| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2021/00413/И |
| Дугаар | 142/ШШ2021/00498 |
| Огноо | 2021-05-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 142/ШШ2021/00498
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-13-61 тоотод оршин суух Жарангийнхан овгийн Балдангийн Б.Х /регистрийн дугаар ФБ59092712/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-6-94 тоотод оршин суух Үхэр онход овгийн Бярзаны Б.Г /регистрийн дугаар РЮ72091211/-д холбогдох,
"5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б.Х, хариуцагч Б.Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б.Х миний бие Б.Б.Г, В.В.Ө нарт 2016 оны 9 сард 6 000 000 төгрөгийг мөнгөний хэрэгцээ гарсан болохоор зээлдүүлсэн. Ингээд сарын 4 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай уг зээлийг бэлнээр олгосон. Гэтэл тохирсон хугацаандаа өрөө өгөөгүй, гэрээгээ зөрчиж явсаар өнөөдрийг хүрсэн. Гэсэн ч мөнгө өгсөнгүй. Харин бидэнд нийт 4 сая төгрөгийн бараа, 800 000 төгрөг бэлэн өгсөн. Иймээс одоо би энэ хоёр хүнээс 6,0 сая төгрөгийн 5 сарын хүү 1 200 000 төгрөг, үндсэн 6,0 сая төгрөгөө нэмээд 7 200 000 төгрөг, нийт алданги 50 хувь буюу 3 600 000 төгрөг авахаас дээрх барааны 4 800 000 төгрөгийг хасч үлдсэн 6 000 000 төгрөгийг Б.Г, В.Ө нараас гаргуулахаар нэхэмжилж байгаагаас хувийн зүгээс 1 000 000 төгрөгийг нь хасч 5 000 000 төгрөгийг шүүхийн дагуу шийдвэрлэн өгч туслана уу гэжээ.
Хариуцагч Б.Б.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Б.Г би Эрдэнэт-Ус-д бохирын засварчин хийдэг. Иргэн Б.Б.Хоос 6 000 000 төгрөг зээлээд төлж дуусаагүй нь үнэн. Учир нь 2014 онд хүүхэд уушгины хавдар оноштойгоор эмнэлгээр 1 жил гаран явахдаа 40 000 000 төгрөгийн зардал гарсныг хашаа байшингаа зарах, хувь хүн болон банкнаас зээл авч хүүхдээ эмчлүүлж нэг уушгиа тайруулж эрүүл саруул болгож авсан. Сүүлийн 5 жил 1-р микрт эмнэлэгт ойр гээд байр түрээслэн амьдарч байна. Ам бүл 6 эхнэр ажилгүй байрны түрээс, хоол унд эм тариа /би өөрөө элэгний хатуурал церрози элэгний В, Д вирус, ходоодны шархтай бие тааруу байдаг/-ны мөнгө гээд илүү гарахгүй байгаа учраас Б.Хийн нэхэмжилсэн 5 000 000 төгрөгийг төлөх боломжгүй байна. Харин 5-р сард банк ажиллахаар зээлийн үлдэгдэл болох 1 200 000 төгрөг, хүүнд 1,0 сая төгрөгийг 6 болон 7 дугаар сард хуваан төлөх боломжтой байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б.Х нь Б.Б.Гт холбогдуулан зээлийн үүрэг 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 4,0 сая төгрөг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч Б.Б.Г нэхэмжлэлээс үндсэн зээлийн үлдэгдэл 1 200 000 төгрөг, хүү 1 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар шүүхэд ирүүлсэн ч, шүүх хуралдаан дээр үндсэн зээл 1 200 000 төгрөг, хүү 2,0 сая төгрөг, нийт 3 200 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.
Б.Б.Г нь 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүүхдээ эмчлүүлэхээр Б.Б.Хоос 6,0 сая төгрөгийг зээлж авсан талаар талууд маргаагүй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд Б.Б.Х шаардах эрхтэй.
Гэрээний дагуу Б.Б.Г нь 4 800 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б.Хид төлсөн болох нь талуудын тайлбараар нотлогдсон.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар зохицуулжээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Б.Б.Х нь Б.Б.Гаас зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл шаардах эрх үүссэнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрсөн байгаа хэдий ч, хариуцагч Б.Б.Г үндсэн зээл 1 200 000 төгрөг, хүү 2,0 сая төгрөг, нийт 3 200 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлээс 1 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 66 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д заасныг тус тус баримтлан Б.Б.Гаас 3 200 000 төгрөг гаргуулан Б.Б.Хид олгож, нэхэмжлэлээс 1 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 66 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА