| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2024/0910/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/926 |
| Огноо | 2024-08-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хилчинбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/926
2024 8 26 926
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,
улсын яллагч Э.Хилчинбаатар,
шүүгдэгч Ө.Г, түүний өмгөөлөгч М.Мягмартуяа, Б.Сэмжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Гад холбогдох эрүүгийн 2406 00000 1468 дугаар хэргийг 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Г нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 03 цагийн үед ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр байрны 3 дугаар давхрын орцонд Ц.Б-тай маргалдан, улмаар дагз хэсгээс нь барьж нүүрээр нь газар унагасны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө бид нар ажлаа тараад пиво уугаад 3 цаг болж байхад С гэдэг залууг үлдээж явах гэж байснаа гэр лүүгээ аваад явсан. Тухайн үед би пиво уугаагүй, өөрөө машинаа бариад явсан. С гэдэг залуу манай компанид ажилладаг юм. Тэгээд хүүхнүүдтэй байсан гэдэг нь манай 2 найз, найз охинтойгоо байсан. Тэгээд гаднаас Ц.Б, А 2 согтуу хаалга нүдээд онгойлгосон чинь “цаана чинь баахан хүүхнүүд байна, чи намайг ингэлээ, тэглээ, хуурлаа” гэсэн асуудал болсон. Тийм зүйл байхгүй, бүгд ийм учиртай гээд Ат хэлсэн боловч А тухайн үед согтуу байсан учраас ойлгох чадваргүй байсан. А миний хамрыг пивоор цохиод миний хамар сорвитой болсон байгаа. А орилж чарлаад байхаар нь “чи яв аа” гэж хэлсэн. А мэдүүлэг дээрээ “манай найз залуу бид 2 хамт амьдардаг” гэсэн байсан. Энэ бол худал. 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бид 2 бүх харилцаагаа дуусгасан. Би гэртээ ганцаараа амьдардаг болсон. Тэгээд А миний машинаас гэрийн нэг түлхүүрийг авчихсан юм шиг байна лээ. Тэгээд гаднаас түлхүүрээр онгойлгож орж ирээд ийм асуудал болсон. А явахгүй гэрт, орцонд орилоод байхаар нь бид нар өөрсдөө цагдаа дуудсан, бас манай давхрын 7 айл давхар дуудлага өгсөн байсан. Манай гэрт байсан найз 3 удаа дуудлага өгсөн. Ц.Бг би дагзнаас барьж байгаад шал руу санаатай түлхсэн юм бол биш, А явахгүй байхаар нь яв гэж түлхсэн, Ц.Бг бас яв гэж түлхсэнээс болоод унаад ийм зүйл болсон.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 03 дугаар сарын 15-наас 16-ны шилжих шөнө найз Атэй гадуур хамт явж байгаад Аийн найз залуу нь утсаа авахгүй байсан тул түүний гэрт нь очиж үзэхээр болоод байж байтал манай найз залуу болох С над руу залгаж бид гурав хамт уулзахаар болсон. Аийн найз залуугийн гэр болох Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны гадна таксигаар очиж А найз залуутайгаа уулзахаар орсон. Би гадаа нь хүлээж байтал найз маань над руу утсаар “Ө.Г гэртээ охидуудтай байна, намайг гэрээсээ гаргаад хаалгаа цоожиллоо, чи ороод ирээч” гэснээр би найз залуугаа үлдээгээд дотогш орсон. 3 дугаар давхарт гарахад манай найз А уйлсан, найз залуугийнхаа хаалгыг хүчтэй цохиж байсан. Энэ үед Ө.Г хаалга тайлж түүнд уурлаж түүнийг гэртээ оруулахгүй гээд түлхэж газарт унагаасан. Энэ үед би найзыгаа өмөөрч би “боль” гэж хэлсэн. Гэтэл миний дагз хэсгээр барьж аваад нүүрэн хэсгээр газар луу хүчтэй савж унагаасан. Босоод иртэл миний уруул сэтэрч үүдэн 5 шүд гэмтсэн байсан. Энэ үед Ө.Г болон түүний хэдэн найз нар нь намайг гэрлүүгээ оруулж Аийг оруулахгүй гээд явуулсан. Энэ үед манай найз залуу С орж ирээд юу болсон талаар асуухаар нь болсон явдлын талаар хэлсэн. Би тухайн үед уйлж цусаа тогтоож байхад Ө.Г эмнэлэг явах талаар хэлсэн. Өглөө 08 цагийн орчим түүнтэй хамт эмнэлэг явах гэтэл “би амжихгүй, та хоёр явчих” гэснээр би түүний гэрээс найз залуугийн хамт гарч эмнэлэг явсан. Хэрэг болсон өдрөөс хойш Ө.Г нь эмчилгээний зардал өгнө хэмээн намайг хуурч миний гоо сайхан, эрүүл мэндэд халдчихаад одоо болохоор утсаа авахгүй, надаас уучлалт гуйхгүй, сураггүй байх тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Тухайн өдөр болон маргааш нь цагдаагийн байгууллагад хандах гэсэн боловч Г нь “цагдаагийн байгууллагаар явмааргүй байна, би чиний хохирлыг төлж эрүүл болгоно” гэж гуйсаар байгаад цаг хугацаа авсан. Сүүлдээ утсаа авахгүй, надаас зугтааж байгаа. Толгойны ар дагзны хэсгээс барьж байгаад шал руу савсан, би газарт унахдаа нүүр хэсгээрээ унаж уруул болон шүд гэмтсэн. Миний үүдэн 5 шүд хугарсны улмаас тал шүднүүдтэй болсон. Тухайн шүднүүд хөдөлсөн ба мэдрэлийн судсыг тасалсан. Өөр шүд суулгахаас аргагүй болсон ба шүд суулгахгүйгээр шүдээ бүрүүлэхээр болсон. Нэгэнт эрүүл мэндээрээ хохирсон тул дээд 8 шүд, доод 8 шүдэндээ бүрээс хийлгэхээр Ө.Гтай ярьсан, тухайн үедээ төлбөр 11 сая төгрөг өгнө гэж байсан боловч өдийг хүртэл цагдаад битгий өгөөч, би хохирлыг нь төлнө гэснээр хугацаа авч намайг хохироосон тул гомдолтой байна. Түүнээс шүдний бүрээсийн мөнгө болох 11 сая төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 10-11 дэх хуудас/
Гэрч Э.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Ц.Б гэх хүнтэй танилцаж үерхээд 2 жил болж байгаа бөгөөд Ө.Г гэх хүнтэй 2013 оноос хойш найзын холбоотой болсон. Тухайн өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 15-ны найз Ө.Гтай хамт гадуур архи ууж явж байгаад түүний гэрт нь 15-наас 16-ны шилжих шөнө шөнийн 03 цагийн орчим Ө.Г, Батгэрэл, үл таних 2 эмэгтэйтэй хамт пиво ууцгаасан. Тухайн үед би найз охин Ц.Бтай ярих гэтэл миний утасны цэнэг дууссан байсан Ө.Гын гар утсыг авч гараад найз охинтой холбогдох байгаа газарт нь очсон. Гэтэл Ө.Гын найз охин А байсан ба “Ө.Г хаана байна, яагаад чамд гар утас нь байдаг юм” гэж хэлээд миний сууж явсан таксинаас асууж Натурын замаас суусан гэхэд “гэртээ байгаа юм байна, очно” гэж хэлээд бид гурав явсан. Би тухайн үед Ө.Гын гэрээс гарч ирсэн тул найз охиноо аваад гэрийнх нь гадаа үлдэж хүлээж байсан ба манай найз охин руу А залгаж дуудсан. Би санаа зовсон тул гэрлүү нь ороогүй үлдсэн ба хэсэг хугацааны дараа гэрлүү нь явж орох гэтэл хаалганы гадаа манай найз охины амнаас нь цус гарсан, хэдэн шүд унаж гартаа барьсан байдалтай байсан. Юу болсон талаар нь Ө.Гаас асуухад А бид хоёр маргалдах явцад дундуур нь орж ирээд би Ц.Бг түлхэж газарт унагаахад нүүрээ гэмтээчихлээ гэж хэлсэн. Бид хоёр Ө.Гын гэрт ороод Ц.Бг тайвшруулж өглөө нь эмнэлэг явах гэтэл Ө.Г “та хоёр явж бай, би араас чинь очно” гэснээр бид хоёр гарч явсан. Тэр өдрөөс хойш Ө.Г нь уулзахгүй зугтаж худал ярьсаар байгаа.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 15-16 дахь хуудас/
Гэрч У.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Ө.Г гэх хүнтэй үерхээд 1 жил болж байгаа бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 15-ны орой найз Ц.Бгийн хамт гадуур явж байсан ба манай найз залуу гар утсаа авахгүй байхаар нь Ц.Бгийн хамт түүний гэрлүү очих гэж байтал Сынд ирж бид гурав хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 104 дүгээр байрны гадна очиж хоёр найзыгаа үлдээж Галаагийн гэрлүү орсон. Надад түлхүүр байсан тул би гэрлүү нь шууд орохгүйгээр хаалганы цаана юу болж байгааг сонсоход дотор нь олон эмэгтэй шуугилдаж байхаар нь түлхүүрдэж ороод хартал үл таних 3-4 эмэгтэй байсан. Юу болж байгаа талаар асуухад “би чамайг хуурсан юм уу” гэж хэлсэн. Тэр зүйлээс болж маргалдаж байхад манай найз Ц.Б залгаж “чи зүгээр үү, юу болж байна” гэхэд болсон явдлын талаар хэлж байхад Ө.Г гэрийнхээ түлхүүрийг надаас булаан авч намайг гэрээсээ гаргаад хаалгаа тайлахгүй байсан ба би доош бууж орцны хаалга онгойлгож Ц.Бтай хамт дахин Ө.Гын гэрийн хаалгыг тогшсон. Гэтэл Ө.Г гарч ирээд надтай маргалдаж улмаар намайг хүчтэй газарт түлхэж унагаасан. Энэ үед Ц.Б “чи яагаад хүний биед халдаж байгаа юм” гэж хэлэхэд Ц.Бг түлхэж унагаасан. Ц.Б босоход амнаас нь их цус гарсан ба “чи миний шүдийг унагаачихлаа, яаж байгаа юм” гэж хэлсэн. Тухайн үед С нэлээн согтуу байсан ба зарим явдлыг хараагүй байх би гэрлүү нь орох гэтэл намайг гэрт оруулахгүй С, Ц.Б нарыг авч орохоор нь би яваад өгсөн.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 19-20 дахь хуудас/
Шүүгдэгч Ө.Гын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Би найз Стай тухайн өдөр гадуур явсан ба би тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, машин барьж явж байгаад шөнийн 03 цагийн орчим ирсэн. Сын утасны цэнэг дуусаж миний гар утсыг авч явсан. Хэсэг хугацааны дараа миний хуучин үерхэж байсан Атэй Ц.Б гэх эмэгтэй 05 цагийн орчим гэрийн хаалга нүдсэн. Би хаалга тайлж өгөөд гэртээ оруулахад орилж чарлаад байсан ба А халааснаасаа пиво гаргаж ирээд миний хамар хэсэгт цохиж цус гаргасан. Би гэрээсээ Аийг Ц.Бтай хамт гаргасан. Энэ үед орцонд орилж чарлаад байхаар нь би болон хажуугийн айл цагдаа дуудсан. Хаалга нүдээд байхаар нь би гэрээсээ гарч “та хоёр яв” гэж хэлээд хоёр гараараа тэр хоёрыг түлхсэн. Энэ үед А Ц.Б нар хоорондоо орооцолдож газарт унасан. Би хаалгаа хаагаад гэртээ орсон. Хаалга тогшоод байхаар нь би тайлахад С найз охинтойгоо гэрт орсон. Тухайн үед Ц.Б уйлсан байсан ба гэрт унтаж амраад маргааш 8 цагт явсан.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 23-24 дэх хуудас/
Шүүгдэгч Ө.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би тухайн үед Атэй хамт амьдардаггүй байсан ба 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр салж гэрээсээ явуулсан. Ц.Бгийн биед гэмтэл учруулж 4 шүдийг нь гэмтээсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэтэл Ц.Б надаас илүү шүдний мөнгө нэхээд байгаад би гомдолтой байна. Гэмтэл учирсан гэх 4 шүдний хохирлыг барагдуулж нийт 5 орчим сая төгрөгийг эмчилгээний төлбөр гэж эмнэлэгт нь төлсөн байгаа.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 48 дахь хуудас/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 7208 дугаар:
“1.Ц.Бгийн биед дөрвөн шүдний хугарал, нэг шүдний хөдөлгөөн оролт, уруулд сорви гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт,
/хавтаст хэргийн 26-27 дахь хуудас/
“Шаз тэнгэр” ХХК-ийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн тушаал, тодорхойлолт,
/хавтаст хэргийн 51-52 дахь хуудас/
Хохирогч Ц.Бгийн шүүхэд гарган өгсөн эмчилгээний баримт, шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргаж өгсөн Худалдаа Хөгжлийн банкны дансны хуулга, “Грэйс Дент” шүдний эмнэлгийн эмчилгээний баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч “Шүүгдэгч Ө.Г нь 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 3 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 104 дүгээр байрны 3 дугаар давхрын орцонд Ц.Бтай маргалдан, улмаар дагз хэсгээс нь барьж, нүүрээр нь газарт унагасны улмаас эрүүл мэндэд нь 4 шүдний хугарал, нэг шүдний хөдөлгөөн оролт, уруулд сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн шууд санаатай буюу хохирогчид гэмтэл учруулна гэдгийг ухамсарлан ойлгож, хор уршиг хүргэхийг хүсэж Ц.Бгийн эрүүл мэндэд халдаж, уг хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна. Иймд шүүгдэгч Ө.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын хувьд шүүгдэгчийн зүгээс 3,950,000 төгрөгийг гаргаж өгсөн. Хохирогчийн гаргаж өгсөн баримтуудаас харвал цаашид гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нэхэмжилсэн байдалтай байна. Иймд шүүгдэгчийн зүгээс хохирлыг барагдуулах нь зүйтэй байна.” гэх,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сэмжидмаа “Ө.Г нь гэм буруу дээрээ маргадаггүй. Гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хэрэг бүртгэх мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн зүгээс хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөхгүй байсан учраас санаачилгыг Ө.Гын зүгээс тавьсны үндсэн дээр хохирол төлбөрийг тухай бүрд нь шилжүүлсэн нь баримтуудаас харагдаж байна. Хохирогч өөрөө 3,000,000 орчим төгрөгийг хүлээн авсан байдаг. Баримтаар гаргаж өгсөн 3.950.000 төгрөгийг эмнэлгийн байгууллагад Ө.Г нь төлж барагдуулсан. Өөрийн Худалдаа хөгжлийн банкны харилцах данснаас нийт 962,200 төгрөгийг төлсөн. Нийт хохиролд 4,912,200 төгрөгийг төлсөн. Хохирогчийн гаргаж өгсөн баримтаас хүлээн зөвшөөрөхгүй баримт нь гар утсыг зээлээр авч эмчилгээ үйлчилгээнд зарцуулсан гэдэг боловч зарцуулсан тухай нотлох баримт байхгүй. Энэ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй. Энэ үйл баримтыг хавтаст хэргээс хасуулах саналтай байна. Бусдаар 5 шүдний хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар шүүхэд хандсан тохиолдолд төлөхөө илэрхийлж байгаа.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ө.Г нь 2024 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 104 дүгээр байрны 3 дугаар давхрын орцонд Ц.Бтай маргалдан дагз хэсгээс нь барьж түлхсэний улмаас нүүрээрээ газарт унаж эрүүл мэндэд нь дөрвөн шүдний хугарал, нэг шүдний хөдөлгөөн оролт, уруулд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан шүүгдэгч Ө.Гын шүүх хуралдаанд өгсөн “Ц.Бг би дагзнаас барьж байгаад шал руу санаатай түлхсэн юм бол биш, А явахгүй байхаар нь яв гэж түлхсэн, Ц.Бг бас яв гэж түлхсэнээс болоод унаад ийм зүйл болсон.” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Бгийн өгсөн “...миний дагз хэсгээр барьж аваад нүүрэн хэсгээр газар луу хүчтэй савж унагаасан. Босоод иртэл миний уруул сэтэрч, үүдэн 5 шүд гэмтсэн байсан.” гэх /хх10-11/, гэрч Э.Сын өгсөн “...хаалганы гадаа манай найз охины амнаас нь цус гарсан, хэдэн шүд унаж гартаа барьсан байдалтай байсан. Юу болсон талаар нь Ө.Гаас асуухад А бид хоёр маргалдах явцад дундуур нь орж ирээд би Ц.Бг түлхэж газарт унагаахад нүүрээ гэмтээчихлээ гэж хэлсэн.” гэх /хх15-16/, гэрч У.Аийн өгсөн “...Ө.Г гарч ирээд надтай маргалдаж улмаар намайг хүчтэй газарт түлхэж унагаасан. Энэ үед Ц.Б чи яагаад хүний биед халдаж байгаа юм гэж хэлэхэд Ц.Бг түлхэж унагаасан. Ц.Б босоход амнаас нь их цус гарсан ба чи миний шүдийг унагаачихлаа яаж байгаа юм гэж хэлсэн.” гэх /хх19-20/ мэдүүлгүүд, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 7208 дугаар дүгнэлт /хх26-27/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Г нь хохирогч Ц.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.
Ө.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ө.Гыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ө.Г нь хохирогчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогч Ц.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм хорын хохиролд 11 сая төгрөгийг нэхэмжилж, шүүхэд шүдний бүрээс хийхэд 5,520,000 төгрөг, шүдний нүүрэвч хийхэд 700,000 төгрөг, шүдний эмчилгээнд 500,000 төгрөг, мөн зээлээр 2 ширхэг гар утсыг 8,599,800 төгрөгөөр худалдан авч нэгийг нь 3,200,000 төгрөгөөр зарж эмчилгээнд зарцуулсан тул 3,200,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэж хүсэлт гарган нотлох баримтыг /хх75-82 хуудас/ гарган өгсөн байх ба уг баримтаар хугарсан 4 үүдэн шүд, хөдөлгөөн орсон 1 шүдний бүрээс хийхэд нийт 5,520,000 төгрөг, шүдний гол залгахад 500,000 төгрөг, нүдний нүүрэвчинд 693,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь дээрхи баримтаар тогтоогдож байх тул гэм хорын хохиролд тооцон 6,713,000 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэх үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ө.Г нь хохирогч Ц.Бд 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 2 удаа 850,000 төгрөг, 112,200 төгрөг, 5 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 3,962,200 төгрөгийг “Худалдаа хөгжлийн банк” болон “ХААН” банкны дансаар шилжүүлсэн /хх53, 88-116/ болох нь тогтоогдож байх тул дээрхи төлбөрөөс хасч, (6,713,000-3,962,200) үлдэх 2,750,800 төгрөгийг хохирогч Ц.Бд олгох нь зүйтэй.
Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөрдөн шалгах ажиллагаанд “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-аар Хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон /хх50/, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дөрөв дэх хэсэг “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-д зааснаар нөхөн төлбөрийг гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,300,000 төгрөгөөр (660,000х5) тогтоож шүүгдэгчээр төлүүлэхээр шийдвэрлэв.
Түүнчлэн хохирогч Ц.Бгийн зээлээр авсан 2 ширхэг гар утасны 1 ширхэгийг зарж эмчилгээний төлбөрийг төлсөн гэх 3,200,000 төгрөгийг хангах үндэслэлгүй байна.
Харин хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, эмчилгээний баримтуудаар тус тус тогтоогдсон тул цаашид гарах гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох Ө.Гаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох саналтай. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлт, гэм буруу дээрээ маргахгүй, хохирол төлбөрийг барагдуулсан зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэх,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сэмжидмаа “Шүүгдэгч Ө.Гын зүгээс анхнаасаа гэм буруугаа хүлээсэн. Хохирол нөхөн төлбөрийг шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Шүүхээс тогтоосон сэтгэцэд учирсан хор уршиг 6,000,000 гаруй төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа. 6,000,000 төгрөгийг 120 хоногийн хугацаанд буюу 4 сарын хугацаанд энэ хэсэгчлэн төлүүлж өгөхийг хүсэж байна. Прокурорын гаргасан эрүүгийн хариуцлагын хүрээнд Ө.Г анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон. Анх удаа эрүүгийн хэрэгт холбогдож байгаа, гэмт хэрэгт өмнө нь холбогдож байгаагүй. Компани буюу доороо 10 орчим ажилтнуудыг хариуцаж, барилгын фасад, гадаадаас импортын үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн оруулах зэрэг ийм ажил хөдөлмөр, үйлчилгээ үзүүлдэг учраас прокурорын торгох ялын саналыг дэмжиж байна. Торгуулийн ялыг оногдуулж өгөөч ээ гэж хүсэж байна. Хохирлыг цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар хохирогч маань баримтаа бүрдүүлээд шүүхэд хандах юм бол тухайн үед бүрэн төлж өгөхөө илэрхийлж байгаа. 6,000,000 гаруй төгрөгийг 120 хоногт төлүүлэхээр шийтгэх тогтоолд тусгаж өгөөч ээ гэж хүсэж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ө.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ө.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэрч У.Аийн бусадтай хардан шүүгдэгчийн гэрт орж хэрүүл маргаан үүсгэснээс шүүгдэгч нь гэрч, хохирогч нарыг гэрээс гаргахаар түлхэн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ө.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Гад 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд 550,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Гаас 6,050,800 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Бд олгож, хохирогч Ц.Б нь гэм хорын хохиролтой холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох Ө.Гаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Бд 3,962,200 төгрөгийг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ө.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