| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 183/2024/04040/И |
| Дугаар | 001/ХТ2025/00136 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2025/00136
Г.Эийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Э.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/01525 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 210/МА2025/00690 дүгээр магадлалтай,
Г.Э-ийн нэхэмжлэлтэй
“Ү” ХХК-д холбогдох
Талуудын хооронд байгуулагдсан 2023.04.07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Сүхбаатар дүүрэг, ... дүгээр хороо, 7 дугаар хороолол, ... байр, ... тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр хүү Э.Цэнгүүнийг тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй,
Орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, олох байсан орлого 14,072,500 төгрөг, үйлчилгээний хөлсөнд төлсөн 300,000 төгрөг, нийт 14,372,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Г.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч “Ү” ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2023.04.07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Сүхбаатар дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... байр, ... тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр хүү Э.Ц-ийг тогтоолгох үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч “Ү” ХХК нь нэхэмжлэгч Г.Э-д холбогдуулан маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, олох байсан орлого 14,072,500 төгрөг, үйлчилгээний хөлсөнд төлсөн 300,000 төгрөг, нийт 14,372,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/01525 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 106 дугаар зүйлийн 106.1, 95 дугаар зүйлийн 95.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Ү” ХХК-д холбогдох Г.Э болон “Ү” ХХК-ийн хооронд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Сүхбаатар дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... байр, ... тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-22....... дугаартай орон сууцны өмчлөгчөөр Э.Ц-ийг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... байр, ... тоот 85.6 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Г.Э-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч Г.Э-өөс 4,047,500 төгрөг гаргуулж хариуцагч "Ү" ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 10,325,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Г.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,278,554 төгрөг, хариуцагч “Ү”-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 300,020 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Э-өөс 149,910 төгрөгийг гаргуулж хариуцагч “Ү” ХХК-д олгож шийдвэрлэсэн.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 210/МА2025/00690 дүгээр магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/01525 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 56.1.3... гэсний дараа 56.5 гэж нэмж, ...95 дугаар зүйлийн 95.1... гэснийг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,278,554 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгч Г.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Иргэн Г.Э миний бие нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 210/МА2025/00690 тоот магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1, 172.2.2, 172.2.3-т заасныг үндэслэн хяналтын гомдол гаргаж байна.
4.1. Анх БНХАУ-ын "Ү" ХХК-тай 2022.06.29-ний өдрийн 0993 тоот "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулж, 272,260,320 төгрөгийн үнэ бүхий дээврийн сэндвич, хүрээ төмрийг зээлээр худалдан авч, 2023 оны 04 сар гэхэд төлбөрөөс 62,179,600 төгрөгийг төлж 210,080,720 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Зээлийн барьцаанд тавигдсан Сүхбаатар дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... байр ...тоот орон сууц нь манай гэр бүлийн хамтран өмчлөл, эзэмшилд буй үл хөдлөх хөрөнгө бөгөөд зээлийн барьцаанд тавих үед төрсөн хүү Э.Ц-дээ гэрээгээр шилжүүлсэн байсан. Орон сууцны өмчлөх эрхийг "Ү" ХХК-ийн хүсэлтээр, зээлийн барьцаанд тавих зорилгоор нэр дээр нь түр шилжүүлсэн.
