Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2020/ДШМ/077

 

Б.Ө, Э.П нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******, *******

Шүүгдэгч Б.Ө , Э.П

Нарийн бичгийн дарга Ч.Жавзансүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор Б.Ө , Э.П нарт холбогдох эрүүгийн 2014000000185 дугаар хэргийг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, овогт Э.П , ...... улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2015 оны 03 дугаар 09-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2017 оны 06 дугаар сарын 30-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

2017 оны 02 дугаар сарын 03-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар 18 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан,

Монгол улсын иргэн, овогт Б.Ө , .......... оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2013 оны 6 дугаар сарын 11-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 2 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

2017 оны 02 дугаар сарын 03-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

2017 оны 06 дугаар сарын 30-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,

Э.П , Б.Ө  нар нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх толгой 2 дугаар багийн нутаг “Цанхир хонд” гэх газраас иргэн *******ийн олон тооны мал болох 9 тооны ямааг Тоёота чейзер маркийн 68-37 БНХ улсын дугаартай авто машин механизм ашиглан бүлэглэн хулгайлж бусдад 920.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Б.Ө  нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Угдайн эх” гэх газраас иргэн *******гийн эзэмшлийн ишигтэй 2 тооны буюу нийт 4 тооны ямааг тоёота

пробокс маркийн 13-80 БНР улсын дугаартай авто машин механизм ашиглан хулгайлж бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Ө , Э.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Э.П , Тариачин овогт Б.Ө  нарыг бүлэглэн, машин механизм ашиглан, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Ө ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Э.П ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Э.П ид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Ө т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Б.Ө , Э.П нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота чейзер маркийн 68-37 БНХ улсын дугаартай машины үнэ 1.500.000 төгрөг, Тоёота пробокс маркийн 13-20 БНР улсын дугаартай авто машины үнэ 6.500.000 төгрөгийг, нийт 8.000.000 төгрөгийг болох шүүгдэгч Б.Ө аас 7.250.000 төгрөг, шүүгдэгч Э.П аас 750.000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгож, хэрэгт битүүмжилсэн *******гийн эзэмшлийн... Тоёото чейзер маркийн 68-37 БНХ улсын дугаартай авто машин...ыг, *******гийн эзэмшлийн  Тоёото пробокс маркийн 13-80 БНР улсын дугаартай авто машин....ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч *******, ******* нарт буцаан олгож, шүүгдэгч Э.П , Б.Ө  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.П , Б.Ө  нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч ******* миний бие шүүгдэгч Э.П , Б.Ө  нарын өмгөөлөгчөөр анхан шатны шүүх хуралдаанд хэргийг хөнгөрүүлэх байр суурьнаас оролцсон бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 226 тоот шийтгэх тогтоолыг хүлээн аваад эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Гомдлын үндэслэл:

 Шүүгдэгч Э.П нь шүүхийн хэлэлцүүлэгт “Өлзийбаяр хулгайн мал гэж хэлээгүй, тэр талаар мэдсэн зүйл байхгүй. Би өр авлагаа авч байна” гэж хулгайн үйлдэлд санаатай, зорилго нэгдэн оролцоогүй тул гэм буруугүй шүүх гэм буруутайд тооцно гэсэн зарчмыг баримтлан мэдүүлсээр хэлэлцүүлэгт оролцсон. Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлгээр гэм буруутай болохыг тооцсон тул шүүхийн хэлэлцсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч эрүүгийн хариуцлагын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг хангасан тул дээрх зүйлүүдийг журамлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээ үзсэн тул гомдлоо гаргаж байна. Иймд 226 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн 6.7-д заасан зарчмыг хэрэглэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Прокурор тус  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус  шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Б.Ө , Э.П нар нь адилхан үйлдэлтэй тул ялыг адилхан оноож өгнө үү гэв.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын  дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл

Э.П , Б.Ө  нар нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх толгой 2 дугаар багийн нутаг “Цанхир хонд” гэх газраас иргэн *******ийн олон тооны мал болох 9 тооны ямааг Тоёота чейзер маркийн 68-37 БНХ улсын дугаартай авто машин механизм ашиглан бүлэглэн хулгайлж бусдад 920.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Б.Ө  нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Угдайн эх” гэх газраас иргэн *******гийн эзэмшлийн ишигтэй 2 тооны буюу нийт 4 тооны ямааг тоёота пробокс маркийн 13-80 БНР улсын дугаартай авто машин механизм ашиглан хулгайлж бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тус тус  тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь 2014000000185 дугаар хэрэгт авагдсан хохирогч *******, *******, гэрч *******, , *******, *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 196, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 292, 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 139, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 289, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 293 дугаар дүгнэлтүүд зэрэг  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн  шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудын цуглуулахдаа хэргийн  оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Э.П , Б.Ө  нар нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх толгой 2 дугаар багийн нутаг “Цанхир хонд” гэх газраас иргэн *******ийн олон тооны мал болох 9 тооны ямааг Тоёота чейзер маркийн 68-37 БНХ улсын дугаартай авто машин механизм ашиглан бүлэглэн хулгайлж бусдад 920.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Б.Ө  нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Угдайн эх” гэх газраас иргэн *******гийн эзэмшлийн ишигтэй 2 тооны буюу нийт 4 тооны ямааг тоёота пробокс маркийн 13-80 БНР улсын дугаартай авто машин механизм ашиглан хулгайлж бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон тэдэнд хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд хорих ял оногдуулжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ө т нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан мөртлөө Э.П ид хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 2-т зааснаар “…Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй..”  гэж заасан байхад анхан шатны шүүх Э.П ид ял оногдуулахдаа үндэслэлгүйгээр хүндрүүлэх нөхцөл байдал заасан байна. 

Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.П ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэм хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх Эрүүгийн хуулийн зорилгыг баримтлан анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.П ид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд өөрчлөлт оруулж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.П ийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх  дүгнэв.

Шүүгдэгч Э.П , Б.Ө  нар нь 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 83 хоног цагдан хоригдсныг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг дурдав.

     Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

  зүйлийн 1.4-т  заасныг  тус тус  удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Ө ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Э.П ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй...” гэснийг

 “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Ө ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Э.П ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй...” гэж

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Э.П ид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Ө т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Э.П ид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Ө т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Э.П , Б.Ө  нарын 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 83 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ,

Б.БОЛОР-ЭРДЭНЭ