Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2021/00533

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Зохимж дэлгүүрийн байранд байрлах Г хадгаламж зээлийн хоршоо /регистрийн дугаар 4370546/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 40-08 тоотод оршин суух Барга овгийн Э.Эын Э.Ө /регистрийн дугаар ФЯ93070101/-т холбогдох /утас:99657444/

Зээлийн үүрэг 14 193 760 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ганболд, хариуцагч Э.Э.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гишүүн Э.Э.Өийн хүсэлтээр хоршооноос 2014 оны 04 сарын 10-ны өдөр 95-84 ОРХ улсын дугаартай Daihatsu K-Truck авто машин барьцаалж 2 800 000 /Хоёр сая найман зуун мянган/ төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан олгосон. Энэ хугацаанд зээлээс 224 000/ хоёр зуун хорин дөрвөн мянган/ төгрөг, зээлийн хүүнээс 1 416 800 /Нэг сая дөрвөн зуун арван зургаан мянга найман зуун/ төгрөг төлсөн бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй болно. Энэ хугацаанд хоршооны зүгээс Э.Э.Өийн эцэг Э.Э.Э /утас-99949444/, ээж Н.Ё /утас-99688444/ нартай 2016-11-03-ны өдөр уулзаж гэрээний гүйцэтгэлийг хангахаар харилцан тохиролцон төлөлтийн хуваарийг гарган баталгаажуулсан боловч нэг ч төлөлт хийгдээгүй. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015-10-19-ны өдрийн 1066 тоот шийдвэрээр эрэн сурвалжлагдаж, 2021-03-10-нд Орхон аймаг Цагдаагийн газраас олж тогтоон 39/05-1674 тоотоор Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан манайд мэдэгдсэн. Хариуцагч Э.Э.Өийн үндсэн зээлийн үлдэгдэл 2 576 000 /Хоёр сая таваг зуун далан зургаан мянган/ төгрөг, 2014.12.26-ны өдрөөс 2021-03-19-ны өдөр хүртэл хугацааны зээлийн хүү 11 617 760 / Арван нэгэн сая зургаан зуун арван долоон мянга долоон зуун жаран/ төгрөг, нийт 14 193 760 /Арван дөрвөн сая нэг зуун ерэн гурван мянга долоон зуун жаран/ төгрөг болсон байна. Тус хоршоо гишүүдийн хадгаламжийг татан төвлөрүүлж зээл гаргадаг бөгөөд татан төвлөрүүлсэн хадгаламжын хүүний зардал гаргадаг. Иймд хариуцагч Э.Э.Өөөс нийтдээ 14 193 760 /Арван дөрвөн сая нэг зуун ерэн гурван мянга долоон зуун жаран / төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Э.Э.Ө шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Г ХЗХоршооны нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Э.Өт холбогдох хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. 1. 2014-04-10 ны өдөр 2 800 000 төгрөгийг зээлсэн бөгөөд уг зээлийг авахдаа нөхөртэйгээ хамт бизнесийн үйл ажиллагаанд хэрэглэх зорилготой байсан. Уг зээлээ төлж байх явцдаа нөхрөөсөө салах болж арга буюу өөр орон нутагт шилжин амьдрах болсон юм. Харин автомашин барьцаалсан учир нөхрийгөө зээлээ төлсөн байх гэж бодтол төлөөгүй байсныг мэдлээ. Намайг эрэн сурвалжилж байгааг мэдээгүй бөгөөд би шилжин явахдаа тодорхой хаягтай газарт очсон байсан. Гэтэл намайг олдохгүй байсан мэт үзэж эрэн сурвалжилсан нь үндэслэлгүй байна. Миний зээлийн талаар огт мэдэхгүй ээж ааваар гарын үсэг зуруулсан нь хууль бус байна.

2. Зээлийн үлдэгдэл 14 617 760 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Миний бие Э.Э.Ө тус зээлийг 2015-04-23-нд төлж барагдуулахаар нэг жилийн хугацаатай авсан зээл байсан бөгөөд үндсэн зээл 2 800 000 төгрөг хүү 1 164 932 төгрөг буюу нийт 3 964 932 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон билээ. Үндсэн зээлийн хамт 1 630 000 төгрөгийг төлсөн гэжээ.Төлсөн зээлийг шууд хүүнд тооцсныг зөвшөөрөхгүй байна. Харин үлдэгдэл зээл хүүгийн хамт 2 334 932 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г Хадгаламж зээлийн хоршоо нь Э.Э.Өт холбогдуулан зээлийн үүрэг 14 193 760 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Э.Э.Ө 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 95-84 ОРХ улсын дугаартай Daihatsu K-Truck авто машин барьцаалж 2 800 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Энэ хугацаанд зээлээс 224 000 төгрөг, зээлийн хүүнээс 1 416 800 төгрөг төлсөн. Хариуцагч Э.Э.Өийн үндсэн зээлийн үлдэгдэл 2 576 000 төгрөг, 2014-12-26-ны өдрөөс 2021-03-19-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү 11 617 760 төгрөг, нийт 14 193 760 төгрөг болсон... гэсэн.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх ба нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Э.Э.Ө нь 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Г Хадгаламж зээлийн хоршооноос 95-84 ОРХ улсын дугаартай Daihatsu K-Truck авто машин барьцаалж 2 800 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан болох нь талуудын тайлбар, гэрээгээр нотлогдож байх ба, хариуцагч нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Гэрээний дагуу хариуцагч нь Г Хадгаламж зээлийн хоршоонд нийт 1 640 800 төгрөг төлсөн ч, нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн мөнгөний 224 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, үлдэх 1 416 800 төгрөгийг хүүнд тооцож авсан гэж нэхэмжлэгч тайлбарласан.

Хариуцагч Э.Э.Ө нь: ...зээлийг нэг жилийн хугацаатай авсан, миний төлсөн мөнгийг зээлийн хүүнд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин үлдэгдэл зээл хүүгийн хамт 2 334 932 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэсэн тайлбар гаргасан.

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа 2014 оны 04 дүгээр сарын 10-ны хооронд үүссэн бөгөөд гэрээ нэг жилийн хугацаатай байгуулагдсан, харин нэхэмжлэгч нь хариуцагчийг хаягтаа байхгүй гэж түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргаж, Тус шүүхийн 2015-10-19-ны өдрийн 1066 дугаартай Э.Э.Өийг эрэн сурвалжлах шийдвэр гарсан ч, уг шийдвэрээс хойш мөн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байна.

Тодруулбал нэхэмжлэгч нь хэргийн 10 дугаар хуудас дахь Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хаягласан албан бичгийг үндэслэн эрэн сурвалжлах шийдвэр гарснаас хойш шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэх боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө... гэсэн шаардлагыг хангаагүй байх тул Э.Э.Өийг эрэн сурвалжлах шийдвэр гарснаас хойш Цагдаагийн байгууллага Э.Э.Өийн хаягийг хэдийд олж тогтоосон нь тодорхойгүй, энэ талаар нотлогдохгүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Цагдаагийн байгууллага Э.Э.Өийг эрэн сурвалжлах шийдвэрийн дагуу түүний хаягийг хэдийд олж тогтоон нэхэмжлэгчид мэдэгдсэн нөхцөл байдал тодорхойгүй байна.

Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4.-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэжээ.

Нэгэнт үүрэг гүйцэтгэх хугацаа болоод өнгөрсөн байх ба өр бүрэн төлөгдөж дуусаагүй, үүрэг гүйцэтгэх хугацаа нийт 6 жилээр хэтэрсэн зэргээс гэрээний нийт хугацаанд төлөгдөх үүргийг хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Э.Э.Өөөс 2 334 932 төгрөг гаргуулан Г Хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 858 828 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 919 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 52 309 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 216 дугаар зүйлийн 216.4-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Э.Өөөс 2 334 932 төгрөг гаргуулан Г Хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 858 828 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 919 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.Э.Өөөс 52 309 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА