Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2025/00144

 

 

 

 

 

 

 

 

 

И-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/01693 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2025/00755 дугаар магадлалтай,

 И-ын нэхэмжлэлтэй

“Ү” ХХК-д холбогдох

 Урьдчилан төлсөн ажлын хөлсний зөрүү 5,177,678,710 төгрөг, гүйцэтгээгүй ажлыг үргэлжлүүлэн дуусгахад шаардлагатай 357,970,512 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн хохирол 1,044,557,703 төгрөг, алданги 2,558,839,355 төгрөг, нийт 9,139,046,280 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, хариуцагчийн төлөөлөгч Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З, төрийг төлөөлж С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Доржнамбар нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч И нь хариуцагч “Ү” ХХК-д холбогдуулан урьдчилан төлсөн ажлын хөлсний зөрүү 5,177,678,710 төгрөг, гүйцэтгээгүй ажлыг үргэлжлүүлэн дуусгахад шаардлагатай 357,970,512 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн хохирол 1,044,557,703 төгрөг, алданги 2,558,839,355 төгрөг, нийт 9,139,046,280 төгрөгийг тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 2. Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/01693 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Ү” ХХК-аас 5,177,678,710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын 3,991,137,499 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Иар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Ү” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 26,046,343.5 төгрөгийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, шинжээчийн зардалд 18,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И-т олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2025/00755 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/01693 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Ү” ХХК-аас 6,580,206,925 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,558,839,355 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... 26,046,343.5 ...” гэснийг “... 33,058,985 ...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд, хариуцагчаас 6,580,206,925 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин хариуцагчаас барилгыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүйн алдангийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1 дэх заалтад зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх нь хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Магадлалын хянавал хэсгийн 5.4-т “Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар үүргийн ноцтой зөрчлийн улмаас ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан тохиолдолд гэрээний улмаас учирсан хохирол шаардах эрхтэй. Гэтэл Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь илүү шилжүүлсэн ажлын хөлс 5,177,678,710 төгрөгийн 50 хувиар тооцож, алданги 2,558,839,355 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн.

Шинжээчийн дүгнэлтээр талуудын гэрээгээр тохиролцсон, цаашид гүйцэтгэж ашиглалтад оруулахад гарах зардлын хэмжээг 5,535,649,222 төгрөг гэж тогтоосон. Шүүхээс Иргэний хуулийн 355.1 дэх хэсэгт зааснаар үүргийн ноцтой зөрчлийн улмаас ажил гүйцэтгэх гэрээг цуцалснаас уг үнийн дүнг нэхэмжлэгч байгууллагад учирсан хохирол гэж тооцсон тул алданги гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Талуудын 2019.09.05-ны өдөр байгуулсан И/ШТ/Б-01/12/56-01 108/19 дугаар гэрээний нэмэлт өөрчлөлтийн 5-д “Талууд 2012.05.10-ны өдөр байгуулсан И/ШТ/Б-01/12/56 дугаар гэрээний тусгай нөхцөлийн 46.0 “Алданги ногдуулах хэмжээг гэрээний үнийн дүнгийн 0.05 хувь байна гэснийг “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байна” гэсэн өөрчлөлт оруулсан.

Иргэний хуулийн тайлбарт 232 дугаар зүйлийг тайлбарлахдаа: анзыг тогтоох гол зорилго нь эхний ээлжид үүрэг гүйцэтгэгчийг гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахад оршдог. Тиймээс ч анзын хэмжээ нь ихэвчлэн анзыг алдахаас зайлсхийхэд үүрэг гүйцэтгэгчид тохиромжтой байдлаар тогтоогддог. Үүнээс гадна үүрэг гүйцэтгүүлэгч нь анзаар дамжуулан өөрт учирсан хохирлын нотолгоог заавал гаргуулалгүйгээр хохирлоо нөхөн төлүүлэх боломжтой болдог гэж тайлбарласан байдаг.

Иймд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 5,535,649,222 төгрөгийн 50 хувиар тооцож, алданги 2,767,824,611 төгрөгийг гаргуулж гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн төлөөлөгч Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаас холбогдох хэсгийг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Энэхүү гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн эрхэм шүүгч та бүхэн анхааралтай уншиж, гэрээт ажлаа хийгээгүй гэм буруутай хариуцагч гэдэг талаас нь биш хэргийг үйл баримт, он сар өдөр, шүүгчийн шинжээч томилуулах болсон шалтгаан, шинжээчийн хуулийн мэдлэггүй дүгнэлт, үүнийг буруугаар тайлбарлаж гаргасан нэхэмжлэл зэргийг ялгаж салгаж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.

5.1. “Ү” ХХК нь И-тай “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийн барилгын ажлыг анх 2011-2013 он хүртэл хийж гүйцэтгээд, 2013.07.15-ны өдөр шүүхээр хэрэг эцэслэн шийдвэрлэж, түүнээс хойш 2018-2019 он хүртэл шинээр гэрээ байгуулж барилгын ажил хийж гүйцэтгэхдээ 2 өөр ажил хийж гүйцэтгэсэн билээ.

“Ү" ХХК нь “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийн барилгын ажлыг 2011 онд эхлүүлсэн боловч 2012 оны 9 дүгээр сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөлгүй барилгын жагсаалтад андуурч оруулан барилга угсралтын ажлыг зогсоосон. Энэ талаар нэхэмжлэгч И нь анх нэхэмжлэл гаргахдаа маш тодорхой дурдаж байсан юм. Улмаар “Ү” ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013.07.15-ны өдрийн 1463 дугаартай шийдвэрээр нэмэгдэл ажил, үнийн өсөлт зэргээс шалтгаалж 3.8 тэрбум төгрөг нэхэмжилж шүүхээс 1 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага хангаж шийдвэрлэсэн. Үүнээс хойш талууд хоорондоо “...илүү ажил байсан, байгаагүй...” гэдэг асуудлаар маргалдаж, “Ү” ХХК-аас уг барилгын ажлыг цааш үргэлжлүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн юм. Учир нь шүүхээс нэгэнт илүү ажил байна гээд эцэслэн шийдвэрлэсэн тул И, “Ү” ХХК-ийн хоорондын тооцоо дуусч, барилгын ажил албан ёсоор зогссон.

Үүнтэй холбоотой И нь “Ү” ХХК-ийг удаа дараа цагдаа, шүүхийн байгууллагаар шалгуулсан боловч тухай бүрт “Ү” ХХК-ийг илүү төлбөр аваагүй байна гэж дүгнэж байсан юм. Гэтэл И нь 2017 оны “Ө” ХХК-аар уг барилгын ажлыг эхлүүлж, дуусгахад зориулж төсөв хийлгэхэд “Ө” ХХК-аас “...2015 оны үнээр бодоход 6.5 тэрбум төгрөг байна...” гэж төсөв гаргасан байна. Энэ нь өмнөх барилгын ажлыг үргэлжлүүлэн дуусгахад зориулсан төсөв бөгөөд, өмнөх ажилтай холбоотой бүх тооцоо Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013.07.15-ны өдрийн 1463 дугаартай шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдэж дууссан байсан юм.

Өөрөөр хэлбэл, “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв” барилгын ажил 2013 онд талуудын тооцоо шүүхийн шийдвэрээр дуусгавар болж албан ёсоор барилгын ажил зогссон гэсэн үг бөгөөд 2017 онд уг барилгын ажилд “Ө” ХХК-аар төсөв гаргуулж байгаа нь барилгын ажлыг шинээр дахин гүйцэтгүүлэхээр болсон гэсэн үг юм.

Ингээд И нь “Ү” ХХК-нд албан ёсоор хүсэлт гаргаж, барилгын ажлыг шинээр эхлэн дуусгаж өгөхийг хүсэхдээ 2015 оны төсөвт өртөгт 6.5 тэрбум төгрөгөөр хийж дуусгах ажлыг 2018 онд дахин гэрээ байгуулахдаа 4.3 тэрбум төгрөгөөр хүч тулгаж тохиролцсон нь “Ү" ХХК нь уг ажлыг анхнаасаа дуусгах боломжгүй байсныг харуулж байна. Үүнд:

- 2018.04.06-ны өдрийн И/ТББ/БУ-47/10/93-34/18 дугаартай гэрээгээр 4,399,990,000 төгрөг,

- 2019.07.08-ны өдрийн И/ТББ/БУ-47/10/93-34/18 - 63/19 дугаартай гэрээгээр 1,700,000,000 төгрөг.

5.2. Анхны нэхэмжлэлийн агуулга, шинжээч томилсон шүүгчийн захирамжийн зорилго ба шинжээчийн дүгнэлтийн зөрүүтэй байдал.

Анх нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2011 оны гэрээний хавсралт 3 хуудас гаргаж өгч, 2018 онд гэрээ байгуулах шалтгаанаа тодруулаад 2018 он болон 2019 оны гэрээг бүтэн гаргаж өгч Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасан алдангийг 2018 оны гэрээ болон 2019 оны гэрээний үнийн дүнгээс тооцуулахаар нэхэмжлэл гаргасан билээ. Уг шаардлагын дагуу шүүхээс гүйцэтгээгүй үүрэг нь хэдэн хувь байгаагаас шалтгаалж алдангийн тоо хэмжээг тодруулах зорилгоор шинжээч томилохдоо үлдэгдэл ажлын үнийн дүнг тогтоолгохоор болсон билээ.

Гэтэл шинжээч нь үлдэгдэл ажлыг тогтоохдоо 2018 он, 2019 онд хийсэн 2 гэрээний ажлын үлдэгдэлийг тогтоох ёстой байтал 2011 оноос хойш хийсэн ажилд үлдэгдэл тоо хэмжээ тогтоосон нь шинжээч уг хэргийн агуулгыг ойлгоогүй, зөвхөн асуултанд хариулах байдлаар дүгнэлт гаргасныг харуулж байгаа юм.

Уг нь шинжээч 2018 он болон 2019 оны гэрээний үлдэгдэл ажлыг тогтоох ёстой байтал, барилгаар нь дутуу хийсэн ажлын тооцоог гаргасан нь маш том алдаа болсон. Учир нь 2013 онд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн гэрээний ажилд төсөв зохиож, үлдэгдэл ажлыг тогтоох хөөн хэлэлцэх хугацааг тооцоолоогүй, аль гэрээний ажил дутуу байгааг тогтоогоогүй, үүнийг шүүгчид тодруулж өгөөгүй юм.

Уг асуудлаар нь шинжээчийг удаа дараа шүүхэд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүхэд ирдэггүй, хийсэн ажлаа тайлбарладаггүй. Шинжээчээс аль гэрээний ямар үүргийг дутуу гүйцэтгэсэн талаар огт тодруулаагүй нь хэргийг хуулийн дагуу шийдвэрлэхэд үндэслэл бүхий саад учруулсан гэж дүгнэж байна.

5.3. 2013.07.15-ны өдрийн 1463 дугаартай шүүхийн шийдвэрийн талаар.

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо хуульд заасан давж заалдах, хяналтын гомдол гаргах, шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоолгох эсхүл хууль зөрчиж гаргасан шүүхийн шийдвэр бол хүчингүй болгох зохьцуулалттай атал энэ талаар нэг ч шүүхийн шийдвэр байхгүй байхад 2013 оны шүүхийн шийдвэрийг үл ойшоож 2011 оны гэрээний төлбөр тооцоог дахин хэлэлцсэн байна.

Тухайн цаг үедээ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь хэргийг тал бүрээс нь судалж 2011-2013 оны гэрээт ажлыг дүгнэж “Ү” ХХК-нд төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байхад анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх аль нь ч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013.07.15-ны өдрийн 1463 дугаартай шийдвэрийг хүчинтэй гэж үзээгүй, ойшоогоогүй.

Үүнээс болж 2011 оны гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хуулийн хугацаа хүчинтэй эсэхэд дүгнэлт хийж чадаагүй, аль гэрээний үүргийг зөрчсөн эсэхэд шинжээчийн дүгнэлтэд энэ талаар байхгүй тул анхан болон давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт гаргасан байна.

5.4. Давж заалдах шатны шүүх хянавал хэсэгтээ “...Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд...” гэж тодорхойлж шүүхийн шийдвэрээ гаргахдаа, хэт нэг талыг баримталж хариуцагчийн хэлж байгаа тайлбарыг огт ойлгохыг хүсэхгүй, зөвхөн нэхэмжлэлийн шаардах эрхэд тулгуурласан шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна. Хариуцагч нь маш тодорхой хэд хэдэн хууль зүйн үйл баримтыг энэ хэрэг эхлэснээс хойш тасралтгүй хэлсээр байгаа. Үүнд:

- Нэхэмжлэгч нь 2011-2013 оны хооронд хийсэн гэрээний үүргийг шаардах хууль зүйн үндэслэлтэй эсэх,

- Нэхэмжлэгч нь 2011-2013 оны хооронд хийсэн гэрээг эцэслэн шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй тул 2018-2019 оны хооронд хийсэн гэрээний үүргийг шаардах ёстой талаар,

- Шинжээчийн дүгнэлтийн зөвлөмж хэсэгт 2018, 2019 оны “гэрээний дүнг хоёр талаас хасахдаа барилгын норм үнэ бүрдлийн үндсэн дүрэм журмаа баримтлаагүй” гэж дүгнэсний дагуу “Ү” ХХК нь зохих ёсоор үүргээ гүйцэтгэх боломж анхнаасаа байгаагүй талаар,

- Түрээсийн харилцаа нь 2019 онд барилга ашиглалтанд ороогүйгээс эхэлсэн эсэх,

- 2018, 2019 оны гэрээний үлдэгдэл төлбөрийг 6 удаагийн гүйцэтгэлээр авах ёстой байтал 5 удаагийн гүйцэтгэл авсан, гэтэл яагаад барилгын ажлыг дуусгах зардлыг хариуцах үүрэгтэй болж байгаа талаар.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалаар хариуцагчаас 6,580,206,925 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

Монгол Улсын дээд шүүхийн эрхэм шүүгч та бүхэн хэргийг зөвхөн гомдлын хүрээнд хязгаарлахгүй бүхэлд нь, хариуцагчийн тайлбар гомдлыг баримтаар тулгаж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, хариуцагчийн төлөөлөгч Б нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.07.08-ны өдрийн 001/ШХТ2025/00729 дүгээр тогтоолыг гаргажээ.

 ХЯНАВАЛ:

7. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй гэж дүгнэв.

 8. Нэхэмжлэгч Иар нь хариуцагч “Ү” ХХК-д холбогдуулан 9,139,046,280 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...Нэхэмжлэгч нь хариуцагч компанитай “Бүсийн нислэгийн хөдөлгөөний төвийн барилгын ажлын И/ТББ/БУ-47/10/93 дугаар гэрээ” байгуулсан, гэрээний дагуу 2011.08.09-ний өдрөөс 2020.01.13-ны өдөр хүртэлх хугацаанд 17,122,884,140 төгрөгийг шилжүүлсэн. 2023.05.31-ний өдрийн ...03-05/2023 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг буюу өнөөдрийн байдлаар 11,935,205,430 төгрөг гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчээс барилгын ажилд зориулж шилжүүлсэн мөнгө тодорхой, шинжээчийн дүгнэлттэй талууд маргадаггүй учраас зөрүү 5,177,678,710 төгрөг гэж тооцон хариуцагчаас гаргуулах хүсэлттэй байна.

...Шинжээчийн дүгнэлтээр барилгын үлдэгдэл ажил 5,535,649,222 төгрөг байна гэж илэрхийлсэн. Энэ барилгын ажлыг хийж дуусгах үүрэг нь хариуцагч талд байсан учраас барилгыг дуусгахад шаардагдах зөрүү 357,970,512 төгрөгийг хохиролд нэхэмжилж байна.