“Ү” ХХК нь маргаан бүхий орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлсний дараа 2023.05.26-ны өдөр “Хаан банк” ХК-тай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 300,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай зээл авсан байсан. Миний бие өөрийн боломж бололцоогоор төлбөр төлж байсан зэрэг үйл баримтууд нь талуудын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон хэдий ч анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь эдгээр хөдөлшгүй нотлох баримтуудад огт дүгнэлт өгөөгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан, Г.Э миний зээлдэгчийн дарамт шахалт доор, мөн зөвхөн зээлийн барьцаанд тавина, өөр зорилгогүй гэх хуурамч амлалтад нь итгэж, гараараа бичсэн "... зээлийг хугацаандаа төлөхгүй бол орон сууцыг үл маргах журмаар өгнө" гэх агуулга бүхий нотариатаар баталгаажуулаагүй, Э.Ц болон гэр бүлийн бусад гишүүдэд огт мэдэгдээгүй ганцхан нүүр, хуудсаар хэрэг маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдол бүхий хүсэлтүүд болох гэрч асуулгах, гуравдагч этгээд татан оролцуулах, баримт гаргуулах хүсэлтүүдийг хангахаас татгалзсан нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн. Иргэний шүүх нь маргааныг шударгаар шийдвэрлэхийн тулд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэх, хариуцагч нь зээлийн төлбөрийг хүлээн авч байсан эсэх, мөн халхавчлуулж буй хэлцэл хэрэгжсэн эсэх талаар зайлшгүй тодруулж шалгах ёстой байсан. Хавтаст хэрэгт авагдсан, зээл төлөх тухай амлалт бичгийг Г.Э миний бие нь зээлдэгчийн дарамт шахалт доор, мөн зөвхөн зээлийн барьцаанд тавина, өөр зорилгогүй гэх хуурамч амлалтад нь итгэж бичсэн бөгөөд энэ бүх хэлцэл, тохиролцоо, амлалт, гэрээг өөрийн хүү Э.Ц, эхнэр Г.О болон гэр бүлийн бусад гишүүнд огт мэдэгдээгүй.
Эдгээр бүхий л гомдол, санал, хүсэлтээ давж заалдах шатны шүүхэд гаргаж, хэргийг шударгаар шийдвэрлэнэ хэмээн найдаж, итгэж, хүлээж байсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4-д "Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ." хэмээн заасныг зөрчиж, "... сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд зохигч нь давж заалдах гомдол гаргаагүй тул шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй." хэмээн дүгнэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна.
Учир нь нэхэмжлэгчийн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан тул давж заалдах шатны шүүх нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гаргасан шүүхийн шийдвэрийг мөн магадлан хянах ёстой байсан.
4.3. Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн.
Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 17 тоот тогтоолын 5.2-д “Энэ зүйлийн 56.1.2-т заасан "дүр үзүүлэн хийсэн хэлцэл" нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно”, 5.3-д “Мөн зүйлийн 5.1.3-т заасан "өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл" гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино.” хэмээн тайлбарласан байна. Дээрх хуулийн тайлбарт нийцэхүйц үйл баримт, маргаан, хэлцэл энэ хэрэг маргаанд хангалттай тогтоогдсон, талуудын тайлбар мэтгэлцээнээр давхар нотлогдсоор байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд огт дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэгчийн эсрэг хуулийг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.
Хариуцагч "Ү" ХХК нь 2022.06.29-ний өдрийн 0993 тоот "Худалдах, худалдан авах гэрээ" -ний дагуу гэрээний үүрэгт 66,000,000 (62,100,000+3,900,000) төгрөг хүлээн аваад зогсохгүй, 5 ам бүлтэй айлын гал голомтыг дүр үзүүлсэн гэрээний аргаар булаан авч, завшсан тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, иргэний хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 001/ШХТ2025/00662 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгч Г.Э-ийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ
6. Нэхэмжлэгч Г.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
7. Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч “Ү” ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2023.04.07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22....... дугаартай орон сууцны өмчлөгчөөр хүү Э.Ц-ийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “... Нэхэмжлэгч анхнаасаа орон сууц худалдах санаа зорилгогүй байсан бөгөөд дүр үзүүлсэн гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн” гэж тодорхойлсон.
8. Хариуцагч “Ү” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... Нэхэмжлэгчээс худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч ... барагдуулаагүй. ... барьцаанд үлдсэн Э.Ц-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... байр ... тоот орон сууцны өмчлөх эрхийг “Ү” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан. Тус гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах, эсхүл дүр үзүүлэн хийсэн хэлцлийн шинжийг агуулаагүй” гэжээ.
9. Хариуцагч “Ү” ХХК нь нэхэмжлэгч Г.Э-д холбогдуулан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22....... дугаартай орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, 14,372,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, үндэслэлээ “... Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл хариуцагчийн өмчлөлийн орон сууцыг үнэ төлбөргүй эзэмшиж ашигласаар байгаа тул албадан чөлөөлүүлэх, орон сууцыг хөлсөлсөн тохиолдолд 2024 оны 01 дүгээр сараас 2024.08.01-ний өдрийг хүртэлх хугацааны олох байсан орлого 14,072,500 төгрөг, лавлагаа гаргуулахад төлсөн 300,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлтэй. ...” гэж тодорхойлсон.
10. Нэхэмжлэгч Г.Э нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... Худалдах-худалдан авах гэрээ бодитоор хийгдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Төлбөрийн үлдэгдэл 4,100,000 төгрөгийг хүлээн авсан нь гэрээний харилцаа ... байгааг нотолж байна. ... гэрээ бодитоор хийгдсэн гэж үзэж байсан бол 4,100,000 төгрөгийг буцааж шилжүүлэх байсан. Бидний зүгээс төлбөрөө төлөх талаар илэрхийлсээр байтал хариуцагч нь удаа дараа албан бичиг явуулан анхны тохиролцоогоо зөрчиж байсан тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэх нэмэлт тайлбар гаргасан байна.
11. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 4,047,500 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, үлдэх 10,325,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Шүүх шийдвэрийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Магадлалд “... талуудын хооронд Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-т заасан эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. ... гэрээ хүчин төгөлдөр тул үндсэн нэхэмжлэл хангагдахгүй. ... Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардсан тул маргаанд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтална. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу хариуцагч нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчийн хувиар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардсан тул шүүх тус хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-т заасныг баримталсан нь буруу тул залруулах үндэслэлтэй.” гэж дүгнэсэн.
13. Нэхэмжлэгч Г.Э-ийн анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын талаар алдаатай эрх зүйн дүгнэлт өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр тайлбарлан хэрэглэсэн гэх агуулгатай хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 173 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэн мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэл буюу хоёр шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт өөр хоорондоо болон хууль зүйн тогтсон хэрэглээнээс өөр гэх үндэслэлээр хүлээн авч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.
14. Хоёр шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий дараах үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн адил тогтоосон байна. Үүнд:
15. Үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт зарчмын ялгаагүй байх боловч агуулгын хувьд буюу эрх зүйн тодорхой харилцааны тухайд ялгаатай гэж үзэхээр байна. Тодруулбал, сөрөг нэхэмжлэлийн олох байсан орлогыг гаргуулах шаардлагад холбогдох хууль хэрэглээний тухайд анхан шатны шүүх Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсгийг баримталсан бол давж заалдах шатны шүүх энэ зүйл, заалт хэрэгт хамааралгүй гэж үзсэн байна.
Харин давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн талаар хариуцагч гомдол гаргаагүй тул энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөхгүй гэсэн атлаа сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан анхан шатны шүүхийн баримталсан Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсгийг хасахаар шийдвэрлэсэн нь өөр хоорондоо зөрчилтэй, хэргийг бүхэлд нь хянах давж заалдах шатны шүүхийн чиг үүрэгт нийцээгүй дүгнэлт хийжээ. Учир нь анхан шатны шүүхийн баримталсан Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэг гагцхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах бөгөөд хэрэв мөн зүйл, заалтыг хэрэглэх ёсгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн бол энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөлгүйгээр хасах хууль зүйн боломжгүй.
Түүнчлэн хэргийг бүхэлд нь хянах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу давж заалдах шатны шүүхийн үндсэн чиг үүрэг тул зохигч гомдол гаргаагүй үндэслэлээр эрх зүйн дүгнэлт өгөхөөс татгалзах боломжгүйг тайлбарлавал зохино.
16. Хоёр шатны шүүх дээр дурдсанчлан Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсгийг хэрэглэх эсэх асуудлаар ялгаатай дүгнэлт өгсөн ба хяналтын шатны шүүхээс энэ талаар дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 95 дугаар зүйл нь шударга бус эзэмшигчийн эдлэх эрх, хүлээх үүргийг зохицуулсан бөгөөд шударга бус эзэмшигч нь маргаж буй эд зүйлийг эзэмшилдээ байлгах хууль ёсны эрхгүйн зэрэгцээ эд хөрөнгийг эзэмшилдээ байлгах ёстой хэмээн субьектив байдлаар ч итгэж үнэмших боломжгүй хууль бус эзэмшигч байдаг. Өөрөөр хэлбэл, хууль бус байх шинжээрээ шударга эзэмшигчтэй адил боловч шударга итгэл үнэмшлийн шалгуурыг хангадаггүйгээрээ шударга эзэмшигчээс ялгаатай.
17. Тус хэргийн хувьд нэхэмжлэгч Г.Э-ийг маргаан бүхий орон сууц (Ү-22.......)-ны хууль бус эзэмшигч гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу биш. Түүнчлэн Г.Э нь өөрийгөө уг үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхтэй гэж шударгаар итгэж үнэмших боломжтой байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, Г.Э нь уг эд хөрөнгөө “Ү” ХХК-д шилжүүлэхээр байгуулсан хэлцлээ хүчин төгөлдөр бус гэж хожим маргаж байгаа нь уг эд хөрөнгийг эзэмших эрхтэй гэж субьектив байдлаар итгэж найдах үндэстэй болохыг нотлохгүй. Иймд түүнийг Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д заасан хууль бус бөгөөд шударга бус эзэмшигч гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй. Улмаар анхан шатны шүүх орон сууцыг чөлөөлүүлэх тухай мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн авсан өдөр болох 2024.07.01-ний өдрөөс эзэмшил нь хууль бус гэж үзсэн байна.
Хариуцагч нь Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс эд хөрөнгийн үр шим, орох байсан орлогыг шаардах эрхтэй эсэхийг тогтоохын тулд шаардлагаа холбогдуулж буй этгээд нь эд хөрөнгийг бодитой эзэмшиж байх урьдчилсан нөхцөл хангагдсан байвал зохино. Зохигч талууд энэ талаар маргаагүй байх бөгөөд орон сууцны өмчлөх эрх хариуцагч “Ү” ХХК-д шилжиж ирэхээс өмнө нэхэмжлэгчийн төрсөн хүү Э.Ц-ийн өмчлөлд байсан талаар хэрэгт нотлох баримт авагдсан, нэхэмжлэгчийн орон сууцны эзэмшлийн талаарх үйл баримтыг зохигч маргаагүй байна. Иймд шударга бус эзэмшигчээс эд хөрөнгийн үр шим, олох байсан орлогыг гаргуулах сөрөг шаардлагын урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна.
18. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Э-өөс 4,047,500 төгрөг гаргуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсгийг, мөн хуулийн 21... дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгтэй давхар баримталжээ. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийн хууль бус эзэмшигчээс үр шимийг шаардах эрхийн заалтыг, хоёр талын үүрэг бүхий харилцаанд үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирлыг шаардах эрхийн заалттай давхар хэрэглэн орон сууцыг бусдад хөлслүүлсэн бол олох байсан орлого гэх 4,047,500 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгохоор заасан.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан эдгээр заалтуудаас өмчийн эрхийн шаардах эрхийн заалт болох Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсгийг давж заалдах шатны шүүх хасаж, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг үлдээж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр буруутгахааргүй байна.
1. Тус хэргийн тохиолдолд нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж мэтгэлцсэн бөгөөд үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан дүр үзүүлсэн болон халхавчилсан хэлцэл гэж тайлбарласан. Хоёр шатны шүүх өмч шилжүүлсэн үүргийн ба өмчийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэг талаас орон сууцны өмчлөгч Э.Ц нөгөө талаас хариуцагч “Ү” ХХК-ийн хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон худалдах-худалдан авах гэрээг хууль зөрчөөгүй хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Тодруулбал, нэхэмжлэгч Г.Э 2022.06.29-ний өдөр хариуцагч “Ү” ХХК-тай хийсэн хүрээ төмөр, сэндвичийг худалдах-худалдан авах гэрээний үүргээ зөрчиж, нийт 272,260,320 төгрөгийг төлөх ёстойгоос 2023.04.07-ны өдрийг хүртэл хугацаанд 62,179,600 төгрөг төлж үлдэгдэл 210,080,720 төгрөгийг төлөөгүй байсан нөхцөл байдлаас шалтгаалан талууд 2023.04.07-ны өдөр Э.Ц-ийн өмчлөлийн орон сууцыг үлдэгдэл төлбөрт тооцон шилжүүлэх, ингэхдээ болзол заан, тодорхой хугацааны дотор (2023 оны дотор) энэ төлбөрийг төлбөл буцаан худалдаж авах эрхийг эдлүүлэхээр тохиролцсон нь тогтоогдож байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан хоёр шатны шүүх зохигчийн хооронд маргаан бүхий орон сууцны талаар Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-д заасан Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэснийг буруутгахгүй. Тус гэрээ нь буцаан худалдах худалдан авах болзолтой хэлцлийн үндсэн шинжийг бүрэн хангаж байх ба аливаа үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дагалдах үүрэг үүсгэх зорилгоор байгуулагдсан гэхээс илүүтэй үүрэг биелэгдэхгүй тодорхой хугацаа өнгөрсний дараа үүрэг бүхий этгээдэд буцаан худалдан авах болзлыг хугацаа тогтоон олгож, төлбөрийн үүрэгтэй ойролцоо үнийн дүн бүхий хөрөнгийг тооцохоор тохирсон, нэмэлт үүрэг бус, бие даасан хэлцэл байна. Энэ гэрээний үндсэн дээр орон сууцыг шилжүүлэн авах эрх бүхий этгээд болох хариуцагч “Ү” ХХК гэрээг байгуулахдаа худалдагч талд илтэд шударга бус хандсан, давамгайлсан, аргагүй байдлыг нь далимдуулсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байхаар заасан. Энэ нь хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан хэлцлийн хувьд үйлчлэхгүй. Учир нь орон сууцны тухайн үеийн зах зээлийн үнэ, биелэгдээгүй өр төлбөрийн дүнгийн тухайд илэрхий ноцтой зөрүү байсныг тогтоох баримт хэрэгт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч энэ талаар маргаагүй, 2023 оны дотор 210,080,720 төгрөгийг төлж буцаан худалдан авах эрхтэй байхаар тохирч байсан нь хавтаст хэргийн 56, 57 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдсон.
2. Нэг талаас өмчлөгч Э.Ц, нөгөө талаас хариуцагч “Ү” ХХК-ийн хооронд байгуулсан буцаан худалдан авах болзолтой хэлцэл нь ийнхүү хүчин төгөлдөр үүргийн хэлцэл байх ба түүнд суурилж өмч хариуцагчид шилжсэн байна. Хэлцлийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд өмчлөх эрх шилжихийн зэрэгцээ шилжүүлэн авч буй этгээд шаардсан бол эд хөрөнгийг эзэмшлийг ч давхар шилжүүлэх үүрэгтэй. Харин тус хэргийн тохиолдолд маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх шилжсэн боловч хариуцагч бодит эзэмшлийг тодорхой хугацааны дотор шаардаагүй байна. Харин ийнхүү хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээг үндэслэн, худалдагчийн буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлэх хугацаа дууссанаас хойш орон сууцны эзэмшлийг шилжүүлэх шаардлагыг хариуцагч талаас хэд хэдэн удаа гаргасан байх ба эдгээр мэдэгдлүүд хэрэгт нотлох баримтаар авагджээ.
Хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээг үндэслэн худалдан авагч нь эзэмшил шилжүүлэх шаардлагыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу тавих эрхтэй бөгөөд худалдагч талаас энэ үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, гэм буруутайгаар зөрчсөн бол үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу худалдан авагчид хадгалагдана. Энэ агуулгаар хоёр талын гэрээнд үүрэг зөрчигдсөний улмаас хохирол шаардсаныг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үндэслэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт, мөн хоёр төрлийн шаардах эрхийн аль алиныг эдлэх боломжтой ч нэг шаардах эрхийг шийдвэрийн тогтоох хэсэгт тухайлан зааж, нөгөө шаардах эрхийг тогтоох хэсгээс хассан давж заалдах шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний үндэслэлийг үүгээр тодруулав.
Дээрх байдлаар хоёр шаардах эрхийн нэгийг үлдээж, нөгөөг хасах замаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлаагүй давж заалдах шатны шүүхийн алдааг залруулав.
19. Нэхэмжлэгч хоёр шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар гомдолдоо дурдсан байх ба энэ талаарх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй.
Эдгээр үндэслэлээр 2023.04.07-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж тогтоох боломжгүй талаар дүгнэж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.
20. Хоёр шатны шүүх нэхэмжлэгч Г.Э нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр өөр этгээдийг, тэр дундаа эрх зүйн бүрэн чадамжтай этгээдийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасанд дүгнэлт өгөөгүй. Орон сууцны өмчлөгчөөр Э.Ц-ийг тогтоолгох тухай нэхэмжлэгч Г.Э-ийн шаардлага нь хууль зүйн ямар үндэслэлээр дэмжигдэх талаар тодруулаагүй алдаа гаргасныг дурдах нь зүйтэй.
Гэвч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тодорхойлон нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэ талаар тодруулсан хяналтын шатны шүүх хуралдаанд “... Э.Ц нь миний төрсөн хүү учраас энэ шаардлагыг гаргасан” гэх агуулга бүхий тайлбар өгсөн. Энэ тохиолдолд маргаан бүхий хэлцэл байгуулах үед Э.Ц нь нэгэнт насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай этгээд байх ба өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхийг Г.Э-д олгосон талаарх баримт хэрэгт үгүй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй тухай заасан бөгөөд өмчлөгчөөр тогтоолговол зохино гэж үзэж байгаа этгээдийн тусын тулд нэхэмжлэл гаргахад тухайн этгээдтэй садан төрлийн хамааралтай байх нь дангаараа үндэслэл болох эсэх нь эргэлзээтэй. Гэвч тус хэргийн хувьд өнгөрсөн хугацаанд маргаан бүхий орон сууцны талаар байгуулсан зарим хэлцэлд Э.Ц-ийг түүний эцэг Г.Э төлөөлж байсан үйл баримтыг дээрх садан төрлийн холбоотой хамтатган авч үзвэл хэлцлийн улмаас бий болох эдийн засгийн үр дагавар түүний хүүхдэд учирсныг Г.Э-ийн эрх ашиг хөндөгдөх үр дагавартай адилтган ойлгон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан сонирхогч этгээд гэж үзэж болох юм.
Иймд Г.Э-ийн гаргасан Э.Ц-ийг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийг баримтлан шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн процесс ажиллагааг буруутгахгүй.
21. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч Г.Э-ийн анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын талаар алдаатай эрх зүйн дүгнэлт өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр тайлбарлан хэрэглэсэн гэх агуулга бүхий гомдлыг хангахаас татгалзаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 210/МА2025/00690 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Г.Э нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.06.03-ны өдөр 1,278,554 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН