Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/143

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин

Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

Хохирогч Ш.Алтанцэцэг,

Шүүгдэгч Я.Эрдэнэцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Артойлбо ургийн овогт Ядамын Эрдэнэцогтод холбогдох эрүүгийн 2431000000161 дугаартай, 175/2024/00143/Э  индекстэй хэргийг 2024 оны 06  дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын ***-ны өдөр, Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, ** настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ** дугаар баг ***дугаар хэсэг **** тоотод оршин суух, Урьд:

-Сэлэнгэ аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1983 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 73а-д зааснаар 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Сэлэнгэ аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1985 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76б-д зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Сэлэнгэ аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1986 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169б-д зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан, хэрэг хариуцах чадвартай, Артойлбо ургийн овогт Ядамын Эрдэнэцогт, /РД:ТЛ60081777/

Холбогдсон хэргийн талаар

Яллагдагч Я.Эрдэнэцогт нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 23 цагийн үед согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 02 дугаар баг 28 дугаар хэсэг 03 тоотод өөрийн гэртээ “айлын амьдрал чамд хамаагүй” гэх шалтгаанаар өөрийн эхнэр Ш.Алтанцэцэгийн биед сүхээр зүүн шууны гадна хэсэгт цохиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар Шүүгдэгч Я.Эрдэнэцогт нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 23 цагийн үед согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын *** дугаар хэсэг ** тоотод өөрийн гэртээ “айлын амьдрал чамд хамаагүй” гэх шалтгаанаар өөрийн эхнэр Ш.Алтанцэцэгийн биед сүхээр зүүн шууны гадна хэсэгт цохиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Алтанцэцэгийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй асуувал эхнээс нь хэлээд өгнө, ямар нэг маргаан байхгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Эрдэнэцогтын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ш.Алтанцэцэгийн 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Өчигдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 11:00 цагийн үед нөхөр Эрдэнэцогтын хамт эх үрсийн баяр гээд л уух болсон юм. Тухайн үед гэртээ байсан 2 шил архиа уух болсон. Бид чинь архи уухаараа шууд уудаггүй юм ярьж байгаад л хаа нэг татаад л суудаг байхгүй юу. Өө тийм бас өчигдөр тэтгэвэр буусан. Нөхөр бид хоёр тэтгэвэрт буухаар бас ганц юм хувааж уудаг юм аа. Тэгээд өдөржингөө л гэртээ нөгөө архиа уугаад өнжсөндөө. Тэгээд яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. ямар ч байсан гэгээтэй байсан санагдаж байна. Хөрш айлын хүмүүс хашаандаа юм хийгээд байж байсан ба харин хөрш айлын эхнэр нь газар шороо ухаад байж байсан. Тэр үед нь хөрш айлын хүүхний нөхөр нь гараа ардаа барьчихсан эхнэрээ ингэ тэг гээд л зогсож байхаар нь чи яахаараа дандаа эхнэрээрээ юм хийлгэдэг юм бэ гээд хэд хэдэн удаа хэлсэн юм. Ер нь бол манай хөрш бид уул нь гэмгүй сайхан нөхөрлөдөг юм. Гэхдээ хөршийн нөхөр нь байнга эхнэрээрээ гэрийн болон гадна газар шорооны ажил хийлгэдэг юм. Дарга шиг л нуруугаа үүрчихсэн зогсож байхаар нь хэдэн үг хэлсэн юм. Тэгсэн манай нөхөр чамд айлын амьдрал ямар хамаа байна аа пязда минь гэртээ ор гээд бидний маргаан үүсэх болсон. Тэгээд гэртээ ороод бид хоёр маргалдсан. Тухайн үед намайг чи муу даварчихсан авгай чамд айлын амьдрал ямар хамаа байна. Чи усаа ч авахгүй түлээгээ ч хагалдаггүй биз дээ пязда минь гээд над руу дайраад байсан. Тэгээд гэнэт л намайг үүдний өрөөний орон дээр хэвтэж байхад орон доороос түлээний жижиг сүх аваад над руу дайлаасан юм. Тэгэхээр нь би зүүн талын гараараа хаачихсан чинь миний зүүн гарын тохойны хэсэгт 1 удаа цохисон. Тэр сүх нь ч бас иртэй байсан юм шиг байна. Тэгсэн миний гараас цус гоожоод байхаар нь арын гудамжны Жаргалын гэрт очиж цагдаад дуудлага өгөөч гэж гуйсан. Тэгээд Жаргал цагдаа руу залгасан. Би буцаад гэр лүү гээ очиход манай нөхөр Я.Эрдэнэцогт байхгүй байсан. Тэгсэн удалгүй цагдаа нар ирсэн. Тэгээд би сумын эмнэлэг дээр очиж тариа хийлгэж дусал хийлгэсэн юм. Тэгээд аймгийн эмнэлэгт очиж оёдол тавиулж, гепсдүүлсэн. Ер нь бол миний буруу архи уудаг нь миний буруу. Надад оёдол тавьсан шүү хугарал байхгүй байна гэж эмч нь хэлж байсан. Нөхөр бид хоёр Оросын холбооны улс руу бараа материал хүн зэргийг тээвэрлэдэг юм. Өчигдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр баярын өдөр тэгээд бас тэтгэвэр буусан гээд л хамт архи уусан. Өөр ямар нэг шалтаг шалтгаан байхгүй. Бид тэтгэвэр буухаар тэтгэврийн хишиг гээд уудаг юм аа. Манай гэрт 2 шил архи байсан юм. Тэгээд түүнийгээ уух болсон юм. Ямар архи байсан юм бэ гэвэл Агар нэртэй 0.5 летрийн 2 шил архи байсан түүнийгээ л уусан юм. Манай нөхөр шууд үргэлжлүүлээд уугаад байдаггүй юм аа. Сайхан тавьж тайван уудаг би л шууд шууд уучих гээд байдаг юм. Манай нөхөр намайг хөрш айлын амьдрал орлоо. Эхнэр, нөхөр хоёр хэн нь ажлаа хийн хийхгүй байна уу, чи бид хоёрт хамаа байна уу гээд л бидний дунд хэрүүл маргаан үүсээд л миний биед халдах болсон. Тухайн үед борц нүддэг жижиг сүхээр намайг хэвтэж байхад цохисон. Тэр үед нь би гараараа хамгаалсан чинь миний зүүн гарын тохой хэсэгт сүхээр 1 удаа цохисон. Цохисон үйлдлийн улмаас миний гарыг эмч оёж гипестсэн. Яг хэдэн оёдол тавьсан би өөрөө мэдэхгүй байна. Оёдол тавихад өвдөөгүй. Надад бас буруу байгаа. адад ямар нэг гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Би өөрөө архи уусан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 дугаар хуудас/,

Хохирогч Ш.Алтанцэцэгийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Миний эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөр маань бүрэн эмчилсэн. Өөрийн нөхрөөсөө нэхэмжлэх үйлгүй. Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учраагүй ба манай нөхөр урьд өмнө намайг зодож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 09 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Ц.Дэлгэрийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ш.Алтанцэцэг нь тухайн санд учирсан 284.544 төгрөгийн эмчилгээний төлбөрийг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Гэрч З.Жаргалын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 01-ний орой 23:00 цагийн үед гэртэй байж байхад урд талын хашааны хаалгыг хүн нүдэх чимээ гарсан юм. Тэгээд гараад харсан чинь цаашаагаа явчихсан юм. Тэгсэн хэсэг хугацааны дараа манай арын хашааны хаалгыг хүн нүдсэн юм. Тэгсэн манай хүү босоод гэрээс гарч хаалга онгойлгон. Тэгсэн Аптай байсан байна лээ манай гэрт нил цус болчихсон цагдаа дуудаад өгөөч гэж орж ирээд гарсан. Тухайн үед хувцас энэ тэр нь цус болсон байдалтай байсан ба манайхаас аяга ус уугаад гараад явсан. Тэгээд би цагдаад энэ талаар дуудлага өгсөн. Тэр үед нилээн л цус алдсан, хувцас нь цус болсон аймар л харагдаж байсан. Намайг Аптай цагдаа дуудаад өгөөч гэхээр нь би тэр үед цагдаа руу залгаад болсон асуудлыг хэлж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймаг дахь Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №207 дугаартай “... Ш.Алтанцэцэгийн биед зүүн шууны гадна хэсэгт оёдол бүхий шархтай. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол /хх-ийн 02-03 дугаар хуудас/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 04 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

Хохирогч Ш.Алтанцэцэгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас 284.544 төгрөгийн үйлчилгээ авсан тухай албан тоот /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгчээр Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг томилох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Хохирогч Ш.Алтанцэцэгийн эмчилгээний төлбөр төлсөн баримт /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэрч М.Оюунсогоогийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 29 дүгээр хуудас/, 

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №2574 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2431000000161 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 36-38 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Я.Эрдэнэцогт нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 23 цагийн үед согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 02 дугаар баг 28 дугаар хэсэг 03 тоотод өөрийн гэртээ “айлын амьдрал чамд хамаагүй” гэх шалтгаанаар өөрийн эхнэр Ш.Алтанцэцэгийн биед сүхээр зүүн шууны гадна хэсэгт цохиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  Иймд шүүгдэгч Я.Эрдэнэцогтыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Алтанцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогчоос хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдолгүй гэх байр суурийг илэрхийлж байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Я.Эрдэнэцогтыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч Ш.Алтанцэцэг нь энэ гэмт гэмтлийн улмаас цаашид эмчлүүлэх шаардлагатай бол холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Я.Эрдэнэцогтыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Я.Эрдэнэцогтыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Я.Эрдэнэцогтыг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Эрдэнэцогт нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай зөрчсөн, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг санаатай үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Эрдэнэцогтыг тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 32 сантиметрийн урттай, модон иштэй, 11*5 сантиметрийн хэмжээтэй төмөр иртэй 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгав.  

Шүүгдэгч Я.Эрдэнэцогтод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Артойлбо ургийн овогт Ядамын Эрдэнэцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Эрдэнэцогтод хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Я.Эрдэнэцогтыг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Эрдэнэцогт нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай зөрчсөн, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг санаатай үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Эрдэнэцогтыг тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. .

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ш.Алтанцэцэг нь энэ гэмт гэмтлийн улмаас цаашид эмчлүүлэх шаардлагатай бол холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Я.Эрдэнэцогтод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шүүгдэгч Я.Эрдэнэцогт нь энэ гэмт хэргийн улмаас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 32 сантиметрийн урттай, модон иштэй, 11*5 сантиметрийн хэмжээтэй төмөр иртэй 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.БАЯРХҮҮ