| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2024/0951/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/973 |
| Огноо | 2023-09-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Баасанбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/973
2024 9 09 973
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,
улсын яллагч Э.Баасанбаяр,
шүүгдэгч Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нд холбогдох эрүүгийн хэргийн 2406 00000 1772 дугаар хэргийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 6 дугаар сарын 15-ны шөнө 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Утай “таксиндаа утасны цэнэглэгч авч явсангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 0019 цаг өнгөрч байхад би Сансарын туннелийн хойд талын автобусны буудал дээрээс эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гараа өргөөд зогсож байхаар нь хаашаа явахыг асуухад шууд миний машинд орж ирж суусан. Тэгээд эмэгтэй нь “805 орноо” гэж хэлхээр нь КТМС-ийн автобусны буудал дээр явж байхад эрэгтэй “офицер оръё” гэж хэлхээр нь би шууд 805 дээр зогсохгүй, явж байхад эрэгтэй нь “Их засгийн автобусны буудал дээр түр байж байгаарай” гэж хэлээд нэг хүн рүү залгаад байсан. Тэгээд хөдлөөд явж байхад Маахуурын автобусны буудлаас эргээд явсан. Тэгээд явж байхад эмэгтэй нь надаас андройд гар утасны цэнэглэгч асуусан. Надад андройд цэнэглэгч байхгүй. Айфоне цэнэглэгч байна гэж хэлэхэд эрэгтэй нь “таксинд явж байж цэнэглэгч аваад явдаггүй юм уу, муу гөлөг чинь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Та яасан сонин харьцаатай юм бэ? надад айфоне цэнэглэгч байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ колонк дөнгөж өнгөрөөд “зогс” гэж хэлээд би зогссон. Эрэгтэй нь төлбөрөө төлөхгүй, буу явъя гэж хэлсэн. Тэгээд би “төлбөрөө төлөөч ээ” гэж хэлэхэд эрэгтэй нь “бууж ирээд ав” гэж хэлхээр нь би машинаасаа буугаад очтол намайг шууд мөргөсөн. Тэгэхээр нь би шанаа руу нь хоёр удаа цохисон. Тэгсэн чинь нөгөө залуу нь эмэгтэйдээ “би энд сууж байя” гэж хэлээд машины зогсоолын байрны хажуугаар ороод алга болчихсон. Тэгээд нөгөө эмэгтэйд нь би цагдаа ирнэ, тэгэхээр нь асуудлаа шийдээ. Тэр залуугийнхаа учрыг олоо гэж тэр эмэгтэйд хэлсэн. Тэгэхэд тэр эмэгтэй нь “наад залуу чинь надад хамаагүй, би нөхөр, хүүхэд дээрээ очих хэрэгтэй байна” гэж хэлээд зам гараад таксинд суугаад явчихсан. Цагдаа нар ирсэн. ...Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож дүгнэлт гаргах шаардлагагүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 11, 13 дахь хуудас/
Гэрч Ч.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажлаа тараад найз Нтай уулзсан юм. Тэгээд орой 23 цаг өнгөрөөгөөд харих гээд Сансарын туннелийн зүүн талаас такси бариад “цайз явна” гээд суусан. Манай найз Н бид хоёрын гар утас унтарчихсан байсан юм. Таксины жолоочоос цэнэглэгч байна уу? гэж асуухад “байхгүй, би таксинд явдаггүй юм, та хоёрыг гар өргөхөөр нь авсан юм” гэж хэлсэн. Цэнэглэгч уг нь таксинд байдагдаа гэж хэлсэн. Тэгсэн чинь манай найз таксины жолоочид “таксинд явж байгаа юм бол цэнэглэгч яагаад байдаггүй юм” гэсэн чинь “Заавал байх ёстой юм, би таксинд явдаггүй гээд байгаа юм биш шүү” гээд хоорондоо маргалдаад байсан. Тэгээд би үүрч явсан цүнхээ уудлаад үзтэл бэлэн мөнгө байхаар нь мөнгө байна гэж бодоод таксинаас буутал жолооч, найз хоёр түрүүлээд буучихсан. Тэгтэл жолооч нь манай найзын зүүн шанаа руу 2 удаа цохиод унгаачихсан. Босож ирээд манай найз цохиулсныхаа дараа яваад өгсөн. Тэгээд жолооч “намайг мөргөчихлөө” гээд хэлэхээр нь би “хараагүй ш дээ, та яагаад манай найзыг цохичих воо” гэж асуусан чинь “Намайг мөргөчихөөр нь цохисон юм” гэж хэлсэн. Би Нг тухайн таксины жолоочийг мөргөж байгааг нь хараагүй. Тэгээд би таксиных нь мөнгийг өгөөд яваад өгсөн. Тэр үед таксины жолооч залуугийн хамар нь шалбарчихсан, бага зэрэг цус гарч байсан.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 18 дахь хуудас/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 8318 дугаар:
“1. Г.У-ын биед хамарт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр нэг хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Эсэргүүцсэн тэмцэлдсэн гэх ул мөр тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч “Шүүгдэгч Л.Нгийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд буюу хохирогч Г.Уын өгсөн мэдүүлэг, гэрчийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн 8318 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчид 750.000 төгрөг төлж барагдуулсан буюу хохирогч гомдол, саналгүй талаар мэдэгдсэн байх тул шүүгдэгч Л.Н нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 6 дугаар сарын 15-ны шөнө 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Утай “таксиндаа утасны цэнэглэгч авч явсангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд хамарт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан хохирогч Г.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Надад андройд цэнэглэгч байхгүй. Айфоне цэнэглэгч байна гэж хэлэхэд эрэгтэй нь “таксинд явж байж цэнэглэгч аваад явдаггүй юм уу, муу гөлөг чинь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Та яасан сонин харьцаатай юм бэ? надад айфоне цэнэглэгч байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ колонк дөнгөж өнгөрөөд “зогс” гэж хэлээд би зогссон. Эрэгтэй нь төлбөрөө төлөхгүй, буу явъя гэж хэлсэн. Тэгээд би “төлбөрөө төлөөч ээ” гэж хэлэхэд эрэгтэй нь “бууж ирээд ав” гэж хэлэхээр нь би машинаасаа буугаад очтол намайг шууд мөргөсөн.” гэх /хх11,13/, гэрч Ч.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...жолооч намайг мөргөчихлөө гээд хэлэхээр нь би “хараагүй ш дээ, та яагаад манай найзыг цохичих воо” гэж асуусан чинь “Намайг мөргөчихөөр нь цохисон юм” гэж хэлсэн. Би Нг тухайн таксины жолоочийг мөргөж байгааг нь хараагүй. Тэр үед таксины жолооч залуугийн хамар нь шалбарчихсан, бага зэрэг цус гарч байсан.” гэх мэдүүлгүүд /хх18/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 8318 дугаар дүгнэлт /хх20-21/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Н нь хохирогч Г.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.
Л.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Л.Нг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Л.Н нь хохирогчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогч Г.У нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй байх ба тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Би тухайн үед надад учруулсан хүнээс 750,000 төгрөгийг эм, тарианы мөнгөнд авч, учир зүйгээ олцгоосон” гэж мэдүүлсэн /хх13/, Баянзүрх дүүргийн Прокурорын газарт “Н нь хохирол болох 750,000 төгрөгийг өгч намайг хохиролгүй болгосон” гэх хүсэлт гаргасан /хх49/, хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны хуулга /хх33-34/ зэрэг баримтаар шүүгдэгч Л.Н нь хохирогчид 750,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч Л.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Л.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэж тус тус зааснаар бөгөөд шүүгдэгч Л.Н гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Л.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Уд 750,000 төгрөгийг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