| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2021/00827/И |
| Дугаар | 142/шш2021/00849 |
| Огноо | 2021-09-21 |
| Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмчийн бусад, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 142/шш2021/00849
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16-71 тоотод оршин суух Болордарь овогт Цамбын б, /регистрийн дугаар: ТМ65042471/, /утас: 80044107, 99367824/
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16-71 тоотод оршин суух Тайж овгийн Цэндийн н/регистрийн дугаар ФМ65062966/ нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16-70 тоотод оршин суух Шаварчууд овгийн Хүрэлбаатарын т/регистрийн дугаар ФД83102715/-д /утас: 95564141/, холбогдох,
Нийтийн эзэмшлийн талбайг хэвээр үлдээж, өрсөн ханыг буулгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.н, Ц.б, хариуцагч Х.т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.н, Ц.б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.тнь нийтийн эзэмшлийн коридорт өөрсдийн дураар хана босгож тусгаарласны улмаас манай хаалгаар хүүхдийн маань унадаг дугуй, овор ихтэй зүйл оруулж гаргахад багтахааргүй, харанхуй, зай талбайгүй болсон тул нийтийн эзэмшлийн талбайг хэвээр үлдээж өрсөн ханыг буулгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.тшүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: "Манайх 2019 оны 05 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16-70 тоотод нүүж орсон. Би өөрийн амьдралаа дээшлүүлэх зорилгоор өргөтгөл барьсан. Гал тогоо нь тагтан дээрээ байдаг байсан. Үүнийг нь өөрчилж гал тогооны өрөөгөө коридортоо хийсэн. Тухайн үед өргөтгөл хийх гэж байгаа гэж Ц.б ахтай уулзахад за гэж хэлсэн. Мөн Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлд хүсэлт гаргаж зөвшөөрөл авсан. Шүүхэд хандана гэж бодсонгүй. Аль болох буулгахгүй байх талаас нь арга хэмжээ авч өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.н, Ц.б нар нь Х.тад холбогдуулан Нийтийн эзэмшлийн талбайд баригдсан ханыг буулгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...тнь нийтийн эзэмшлийн коридорт өөрсдийн дураар хана босгож тусгаарласны улмаас манай хаалгаар хүүхдийн маань унадаг дугуй, овор ихтэй зүйл оруулж гаргахад багтахааргүй, харанхуй, зай талбайгүй болсон тул нийтийн эзэмшлийн талбайд баригдсан ханыг буулгаж өгнө үү... гэсэн.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...би уг нь өргөтгөл барихаасаа өмнө б ахад хэлсэн, тэгэхэд за гэсэн. Тэгээд өргөтгөл барьсан. Зээл аваад, хөрөнгө зарцуулаад барьчихсан тул буулгамааргүй байна... гэсэн.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д сууц хоорондын талбай нь дундын өмчлөл болох талаар хуульчилжээ.
Оршин суугчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгөө харилцан тэгш эрхтэй эзэмшиж, ашиглах бөгөөд хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй ашиглах ёстой юм.
Хариуцагч Х.тнь нийтийн эзэмшлийн талбайд хана өрж барихдаа хажуу айлуудынхаа зөвшөөрлийг авалгүй дур мэдэн хана өрсөн байна.
Хариуцагч нийтийн эзэмшлийн талбайд хана өрсний улмаас хөрш 71 дугаартай Ц.н, Ц.б нарынд овор хэмжээ томтой зүйл оруулж гаргахад батгахгүй байх нөхцөл байдал үүссэн гэснийг үгүйсгэх аргагүй юм.
Иймд хариуцагч Х.тнь нийтийн эзэмшлийн талбайд хана өрсөн нь хөрш Ц.н, Ц.б нарын нийтийн эзэмшлийн талбайг харилцан тэгш эрхтэй эзэмшиж, ашиглах эрхийг зөрчиж байх тул нийтийн эзэмшлийн талбайд баригдсан ханыг буулгуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.таас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.2, 148.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн дөрөвийн 16 дугаар байрны 70, 71 тоот айлуудын хооронд буюу нийтийн эзэмшлийн талбайд барьсан өргөтгөлийн ханыг буулгахыг хариуцагч Х.тад даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.таас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА