| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2023/0027/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/193 |
| Огноо | 2023-10-26 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Сүрэнмандах |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/193
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгч Э.Э*******, Ж.Н*******, Б.Л*******,
тэдгээрийн өмгөөлөгч Б.Баттөр нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц******* овогт Ж******* Н******* Боржигин овогт Э******* Э*******, Боржигин овогт Б******* Л******* нарт холбогдох эрүүгийн 2231001940260 дугаартай хэргийг энэ өдөр хянан хэлэлцэв.
Нэг. Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт У хот Б дүүрэг угаар гудамж тоотод тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 687 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Боржигин овогт Э******* Э******* /РД:******,
2.Монгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эхнэр, хүүхдүүдийн хамт аймгийнсум дугаар баг тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ц******* овогт Ж******* Н*******, /РД:******/,
3.Монгол улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт аймгийн Боржигин овогт Б******* Л******* /******/,
Хоёр. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
1.Яллагдагч Ж.Н*******, Э.Э******* нар бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэр “Хэрээн гол” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр 424,43 метр квадрат талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 517,551.38 төгрөгийн шууд хохирол, 1,951,497 төгрөгийн хор уршиг учруулсан,
2.Яллагдагч Э.Э*******, Б.Л******* нар бүлэглэн машин механизм, тоног төхөөрөмж ашиглан 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарах “Хэрээн гол” нэртэй газарт 6.2м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 11,869 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Э.Э******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдаж, өрөөсөн нүд хараагүй болсон. Манай хүү одоо 6 настай, дунд чөмгөний толгойн үхжилт гээд ховор өвчин туссан учраас эмчилгээний зардалд мөнгөний хэрэгцээ их байсан юм...” гэжээ[1],
2.Шүүгдэгч Ж.Н******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ[2],
3.Шүүгдэгч Б.Л******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, Хүрэлсүх ерөнхийлөгч бичил уурхайг буулгасан түүний ашигласан талбай дээр нэг шанага хутгасан” гэжээ[3],
4.Хохирогч Д.Э 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Нутгийн иргэд гэдгээр танина, бусдаар сайн танихгүй. Ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгогдоогүй. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Э.Б 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Би нөхөр Ж.Н*******тай хамт амьдраад 19 жил болж байна. Бид 2 гэрлэлтээ батлуулсан, 2 хүүхэдтэй. Миний нөхөр тогтсон ажил байхгүй. Хаана ямар мөнгө олох ажил байна, бүгдийг хийдэг. Минийх нөхөр үг дуу цөөтэй, хүнд их тусархуу, нийтэч хүн юм. Хамт олон болон найз нөхдийн дунд нэр хүндтэй. Гэр бүлээ өдий хүртэл тэжээж ирсэн, сайн эцэг, хань байгаа юм” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Б.Б 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Э.Э*******тай хамт амьдраад 13 жил болж байна. Би 2 гэрлэлтээ батлуулсан. Дундаасаа 4 хүүхэдтэй. Миний нөхөр уул нь их гайгүй хүн. Миний дунд хүү өвчтэй Солонгос улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан тул бид хоёрт мөнгөний хэрэг их гарсан. Уг үйл явцыг би мэдээгүй. Амьдралынхаа төлөө хичээж байгаа хүн юм. Зан араншингийн хувьд илүү, дутуу зан байхгүй, хүнтэй маргалдаад байдаггүй” гэх мэдүүлэг[6],
7.Иргэний нэхэмжлэгч Б.Л******* 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Ж.Н*******ын хууль бусаар ашигт малтмал олборлохдоо ашигласан “Hyundai 2900” маркийн экскаваторын эзэмшигч нь байгаа юм. Миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Тухайн экскаваторыг одоогоос 3 жилийн өмнө танихгүй хүнээс 20,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Манай найз Ж.Н******* 2022 оны 05 дугаар сарын 01-ний үеэр шиг санаж байна миний экскаваторыг “юманд ашиглачихаад өгье” гээд авсан. Тэгээд 4, 5 хонож байсан чинь Ж.Н******* экскаватор “Хэрээн гол” орж байгаад эвдэрчихсэн гээд надаас экскаваторын 2 ширхэг релатор /насосны үйл ажиллагаанд ашигладаг эд анги/ авсан. Тэгчихээд “би ганцаараа байгаа, чи цуг явчих” гээд намайг ханиндаа аваад явсан. Тэгээд явахад Ж.Н*******ын барьж байсан “3ил-131” маркийн тээврийн хэрэгсэл дээр савтай түлшнүүд аччихсан явж байсан. 2022 оны 05 дугаар сарын 05-ны орой очиход Э.Э*******, Д.Д нар байсан, би очиж юмаа буулгачихаад маргааш өглөө нь явна гэж бодоод унтсан. Тэгээд өглөө босоход Э.Э*******, Ж.Наранбат нар ажлаад газар ухсан байсан бөгөөд удаа ч үгүй цагдаа нар ирсэн. Анх надаас “хэрэглэчихээд өгье“ гээд авсан. Гэхдээ дараа нь Ж.Н*******тай уул руу цуг очихдоо хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа юм байна гэдгийг мэдсэн. Гэхдээ би ямар нэгэн үйл ажиллагаанд нь оролцоогүй...” гэх мэдүүлэг[7],
8.”Эрдэнийн Ногоолин” ХХК-ний шинжээчийн дүгнэлт хэсэгт:
| Д/д | Байгаль орчны бүрдэл хэсгүүд | Хохирлын үнэлгээ, төгрөгөөр |
| 1 | Эдэлбэр газар | 23,267.25 төгрөг |
| 2 | Газрын хэвлийд учруулсан хохирол | 381,987.0 төгрөг |
| 3 | Усны нөөцөд учруулсан хохирол | - |
| 4 | Хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол | 99,431.0 төгрөг |
| 5 | Ургамалд учруулсан хохирол | 12,866.12 төгрөг |
| 6 | НИЙТ | 517,551.38 төгрөг |
Хүснэгт1 Байгаль орчны хохирлын үнэлгээний нэгдсэн дүн[8]
9.Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Эрдэнийн ногоолин” ХХК-ийн “..нийт 6.2 м2 талбайг эвдрэлд оруулсан нь тогтоогдсон. Нийт нөхөн сэргээлтийн ажлын зардал 45,589 төгрөг, байгаль орчинд учирсан нийт хохирлын хэмжээ 4,770 төгрөг бөгөөд үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтын дагуу үржүүлэн тооцоход 11,896.8 төгрөг болж байна” гэх шинжээчийн дүгнэлт[9],
| Д/д | Талбайн төрөл | Байгаль орчны бүрдэл хэсгүүд хохирлын төрөл | Хохирлын үнэлгээ, төгрөгөөр |
| 1 |
Эвдрэлд оруулсан гэх 6.2м2 талбай | Эдэлбэр газарт учирсан хохирол | 339.8 төгрөг |
| 2 | Газрын хэвлийд учирсан хохирол | 2790.0төгрөг | |
| 3 | Хөрсөн бүрхэвчинд учирсан хохирол | 1452.47төгрөг | |
| 4 | Ургамлан нөмрөгт учирсан хохирол | 187.95 төгрөг | |
| 5 | НИЙТ | 4770.3 төгрөг |
Хүснэгт2 Байгаль орчны хохирлын үнэлгээний нэгдсэн дүн[10]
11.Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 6/3553 дугаар: “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Хэрээн гол нэртэй ...солбицол бүхий талбайг геологи, уул уурхайн кадастрын зураг зүйн мэдээллийн санд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар шүүлт хийхэд гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай бүхэлдээ давхцалтай, хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох талбайн дүгнэлт гараагүй байна” гэх албан бичиг[11],
12.”Ашид Билгүүн” ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-822-3744 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Hyundai Robex” 3000LC-7A маркийн экскаваторын зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 05 дугаар сарын байдлаар 12,000,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт[12],
13.”Ашид Билгүүн” ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-822-3745 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Алт угаах төхөөрөмж зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 05 дугаар сарын байдлаар 600,000 төгрөг, №6105AZLD загварын цахилгаан үүсгэвэр төхөөрөмж зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 05 дугаар сарын байдлаар 3,000,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт[13],
14.”Ашид Билгүүн” ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-822-3745 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Hyundai Robex” 2900LC-3 маркийн экскаваторын зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 05 дугаар сарын байдлаар 10,000,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт[14],
15.Иргэний нэхэмжлэгч Х.М 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Би Hyundai 3000LC-7А экскаваторыг 2022 оны 03 дугаар сарын сүүлээр танихгүй хүнээс худалдаж авч байсан. Анх зам ангид түрээслүүлэх санаатай худалдаж авсан боловч эвдрэл их, засвар үйлчилгээ хийх зүйл их байсан. Тухайн үед мөнгөний боломж муу байсан тул зараад өөрийн эрхэлдэг бизнест эргэлдэх мөнгө болгоё гэж бодсон. Тэгээд Э.Э******* гэх хүнд зарахаар болоод мөнгийг нь хоёр сарын хугацаанд авахаар тохиролцоод Э.Э*******ын эхнэрийн нэр дээр тухайн анх худалдаж авсан хүнээс шууд шилжүүлж өгч байсан. Тэгээд мөнгөө өгөх хугацаа нь дуусаад, мөнгөө өгөхгүй байхаар нь би Э.Э*******ын эхнэрээс экскаваторынхаа нэрийг өөрийн нэр дээр 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлж авсан. Би өөрийн экскаваторыг улсын орлого болгохгүй, авмаар байна” гэх мэдүүлэг[15],
16.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №5778 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: 1.Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металлууд нь шинжилгээнд тэнцэж байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металлууд нь алтны металл байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн нимгэн металлын гол элементийн найрлагад алт-/Аu-99.07%/, Мөнгө-/Аg-0.46%/, Төмөр-/Fе-0.21%/ зэрэг химийн элементүүдийн найрлагатай, жижиг ширхэгтэй шар өнгийн металлын гол элементийн найрлагад алт-/Аu-91.97%/, Цайр-/81-2.61%/, Төмөр-/Fе-1.77%/, Мөнгө-/Аg-1.65%/ зэрэг элементүүдийн найрлага агууламжтай байна” гэх дүгнэлт[16],
17.Шүүгдэгч Ж.Н*******ын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Э.Э*******тай найзууд, бид 2 багаасаа бие биеэ мэднэ. Алт угаах төхөөрөмж болон цахилгаан үүсгүүр Э*******ынх юм” гэх мэдүүлэг[17],
18.Шүүгдэгч Э.Э*******ын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Алт угаах төхөөрөмж болон цахилгаан үүсгүүр нь М гэх эмэгтэйгийнх. Би худалдаж авна гээд мөнгийг нь өгөөгүй аваад явсан” гэх мэдүүлэг[18],
19.”Ашид Билгүүн” ХХК-ний 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ТХҮ-922/5339 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: “6,6 грамм алтны зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар нийт 1,280,400 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэсэн тодорхойлолт[19], 20.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[20], 21.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[21], 22.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[22], 23.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[23], Яллах дүгнэлт гардуулан өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Э*******, Б.Л******* нар нь өөрийн сайн дураар байгаль орчинд шууд учирсан хохиролд 4770.30 төгрөг, байгаль орчинд учирсан хохирлыг нэмэгдүүлсэн хэмжээгээр хор уршиг 11,896.8 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлжээ.
Тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/170 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч нар нь дээрх үйлдэлдээ 5,400,000 төгрөгөөр торгох торгуулийн ял шийтгэлээр шийтгүүлж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаандаа шүүгдэгч Б.Л******* 5,400,000 төгрөгийн торгуулийг төлж дуусгасан, шүүгдэгч Э.Э******* нь 1,125,000 төгрөгийг нөхөн төлжээ. (хэсэгчлэн төлөх хугацаа дуусаагүй болно)
Дээрх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ДШМ/27 дугаартай Магадлалаар хүчингүй болсныг дурьдвал зохино.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Э нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.3, 4.5, 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.Э*******, Ж.Н******* нарын хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөгт учирсан хохирол 517,551,38 төгрөг, байгаль орчинд учирсан хохирлыг нэмэгдүүлсэн хэмжээгээр хор уршиг 1,951,497 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч Э.Э*******, Ж.Н******* нар тус тус нөхөн төлснийг;
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.3, 4.5, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Э*******, Б.Л******* нар нь газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөгт учирсан хохирол 4770.30 төгрөг, байгаль орчинд учирсан хохирлыг нэмэгдүүлсэн хэмжээгээр хор уршиг 11,896.8 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[24]
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Э*******, Ж.Н*******, Б.Л******* нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai robex 3000LC 7A маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч С овогт Х М /РД:НЦ94091605/-т буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийг, “Hyundai robex 2900 маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Боржигон овогт Б******* Л******* /РД:МТ83112410/-д буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 10,000,000 /арван сая/ төгрөгийг, 600,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж, 3,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий №6105AZLD загварын цахилгаан үүсгэвэр төхөөрөмж зэргийг эзэмшигчид нь буцаан олгож, нийт 25,600,000 /хорин таван сая зургаан зуун мянга/-н төгрөгийг шүүгдэгч Э.Э*******, Ж.Н*******, Б.Л******* нараас хувь тэнцүүлэн тус бүр (25,600,000:3)=8,533,333 төгрөгийг гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулах нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авч, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-922/5339 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр 1,280,400 төгрөгийн үнэлэгдсэн 6.6гр алтыг хураан авч, Улсын орлогод оруулбал зохино.
Гурав. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Э.Э*******, Ж.Н*******, Б.Л******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, (тэрээр байгаль экологид учруулсан бодит хохирол, хор уршиг, нөхөн сэргээлтийн зардал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлуудыг сайн дураараа нөхөн төлсөн), гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э*******, Ж.Н*******, Б.Л******* нарт тус бүр 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, тэдгээрийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан тэдэнд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Б.Л*******д оногдуулсан торгуулийн ял 5,400,000 төгрөгний шийтгэлийг бүрэн төлж барагдуулсан, харин шүүгдэгч Э.Э*******т оногдуулсан 5,400,000 төгрөгний торгох ялаас хэсэгчлэн төлж байгааг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Э*******, Ж.Н*******, Б.Л******* нарт анхааруулсан болно.
Шүүгдэгч Э.Э*******, Ж.Н*******, Л******* нар нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохилтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э*******, Ж.Н*******, Б.Л******* нарт тус бүр 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э*******, Ж.Н*******, Б.Л******* нарын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан тэдэнд оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулсугай.
5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.3, 4.5, 5.1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.Э*******, Ж.Н******* нарын хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөгт учирсан хохирол 517,551,38 төгрөг, байгаль орчинд учирсан хохирлыг нэмэгдүүлсэн хэмжээгээр хор уршиг 1,951,497 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч Э.Э*******, Ж.Н******* нар тус тус нөхөн төлснийг дурьдсугай.
6.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.3, 4.5, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Э*******, Б.Л******* нар нь газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөгт учирсан хохирол 4770.30 төгрөг, байгаль орчинд учирсан хохирлыг нэмэгдүүлсэн хэмжээгээр хор уршиг 11,896.8 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг дурьдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Э*******, Ж.Н*******, Б.Л******* нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai robex 3000LC 7A маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч С овогт Х М /******/-т буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийг, “Hyundai robex 2900 маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Боржигон овогт Б******* Л******* /*******д буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 10,000,000 /арван сая/ төгрөгийг, 600,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж, 3,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий №6105AZLD загварын цахилгаан үүсгэвэр төхөөрөмж зэргийг эзэмшигчид нь буцаан олгож, нийт 25,600,000 /хорин таван сая зургаан зуун мянга/-н төгрөгийг шүүгдэгч Э.Э*******, Ж.Н*******, Б.Л******* нараас хувь тэнцүүлэн тус бүр (25,600,000:3)=8,533,333 төгрөгийг гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулсугай.
8.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авч, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-922/5339 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр 1,280,400 төгрөгийн үнэлэгдсэн 6.6гр алтыг хураан авч, Улсын орлогод оруулсугай.
9.Шүүгдэгч Э.Э*******, Ж.Н*******, Б.Л******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1
дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[4] Хавтаст хэргийн 61 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 74 дүгээр тал
[6] Хавтаст хэргийн 76 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 78 дугаар тал
[8] Хавтаст хэргийн 86+98 дугаар тал Хүснэгт 22 (Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Эрдэнийн ногоолин” ХХК )
[9] 1 дүгээр хавтаст хэргийн 51-61дүгээр тал
[10] Хавтаст хэргийн 86+98 дугаар тал Хүснэгт 22 (Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Эрдэнийн ногоолин” ХХК )
[11]1 дүгээр хавтаст хэргийн 57 дугаар тал
[12] Хавтаст хэргийн 105 дугаар тал
[13] Хавтаст хэргийн 113 дугаар тал
[14] Хавтаст хэргийн 122 дугаар тал
[15] Хавтаст хэргийн 135 дугаар тал
[16] Хавтаст хэргийн 162-163 дугаар тал
[17] Хавтаст хэргийн 178 дугаар тал
[18] Хавтаст хэргийн 190 дугаар тал
[19] Хавтаст хэргийн 192 дугаар тал
[20] Хавтаст хэргийн 45-46, 62-64,110 дугаар тал
[21] Хавтаст хэргийн 168-170 дугаар тал
[22] Хавтаст хэргийн 131 дүгээр тал
[23] Хавтаст хэргийн 185 дугаар тал