэдэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан гэм хорыг ойлгоно. Мөн хэсэгт заасан “Эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд” гэж гэмт хэрэг үйлдээгүй, уг хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч биш боловч хуульд заасан үндэслэлээр тэдгээрийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг бүхий, иргэний нэхэмжлэлийн дагуу хариуцагчаар татагдсан этгээдийг хэлнэ. Энэ заалтын “уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэдэгт хуулийн энэ бүлэгт заасан эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг хуулийн 291-293 дугаар зүйлд зааснаар шийтгэх болон цагаатгах тогтоолоор хянан шийдвэрлэхийг ойлгоно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран зөвхөн хуульд заасан тохиолдолд эрүүгийн хэргээс тусдаа буюу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хянан шийдвэрлэнэ. 5.1 “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах этгээд” гэж хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар насанд хүрээгүй яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч харгалзан дэмжигч, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хуулийн дагуу хариуцвал зохих этгээдийг хэлнэ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдэд Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан ажил олгогч, хуулийн этгээдээс гадна мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4, 500 дугаар зүйлийн 500.1, 501 дүгээр зүйлийн 501.1, 502 дугаар зүйлийн 502.1, 512 дугаар зүйлийн 512.1-д заасан иргэн, хуулийн этгээдэд хамаарна. 5.2 Эрүүгийн хэргийн иргэний хариуцагч хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасан эрх эдэлж, хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасан тусгай үүргээс гадна эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчийн нийтлэг үүрэг хүлээнэ. Гэм буруугүй болохоо нотолсноор хариуцлагаас чөлөөлөгдөх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т заасан зохицуулалт зөвхөн хуульд заасан тохиолдолд эрүүгийн хэргийн иргэний хариуцагчид хамаарна хэмээн зааснаар анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан нөхөрлөлийн ахлагч Ч.Э-ын үйлдлийг тухайн гэм хорын хохиролд шалтгаант холбоотой гэдгийг МУ-ын Засгийн газрын 2017.05.24-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 4.3-т “... гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр бичил уурхайгаар ашигт малтмал олборлоно” Налайх дүүргийн засаг дарга Ч.Р ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “С” ХХК-ийг төлөөлж А.М болон бичил уурхай эрхлэгч “Б” нөхөрлөлийг төлөөлж Ч.Э нар 2017.10.04-ний өдөр “Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” тухай 4 тоот гэрээг байгуулсан. Энэ гэрээний 5.3-т гэрээний дагуу олборлолт явуулах явцад тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсхүл нөхөрлөлийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байгаль орчин, хүн, малд ноцтой хохирол учирвал буруутай тал нь уг хохирлыг барагдуулах үүрэг хүлээхээр заасан. Мөн Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол магадлалд Ч.Э-ыг иргэний хариуцагчаар татсан, ... гурвалсан гэрээг байгуулснаар тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглах эрх үүсэж үйл ажиллагаа явуулж амь хохирогч тухайн талбайд ажиллаж байсны улмаас хохирсон гэх үйл баримтыг эрүүгийн хэрэгт нэгэнт тогтоож хариуцагч Ч.Э-ыг иргэний хариуцагчаар тогтоосон нь ИХШХШТ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэх үндэслэлээр шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд дээрх улсын дээд шүүхийн тайлбартай хууль зүйн агуулгын хувьд нийцэж байхаас гадна бодит үйл баримтад болон иргэний хариуцагч татах асуудлыг өмнөх эрүүгийн хэрэгт талийгаач амьд сэрүүн, түүний гэр бүлийн хүн амьд сэрүүн байхад тухайн үед өмгөөлөгчөөр ажиллаж байсан миний бие олон дахин гомдол гаргаж хууль зүйн үндэслэлийн хүрээнд иргэний хариуцагчаар татан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргасан байдаг. Гэтэл тус эрүүгийн хэргийн бодит нөхцөл байдалд гэм буруугийн шалтгаант холбооноос гадна хор хохирлын шалтгаант хариуцах этгээдүүд болон шүүгдэгч Б.И, иргэний хариуцагч Ч.Э нарыг тогтоогоод иргэний журмаар жич нэхэмжлэхээр хохирогчийн эрхийг заасан хүчин төгөлдөр эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дагуу Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.5.1, 36.4.1, 481 дүгээр зүйлийн 481.1, 508 дугаар зүйлийн 508.1, 509 дүгээр зүйлийн 509.1, 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар иргэний хариуцагчаар татсан Ч.Э-аас гэм хор арилгуулах иргэний хэргийн нэхэмжлэлийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэхдээ эрүүгийн хэргийн шүүгдэгчийг шийдэж байгаа мэтээр зөвхөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг буруу хэрэглэн, мөн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Ч.Э нь 497.2-т заасан гэм буруугүй гэдгээ нотолсон баримт байхгүй, харин ч түүнийг оролцуулсан гэрч нарын мэдүүлэг тухайн хүн нөхөрлөл байгуулж зөвшөөрөл авснаар тухайн ашигт малтмалын талбайд осол болж, тухайн ослыг нөхөрлөл хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль дүрэм зөрчсөнөөс үүдэж гарсан гэх шинжээчийн дүгнэлт байсаар байхад тухайн үйл баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр улсын дээд шүүхийн тайлбараас зөрүүтэй, хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэхээр байгаа тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.05.23-ны өдрийн 210/МА2025/00874 тоот магадлалыг хүчингүй болгож, Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.03-ны өдрийн 193/ШШ2025/00221 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
Энэ хэрэгт одоогоор миний бие нь итгэмжлэгдсэн төлөөлөгч хэдий ч энэ хэрэг үйл баримт болоход талийгаач нарыг амьд сэрүүн байхад нь эрүүгийн хэрэгт нь өмгөөлөгчөөр оролцож байсан бөгөөд талийгаач өнгөрсний дараа түүний гэр бүлийн хүн болох н.О нь мөн л ардаа үлдсэн 4 хүүхдийнхээ төлөө өдөр шөнөгүй амьдралын төлөө зүтгэж байгаад өвчнөөр өнгөрсөн. Үүнээс үзэхэд хүний амь нас хохироход түүний ард үлдэж байгаа 4 хүүхдийн эцэг, эхээсээ хагацсаны дараах сэтгэл зүйн болон амьдралын хор уршиг төсөөлшгүй тул өдий хүртэл миний бие энэ хүүхдүүдийн гэм хорын хохирлыг барагдуулах бүхий л арга хэмжээнд тууштай явж байгаа бөгөөд эрхэм шүүгч та бүхнийг хичээнгүйлэн уншиж үзэхийг хүсье гэжээ.
5.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.09.11-ний өдрийн 001/ШХТ2025/00829 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-гийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7.Нэхэмжлэгч О.О нь хариуцагч Ч.Э-т холбогдуулж гэм хорын хохиролд нийт 90,230,880 төгрөг гаргуулах шаардлага гаргахдаа “..миний нөхөр, талийгаач Н.Г нь 2017.12.28-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайд ажлаа хийж байгаад хүнд гэмтэл авч, гэмтлийн улмаас нас барсан. Эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар Ч.Э-ыг татсан. Хариуцагчаас талийгаач Н.Г-ийн сарын цалин 880,000 төгрөг, өдрийн 40,000 төгрөг, гэмтэл авч нас барах хүртэл 23 сарын цалин хөлс, 4 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, үйлдвэрлэлийн осолд орсны улмаас нас барсан тул 36 сарын цалинтай тэнцэхүйц олговор гаргуулна” гэсэн агуулгатай тайлбар гаргаж байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байхад 2022.12.05-ны өдөр нас баржээ.
Нэхэмжлэгчийн эрх залгамжлагчаар Г.Г, О.Ц нар оролцож, “...талийгаач нар энэ хэргийн учрыг олох, үнэн зөв шийдвэрлүүлэхийн тулд олон жил явж, олон шүүх хуралд оролцсон. Тухайн үед 10 хүн “Б” нөхөрлөлийг үүсгэн байгуулаад түүний ахлагчаар Ч.Э оролцож, “Ашигт малтмал тусгай зөвшөөрөл бүхий уул уурхайгаас ашигт малтмал олборлох гэрээ”-г 2017.01.19-ний өдөр байгуулж, “С” ХХК-ийн бичил уурхайн талбай дээр үйл ажиллагаа явуулсан ба энэ талбай дээр Н.Г ажиллаж байхдаа гэмтэл авч, нас барж, ард нь ажилгүй эхнэр, насанд хүрээгүй 4 хүүхэд маш өрөвдөлтэй үлдсэн. Шинжээчийн дүгнэлтээр энэ нөхөрлөл нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, гурвалсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 5 дахь заалтуудыг зөрчсөнөөс болж энэ осол болсон нь тогтоогдсон. Иймд хохирлыг барагдуулах хариуцагч нь Ч.Э бөгөөд Эрүүгийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Н.Г-ийг өдрийн 40,000 төгрөгийн цалингаар ажиллаж байсныг тогтоосон. Хохирогч 2019.11.02-ны өдөр нас барсан. Түүний 1 хүүхэд 16 насанд хүрсэн, 3 хүүхэд нь 16 насанд хүрээгүй. 4 хүүхдэд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3-т зааснаар тэтгэмж шаардаж байгаа. Хохирогчийн эхнэр 4 хүүхдийнхээ төлөө өдөр шөнөгүй ажил хийж байгаад зүрх нь хаагдаж нас барсан. Талийгаач Н.Г осолд орсноос хойш нас барах хүртэл 23 сарын хугацааны цалин 20,240,000 төгрөг, 4 хүүхдийн тэтгэмж 188,020,000 төгрөг, үйлдвэрлэлийн осолд орсны улмаас нас барсны 36 сарын цалинтай тэнцэхүйц нөхөн төлбөр 31,000,000 төгрөг, нийт 239,260,000 төгрөгийг гаргуулна.” гэжээ.
Хариуцагч Ч.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... Засгийн газрын 151 дүгээр тогтоол батлагдсанаар Налайхад 10 нөхөрлөл байгуулах, нэг нөхөрлөлийн бүрэлдэхүүн 10 гишүүнтэй байх зохицуулалт хийгдсэн. Налайх дүүргийн удирдлага ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын орлогч ахалж, бүрэлдэхүүнд Налайх дүүргийн ахлах прокурор, Цагдаагийн байгууллагын төлөөлөл, “С” ХХК-ийн захирал С.Г нар ажилласан. Нийт 70-80 уурхайн эзэд хамтран хуралдаж хэрхэн ажиллах талаар зөвшилцсөний үндсэн дээр аюулгүй ажиллагааны асуудлыг хэлэлцэж уурхай тус бүрийн эзэд аюулгүй ажиллагааг өөрсдөө 100 хувь хариуцах баталгаа гаргах тохиролцоонд хүрсэн. Уурхайн эзэд бичгээр баталгаа гаргаж гарын үсэг зурсан. Энэ хэрэгт Б.И-ийн баталгааны бичиг байгаа. О.О-ийн нөхөр болох талийгаачийг хаана, хэний уурхайд ажиллаж байсан талаар би тодорхой мэдэхгүй. Б.И нь Н.Г гэж хүнийг хэдийд ажилд авсан, ажиллуулж байсан ч юм уу би мэдэхгүй. Би өөр уурхайн эзэн байсан. Б.И тухайн осол болсон уурхайн амны эзэн байсан. Тухайн үед Б.И ажиллуулж байсан ажилчдадаа ямар үүрэг өгч оруулсан гэдгийг, ямар цалин өгдөг байсныг ч би мэдэхгүй. Амны эзэд нь өөрсдөө хариуцлагаа хүлээхээр ажилладаг байсан. Б.И-ийн аманд хэдэн хүн ажилладаг байсныг би мэдэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага нь миний үйл ажиллагаатай холбоогүй, нөхөрлөлийн үйл ажиллагаа бус уурхайг хариуцаж байсан эзэн Б.И-ийн хариуцах асуудал.” гэж маргажээ.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан ба талийгаач Н.Г-ийн үйлдвэрлэлийн осолд орж нас барах хүртэл хугацааны олох байсан орлогод 20,240,000 төгрөг гаргуулах шаардлагаас 7,520,000 төгрөгийг, 4 хүүхдийн тэтгэмжийн зөрүү 188,020,000 төгрөг гаргуулах шаардлагаас 95,936,000 төгрөгийг, үйлдвэрлэлийн осолд орсны улмаас нас барсан тул 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр 31,000,000 төгрөгөөс 11,520,000 төгрөгийг, нийт 114,976,000 төгрөгийг хариуцагч Ч.Э-аас гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 124,284,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Шүүх “...”Б” нөхөрлөлийг хариуцсан ахлагч Ч.Э-ын нөхөрлөлийн гишүүн Б.И-ийн хариуцсан бичил уурхайд ажиллаж байсан Н.Г хүнд гэмтэл авч, нас барсан тул гэм хорын хохирлыг хариуцах этгээд нь эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан нөхөрлөлийн эзэн Ч.Э байна. Талийгаач Н.Г нь 2017.12.29-ний өдөр ажлаа хийж байхдаа хүнд гэмтэл авч 2019.11.02-ны өдөр нас барах хүртэл хугацааны цалинг олгоно. Талийгаач Н.Г-ийг сарын 880,000 төгрөгийн цалинтай гэж байгаа боловч үүнийг нотлох баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй тул олох байсан орлогыг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцох ба 2018 онд 240,000 төгрөг, 2019 онд 320,000 төгрөгөөр тогтоосон байх тул олох байсан орлогыг 2017.12.29-ний өдрөөс 2019.11.02-ны өдөр хүртэл тооцоход 7,520,000 төгрөг болж байна. Хохирогчийн насанд хүрээгүй 4 хүүхдийн тэтгэмжид 188,020,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд талийгаач Н.Г-ийг нас барах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөг байсан. 2004.08.19-нд төрсөн охин Г.Г-т тэжээгчээ алдсаны тэтгэмж 288,000 төгрөг тогтоосон ба 2019.11.02-ны өдрөөс түүнийг 16 нас хүртэл /2020.08.19/ зөрүүг сар бүр 32,000 төгрөгөөр тооцож 8 сарын тэтгэмжийн зөрүү 256,000 төгрөг байна. 2009.09.17-нд төрсөн хүү Г.А-ийг 16 нас хүртэл сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөгөөр тооцож 22,080,000 төгрөг, 2011.09.11-нд төрсөн охин Г.Г-ыг 16 нас хүртэл сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320,000 төгрөгөөр тооцож 29,760,000 төгрөг, 2015.05.25-нд төрсөн хүү Г.С-ийг 16 нас хүртэл сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320,000 төгрөгөөр тооцож 43,840,000 төгрөгийн тэтгэмжийг хариуцагчаас гаргуулж олгохоор шийдвэрлэв. Ажил олгогч нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно. Түүнчлэн Н.Г нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан болох нь тогтоогдсон тул түүний ар гэрт ажил олгогч “Б” нөхөрлөлийн ахлагч, хариуцагч Ч.Э-аас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөгийг 36 сараар тооцож 11,520,000 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулах нь зүйтэй.” гэж үзжээ.
