| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовын Уламбаяр |
| Хэргийн индекс | 162/2020/0198/Э |
| Дугаар | 2020/ДШМ/079 |
| Огноо | 2020-09-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2020/ДШМ/079
Б.Б, Б.Н, О.Г,
З.М, Ц.О, Ч.А нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Гантулга
Шүүгдэгч З.М , Ц.О , Б.Б , Ч.А ,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Мөнхтуул, Ц.Баярмаа, Д.Мэндээ, Г.Доржготов
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Жавзансүрэн нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЗ/ 646 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцлээр О.Г , Б.Н , З.М , Ц.О , Б.Б , Ч.А нарт холбогдох эрүүгийн 1914003140090 дугаар хэргийг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, овогт Б.Н , ...., улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2010 оны 7 дугаар сарын 05-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 1 жилээр тэнсэж хянан харгалзаж байсан,
Монгол улсын иргэн, овогт З.М , ............., улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2003 оны 9 дүгээр сарын 15-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
2004 оны 8 дугаар сарын 26-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож байсан,
Монгол улсын иргэн овогт Б.Б , ........, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Монгол улсын иргэн, овогт Ц.О , .........., улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй
Монгол улсын иргэн, овогт Ч.А , ......... улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Монгол улсын иргэн, овогт О.Г , ..........., улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1998 оны 3 дугаар сарын 25-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 5-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан,
Ч.А , Б.Н , Ц.О , О.Г , Б.Б , З.М нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран мандал” энтерпрайзес ХХК-ийн эзэмшлийн уурхайгаас 4 тонн хүдрийн баяжмалыг тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 3 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар хулгайлж “Наран мандал” энтерпрайзес ХХК-ийн эд хөрөнгөд 1.663.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ч.А , Б.Н , Ц.О , О.Г , Б.Б , З.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх:
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл шүүгдэгч Ч.А , Б.Н , Ц.О , О.Г , Б.Б , З.М нарт холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах үндэслэл тогтоогдов.
Үүнд Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1-т.. эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн .....бусад эд зүйлс,... түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн , .... хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно... гэж хуульчилсан ба Наран мандал” энтерпрайзес ХХК-ийн баяжмал шороог зөөвөрлөх хэсэг рүү харуулсан талаар хяналтын бүх камерын бичлэгт бичигдсэн гэх СД-ийг хэрэгт хавсаргасан ба эд мөрийн баримтаар тооцох, прокурорын тогтоол / зөвшөөрөл/ хэрэгт авагдаагүй, түүнчлэн тухайн СД хэрэгт хамааралтай эсэх / СД бичигдсэн цаг хугацаа зөрүүтэй/, тэр өдөр 4 , 5 дугаар постод гарч байсан ажилтан хүдрийг аваад явлаа гээд станцаар мэдээлсэн ба эдгээр хүмүүсээс тодруулж мэдүүлэг аваагүй,
Түүнчлэн мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай...1.52гр алтыг........тогтоол хэрэгт авагдсан ба Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын эд зүйл хадгалах өрөөнд хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл үйлдсэн ба эд мөрийн баримтаар тооцох, прокурорын тогтоол / зөвшөөрөл/ хэрэгт авагдаагүй
2. Хохирогч Г.Эрдэнэцогтын... 2019 ны 03 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнийн 03-04 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Наран мандал” энтерпрайзес ХХК-ийн цагаан цахирын уурхайн хаягдлын далан дээрээс цагаан өнгийн портер маркийн автомашинтай 4 хүн ирж баяжмалтай хүдэр ачиж байгаад хамгаалалтын албаны ажилтанд баригдсан...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 137-140, 2 хх-ийн 1-2/,
Гэрч Б.Энхболдын...шороог авахаар ирсэн 4 хүн захын хэсгээс биш харин өөрсдийнхөө унаж очсон машинаа захаар нь тавьчихаад баяжмалтай шороог асгасан хэсэгт алхаж очиж шуудайлж байгаад баригдсан,...дөрвөн хүний 2 нь хэлэхдээ бид нар өдөр энүүгээр явж байхдаа харахад энэ хэсгийн шороо ялгараад харагдаад байсан гэж хэлсэн. Шөнө 0З цагийн орчимд ирсэн, шороог 18 цагийн орчимд асгасан /гэгээ тасарсан байсан/. Тэр хүмүүс өдөр харсан гэх ба өдөр нь асгаагүй харин 18 цагийн үед асгасан. Тэгэхээр холоос ялгарч байна гэдэг нь худлаа....” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 77-78, 167-168/,
Шүүгдэгч О.Г ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... тухайн өдөр 3 удаагийн шороо буулгасан... би хог хаягдлын даланд буулгасан .. гэх мэдүүлэг
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-ийн бичлэгт... тухайн үед жолоочоор ажиллаж байсан О.Г нь “Наран мандал” энтерпрайзес ХХК-ийн цагаан цахирын уурхайн хаягдлын далан баяжмалтай шороог 11 цагт асгасан... талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх СД-ийн бичлэгт тухайн шороо шүүгдэгч О.Г нь 11 цагийн үед буулгаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг” хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлохоор хуульчилсан бөгөөд эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэрэг хэзээ хаана гарсан, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг тогтоогоогүй
3. шүүгдэгч Б.Нямлхагвын шүүхийн хэлэлцүүлэгт....Манай байгууллагын хамгаалагч Гочоодорж, Мөнхбат гэх хүмүүс надтай уулзаад хаягдлын далан дээр хүдэр буулгамаар байна, чи О.Г ахтай нэг хэлтэст ажилладаг юм чинь хэлээд өгөөч гэж удаа дараа санал тавьсан. Тэгээд би Гочоодорж, Мөнхбат нар ийм зүйл яриад байна гэж О.Г ахад хэлсэн... гэх мэдүүлгийн зөрүүг арилгаагүй ба Прокурорын 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн № 24 дугаар даалгаварт ...Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Наран мандал” энтерпрайзес ХХК-ийн цагаан цахирын уурхайд ажилладаг Х.Гочоодоржоос гэрчийн мэдүүлэг авах.. заагдсан ажиллагаа огт хийгдээгүй,
4. “Наран мандал” энтерпрайзес ХХК нь уурхайн үйл ажиллагаа явуулдаг гэх боловч Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутагт уурхай үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх болон холбогдох баримт хэрэгт авагдаагүй / уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, талбайн газрын солбилцол, “Наран мандал” энтерпрайзес ХХК-ийн холбогдох гэрээ г,м /
5. гэрч Б.Мөнхбатын... баяжмал шороог зөөвөрлөх хэсэг рүү харуулсан. Маргааш нь 18 цагийн үед нөгөө шороог аваачиж хаягдал руу О.Г буулгасан...гэх мэдүүлэг
шүүгдэгч О.Г ийн шүүхийн хэлэлцүүлэгт....хог хаягдлын хэсэг рүү андуураад буулгасан... гэх мэдүүлсэн бөгөөд “Наран мандал” энтерпрайзес ХХК-ийн газарт хог хаягдлын далан гэх хэсэгт хамаардаг эсэх болон шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцож байгаа улсын яллагчийн талаас хэргийн нөхцөл байдалд хийж буй үйл баримтыг болон эрх зүйн дүгнэлт гэдэг утгаараа шүүхийн шийдвэрийн нэгэн ажилд үндэслэл тодорхой, дүгнэлт ойлгомжтой байдлаар бичигдэх ба шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон /тухайн хэрэгт оролцсон оролцоог зөв тодорхойлж ирүүлээгүй/ талаар яллах дүгнэлтэд бичигдээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…”, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-т... энэ хууль заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн хууль ёсны болон шударга ёсны , гэм буруугийн зарчмуудыг баримталж ажиллах шаардлагатай бөгөөд үүнтэй холбоотойгоор дээр дурдсан асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийсний эцэст хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч Ч.А , Б.Н , Ц.О , О.Г , Б.Б , З.М нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Гантулга тус шүүхэд гаргасан 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 41 дүгээр эсэргүүцэлдээ:
Шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байна. Учир нь:
Хэрэгт бичлэг бүхий СД-ыг мөрдөгч нь хэргийн оролцогчоос гаргаж өгсөн баримтыг хүлээн авах тогтоол үйлдэж хэрэгт хавсаргаж, мөрдөгч нь уг баримтыг эд мөрийн баримтаар тооцсон нь хууль зөрчсөн зүйлгүй болно. Мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй болно. Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог тогтоон мэдүүлгүүд авч, хэргийн газрын нөхөн үзлэг хийж бусад баримтуудаар тогтоосон болно.
Наран мандал энтерпрайзес ХХК нь Баян-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг гэх энэ талаар тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар маргаан гараагүй зөвхөн хулгайлах гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан тул уг ХХК-ийн бичиг баримт, тусгай зөвшөөрлийг хэрэгт хавсаргах шаардлагагүй болно. Шүүгдэгч Б.Нямлхагвын мэдүүлэгт Гочоодорж, Мөнхбат нар шороо гаргах талаар надтай ирж уулзсан гэж мэдүүлдэг боловч Мөнхбат болон уурхайн хамгаалагч нар болон хамгаалалтын дарга нар нь Нямлхагва нь манай хамгаалагч нартай уулзаж баяжмалтай шороо гаргах талаар хэлж ярьдаг талаар манай хамгаалагч нар бүгд хэлсэн тул хэзээ гаргахыг нь мэдэх ажиллагаа явуулсан, энэ хэрэгт Гочоодорж, Мөнхбат нар болон бусад хамгаалагч нар оролцоогүй болох талаар гэрчээр удаа дараа мэдүүлсэн. Гочоодорж нь одоо хаана ажиллаж байгаа болох нь тогтоогдоогүй тул түүнийг гэрчээр байцаагаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлын талаар нотлох үүрэг хүлээхгүй.”, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан. Хэргийн талаар шүүгдэгч О.Г тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг бусад баримтаар тогтоогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжтой.
Харин бусад яллагдагч нарын мэдүүлэг нь бусад баримтаар тогтоогдохгүй байх тул үнэлэх боломжгүй юм.
Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бүрэн тогтоогдсон хэргийг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой болно.
Иймд эрүүгийн 1914003140090 дугаартай хэргийн Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 646 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжин оролцоно.Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлнэ үү гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар тус шүүх хуралдаанд гаргасан саналууддаа: Шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой тул хэвээр үлдээх саналтай гэцгээв
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Прокурор Э.Гантулгын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд Прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судлахад :
Ч.А , Б.Н , Ц.О , О.Г , Б.Б , З.М нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран мандал” энтерпрайзес ХХК-ны эзэмшлийн уурхайгаас 4 тонн хүдрийн баяжмалыг тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 03 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар хулгайлж “Наран мандал” энтерпрайзес ХХК-ийн эд хөрөнгөд 1.663.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ч.А , Б.Н , Ц.О , О.Г , Б.Б , З.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн “яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны тов тогтоох тухай” 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 635 дугаар захирамжид шүүгдэгч нарт холбогдох хэргийг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 30 минутад хянан хэлэлцэхээр тогтоосон, 2020 оны 6 дугаар сарын 17-ны шүүх хуралдаанаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Харин анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөр зөрүүлж огноолсон атлаа тэмдэглэлд шүүгч гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулаагүй орхигдуулсан хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 3-д “шүүх хуралдаан даргалагч... хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурах боломжгүй бол энэ тухай захиргааны ажилтан тайлбар бичиж тэмдэглэлд хавсаргана.” гэж зааснаар үзэхэд, энэ талаар хэрэгт баримтгүй байна.
Дээрх зөрчлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.7-д заасны дагуу “ хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл байгаагүй” гэж үзэх хуулийн үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Мөн анхан шатны шүүх Прокурорын эсэргүүцлийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг 45 минутад хүлээн авч, Ерөнхий шүүгч хэргийг 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийн 3-т “Прокурор, оролцогч давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хариу тайлбар гаргаж болно.”, 38.4 дүгээр зүйлийн 1-д “анхан шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц ....харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.” гэж тус тус заасныг зөрчиж, прокурорын эсэргүүцлийг 7 дугаар сарын 29-ний өдөр оролцогч нарт хугацаа алдан танилцуулж давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн ингэхдээ шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгч гарын үсэг зураагүй, тамга дарж баталгаажуулаагүй байхад анхааралгүйгээр хэргийг шилжүүлэн хайнга, хариуцлагагүй алдаа гаргасан байгааг дурдвал зохино гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЗ/ 646 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаасан тул Прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцэл болон хэргийн үйл баримтад дүгнэлт хийх боломжгүйгээс эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
Зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЗ/ 646 дугаар захирамжийг хүчингүй болгон, хэргийг мөн шүүхэд буцааж, прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхисугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Б.БОЛОР-ЭРДЭНЭ