Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2025/00159

 

Ж.О, Ж.Н нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01854 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2025/00968 дугаар магадлалтай,

Ж.О, Ж.Н нарын нэхэмжлэлтэй,

С.А-д холбогдох

Орон сууцнаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч С.А, хариуцагчийн өмгөөлөгч С.Ч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.А, хариуцагч С.А, хариуцагчийн өмгөөлөгч С.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.О, Ж.Н нар нь хариуцагч С.А-д холбогдуулан орон сууцнаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01854 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-*******2 дугаарт бүртгэлтэй, *** дүүрэг, ** хороо, **** тоот, 30 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч С.А-н хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.О, Ж.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А-с 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2025/00968 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01854 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

4.Хариуцагч С.А, хариуцагчийн өмгөөлөгч С.Ч нар анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан орон сууцыг С.А-н хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хариуцагчийн эрхийг зөрчсөн бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй.

4.1.С.А хүнд өвчтэй дүүгээ болон түүний хүүхдүүд болох Ж.О, Ж.Н нарыг асран хамгаалж байсныг шүүх анхаарсангүй..., Г.Ж талийгаач С.О-тай хамтын амьдралтай байсан ч нас барахаас нь 1-2 жилийн өмнөөс тусдаа амьдарсан. Тэрээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд бөгөөд 2024.08.04-ний өдөр өв нээгдэх байсан ч өвийн харилцаа үүсээгүй байхад нэхэмжлэгч нарын төрсөн эцэг гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг илтэд гуйвуулан тайлбарласан гэж үзэж байна.

4.2.Хариуцагч шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцохоо илэрхийлж, өмгөөлөгч нь эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй талаарх хүсэлт, баримтаа өгсөн ч шүүх хүлээн авахаас татгалзсан нь С.А-н эрх зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй. Мөн маргаан бүхий орон сууцыг авах санхүүгийн эх үүсвэр хэрхэн бүрдсэнийг анхаарч тогтоогоогүй. Хариуцагч тухайн байранд хүүхдүүдийн хамт амьдардаг. Нэхэмжлэлээс харахад Г.Ж-н эрх ашгийг С.А зөрчсөн, хүүхдүүд нь зөрчөөгүй гэж ойлгогдохоор байхад шүүх энэ талаар дүгнээгүй.

4.3.Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргах гэсэн боловч өв нээгдээгүй, өв залгамжлалын асуудал маргаантай байсан. Нотариат болон банк “орон сууц зээлийн барьцаанд байгаа тул барьцааны эрх зөрчигдөхөд хүрнэ, зээл чөлөөлөгдөх хүртэл энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй” гэх хариу өгсөн. Гэтэл Г.Ж хууль зөрчиж өөр нотариатчаар өв залгамжлалын гэрчилгээ гаргуулсан. Тухайн нотариатчийн үйлдлийг шалгуулахаар Нотариатын төв танхимын сахилгын хороонд хандахад нотариатчийн хийсэн үйлдлийг хууль бус шинжтэй байна гэсэн ч сахилгын хороо эцэслэн шийдээгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

5.Хариуцагч С.А, хариуцагчийн өмгөөлөгч С.Ч нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.09.09-ний өдрийн 001/ШХТ2025/00782 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагч С.А, түүний өмгөөлөгч С.Ч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

7.Нэхэмжлэгч Ж.О, Ж.Н нар нь хариуцагч С.А-д холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс орон сууцаа албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасан ба үндэслэлээ “... Г.Ж, С.О нарын хамтын амьдралтай байх хугацаанд 2017 онд Ж.О, 2019 онд Ж.Н нар төрсөн бөгөөд 2023 онд эх С.О нас барсан тул түүний нэр дээрх 2014.11.21-ний өдрийн ***** банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээгээр худалдаж авсан *** дүүрэг, ** хороо, **** тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг хууль ёсоор өвлөж авсан. Уг орон сууцанд одоо хариуцагч хүүхдүүдийн хамт амьдарч байгаа..., улсын бүртгэлийн гэрчилгээ, өвлөх эрхийн гэрчилгээнд заасны дагуу С.А-н эзэмшил хууль бус...” гэж тайлбарласан.

8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... тус орон сууцыг эгч, дүү бид нар нийлж өндөр настай ээждээ авч өгсөн, тухайн үед ипотекийн зээл гарах боломжтой ганц хүн нь С.О байсан тул түүний нэрээр зээл авсан ба ээж маань 2017 онд нас барсан..., ипотекийн зээлийн урьдчилгаанд би өөрийн байрыг барьцаалсан, одоо зээлийн төлбөрийг сар бүр банканд төлж байгаа тул байрны тодорхой хувийг авах эрхтэй. Г.Ж хүүхдүүдээр халхавчлан шунахайн сэдлээр нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна” гэж маргасан.

9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: “...улсын бүртгэлийг үндэслэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг тодорхойлно, хариуцагч орон сууцыг худалдан авахад урьдчилгаа төлбөрт өөрийн орон сууцаа барьцаалж, эгч С.Ар*** хамтран зээлдэгчээр үүрэг хүлээж, эгч дүүс уг орон сууцыг эзэмшиж байсан, одоо хариуцагч орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг төлж, эзэмшиж байгаа гэж тайлбарласан ч хуульд заасны дагуу өмчлөгчөөр бүртгүүлж, өмчлөх эрх үүсээгүй, хариуцагч орон сууцыг хамтран худалдан авсан, худалдан авахад хөрөнгө оруулсан, зээлийг төлж байгаа гэх үндэслэлээр орон сууцыг чөлөөлөхөөс татгалзсан хэдий ч хуульд зааснаар өмчлөх эрх үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул нэхэмжлэлийг хангах нь зүйтэй” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзэж хэвээр үлдээсэн.

10.Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад эрх зүйн ижил дүгнэлт хийсэн боловч хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хоёр шатны шүүх өвийн болон дундын хөрөнгийн талаарх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болно.

11.Хэрэгт авагдсан баримтаар С.О нь Ж.М-тэй байгуулсан 2014.11.21-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр *** дүүрэг, ** хороо, **** тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-*******2 дугаартай 1 өрөө орон сууцыг 59,500,000 төгрөгөөр худалдах авахаар тохиролцсон, С.О-д өмчлөх эрх шилжсэн уг орон сууцыг С.О, С.Ар*** нарын “Х” ХХК-тай байгуулсан 2014.11.21-ний өдрийн 59,500,000 төгрөгийн орон сууцны зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан, хариуцагч С.А нарын өмчлөлийн *** аймгийн *** сумын *** баг, *** байр ** тоот, 35 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг мөн уг гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, орон сууцны зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй, С.О 2023.08.04-ний өдөр өвчний улмаас нас барсан, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.30-ны өдрийн 181/ШШ2023/02648 дугаар шийдвэрээр Г.Ж болон С.О нарыг 2016 оны 05 дугаар сараас 2023.08.04-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосон, тэдний хамтын амьдралын хугацаанд 2017.11.14-ний өдөр охин Ж.Н, 2019.08.07-ны өдөр хүү Ж.О нар төрсөн, Ж.Н, Ж.О нарыг төлөөлж Г.Ж 2024.05.19-ний өдөр өв хүлээн авах хүсэлт гаргасан, нэхэмжлэгч нарт 2024.12.24-ний өдрийн 0032 дугаартай орон сууц өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, орон сууц хариуцагч С.А-н эзэмшил, ашиглалтанд байгаа зэрэг үйл баримт тогтоогджээ.

12.Нэхэмжлэгч Ж.Н, Ж.О нар нь насанд хүрээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хууль ёсны төлөөлөгч болох эцэг Г.Ж нь төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг хоёр шатны шүүх зөв дүгнэсэн.

13.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ба уг зохицуулалтаар нэхэмжлэгч нь шаардаж буй хөрөнгийн өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байх учиртай, эдгээр нөхцөл хангагдсан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл бүрдэнэ.

14.Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өвлүүлэгч С.О нас барсан 2023.08.04-ний өдрөөс өв нээгдсэн ба өвлөгдвөл зохих хөрөнгө нь *** дүүрэг, ** хороо, **** тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-*******2 дугаартай 1 өрөө орон сууц байх бөгөөд С.О-н төрсөн охин Ж.Н, хүү Ж.О нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хууль ёсны өвлөгчид байна.

Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.3-т “Өвлөгчийн хүлээн авсан эд хөрөнгийг, өв нээгдсэн өдрөөс эхлэн өвлөгчид шилжсэн гэж үзнэ”, мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д “өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ”, 528.2.-т “энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгч Г.Ж 2024.05.19-ний өдөр өв хүлээн авах хүсэлт гаргасан, 2024.12.24-ний өдрийн ****2 дугаартай орон сууц өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон тул өвийг хүлээн авахаас татгалзаагүй буюу өвийг хүлээн авсан гэж үзэх тул нэхэмжлэгч нар өвийг хүлээн авснаар орон сууцны өмчлөгч болсон байна.

Нэхэмжлэгч нарын өмчлөх эрх өвийн журмаар үүссэн учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхтэй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

15.С.О-н төрсөн охин Ж.Н, хүү Ж.О нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан нэгдүгээр ээлжийн өвлөгч бөгөөд хариуцагч С.А нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасан хоёрдугаар эрэмбийн өвлөгч тул “... өв нээгдээгүй, өв залгамжлалын асуудал маргаантай, хууль зөрчиж өв залгамжлалын гэрчилгээ гаргуулсан...” гэсэн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

16.Хариуцагч С.А тухайн маргаж байгаа орон сууцыг эгч дүү нарын хамт хөрөнгөө нийлүүлж авсан гэх агуулгаар татгалзлаа тайлбарлаж байгаа боловч уг тайлбар татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь орон сууцны зээлийн гэрээний урьдчилгаа төлбөрийн үүрэгт буюу 30 хувьд өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан, талийгаач С.О-г нас барсан үеэс хойш эзэмшилдээ байлгаж зээлийн төлбөрийг төлсөн үйл баримт тогтоогдож байгаа боловч эдгээр үндэслэл нь орон сууцыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар хуульд заасан болон хэлцлийн үндсэн дээр дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эрх үүсэх үндэслэлд хамаарахгүй.

Учир нь, анхнаасаа тохиролцон хөрөнгөө хуваан гаргаж орон сууцыг хамтран худалдан авахаар эсхүл орон сууцны зээлийн урьдчилгаанд байраа барьцаалснаар дундаа хамтран өмчлөх эрх үүсгэхээр хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байхаас гадна нэгэнт орон сууцыг ашиглаж байгаа тул орон сууцны зээлийн төлбөрийг болон ашиглалтын зардал төлж байгаа явдал нь өмчлөх эрх үүсгэх хуульд заасан үндэслэл болохгүй.

17.Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заажээ. Хэдийгээр харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй боловч хариуцагч орон сууцны зээлийн төлбөр, ашиглалтын зардал төлж орон сууцыг тодорхой хугацаанд эзэмшилдээ байлгаж байсан явдлыг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрч байсан ба харин ийнхүү эзэмшүүлж байсан орон сууц нэхэмжлэгч нарт шаардлагатай болсон үеэс хариуцагчийн эзэмшил хууль бусд тооцогдоно.

Хариуцагчийн орон сууц эзэмшиж байгааг зөвтгөх буюу хууль болон гэрээний үндсэн дээр орон сууцыг эзэмшилдээ байлгаж байгаа гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

18.Хариуцагч нь 2024.04.09-ний өдрөөс эрх зүйн туслалцаа авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцож байсан бөгөөд шүүхээр нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангах, өмгөөлөгчийн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай зэрэг үндэслэлээр шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байсан, энэ хугацаанд хэргийн оролцогчийн тайлбар, нотлох баримт, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч С.А, хариуцагчийн өмгөөлөгч С.Ч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01854 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2025/00968 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч С.А, хариуцагчийн өмгөөлөгч С.Ч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2025.07.02-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАЯРМАА

                ШҮҮГЧИД                                                        Н.БАТЗОРИГ

                                                                                             Э.ЗОЛЗАЯА

                                                                                             Д.ЦОЛМОН

                                                                                             Х.ЭРДЭНЭСУВД