9.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, “...”С” ХХК-д Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан ажиллаж баталгаа гаргах тухай баримтыг “Б” нөхөрлөлийн гишүүн Д.Г, Б.Б, Б.И, Ч.Э нар 2017.08.16-ны өдөр тус тус гаргаж өгсөн. Уг баримтад нөхөрлөлийн гишүүдийг тодотгохдоо амны эзэн гэж тухайлан заасан байх ба уг нөхөрлөлийн гишүүн /амны эзэн/ тус бүрдээ Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг өдөр тутамдаа баримтлан ашиглалтын талбайд ямар нэгэн эвдрэл гэмтэл, осол аваар, доголдол гаргахгүй байх бүхий л нөхцөлийг хангаж ажиллах ба ийнхүү зохих хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, заавар, зөвлөгөө, аргачлалыг баримтлаагүйгээс талбайд осол аваар, хүний амь эрсдэх, гэмтэх, бусдад гэм хор, хохирол учруулбал нөхөрлөлийн гишүүн би хохирлыг бүрэн барагдуулж 100% хариуцахаа үүгээр илэрхийлж байна гэсэн үүргийг хүлээжээ. Хэрэгт авагдсан баримтыг харьцуулан үзвэл, Налайх дүүрэгт бүртгэгдээгүй нөхөрлөл байгуулах замаар зохион байгуулагдаж бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих үүргийг уурхайн эзэд тус бүрдээ хариуцахаар тохиролцсоныг буруутгахгүй. Учир нь, бодит байдал дээр 7-8 нөхөрлөл тус бүрдээ 10 хүртэлх гишүүдтэй бөгөөд гишүүд бүр нь бичил уурхайн амны эзэд байх бөгөөд 1 бичил уурхайд 30-40 хүнийг ажиллуулдаг нөхцөл байдлаас дүгнэвэл нөхөрлөлийн ахлагч дангаараа өдөр бүр 300-400 ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих үүргийг гүйцэтгэх боломжгүйгээс нөхөрлөлийн гишүүд /амны эзэн/ тус бүрдээ өөрийн эзэмшиж буй бичил уурхайн аманд ажиллуулах ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцахаар зохион байгуулагдсан байна. Дээрхээс дүгнэвэл талийгаач Н.Г-ийн ажиллаж байхад осол гарсан бичил уурхайн амны эзэн нь Б.И байсан бөгөөд хариуцагч Ч.Э уг бичил уурхайн амны эзэн биш тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна гэж зааснаар хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй байна” гэж дүгнэжээ.
10.Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоосон боловч үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан гэм хорын хариуцлагыг хариуцах этгээдийн талаар ялгаатай дүгнэлт хийж, шаардлагыг өөрөөр шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.
11.Н.Г агсны эхнэр болох нэхэмжлэгч О.О нь 2022.04.12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тэрээр 2022.12.05-ны өдөр нас барсан тул эрх залгамжлагчаар түүний төрсөн охин Г.Г нь 18 насанд хүрсэн, хууль ёсны өвлөгчөөр, харин О.Ц нь Г.А, Г.Г, Г.С нарын харгалзан дэмжигчээр тогтоогдож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2-т нийцсэн байна.
Зохигчид ослын улмаас хүний амь нас хохирсон тухайд бус харин ослоос учирсан хохирлыг нөхөрлөлийн ахлагч Ч.Э эсхүл тухайн осол болсон уурхайн амны эзэн Б.И хариуцах эсэх талаар маргасан байна.
Хариуцагч Ч.Э нь “...амны эзэн Б.И энэ хариуцлагыг хүлээж, түүнд шүүхээс ял шийтгэл оногдуулсан, нөхөрлөлийн гишүүд болох амны эзэд хариуцлагаа хүлээхээр баталгаа гаргаж өгсөн” гэж тайлбар гаргасан.
12.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талийгаач Н.Г нь Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” нөхөрлөлийн нүүрсний бичил уурхайд ажиллаж байгаад 2017.12.29-ний өглөөний 05 цагийн орчимд шороонд дарагдаж, энэ ослын улмаас хүнд гэмтэл авч, эмчлүүлж байгаад 2019.11.02-ны өдөр нас барсан.
13.Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.20-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Б.И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Н.Г-ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ялаар шийтгэсэн ба уг тогтоолын тогтоох хэсгийн 5-д Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.4, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт зааснаар Б.И-ээс сар бүр 89,000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.28-ны өдрийн 2020/ДШМ/517 магадлалаар өөрчилж, Ч.Э нь иргэний хариуцагчаар татагдсан хэвээр үлдсэн.
14.Монгол Улсын Засгийн газрын 2017.05.24-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 4.3 дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон бичил уурхай эрхлэгч этгээдийн хооронд энэхүү журмын 3 дугаар хавсралтад заасны дагуу гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр бичил уурхайгаар ашигт малтмал олборлоно” гэж заажээ.
Хариуцагч Ч.Э нь “Б” нөхөрлөлийг төлөөлж 2017.10.04-ний өдрийн 4 дугаартай “Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээ”-г “С” ХХК болон Налайх дүүргийн Засаг дарга Ч.Р нартай байгуулсан ба гэрээний 5.3-т “... олборлолт явуулах явцад тусгай зөвшөөрөл эзэмшигч эсхүл нөхөрлөлийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан байгаль орчин, хүн, малд ноцтой хохирол учирвал буруутай тал нь уг хохирлыг барагдуулах үүрэг хүлээх” тухай заасан байна. /I-хх-113-126 тал/
15.Монгол Улсын Засгийн газрын 2017.05.24-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 1.4-т “Бичил уурхай эрхлэгч этгээд нь Иргэний хуулийн 35.1-д заасан нөхөрлөл, 36.4-т заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд, мөн хуулийн 481.1-д заасан бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэртэй байна” гэж, 1.5-д “Нөхөрлөл, бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүдийн тоо нь 9-өөс цөөнгүй байх бөгөөд өөр нөхөрлөлийн гишүүнээр бүртгэгдээгүй байна.” гэжээ.
“Б” нөхөрлөл нь бүртгэгдээгүй нөхөрлөл бөгөөд ахлагчаар Ч.Э, нөхөрлөлийн гишүүнээр Ц.Б, Б.Д, О.У, Д.Г, Ж.М, Б.И, Ч.Э, Б.Б, С.Б нар бүртгэлтэй, уг нөхөрлөл нь бичил уурхай эрхлэгчид хамаарч байна.
16.Журмын 2.4-т “Сум, дүүргийн Засаг дарга ... бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг ... загварын дагуу байгуулна.”, 3.2.4-т “бичил уурхай эрхлэгч нь “бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх үүрэгтэй”, 3.2.11-д “бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүн нь Иргэний хуулийн 482.5-д заасны дагуу нөхөрлөлийн дундын хөрөнгө шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд хариуцлагыг ижил хэмжээгээр хувийн хөрөнгөөр нөхөх хариуцлага хүлээх”-ээр тус тус зохицуулсан. Түүнчлэн журмын 3.2.1-д зааснаар бичил уурхай эрхлэгч нь “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, ажилтнуудын бүртгэл, нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөл үүсгэн байгуулсан гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ашигт малтмал олборлох талбайд байнга хадгалах” үүрэгтэй байна.
Дээрх журмын дагуу Налайх дүүргийн засаг дарга Ч.Р, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “С” ХХК-ийг төлөөлж А.М болон бичил уурхай эрхлэгч “Б” нөхөрлөлийг төлөөлж ахлагч Ч.Э нар 2017.10.04-ний өдөр “Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” 4 тоот гурвалсан гэрээг байгуулжээ. Гэрээний 4.1.2-т “Гэрээгээр олгосон талбайд зөвхөн бүртгэлтэй гишүүнийг ажиллуулах”, 4.1.7. “бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх, ослоос урьдчилан сэргийлэх”, 5.3. “Тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсхүл бичил уурхай эрхлэгч этгээдийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан байгаль орчин, бусад этгээдэд хохирол учирвал уг хохирлыг буруутай тал барагдуулна” гэж тус тус тохирсон байна.
17.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.
Анхан шатны шүүх “2018.04.10-ны өдрийн Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн шинжээчийн дүгнэлтээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6, 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар нөхөрлөлийн эзэн хариуцахаар байна” гэж дүгнэснийг буруутгахгүй.
Учир нь, бичил уурхай эрхлэгч нь “Б” нөхөрлөл нь Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 481 дүгээр зүйлийн 481.1-д зааснаар бүртгэгдээгүй нөхөрлөлд хамаарна. Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч Ч.Э нь Иргэний хуулийн 481 дүгээр зүйлийн 481.2-т зааснаар энэ нөхөрлөлийн ахлагч нь байна. Бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, гишүүд нь дүрмээ баталж, хамтран ажиллах гэрээ байгуулсан байх бөгөөд нөхөрлөл нь үйл ажиллагаанаас бусдад учирсан хохирлын тухайд хамтран хариуцлага хүлээх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, “Б” нөхөрлөлийн дүрмийн 2.1.3-т “Хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг гүйцэтгэх эсхүл өөрт ноогдох хэсэгт хувь тэнцүүлэн үүргийг гүйцэтгэх”, 2.1.4-т “Хамтын үйл ажиллагааны явцад бий болсон шаардлагыг биелүүлэхэд гишүүн бүр өөрт ноогдох хувийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулах” гэж заасан. Мөн нөхөрлөлийг үүсгэн байгуулахдаа гишүүдийн хийсэн хамтран ажиллах гэрээний 9-д “Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон шаардлага болон бусдад учруулсан хохирлыг гэрээнд оролцогч гишүүдийн дундын хөрөнгөөр хамтран хариуцна. Дундын хөрөнгө нь шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол гишүүд тэнцүү хэмжээгээр нөхөх хариуцлага хүлээнэ.” гэж талууд тохирсон байх бөгөөд гэрээ болон дүрэмд энэ Тогтоолын 14-т нэрлэсэн иргэд гарын үсэг зурсан ба нөхөрлөлийн гишүүд хамтран үүрэг гүйцэтгэгчид болно.
Иймээс нэхэмжлэгч нар нөхөрлөлийн ахлагч Ч.Э-ыг хариуцагчаар сонгож, нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т нийцсэн байх тул тэрээр хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар хариуцах үндэслэлтэй.
18.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ бичил уурхай эрхлэгч нь нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, хамтын хариуцлага хүлээх зохицуулалтыг анхааралгүйгээр гагцхүү уурхайн амны эзэн Б.И-ийн хариуцаж байсан газар осол гарсан нь хариуцагчид хамааралгүй гэсэн агуулгаар “…Н.Г-ийн ажиллаж байхад осол гарсан бичил уурхайн амны эзэн нь хариуцагч Ч.Э биш тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул магадлалыг хүчингүй болгоно.
19.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Э хариуцах тухайд хийсэн эрх зүйн дүгнэлт үндэслэл бүхий болсон хэдий ч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тооцоолол, дүгнэлт учир дутагдалтай байгааг хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, залруулах боломжтой байна.
Нэхэмжлэгч тал талийгаач Н.Г нь өдрийн цалин 40,000 төгрөг, сарын 880,000 төгрөгийн цалинтай байсан гэсэн тооцооллоор шаардлагынхаа хэмжээг тодорхойлсон, хариуцагч тал ямар хэмжээтэй цалин авч байсныг мэдэхгүй гэсэн тайлбараас өөрөөр цалин хөлстэй холбоотой няцаасан баримт гаргаагүй, энэ хэмжээг үгүйсгээгүй, өөр хэмжээтэй байсан гэж маргалдаагүй байхад шүүх олох байсан орлогыг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоосон нь нотлох баримт үнэлэх хуульд заасан журам болон нь нотолгооны үүргийн хуваарилалтын зарчимд нийцсэн гэж үзэхгүй. Иймээс нэхэмжлэгч нь нэг сарын олох орлогыг 880,000 төгрөгөөр тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр тооцож хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
20.Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй” гэж, 508.3. “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж, харин гэм хор учруулсны төлбөрийг бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл олгох хуулийн зохицуулалттай.
20.1.Хохирогчийн насанд хүрээгүй 4 хүүхдийн тэтгэмжид 188,020,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Талийгаач Н.Г нь эхнэр болон 2011.09.11-нд төрсөн охин Г.Г, 2009.09.17-нд төрсөн хүү Г.А, 2004.08.19-нд төрсөн охин Г.Ц, 2015.05.25-нд төрсөн хүү Г.С нарын хамт амьдарч байсан. Н.Г-ийн 4 хүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэмжид 288,000 төгрөг авдаг талаар хэрэгт баримт авагдаагүй ч талууд энэ талаар маргаагүй.
Хуулийн дээрх зохицуулалтаар 880,000 төгрөгийг гэр бүлийн 6 гишүүнд хуваахад нэг гишүүнд 146,600 төгрөг оногдож байсан байна. Тэжээгчээ алдсаны тэтгэмжид 4 хүүхдэд 288,000 төгрөгийн тэтгэмж тогтоогдсон ба нэг хүүхдэд 72,000 төгрөгийн тэтгэмж оногдож байна. Үүний зөрүүг тооцвол /146,600-72,000=74,600/ нэг хүүхдэд нэг сард 74,600 төгрөг оногдох бөгөөд Г.Ц нь 2004 08.19-нд төрсөн ба тэрээр 2022.08.19-ний өдөр 18 нас хүрсэн байна. Иймээс Г.Ц-т тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 74,600 төгрөгөөр тооцож, 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс түүнийг 18 нас хүртэл хугацаагаар /2022.08.19 хүртэл 2 жил, 10 сар, 17 хоног/ тооцож 2,577,982 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.
20.2.2011.09.11-нд төрсөн охин Г.Г, 2009.09.17-нд төрсөн хүү Г.А, 2015.05.25-нд төрсөн хүү Г.С нарт тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг Н.Г нас барсан 2019.11.02-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2025.04.03 хүртэл хугацаагаар буюу 66 сараар тооцож, /74,600*3=223,800 223,800*66=14,770,800/ нийт 14,770,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Иймээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болох нийт 17,348,782 төгрөгийг хариуцагч Ч.Э-аас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэхийн зэрэгцээ анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацааны хүүхдийн тэтгэмжийн зөрүү мөнгийг хариуцагч Ч.Э нь Н.Г агсны хүүхдүүдийг 18 нас хүртэл сар бүр төлөх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.
21.Талийгаач Н.Г үйлдвэрлэлийн осолд орсны улмаас нас барсны 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр 31,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд ажил олгогч нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгох зохицуулалттай, Н.Г нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд талийгаач Н.Г нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан тул түүний ар гэрт ажил олгогч “Б” нөхөрлөлийн ахлагч, хариуцагч Ч.Э-аас 880,000 төгрөгийг 36 сараар тооцож 31,680,000 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т нийцнэ.
22.Талийгаач Н.Г-ийн үйлдвэрлэлийн осолд орж нас барах хүртэл хугацааны олох байсан орлогод 20,240,000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагчаас гаргуулах бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Н.Г нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан болох нь тогтоогдсон байна.
23.Дээр дурдсан үндэслэлээр 4 хүүхдийн тэтгэмжийн зөрүү 17,348,782 төгрөг, үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирол буюу 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр 31,680,000 төгрөг, нас барагчийн олох ёстой байсан орлого 20,240,000 төгрөг, нийт 69,268,782 төгрөгийг хариуцагч Ч.Э-аас гаргуулж нэхэмжлэгч Г.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 169,991,218 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
24.Хариуцагч Ч.Э нь “Б” нөхөрлөлийн бусад гишүүдээс Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-т зааснаар тус тусын хариуцах үүргийг шаардахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/00874 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 193/ШШ2025/00221 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “114,976,000 төгрөг” гэснийг “69,268,782 төгрөг” гэж, “124,284,000 төгрөгийг” гэснийг “169,991,218 төгрөгийг” гэж, 2 дахь заалтын “732,830 төгрөгийг” гэснийг “504,294 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-гийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН