Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 142/шш2021/00911

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум баг Их залуу Шанд баг 25-41 тоотод оршин суух Шар булгийнхан овгийн Сүхбаатарын /регистрийн дугаар ФА92091909, утас 95003434/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-16-66 тоотод оршин суух Цахар овгийн Пүрэвдагвын о /регистрийн дугаар ФА89120877, утас 99694444/-д холбогдох

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.с, хариуцагч П.о, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2020 оны 06 дугаар сарын 19-нд П.отай танилцаж дотносон улмаар хамтран амьдарч бидний дундаас 2021 оны 03 дугаар сарын 20-нд хүү төрсөн бөгөөд бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан учир хүүг маань ээж болох сгээр овоглосон билээ. Хүүхдийн эцэг намайг жирэмсэн байхад өөр хүнтэй болж хүүхдээ анхаарч хайхрахгүй миний хүүхэд биш гэж үгүйсгэж байгаа тул П.оыг хүүгийн эцэг мөн болохыг тогтоож, хүүд маань тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч П.о шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би С.стэй 2020 оны 06 дугаар сард танилцсан. 06 дугаар сарын сүүлээр анх дотно харилцаанд орсон. С.07 дугаар сарын 03-ны өдөр ажил руугаа 14 хоногийн томилолт аваад явсны дараа надад жирэмсэн болсон тухайгаа хэлсэн. Би тухайн үед хүүхэдтэй болсондоо маш их баярлаж байсан. 08 дугаар сарын 01-ний шөнө ажил дээр байхад нэг залуу над руу залгаад ажлын гадаа дуудаж гаргаж ирээд ах нь стэй уулзаж, дотно харилцаатай байсан. Энэ хүүхэд нь чиний хүүхэд юм уу, миний хүүхэд юм уу гэж асууж байсан. Үүнийг сонсоод би сэтгэл санааны хямралд орсон. Энэ асуудлаа шийдэж байж надтай уулзахгүй яасан юм бэ гэж би С.сд хэлж байсан. Би өнөөдрийг хүртэл үүнийг гэрийнхнээсээ нууж байгаад аав ээждээ хэлсэн. С.сгийн ах нь байнга мөнгө нэхдэг мөн орцонд, орцны гадна хүлээдэг, гэртээ орсны дараа хаалга нүддэг их дарамттай байдаг байсан. Би С.стэй харилцаатай байхдаа өөр хүнтэй явалдаагүй ба салсныхаа дараа хүнтэй уулзсан. Би өөрийнхөө хүүхэд мөн эсэхийг мэдэхгүй байж мөнгө өгч чадахгүй гэж хэлсэн. Миний хүүхэд мөн бол хуулийн дагуу мөнгө өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.нь П.от холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

С.с, П.о нар нь 2020 онд танилцаж, тэдний дундаас 2021 оны 03 дугаар сарын 20-нд өдөр хүү С.б төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүүхдийн эцэг тогтоосон 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2953 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2.-д 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтооно гэж заажээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбар гаргасан.

Нэгэнт 2021 оны 03 дугаар сарын 20-нд өдөр төрсөн хүү С.б нь хариуцагч П.оын хүүхэд мөн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон, мөн хариуцагч хүүхдийн тэтгэлэгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү С.б насанд хүртэл нь эцэг П.оаар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан хүүхдийн тэтгэлэгийн нэг хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 35 337 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. дэхь хэсэгт заасныг баримтлан 2021 оны 03 дугаар сарын 20-нд өдөр төрсөн хүү С.б эцэг Цахар овогт Пүрэвдагвын о /ФА89120877/ мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү С.б 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.оаар сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 35 337 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА