Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 02289

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/02929 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б-т холбогдох

 Ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны цалин 6 876 451 төгрөг, 2018 оны 01, 02 дугаар сарын цалин 1 249 278 төгрөг, 2018 оны 07, 08 дугаар сард  ажилгүй байсан хугацааны цалин 1 324 168 төгрөг нийт 9 449 897 төгрөг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б-т 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс Гэр бүлийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэнээр томилогдон ажиллаж байсан бөгөөд 2017 оны 02 дугаар сараас 2018 оны 03 дугаар сар хүртэл ажилласан хугацааны цалингаа авч чадаагүй. Тус хэлтсийн албан хаагчид 2017 оны 02 дугаар сараас 2018 оны 03 дугаар сар хүртэл цалингүй ажилласан. Хэлтсийн дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарын хоорондын үл ойлголцолоос болж дүүргийн Засаг дарга хэлтсийн 2017 оны төсөв, санхүүг шилжүүлэн өгөхгүй байна гэх шалтгаанаар 2017 оны 02 дугаар сараас 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалинг олгоогүй. Мөн 2018 оны 01, 02 дугаар сарын цалин одоог хүртэл олгоогүй байна.

Би 2017 онд 02 дугаар сард 270,144 төгрөг, 03 дугаар сард 624 023 төгрөг, 04 дүгээр сард 638 497 төгрөг, 05 дугаар сард 674 569 төгрөг, 06 дугаар сард 663 769 төгрөг, 07 дугаар сард 664 226 төгрөг, 08 дугаар сард 716 537 төгрөг, 09 дүгээр сард 692 479 төгрөг, 10 дугаар сард 663 984 төгрөг, 11 дүгээр сард 624 639 төгрөг, 12 дугаар сард 643 584 төгрөг, нийт 6 876 451 төгрөгийн цалин аваагүй. Хэлтэс Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байхад 2018 оны 01 дүгээрсарын 15-ны өдөр манай хэлтсийн 9 албан хаагч нийлж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны ажилласан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байсан боловч албан хаагч тус тусдаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх тул тусдаа нэхэмжлэл гаргах нь зүйтэй байна гээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно. Тус хэлтэс нь 2018 оны 01, 02 дугаар сарын цалинг олгоогүй 1 249 278 төгрөгийг олгоогүй.

Миний бие ажил үүргээ хэвийн гүйцэтгэж ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаж байсан. Гэтэл тус хэлтсийн дарга А.Мөнхгэрэл нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр намайг хамт олон, иргэдтэй зүй бус харьцаж төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар ажлаас халсан. Миний бие болон хэлтсийн бусад албан хаагчид хэлтсийн даргын зүй зохисгүй харьцаа болон ёс зүйтэй холбоотой асуудлаар төрийн албаны зөвлөл болон дээд шатны байгууллагад хандсан болон 2017 оны ажилласан хугацааны цалинтай холбоотойгоор намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байна.

Иймд тус хэлтсийн Гэр бүлийн хамгааллын асуудал, хамтарсан баг хариуцсан мэргэжилтэнээр эгүүлэн тогтоож, 2017 оны ажилласан хугацааны цалин 6 876 451 төгрөг, 2018 оны 01, 02 дугаар сарын цалин 1 249 278 төгрөг, 2018 оны 07, 08 дугаар сарын цалин 1 324 168 төгрөг, нийт 9 449 897 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь хэргийн материалд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/10 дугаар даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч В.Э гэх хүний ажилд томилсон тушаалыг өгсөн байдаг. Ажипд томилогдсон гэх өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Б нь эрх зүйн байдлын хувьд байгуулагдаж бусдын өмнө эрх, үүрэг хүлээх чадамжгүй байсан. Учир нь: Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/01 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн Засаг саргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/08 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг татан буулгасан байдаг. Гэтэл өмнөх дарга В.Эрдэнэсувд нь өөрийн дураар Улсын бүртгэлийн хэлтсээс Б-ийн гэрчилгээг гаргуулан авсан ба тус хэлтсийн орон тоо, төсөв, зохион байгуулалт, дүрэм, тамга зэрэг хуулийн этгээдэд тавигдах шаардлага хангагдаагүй байхад 12 хүнийг ажилд авч жил гаруйн хугацаанд ажилчид нь цалингүй ажилласан байдаг. Энэ хугацаанд буюу 2017 оны 01 дүгээр сард Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Б-ийн даргыг томилсон боловч тухайн нэгжийн удирдлагын тогтолцоо, тамга, төсөвтэй холбоотой маргаан жил орчим үргэлжилсэн ба тус хэлтсийн бүтэц орон тоо төсөв батлагдаагүй, үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бүрдээгүй. Ингээд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр А/57 дугаар захирамжаар Б-ийн дүрэм, бүтэц, орон тоо батлагдаж үйл ажиллагаа нь хэвийн явагдах боломж бүрдэж албан хаагчидтай хөдөлмөрийн харилцаа үүсгэх эрх зүйн боломж бий болсон. 

Мөн Д.Б-ийн цалин хөлстэй холбоотой асуудлыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1102 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгчийн шаардах эрхийг 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөр дуусгавар болсон. Гэр бүлийн хамгааллын хариу үйлчилгээ, хамтарсан баг хариуцсан ажилтан гэх ажлын байр нь ажилтанаас сэтгэл зүтгэл шаардсан ажил бөгөөд Д.Б тус ажлын байран дээр тэнцэхгүй болохыг хариуцагч тайлбарладаг.

Д.Б нь хамт олны дунд хов хутгаж, ажилчдыг хооронд нь эвдрэлцүүлж олон тал болгон бутаргадаг. Ажлын бүтээмж гэж байхгүй, ажилдаа сэтгэлгүй ханддаг, иргэд, олон нийттэй зүй бус харьцаж, загнаж, асуудлыг улам бүр хүндрүүлдэг талаар Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс тайлбарладаг. Тухайлбал: Ш.Б гэх хүний өргөдөл байдаг. Д.Б нь гэр бүлийн хариу үйлчилгээ, хамтарсан баг хариуцсан мэргэжилтэн хүний хувьд амьдралын боломжгүй байгаа хүүхдийн эрх ашгийг хамгаалж ёс зүйтэй байж асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэхийн оронд Т.Б гэх хүүхдийн сурдаг сургууль болох 92 дугаар сургуулийн нийгмийн ажилтан болон ангийн багштай нь зүй бус харьцаж асуудлыг улам хүндрүүлсэн байдаг. Тус байгууллагад сард 110 гаруй дуудлага ирдэг ба маш олон хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж сэтгэл санаа бие махбодь ам насаараа хохирч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бурмааг Б-ийн Гэр бүл хамгааллын хариу үйлчилгээ, хамтарсан баг хариуцсан ажилтаны ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 656 229,1 төгрөг, Д.Б-ийн ажилласан хугацааны 2017 оны цалин 6 876 451 төгрөг, 2018 оны 01, 02 дугаар сарын цалин 1 249 278 төгрөг, нийт 8 781 958,1 төгрөгийг хариуцагч Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д  олгож, Д.Б-ийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Б-т даалгаж, нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт нэхэмжилсэн 667 938,9 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д  олгож, хариуцагч Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 155 461 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А давж заалдах гомдолдоо: Д.Б нь цалин хөлстэй холбоотой асуудлаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1102 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Нэхэмжлэгчийн шаардах эрхийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолвол 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөр дуусгавар болсон байна. Иймд Д.Б-ийн ажилласан хугацааны цалинд 8 781 958,1 төгрөг гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч Д.Б ёс зүйн зөрчил гаргасан, эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй болох нь Б-ийн ёс зүйн хорооны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэл, тус байгууллыгын хүний нөөц П.Х-ын мэдүүлэг, “Зөв амьдрах ухаан” ТББ-ын менежер Г.А-ны мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч Д.Б хариуцагч Б-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, 2017 оны цалин 6 876 451 төгрөг, 2018 оны 01, 02 дугаар сарын цалин 1 249 278 төгрөг, 2018 оны 07, 08 дугаар сард ажилгүй байсан хугацааны цалин 1 324 168 төгрөг нийт 9 449 897 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Б-ийн даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Б-г гэр бүлийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтний, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/23 дугаар тушаалаар гэр бүл хүүхэд залуучуудын хамгааллын асуудал, хамтарсан баг хариуцсан ахлах мэргэжилтэний  ажилд  тус тус томилж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар цалингийн шатлалыг нь нэмсэн. 2018 оны оны 06 дугаар сарын 22-ны өдрөөр үүрэгт ажлаас нь халсан үйл баримт тогтоогдсон. Зохигчид энэ талаар маргаангүй байна. /х.х-ийн 8, 15-17 дугаар тал/

Хариуцагч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хамт олон, иргэдтэй зүй бус  харьцаж төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан гэх  агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэжээ.

Нэхэмжлэгч Д.Б-г ажлаас халах тухай ажил олгогчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/36 тоот тушаалаар хамт олон, иргэдтэй зүй бус харьцаж, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэл зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.1, 12 дугаар зүйлийн 12.2.2, хөдөлмөрийн 05 тоот гэрээний 8.2.3.3 дахь хэсэгт заасныг баримтлан ажлаас нь халжээ.

Хэрэгт авагдсан тус хэлтсийн ёс зүйн хорооны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хурлын 02 дугаартай тэмдэглэлээс  /х.х 108-109/ үзэхэд иргэн н.О болон “Зөв амьдрах ухаан” ТББ-аас гаргасан гомдлуудыг утсаар тодруулсан байх бөгөөд уг гомдлыг хэзээ гаргасан нь тодорхойгүй байхад нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тодорхойлох боломжгүй юм. /х.х-ийн 108-109/

Нэхэмжлэгч Д.Б нь ажилласан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан бөгөөд ажил олгогчийн буруутай ажиллагааны улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. 

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/01 тоот тогтоол, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/08 дугаар захирамжаар Б-ийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс улсын бүртгэлд бүртгэн, дахин гэрчилгээ олгож, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр В.Э-ыг томилсныг бүртгэсэн үйл баримт тогтоогдсон байх тул тус хэлтсийн бүтэц орон тоо батлагдаагүй, үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бүрдээгүй байсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч Д.Б-г Б-ийн Гэр бүл хамгааллын хариу үйлчилгээ, хамтарсан баг хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 656 229 төгрөг, 2017 оны цалин 6 876 451 төгрөг, 2018 оны 01, 02 дугаар сарын цалин 1 249 278 төгрөг нийт 8 781 958 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч ёс зүйн зөрчил гаргасан, эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй тухай  Б-ийн ёс зүйн хорооны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан шаардлагын хангасан нотлох баримт гэж үзэхгүй тул энэ талаархи хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/02929 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ц.ИЧИНХОРЛОО

                                                  ШҮҮГЧИД                                            Г.ДАВААДОРЖ

                                                                                                                Д.БАЙГАЛМАА