| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 181/2024/04276/И |
| Дугаар | 001/ХТ2025/00193 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2025/00193
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2025/01190 дүгээр магадлалтай,
“Ф” ХХК-д холбогдох
Зээлийн болон худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 64,561,193 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Г.С-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Т, Ц.Б нар нь хариуцагч “Ф” ХХК-д холбогдуулан зээлийн болон худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 64,561,193 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/03397 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч “Ф” ХХК-аас 55,437,840 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Т, Ц.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,123,353 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Т, Ц.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 480,756 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ф” ХХК-аас 435,139 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Т, Ц.Б нарт олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2025/01190 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/03397 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Ф” ХХК-аас 55,437,840 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Т, Ц.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,123,353 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4.Хариуцагчийн төлөөлөгч Г.С хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4 дэх хэсэгт заасан хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой баримтыг нэхэмжлэгч нь санаатайгаар нуун дарагдуулж байсан нь шинээр илэрсэн нөхцөл байдал үүсгэж, хэргийн оролцогчийн шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчсөн үйлдэл нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд нөлөөлсөн гэж үзэж байна.
4.1.Хэргийн нэхэмжлэгч Ц.Т болон “Ф” ХХК-ийн тухайн үеийн 33%-ийн хувьцаа эзэмшигч болох Б.З нар нь “Хөрөнгө оруулагчдын хоорондын гэрээ” байгуулж байсан, тус гэрээнд тохиролцсон эрх үүргийн дагуу хамтран ажиллаж байсан талаар нуун дарагдуулсан болох нь шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй байсан нь баримтын хувьд илэрсэн.
Иймд 2025 оны 04 сарын 23-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс хянан хэлэлцээд гаргасан 191/ШШШ2025/03397 дугаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтласан нь хууль хэрэглээний хувьд буруу бөгөөд....Т болон Б.З нарын хооронд байгуулсан гэрээ буюу шинэхэн илэрсэн баримтыг үндэслэн гомдолтой байна.
2025 оны 07 сарын 07-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд гаргасан 210/MA2025/01190 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар өөрчлөн найруулсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Ф” ХХК-аас 55,437,840 төгрөг гаргуулах гэсэн хэсэгт нэхэмжлэлийн үнийн дүн болон хариуцагч этгээдийг зөв тодорхойлсон тал дээр “Хөрөнгө оруулагчдын хоорондын гэрээ”-г үндэслэн хуулийн хэрэглээний хувьд эс зөвшөөрч байна.
4.2.Нэхэмжлэгч Ц.Т нь “Ф” ХХК-ийн тухайн үеийн хувьцаа эзэмшигч болох Б.З-той “Хөрөнгө оруулагчдын хоорондын гэрээ” иргэн хооронд байгуулан тус гэрээний дагуу харилцан тохиролцсон хамтран ажиллах эрх, үүргийн хамрах хүрээ, хариуцлагын хувьд тухайн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхийг батлахын тулд шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй байсан баримтын хувьд илэрсэн тус гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасны дагуу “Шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч талаас албадан гаргуулах хүсэлтэй байна.
Миний бие шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй байсан “Хөрөнгө оруулагчдын хоорондын гэрээ” буюу иргэн хооронд байгуулсан гэрээ байдаг талаар Н.О-оос олж мэдсэн бөгөөд тус баримт нь тодорхой зураг дүрсний чанарын шаардлага хангаагүй тул энэхүү хэрэгтэй шууд холбоотой эсэх талаар тодруулах, ач холбогдолтой эсэх талаар 2025.08.17-ны өдөр мэргэжлийн үйлчилгээ авсны үндсэнд олж мэдсэн болно. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
5.Хариуцагчийн төлөөлөгч Г.С-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.10.24-ний өдрийн 001/ШХТ2025/00994 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.
7.Нэхэмжлэгч Ц.Т, Ц.Б нар нь хариуцагч “Ф” ХХК-д холбогдуулан зээлийн болон худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 64,561,193 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “... компанийн хувьцаа эзэмшигч Б.З-той танилууд бөгөөд тэрээр рестораны чиглэлээр бизнес хийхэд туслахыг хүссэн. Б.З-д итгэн бизнесийн үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлж, анх охин Ц.Б-гийн данснаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 30,000,000 төгрөгийг компанид зээлдүүлсэн. Ц.Т нь “Ф” ХХК-тай зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй боловч зээл өгөхдөө гүйлгээний утга дээр нь зээл гэж бичиж тус компанийн дансанд шилжүүлж байсан бөгөөд нийт 63,629,140 төгрөг шилжүүлсэн. Компани 8,191,300 төгрөг төлсөн. 2023 онд Ц.Т найзынхаа бизнест биечлэн тусалж компанийн үйл ажиллагаа сайжирч ашиг орлого нэмэгдвэл зээлийн мөнгөө авахаас гадна хамтран ажиллах бодолтой байсан. Гэвч “Ф” ХХК-ийн 2 хувьцаа эзэмшигчдийн дунд маргаан үүсэж, цаашид ресторанаа ажиллуулах эсэх нь эргэлзээтэй болж эхэлсэн, мөнгөө хувьцаа эзэмшигч Б.З, Н.О нараас шаардаж байсан боловч буцаан төлөөгүй.
Ц.Т нь компанийн үйл ажиллагаанд зориулан Италийн “С” компаниас амтлагч болон хүнсний материалыг Австри Улс руу захиалан авч Монгол Улс руу хувь хүнээр дамжуулан илгээж байсан ба энэ бүтээгдэхүүний төлбөрийг мөн адил дараа нь төлөхөөр тохиролцсон. 2022.07.20-ны өдрөөс 2023.08.14-ний өдрийн хүртэл хугацаанд нийт 2,470.88 евро болсон ба үүнийг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханш /1 евро-3,692.35 төгрөг/-аар тооцоход нийт 9,123,353 төгрөг болно. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 55,437,840 төгрөг, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 9,123,353 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү” гэжээ.
8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Г.С, миний бие 2024.02.20-ны өдөр иргэн Б.З, Н.О нараас “Ф” ХХК-ийг худалдан авахдаа санхүүгийн тайланд тусгагдсан өрийг төлөхөөр тохиролцож, улмаар компанийн гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгүүлсэн. Санхүүгийн тайланд нэхэмжлэгч нарт өртэй бүртгэл байгаагүй, өмнөх хувьцаа эззэмшигчийн нэг Б.З хөрөнгө оруулалтын мөнгөгүй байснаас Ц.Т-тэй гэрээ байгуулж, мөнгө авч компанийн үйл ажиллагаанд зарцуулж байсныг шүүх хуралдааны өмнө нөгөө хувьцаа эзэмшигч гэрч Н.О-оос олж мэдсэн. Зээл авсан гэрээ байхгүй, иймээс нэхэмжлэгч нарын шаардсан мөнгө нь компанийн зээл гэж үзэх үндэслэлгүй, мөн бараа материал хүлээлгэн өгсөн баримт алга байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...Нэхэмжлэгч нар хариуцагч компанийн үйл ажиллагаанд нь зориулж мөнгө зээлдүүлж байсан нь зохигчийн тайлбар, дансны хуулгууд болон гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.О-ын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул тэдний хооронд зээлийн харилцаа үүссэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу зээлийн мөнгөн хөрөнгийн төлөгдөөгүй үлдэх хэсгийг хариуцагч буцаан төлөх үүрэтгтэй. Иймд хариуцагчаас 55,437,840 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч тал амтлагч, хүнсний материалыг Итали улс дахь “С” компаниас Австри улс руу захиалан авч Монгол руу хувь хүнээр хариуцагч “Ф” ХХК-д илгээж байсан гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, нотлогдоогүй бөгөөд нэхэмжлэгч нарын банкууд дахь хуулгуудад тухайн бүтээгдэхүүний нэр тусгагдсан нь уг барааг хариуцагч тал хүлээн авсан гэж үзэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 9,123,353 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж дүгнэжээ.
10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзсэн бөгөөд харин шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.
11.Нэхэмжлэгчийн гаргасан зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, худалдах-худалдан авах гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хийсэн анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн гэж үзсэн, тодруулбал, хоёр шатны шүүхийн шийдэл адил байна.
Гэвч хариуцагчийн төлөөлөгчийн “... хоёр шатны шүүх зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг шалгуулах хүсэлтийг хүлээн аваагүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх агуулгаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийн хүрээнд хянан хэлэлцэв.
12.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
13.Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нар зээлийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийн үндэслэлд тэдний нэр дээрхи банк дахь дансаас хариуцагч “Ф” ХХК-ийн дансанд 2021 оны 10 сараас 2023 оны 05 сар хүртэл нийт 19 удаагийн гүйлгээгээр “зээл”, “түр зээл”, “түрээсийн төлбөр зээлдүүлэв”, “зээл-цалинд”, “зээл-тог”, “зээл-ус” болон “Т, З-оос”, “Т түр зээл” гэх утгаар тус тус шилжүүлсэн мөнгөний баримтыг заасан, хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлээс татгалзсан үндэслэлдээ “... компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон хувьцаа эзэмшигчийн лавлагаа, 2023-2024 оны санхүүгийн тайлан, компанийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдсан гэх 2024.02.07-ны өдрийн гэрээ, Б.З, Ц.Т нарын хооронд байгуулсан гэх хөрөнгө оруулалтын гэрээг гаргаж, Н.О-ыг гэрчээр асуулгажээ.
Хоёр шатны шүүх “... нэхэмжлэгч нар хариуцагч компанийн үйл ажиллагаанд зориулж мөнгө зээлдүүлж байсан нь зохигчийн тайлбар, мөнгө шилжүүлсэн баримт болон гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэрч Н.О-ын мэдүүлгээр тогтоогдсон тул тэдний хооронд зээлийн харилцаа үүссэн, иймээс нэхэмжлэгч нар нь хариуцагч компаниас зээлийн төлөгдөөгүй мөнгийг шаардах эрхтэй... ” гэж үзсэн.
14.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Гэрээ байгуулагдсан гэж үзэхэд гэрээний талуудын гэрээ байгуулах хүсэл зориг харилцан нэгдсэн байхыг шаардах бөгөөд энэ байдал хэргийн баримтаар бүрэн тогтоогдоогүй байна.
15.Тухайлбал, хэргийг хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдаан эхлэхэд хариуцагчийн төлөөлөгчөөс Б.З болон Ц.Т нарын хооронд байгуулсан гэх “хөрөнгө оруулалтын гэрээ”, Б.З, Д.М нарын хооронд байгуулсан гэх “Ф” ХХК-ийн “хувьцааг худалдах-худалдан авах” болон тус “компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г хуулбар хэлбэрээр гаргаж, “... эдгээр гэрээг шүүх хуралдааны өмнө олж авлаа, “хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”-д Б.З нь 61 хувийн хувьцааг 145,000,000 төгрөгөөр худалдах, гэхдээ уг мөнгийг компанийн санхүүгийн тайланд тусгагдсан өрөөр хаах гэсэн агуулгатай байна, Б.З, Ц.Т нарын хоорондын “ хөрөнгө оруулалтын гэрээ”-д Ц.Т хөрөнгө оруулах, Б.З өөрийн хувьцаанаас өгөх үүрэгтэй байсан байна... Гэрээнүүдийг хүчин төгөлдөр эсэхийг шалгуулах хүсэлттэй...” гэжээ.
Анхан шатны шүүх дээрх гэрээг нотлох баримтын хуульд заасан шаардлага хангахгүй, хэрэгт хамааралтай гэж үзэхээргүй бөгөөд хариуцагч талд шүүх нотлох баримт гаргах, шүүхэд хүсэлт гаргах хугацааг өмнө олгож байсан гэж хүсэлтийг хангахаас татгалзсан захирамж гарган шийдвэрлэж, хэргийг хэлэлцэх ажиллагааг үргэлжлүүлжээ.
Үүний дараа тухайн шүүх хуралдаанд гэрч Н.О мэдүүлэг өгсөн байх ба тэрээр “... “Ф” ХХК-ийг 2021 онд Б.З-той үүсгэн байгуулж, би хувьцааны 34 хувийг, Б.З, С.Г нар тус бүр 33 хувийг эзэмшиж байсан, улмаар С.Г компаниас гарсан тул Б.З-той хувьцааг тэнцүү эзэмшиж байсан. Б.З-д мөнгө байгаагүйгээс Ц.Т-тэй хөрөнгө оруулалт хийхээр гэрээ байгуулсан байсан... Б.З-гийн эзэмшиж байсан хувьд оногдох ашгаас хувь хувааж авахаар тохирсон байсныг сүүлд мэдсэн. Ц.Т байнга компанийн үйл ажиллагаанд оролцож байсан... Б.З, Ц.Т нарын оруулсан мөнгө нь миний оруулсан мөнгөнөөс их болсон, компанийн хувьцаанд өөрчлөлт оруулж бэлэглэлийн гэрээ байгуулаад явсан. ... 2023 оны 9-10 сарын хавьцаа байх хувьцаа 61, 39 хувь болсон, би өөрийн хувьцааг Г.С-т зарсан... шилжүүлсэн мөнгө нь зээл бус” гэж мэдүүлжээ.
16.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг ... зохигч өөрөө олж авах боломжгүй...тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж, мөн зүйлийн 38.3-т “... шүүх аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно” гэж, мөн зүйлийн 105 дугаар зүйлийн 105.2-т “... хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой ... нотлох баримтыг урьд гаргах бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүний хүсэлтийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэж тус тус заасан.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд нотлох баримт гаргахдаа эдгээрийг шүүх хуралдааны өмнө олж мэдсэн, хэрэгт ач холбогдолтой гэж тайлбарласан байх бөгөөд мөн гэрч Н.О энэ талаар мэдүүлсэн байна.
17.Нэхэмжлэлийн үндэслэл, түүнд хамаарах нотлох баримт, хариуцагчийн татгалзал, түүний хүсэлт, гаргасан нотлох баримтаас үзвэл, нэхэмжлэгч тал компанийн дансанд шилжүүлсэн мөнгийг олгосон зээл гэсэн бол хариуцагч тал хувьцаа эзэмшигчийн хөрөнгө оруулалтын мөнгө гэж, өөрөөр хэлбэл, зохигч өөр өөр эрх зүйн харилцаа үүссэн байж болох тухай маргасан байхад шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлд заасантай нийцээгүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, зохигч 2 өөр үндэслэлээр тайлбар гаргаж, маргаж байгаа тохиолдолд зохигч аль талын тайлбар ямар үндэслэлээр үгүйсгэгдэж, нотлогдож байгаад дүгнэлт хийхийг хууль шаардах ба маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнтэй холбоотой байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/03397 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2025/01190 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Ф” ХХК-ийн 2025.08.18-ны өдөр төлсөн 435,139 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН