| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовын Уламбаяр |
| Хэргийн индекс | 2014000000198 |
| Дугаар | 2020/ДШМ/074 |
| Огноо | 2020-09-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2020/ДШМ/074
Д.Б-д
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор В.Дэлгэрмаа
Шүүгдэгч Д.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа
Нарийн бичгийн дарга Д.Номингоо нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/259 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Б од холбогдох эрүүгийн 2014000000198 дугаар хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, овогт Д.Б , 1978 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй,
Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №69 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,
Д.Б нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хэрсэн толгой” гэх газарт үйл ажиллагаа явуулах Эл Ти Ди ХХК-ийн эзэмшлийн ус нөөцлөх 10 тонн төмөр ёнкос, 4 метрийн урттай 250 мм труба зэргийг 2020 оны 4 дүгээр сарын 07-ноос 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд учрах саадыг арилгах зорилгоор машин механизм болох 54-78 БНХ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Д.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Д.Б ыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Б ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Д.Б од оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч Д.Б ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн үнэ болох 1.000.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож, шүүгдэгч Д.Б ын эзэмшлийн ..86-53 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Д.Бямбасүрэнгийн эзэмшлийн 54-78 БНХ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгч Д.Бямбасүрэн, шүүгдэгч Д.Б нарт тус тус буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гинжин механик татлага 1 ширхэг, лоом 1 ширхэг, 1 метрийн урттай хавтгай 1 ширхэг, труба 1 ширхэг зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж, хохирогч байгууллагын төлөөлөгч Н.Энхтөр нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн дүгнэлт гаргуулсан 50.000 төгрөг, ирж буцсан замын зардал 230.000 төгрөг, нийт 280.000 төгрөгөө цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Б од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Б ын өмгөөлөгч Ц.Баярмаа гаргасан давж заалдах гомдолдоо: Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/259 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрхийн дагуу мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дах хэсэгт тус тус заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Миний үйлчлүүлэгч Д.Б ыг “хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” тооцсон билээ. Д.Б нь “бусдын эд зүйлсийг зөвшөөрөлгүй авсандаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” хэдий ч өмгөөлөгчийн хувьд шүүхээс дүгнэлт хийхдээ холбогдох хэргийн гэмт хэргийн сэдэлтийг анхаарч үзсэнгүй гэж үзэж байгаа болно.
Учир нь: Хэргийн баримтаас харахад Д.Б ын өвөлжөөний ойролцоо 2 тооны цооног гаргаж худаг гаргасны үр дагавар илэрсэнтэй холбоотой өрнөсөн үйл явц буюу баримт авагдсан байна. Гэрч Мөнхжаргал, Н.Пүрэвсүрэн, Д.Пүрэвсүрэн нарын мэдүүлгээс үзэхэд өвөлжөө талхлагдаж байгаа асуудлаас болоод уурхайг ажиллуулахгүй байх талаар сумын, багийн удирдлагадаа удаа дараа асуудлыг тавьж байсан байдал харагдаж байна. Хх-176-д авагдсан баримтаар бэлчээргүй болсны улмаас нутагтаа өвөлжиж чадаагүй, хх-177-д авагдсан байршлын зургаар худаг нь Д.Б ын эзэмшлийн өвөлжөөнөөс 24 метрийн зайд байгаа нь харагдаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т зааснаар Монгол улсын иргэн орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг баталгаатай эдлэх эрхтэй бөгөөд төрийн байгууллагын зүгээс энэ эрхийг хамгаалах талаар ямар нэг дорвитой арга хэмжээ аваагүй байгаа юм. Хулгайн гэмт хэргийн сэдэлт нь шунахайн сэдэлттэй бөгөөд миний үйлчлүүлэгчийн яллагдаж буй хэргийн сэдэлт нь түүнийг хулгайлж өөртөө ашиг хонжоо хайсан, зарж борлуулсан, түүнээс ямар нэг ашиг авсан гэх мэт баримт хэргийн хүрээнд авагдаагүй байна. Энэ байдалд шүүх ямар дүгнэлт хийсэн нь тодорхойгүй байгаа нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байгаа болно.
Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/259 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Б ыг цагаатгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Д.Б ын хулгайн гэмт хэрэг үйлдсэн санаа, зорилго, сэдэлийг анхаарч өгнө үү. Миний үйлчлүүлэгч хулгайн гэмт хэрэг үйлдээгүй тул цагаатгаж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор В.Дэлгэрмаа гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл 2020 оны 4 дүгээр сарын 07-ноос 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хэрсэн толгой” гэх газарт үйл ажиллагаа явуулах Эл Ти Ди ХХК-ийн эзэмшлийн ус нөөцлөх 10 тонн төмөр ёнкос, 4 метрийн урттай 250 мм труба зэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогджээ.
Дээрх үйл баримт нь эрүүгийн 2014000000198 дугаар хэрэгт авагдсан хохирогч Н.Энхтөр, гэрч Н.Мөнхжаргал, Д.Пүрэвсүрэн, Ч.Пүрэв, Н.Пүрэвсүрэн, Д.Бямбасүрэн, Б.Баяртогтох, М.Өлзийжаргал, Б.Ууганцэцэг, Л.Чимгээ нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, Энх-нахиа ХХК-ийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн №230 болон 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 295 дугаар дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Д.Б нь машин механизм ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдэж, бусдад 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ хувийн байдал болон учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Д.Б нь Эл Ти Ди ХХК-ийн эзэмшлийн ус нөөцлөх 10 тонн төмөр ёнкос, 4 метрийн урттай 250 мм труба зэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нь хулгайн гэмт хэргийн сэдэлт нь шунахайн сэдэлт байх бөгөөд миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт нь шунахайн сэдэлтгүй байсан хэмээн давж заалдах гомдол гаргасан үндэслэлгүй байна.
Хулгайн гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөрийн эзэмшилд авснаар объектив талын шинж бүрэн хангагдсан байх тул өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Шүүгдэгч Д.Б ын 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 48 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/259 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. 10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.Б ын 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 48 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ,
Б.БОЛОР-ЭРДЭНЭ