| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 144/2025/00052/И |
| Дугаар | 001/ХТ2025/00163 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2025/00163
С.Б-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн
2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 144/ШШ2025/00117 дугаар шийдвэр,
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 203/МА2025/00029 дүгээр магадлалтай,
“Т” ХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-н хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч “Т” ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 144/ШШ2025/00117 дугаар шийдвэрээр;
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар С.Б-н нэхэмжлэлтэй, “Т” ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 286,170 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч С.Б-д буцаан олгож шийдвэрлэжээ.
3.Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 203/МА2025/00029 дүгээр магадлалаар;
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 144/ШШ2025/00117 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “С.Б-н нэхэмжлэлтэй, “Т” ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “С.Б-г урьд эрхэлж байсан “Т” ХК-ийн Уул уурхай, технологийн газрын уурхайн төлөвлөлт, ашиглалтын хэлтсийн засвар үйлчилгээний албаны захиргаа, үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 25,642,635 төгрөгийг “Т” ХК-аас гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгосугай” гэж, 2 дахь заалтад “хариуцагч “Т” ХК-аас улсын тэмдэгтийн хураамж 286,163 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч С.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426,563 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр гаргасан гомдолдоо:
4.1.Нэхэмжлэгч С.Б нь маргаан бүхий тушаалыг гардан авсан өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацааны дотор гомдол хэзээ, ямар байгууллагад гаргасан нь тодорхойгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “*****-н ***** хороонд хандсан боловч тус хороо байгуулагдаагүй байсан, **** сумын ********** газарт гомдол гаргасан боловч хороо байгуулагдаагүй, дараагийн шатны байгууллагад ханд гэсэн хариу өгсөн” гэж тайлбарладаг ч энэ талаарх баримтыг хэрэгт өгөөгүй, ““*****-н ***** хороонд хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргасан” гэх боловч гомдол гаргасан хугацаагаа тодорхой мэддэггүй, холбогдох баримтыг мөн өгөөгүй. Давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй гэж дүгнэхдээ зөвхөн “*****-н ***** хорооны 2025.01.16-ны өдрийн 01 дугаартай тэмдэглэлийг болон нэхэмжлэгчийн амаар гаргасан тайлбарыг үндэслэлээ болгосон нь хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.2, 158.2.2-т хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагыг, уг байгууллагаар шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандахаар зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч хөдөлмөр эрхлэлтийн маргаан зохицуулах гурван талт хороонд хэзээ, хэрхэн хандсан нь тодорхойгүйгээс гадна тус хорооноос “дараагийн шатны байгууллагад хандахыг зөвлөсөн” талаар нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан атлаа маргаан бүхий тушаалыг гардаж авснаас хойш 284 хоногийн дараа шүүхэд хандсан тул хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасны дагуу 30 хоногийн дотор гурван талт хороонд хандах, уг байгууллага 10 хоногийн дотор гомдлыг шийдвэрлэх, тухайн шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 өдрийн дотор шүүхэд хандахаар хуульчилсан ба нийт 50 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй байсан.
4.2.Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн боловч “ажил олгогчийн зүгээс дарамталсан, ажиллах нөхцөл боломжоор хангаагүй” гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ба энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хамт ажиллаж байсан хүмүүсийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулаагүй, өөрийн тайлбарыг нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т заасныг үндэслэл болгон нэхэмжлэгчийн “ажлаас чөлөөлөгдөх хүсэлгүй байсан” гэдгийг тогтоож байгаа нь өрөөсгөл бөгөөд тус хуулийг тайлбарлахдаа дүн шинжилгээ хийж, бусад нотлох баримтуудтай харьцуулаагүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-н хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.09.11-ний өдрийн 001/ШХТ2025/00828 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалд хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
7.Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч “Т” ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ “... захирал солигдсон тул намайг удаа дараа шахаж дарамталж, 1 сарын дараа ажилд эгүүлэн томилно гэсэн, ажил хийхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул хүсэлтээ өгч ажлаас чөлөөлөгдсөн..., би хуулийн хугацаанд буюу 2024.05.13-ны өдөр “*****-н ***** хороонд, мөн 05 дугаар сард тус аймгийн ******** хэлтэст өргөдөл өгч, хариуг хавсарган шүүхэд хандсан...” гэж тайлбарласан.
8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... С.Б-н хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг 2024.04.22-ны өдөр гардан авсан атлаа хуульд заасан 30 хоногийн хугацаанд гомдол гаргаагүй, “*****-н ***** хороо 2025.01.16-ны өдөр маргаан шийдвэрлэснээс үзэхэд тэрээр хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй..., нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг сэргээлгэх асуудлаар хүсэлт гаргасан, түүнийг шийдвэрлэсэн баримт хэрэгт байхгүй..., С.Б өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж маргасан байна.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “... С.Б-н хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024.04.22-ны өдрөөр дуусгавар болгосон тушаал гарсан, 2024.04.29-ний өдөр тушаалаа гардан авч, ажлаа хүлээлцсэн тухайд зохигч маргаагүй..., нэхэмжлэгч 2024 оны 05 дугаар сард ******** хэлтэст, 2024.05.13-ны өдөр мөн аймгийн ********* хороонд тус тус хандсан гэж тайлбарласан ч түүнийгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, “*****-н ***** хорооны 2025.01.16-ны өдрийн 01 дугаартай “Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл” хэрэгт авагдсан ч хэзээ хандсан нь тодорхойгүй, нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.2-т заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн...” гэж дүгнэсэн.
10.Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа: “...нэхэмжлэгч нь 2024.04.22-ны өдрийн Б-114 дугаар тушаалыг мөн өдөр гардан авч, “*****-н ***** хороонд гомдол гаргасан, тус хорооны 2025.01.16-ны өдрийн тэмдэглэлийг хүлээн авч, 2025.02.05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацааг зөрчөөгүй..., ажилтан өөрийн санаачилгаар бус хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай тушаалыг эс зөвшөөрч холбогдох газарт хандаж байсан, ... хөдөлмөрийн гэрээг цуцлах агуулга бүхий ажилтны хүсэлт хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөлгүй, ажилтны өөрийнх нь сайн дурын хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой. Гэвч хэрэгт авагдсан баримтаар ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй.” гэсэн дүгнэлт хийжээ.
11.Дээрх байдлаар хоёр шатны шүүх эрх зүйн өөр дүгнэлт хийж зөрүүтэй шийдвэр гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн эсэх талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцүүлэв.
12.Нэхэмжлэгч С.Б “Т” ХК-ийн Уул уурхай, технологийн газрын уурхайн төлөвлөлт, ашиглалтын хэлтсийн засвар үйлчилгээний албаны захиргаа, үйлчилгээний жолоочоор 2023.08.07-ны өдрөөс ажиллаж эхэлсэн, тус компанийн гүйцэтгэх захирлын 2024.04.22-ны өдрийн Б-114 дугаартай тушаалаар түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг мөн өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлсөн, “*****-н ***** хорооны 2025.01.16-ны өдрийн 01 дугаартай тэмдэглэл хэрэгт авагдсан ба үүнд талууд харилцан тохиролцоогүй болохыг тусгасан, нэхэмжлэгч 2025.02.05-ны өдөр уг тэмдэглэлийг хавсарган шүүхэд хандсан үйл баримт тогтоогджээ.
Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргасан эсэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг өөрөө гаргасан эсэх нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болжээ.
13.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй.
14.Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн 2024.04.22-ны өдрийн тушаалыг 2024.04.29-ний өдөр гардан авснаас хойш “*****-н ***** хороонд 2024.05.16-ны өдөр өргөдөл гаргасан гэж тайлбарлаж, тус хорооны 2025.01.16-ны өдрийн хурлын тэмдэглэлийг нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн.
14.1.Тэмдэглэлд С.Б-н хэзээ гаргасан гомдлыг хэлэлцсэн талаар тусгаагүй байх боловч уг хурлын тэмдэглэлд “хурал даргалагчийн: “...манай хорооны зүгээс албан ажил давхцах, амралт таарах зэргээр гишүүд бүрэлдэхгүй, ажил олгогч тал гомдол гаргагч иргэдийн материалтай танилцах хугацаа авах, оны амралт давхацсан зэрэг асуудлаар хуралдах боломж бүрдэхгүй хугацаа алдсан, энэ тал дээр та бүгдээс хүлцэл өчье...” гэсэн тайлбар тусгагдсанаас гадна ажил олгогч “Т” ХК-ийн төлөөлөгч П.Н уг хуралд оролцож, С.Б-г гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй гэж эсэргүүцсэн тайлбар гаргаж байгаагүй зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн “...хуульд заасны дагуу бүх шатандаа өргөдлөө өгөөд явсан, гурван талт хороо ирц бүрдээгүй, болоогүй байна гэсээр 8 сарын дараа хариу өгсөн...” гэсэн тайлбарыг үндэслэн тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд гомдол гаргасан гэж үзэхээр байна.
14.2.Тухайн үед ажил олгогч “Т” ХК-ийн дэргэд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй байсан болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбарласан бөгөөд гурван талт хорооны ирц бүрдээгүй шалтгаанаар хуралдахгүй байсан явдалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй болохыг анхан шатны шүүх анхаараагүй байна.
14.3.Талууд “*****-н ***** хорооны 2025.01.16-ны өдрийн 01 дугаартай тэмдэглэлийг гардан авч шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацааны талаар хэн аль нь маргаагүй байна.
14.4.Анхан шатны шүүх “...нэхэмжлэгчийг хуульд заасан 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаагүй, сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хугацаа хэтрүүлж хандсан...” гэж дүгнэсэн нь хэргийн дээрх нөхцөл байдалд нийцээгүй, үндэслэл бүхий болж чадаагүй ба давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн алдааг залруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэн тул “...тэмдэглэлийг болон нэхэмжлэгчийн амаар гаргасан тайлбарыг үндэслэлээ болгосон нь хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн...” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдол үндэслэлгүй.
15.Нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан тул ажил олгогч “Т” ХК-ийн гүйцэтгэх захирлын Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай 2024.04.22-ны өдрийн Б-114 дүгээр тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн эсэхийг дүгнэх учиртай.
15.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болох нэг үндэслэл нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан гаргасан байхаар зохицуулсан.
Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцлахад ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байх учиргүй бөгөөд ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргасан байх ёстой.
15.2.Ажил олгогчийн Б-114 дүгээр тушаалд “…жолооч С.Б-н хүсэлтийг харгалзан…” гэж заасан ба нэхэмжлэгч ийнхүү өргөдөл гаргах болсон учир шалтгааныг “…захирал солигдсон тул намайг удаа дараа шахаж дарамталж, 1 сарын дараа ажилд эгүүлэн томилно гэсэн, ажил хийхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн ... би өргөдөл дээрээ удирдлагын гаргасан саналын дагуу гэж бичсэн байгаа...” гэж анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр тайлбарласан.
Энэ тохиолдолд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 159 дүгээр зүйлийн 159.3-т тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Гэтэл хариуцагч нь энэ үүргээ биелүүлээгүй буюу С.Б-н гаргасан хүсэлтийг нотлох баримтаар гаргаж шүүхэд ирүүлээгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан үйл баримтын тухайд маргаагүй, өргөдөлд “удирдлагын гаргасан саналын дагуу” гэх үг бичигдээгүй гэж тайлбарлаж байна. Хэрэв өргөдөл бичгээр гаргасанд маргаагүй бол хариуцагчид уг өргөдөл хадгалагдаж буй тул өргөдлийг нотлох баримтаар өгөх боломж хариуцагчид байсан буюу өргөдөлд “удирдлагын гаргасан саналын дагуу” гэж бичигдээгүй болохыг нотлох үүрэгтэй. Энэ үүргээ хариуцагч биелүүлсэнгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өөрийнх нь ажил олгогчид хандаж сайн дураар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж өргөдлөө гаргасны үндсэн дээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болохыг буюу тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсныг хариуцагч нотлоогүй гэж үзнэ.
15.3.Иймд давж заалдах шатны шүүх С.Б-г ажлаас чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн ажилд эгүүлэн тогтоож, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.
16.Харин давж заалдах шатны шүүх хөдөлмөрлөх эрхийн маргаанд Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийг /хүсэл зоригийг тайлбарлах/ болон 189 дүгээр зүйлийг /гэрээний чөлөөт байдал/ тус тус тайлбарлан хэрэглэсэн нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т нийцээгүй байгааг дээрх байдлаар залруулан дүгнэхээс гадна нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хууль хэрэглээгүй, үр дагаврыг бүрэн шийдвэрлээгүй орхисон алдааг залруулах нь зүйтэй гэж үзэв.
Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 203/МА2025/00029 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 144/ШШ2025/00117 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар С.Б-г “Т” ХК-ийн Уул уурхай, технологийн газрын уурхайн төлөвлөлт, ашиглалтын хэлтсийн засвар үйлчилгээний албаны захиргаа, үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 25,642,635 төгрөгийг “Т” ХК-аас гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгож, С.Б-н эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч “Т” ХК-д даалгасугай.” гэж,
2 дахь заалтын “... гэж тус тус өөрчлөн ...” гэснийг “ ... гэсэн нэмэлт оруулж ...” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2025.07.03-ны өдөр төлсөн 286,163 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Э.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД