Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 75

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор В.Дэлгэрмаа

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

Цагаатгагдсан этгээд  Ж.Э

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Н.Энхжаргал, П.Өлзийбаяр

                      Нарийн бичгийн дарга Д.Номингоо нарыг оролцуулан;

                              

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/277 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцлээр Ж.Э ад холбогдох эрүүгийн 1914004600031 дугаар хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Монгол улсын иргэн, овогт Ж.Э , 1957 оны 7 дугаар сарын 27-нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль хамгаалагч-экологич мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, улсаас “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдаж байсан, ял шийтгэлгүй,

 

Ж.Э  нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Нарийн гүүрний орчимд байрлах асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 19-32 БНХ улсын дугаартай УАЗ фургон маркын тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад замын хажуугийн далан руу онхолдож унаж улмаар зорчиж явсан Н.Амгалангийн амь насыг хохироож, 2 сартай хүүхэд Н.Жаргалбаярын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

              Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ж.Э ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8, 36.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Жанцангийн Эрдэнэбатад холбогдуулан Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Э ыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Ж.Э ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Шүүгдэгч Ж.Э  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1,

дүгээр зүйлийн 2.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар Ж.Э ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг эд мөрийн баримтаар хураан авсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг үнэмлэхийг эзэмшигч Ж.Э ад хэрэгцээний дагуу буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.9 дүгээр зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч Ж.Э ын эзэмшлийн Баянхонгор аймгийн Баацагаан сумын 7-2-1 тоотод байрлалтай 76 мкв талбайтай байшинг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Прокурор В.Дэлгэрмаагийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 49 дүгээр эсэргүүцэлд: Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй буюу шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд шийдвэрлээгүй гэж үзэхээр байна.

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулж, эх сурвалжаар магадлах зэргээр шинжлэн судалж дүгнэлт хийлгүйгээр хэргийг цагаатгасан байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6.“зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгохоор тодорхойлсон байдаг.

Дээрхээс үзэхэд яллагдагч Ж.Э ын үйлдэл нь зам тээврийн осолд багтаж байгаа бөгөөд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг автотээврийн хэрэгслийн жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн байхыг ойлгохоор хуульчилсан байдаг.

Харин яллагдагч Ж.Э ын хувьд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргасан нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг хэрэгт хууль ёсны дагуу авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд замын хөдөлгөөний дүрэм зөрчсний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, бусдын амь насыг хохироосон нь дээрх гэмт хэргийг шинжийг бүхэлд хангаж байгаа болно.

Шүүхээс дээрх нөхцөл байдалд бодитоор үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр тухайн жолоочийн унаж явсан тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байдлыг хангасан, мөн дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүхээс тээврийн хэрэгслийн дугуй хагарах нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэсэн заалтыг удирдлага болгон Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтээс шүүгдэгчид ашигтай заалтыг үнэлж хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна.

Иймд шүүгдэгч Ж.Э ад холбогдох эрүүгийн 1914004600031 дугаартай хэргийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/277 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор В.Дэлгэрмаа гаргасан дүгнэлтэндээ: Хэрэгт авагдсан баримтаар тухайн үед осол болж гэмт хэрэг үйлдэгдсэн тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хурд хэтрүүлээгүй явсан гэдгийг гэрч, хохирогч нар мэдүүлдэг. Прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хуулийг тайлбарлаж хэрэглэхэд эргэлзээтэй байвал шүүгдэгчид ашигтай байдлаар тайлбарлаж хэрэглэнэ. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “...хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй...” гэж, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” хэмээн тус тус хуульчилжээ.

 

Ж.Э ад холбогдох 1914004600031 тоот хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлахад Прокурорын газраас Ж.Э ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Нарийн гүүрний орчимд байрлах асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 19-32 БНХ улсын дугаартай УАЗ фургон маркын тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад замын хажуугийн далан руу онхолдож унаж улмаар зорчиж явсан Н.Амгалангийн амь насыг хохироож, 2 сартай хүүхэд Н.Жаргалбаярын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй байх бөгөөд хэргийн талаар дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь үндэслэл бүхий болжээ.

 

Учир нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаас харахад “... автомашины урд талын дугуй хагарснаас дээрх авто осол гарсан...”, “... дугуйнууд стандартын шаардлага хангаж байсан...”, “... жолооч дугуй хагарснаас үүдэн тоормоз гишгэн автомашиныг зогсоох арга хэмжээг авсан...” зэрэг нөхцөл байдлууд нь тогтоогдсон байх тул шүүгдэгч Ж.Э ыг хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан хэмээн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Прокурорын “... Ж.Э ын хувьд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсний улмаас осол гарсан, гэм буруутай...” хэмээн эсэргүүцлийн үндэслэлээ тайлбарласан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч нь ослын улмаас тэр даруй автомашиныг зогсоох өөрөөс шалтгаалах арга хэмжээг яаралтай авсан болох нь дээрх нөхцөл байдлуудаар тогтоогдсон байх бөгөөд автомашины дугуй хагарах үйл явцыг жолооч урьдаас мэдэх боломжгүй тул прокурорын гаргасан эсэргүүцлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах  шатны шүүхээс дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/277 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын 2020 оны 49 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.