Мөн гүйцэтгээгүй ажлын үнийн дүн буюу 5,535,649,222 төгрөгөөс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасны дагуу 2,558,839,350 төгрөгийн алданги гаргуулан авахаар шаардаж байна.

Түүнчлэн барьж гүйцэтгэх барилгын А блок нь оффисын зориулалттай бөгөөд уг барилгад Иар, Иргэний нисэхийн үндэсний төв гэсэн 2 хуулийн этгээд үйл ажиллагаагаа явуулах байсан боловч барилга цаг хугацаандаа ашиглалтад ороогүйгээс шалтгаалж Иргэний нисэхийн үндэсний төв нь оффисын зориулалтаар байр түрээсэлсэн ба 2019 оноос 2021 оныг дуусах хүртэл хугацаанд түрээсийн төлбөрт нийт 853,364,085 төгрөг, ус, дулааны зардалд 2018-2023 он хүртэл 218,746,251 төгрөг, цахилгааны зардалд 2,217,296 төгрөг, нийт 1,074,557,703 төгрөг төлсөн байна.

Иймд хариуцагчаас урьдчилан төлсөн ажлын хөлсний зөрүү 5,177,678,710 төгрөг, гүйцэтгээгүй ажлыг үргэлжлүүлэн дуусгахад шаардлагатай 357,970,512 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн хохирол 1,044,557,703 төгрөг, алданги 2,558,839,355 төгрөг, нийт 9,139,046,280 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан,

Хариуцагч хариу тайлбартаа: “...Иар гэрээгээ цуцалчихсан. Гэрээ цуцлагдсантай холбогдуулаад гэрээнд заасан үүргийг биелүүлэх шаардлагагүй ба алданги тооцох үндэслэлгүй тул алдангийн асуудлыг манай тал хүлээн зөвшөөрөхгүй.

2018 оноос хойш 2 гэрээний дагуу эхлээд ажлаа хийчхээд дараа нь гүйцэтгэлээ танилцуулж, санхүүжилтээ авдаг байсан ба 6 удаагийн гүйцэтгэлдээ 5 удаагийн санхүүжилт авсан. Үлдсэн санхүүжилтээ аваагүй. Үндсэн үүргээ гүйцэтгэж дуусаагүй байхад бид нараас 100 хувийн гүйцэтгэл шаардаж болохгүй. Иймд хохирлыг төлөх үүрэг хүлээхгүй.

Мөн хохирол гэж гаргуулах үндэслэл нь бодитой байх ёстой, нотлох баримт тодорхойгүй, ойлгомжгүй байна, ...цахилгаан, дулааны мөнгийг манайх төлөх үүрэг хүлээхгүй.

Шинжээчээс дүгнэлт гаргуулахдаа асуусан асуулт нь одоо дуусгавал хэчнээн төгрөгөөр барилга баригдаж дуусах юм бэ? гэдэг асуулгыг гаргаж ирээд дутуу хийсэн юм шиг байдлаар анх нэхэмжлэлийн шаардлагаасаа өөр зүйл ярьдаг.

Хэрэгт хоёр шинжээчийн дүгнэлт байгаа, Хийн дүгнэлтийг хүчингүй болгоогүй хэр нь барилгын үнэлгээний төвийн дүгнэлтийг үндэслэж байгааг зөвшөөрөхгүй, ... Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргасан.

Төрийг төлөөлж прокурор тайлбартаа: “...Тухайн гэрээний төсөв нь улсын төсвөөс гарсан. Мөн барилга бариулах гэрээний үүргийн гүйцэтгэлийн зөрчил бий болсон байна. Хэрэв гэрээгээр тогтоосон хугацаанд барилгыг ашиглалтад оруулсан бол тухайн төрийн байгууллага үйл ажиллагаагаа доголдолгүй хэвийн явуулах бүрэн боломжтой байсан.

Хариуцагч тал нь илүү зардал гаргасан, 17,000,000,000 төгрөгийн санхүүжилт аваад 11,000,000,000 төгрөгөөр барилга баригдаж, үлдсэн 5,5 тэрбум төгрөгтэй холбоотой дуусгаагүй ажил байна гээд шинжээчийн дүгнэлт гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна...” гэж тайлбарласан.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, хариуцагчаас 5,177,678,710 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ: “...Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1,  208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч компани нь гэрээгээр тогтоосон хугацаанд буюу 2019.09.30-ны өдөр ажлыг дуусгаж, 2019.10.30-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгөх үүргээ зөрчсөн. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, мөн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, үүргийн хугацаа хэтрүүлсний алданги, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирлыг шаардах эрхтэй ба гагцхүү үүрэг зөрчигдсөнд үүрэг гүйцэтгэгч гэм буруутай байна. ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон “Б”-ны дүгнэлтээр нэхэмжлэгч байгууллага нь ажил гүйцэтгэх гэрээг байгуулах, гэрээний хэрэгжилтийн явцад Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, 37.1.19-д заасныг зөрчсөн, гэрээний дүнг барилгын норм, үнэ бүрдлийн үндсэн дүрэм журам баримтлахгүй, ажлын тоо хэмжээг буруу тооцож, гэрээний үнийн төсвийг хяналтын төсвөөс анхнаасаа буруу нэмж гэрээ байгуулсан, гэрээний дагуу гүйцэтгээгүй үлдэгдэл ажлын төсөвт өртөг нь 5,535,649,222 төгрөг болохыг тус тус тогтоосон. Үүнээс үзэхэд хариуцагч компани нь 2019.07.08-ны өдрийн “Бүсийн нислэгийн хөдөлгөөний төвийн барилга угсралтын И/ТББ/БУ-47/10/93 дугаар гэрээ, Бүсийн нислэгийн хөдөлгөөний төвийн барилга угсралтын И/ТББ/БУ-47/10/93-34/18 дугаар гэрээт ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлт”-ийн дагуу 4,399,900,000 төгрөгийн санхүүжилтээр барилгын ажлыг гүйцэтгэж, 2019.09.30-ны өдрийн дотор дуусгах боломжгүй байжээ. Энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч компаниас барилгыг хугацаанд хүлээлгэж өгөөгүйн алданги 2,558,839,355 төгрөг, гүйцэтгээгүй ажлыг үргэлжлүүлэн дуусгахад шаардлагатай 357,970,512 төгрөг, үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 1,044,557,703 төгрөгийг шаардах эрхгүй юм. Харин нэхэмжлэгч талаас гэрээний дагуу ажлын хөлсөнд нийт 17,112,884,140 төгрөгийг төлсөн гэж үзнэ. Шинжээчийн дүгнэлтээр хариуцагч компанийн нийт гүйцэтгэсэн ажлын өртөг 11,935,205,430 төгрөг болохыг тогтоосон учир Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч компанийг 5,177,678,710 (17,112,884,140 - 11,935,205,430 = 5,177,678,710) төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Энэ талаарх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул хариуцагч компаниас 5,177,678,710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагын 3,991,137,499 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв...” гэж дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 6,580,206,925 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ: “...Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллага нь гэрээгээр хүлээсэн үүргийг 2019.09.30-ны өдөр бүрэн дуусгаж, 2019.10.30-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь гэрээг цуцалж учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Хариуцагч “Ү” ХХК нь Ирын бүсийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилга, угсралтын ажлыг нийт 8 жилийн хугацаанд гүйцэтгэсэн боловч ажлын үр дүн гараагүй, мөн нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүнд хүрээгүй болсон тул нэхэмжлэгч нь гэрээний улмаас учирсан хохирол шаардсан нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын ажлын хөлсөнд хариуцагчид шилжүүлсэн 17,112,884,140 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гүйцэтгэсэн ажлын хөлс 11,935,205,430 төгрөгийг хасаж тооцон зөрүү 5,177,678,710 төгрөгийг “Ү” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасны дагуу цуцалсан тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ. ...Ирын бүсийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилга, угсралтын ажлыг 5,177,678,710 төгрөгөөр гүйцэтгэж, үр дүнг хүлээн авах боломжгүй бөгөөд Ираас ажлыг гүйцэтгэхэд 357,970,512 төгрөгийн зардал зайлшгүй гарах тул хариуцагч байгууллагаас ажил гүйцэтгэх гэрээний хохиролд 357,970,512 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. ...түүнчлэн хариуцагч нь гэрээний үүргийг гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч байгууллага нь оффисын зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлсэн байхад хохирол шаардах эрхгүй гэж буруу дүгнэсэн ...тул түрээсийн гэрээний үүрэгт төлсөн 853,364,085 төгрөг, ус, дулаан, цахилгааны зардал болох 220,963,647 төгрөг, нийт 1,074,327,632 төгрөг нь баримтаар тогтоогдож байх тул хохиролд тооцож гаргуулахаар байх боловч нэхэмжлэгч нэхэмжлэлээ 1,044,557,703 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна. ...Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардах эрхтэй байтал алданги 2,558,839,355 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт хийжээ.

  9. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх үйл баримтад эрх зүйн өөр өөр дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч хянан хэлэлцлээ.

10. Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан үүргээ бүрэн биелүүлээгүй, тодруулбал хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, хэрэгт “Х” ХХК-ийн 2022.02.23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Б-ны 2023.05.31-ний өдрийн шинжээчийн дүгнэлт тус тус авагдсан байна. Анхан шатны шүүх Б-ны 2023.05.31-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн атлаа ямар үндэслэлээр “Х” ХХК-ийн 2022.02.23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй, эсхүл үгүйсгэсэн талаараа тогтоолд заагаагүй, ямар нэг дүгнэлт хийгээгүй байна.

Иймд шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзлээ.

10.1. Тухайлбал, нэхэмжлэгч Иар /цаашид И гэх/ нь хариуцагч “Ү” ХХК-д холбогдуулан анх нэхэмжлэл гаргахдаа зохигчийн хооронд байгуулагдсан 2019.07.08-ны өдрийн нэмэлт гэрээнд заасан барилга угсралтын ажлыг 2019.09.30-ны өдрийн дотор дуусгаж, 2019.10.30-ны өдрийн дотор Техникийн комисс болон Улсын комисст хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээнд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутамд 0.5%-ийн алданги тооцож, 154 хоногийн алдангид 664,161,009 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн энэ шаардлагаас үзвэл тэрээр хариуцагчтай 2011 онд байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаагүй байсан бөгөөд хэрэг шүүхэд хянагдах явцад алдангийн хэмжээг тогтоох зорилгоор хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг тодорхойлуулахаар томилогдсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн, ингэж өөрчлөхдөө анх 2011 онд гэрээ байгуулснаас хойш нийт гүйцэтгэсэн ажил, дутуу ажлын хэмжээ, санхүүжилт, зөрүү төлбөртэй холбогдуулан шаардлагаа тодорхойлжээ.

10.2. Хэрэгт Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013.07.13-ны өдрийн шүүхийн шийдвэр авагдсан байх бөгөөд тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Энэ шийдвэрээр зохигчийн хооронд 2011 онд байгуулагдсан гэрээг дүгнэж, гэрээний үүргийг эцэслэн шийдвэрлэсэн байх ба 2017 онд “Ө” ХХК барилгын үлдэгдэл ажлын төсвийг гаргаснаар талууд гэрээт ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр 2018 онд дахин гэрээ байгуулж, үлдэгдэл ажил, санхүүжилтийн талаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна.

Дээр дурдсанчлан зохигч 2011 оноос 2019 оны хооронд хэд хэдэн гэрээгээр нэг ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн боловч энэ хооронд ажлыг дүгнэж, улмаар шүүхийн шийдвэр гарсан байхад энэ талаар тодруулаагүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хэргийн үйл баримт, төсөвт ажлын хожмын тооцоололтой хэрхэн уялдсан талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

10.3. Түүнчлэн нэхэмжлэгч нь зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь өөр бусад ямар баримтаар давхар нотлогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

11. Дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/01693 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2025/00755 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Ү” ХХК-аас 2025.06.18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,170,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                                   Н.БАЯРМАА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД