| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхтөрийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 140/2020/00438/И |
| Дугаар | 140/ШШ2020/00494 |
| Огноо | 2020-07-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 140/ШШ2020/00494
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг нефтийн хэсэг 1-1 тоотод оршин суух Пэрэнлэй тайж овгийн Милаарагчийн Ганбат /РД:ИЭ76121015/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг Алтангийн хэсэг 1-19 тоотод оршин суух Алтай таванбогд овгийн Нямдоржийн Пүрэвзагд /РД:ДЖ79011018/-ад холбогдох
авто машин худалдасны үнэ 700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцогт, хариуцагч Н.Пүрэвзагд, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцогт нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
2020 оны 02 сарын 14-ний өдөр М.Ганбат болон Н.Пүрэвзагд нар хоорондоо машины наймаа хийж өгч авалцахаар болоод нотариат дээр гэрээ хийгээд Тоёота корса маркийн авто машиныг 700.000 төгрөгөөр нэг нь зарж нөгөө нь худалдаж авахаар тохиролцоод уг машиныг М.Ганбат Н.Пүрэвзагдад аваачиж өгсөн. Машины наймаа хийхдээ зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцоод 2020 оны 04 сарын 30-ны өдөр 700.000 төгрөгийг Н.Пүрэвзагдаас М.Ганбатад шилжүүлэхээр гэрээ байгуулсан. Тохирсон хугацаанд Н.Пүрэвзагд мөнгөө өгөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Н.Пүрэвзагд шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би М.Ганбатаас машиныг нь худалдаж авахаар тохиролцсон. Уг машин нь моторын тал дээр асуудалтай машин байсан. Одоо явдаггүй машин гэрийнхээ гадаа аваачаад тавьчихсан байгааг М.Ганбат өөрөө мэдэж байгаа. М.Ганбат моторыг нь янзлаад өгнө гээд өөрөө ирж үзээд явсан. М.Ганбатыг машинаа янзлаад өгчих юм бол би 700.000 төгрөгийг нь өгнө гэж байгаа. М.Ганбат машинаа явахгүй байгаа гэдгийг мэдэж байгаа, тухайн машиныг хүнд үзүүлэхээр хамаагүй явах юм бол мотор нь цохьчих юм байна гэж хэлдэг. Тэгэхээр нь би тухайн машиныг асааж үзээгүй гэрийн гадаа 5, 6 сар байж л байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Ганбат нь хариуцагч Н.Пүрэвзагдаас тээврийн хэрэгслийн үнэ 700.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н.Пүрэвзагд нь нэхэмжилж байгаа тээврийн хэрэгслийн үнэ 700.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хариуцагч Н.Пүрэвзагд нь нэхэмжлэгч М.Ганбатаас Тоёота корса маркийн тээврийн хэрэгслийг 700.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирсон болох нь хэрэгт авагдсан 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн талуудын хооронд бичгээр байгуулж нотариатаар батлуулсан баримтаар нотлогдож байна. /хх-ийн 4/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцогт нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн ... хариуцагч Н.Пүрэвзагдаас тээврийн хэрэгсэл худалдсаны үнэ 700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Н.Пүрэвзагд нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... би М.Ганбатыг хямдхан машин зарна гэхээр нь ярьж тохироод уг тээврийн хэрэгслийг авахаар болсон ... М.Ганбат өөрөө унаж ирсэн ... тэгээд бид хоёр хамт ногоон хашаа явсан ... өөд газар явж чадахгүй хүч нь хүрэхгүй байсан ... тэгээд очих газраа очиж чадаагүй буцаж ирээд манай хашаандаа үлдээсэн, тэр машин явах нь явдаг боловч өөдөө газар явж чадахгүй хүч нь хүрэхгүй байгаа ... Би өмнө нь машин барьж байгаагүй... Би тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхгүй, мотоцикл жолоодох эрхтэй ... Би машины эвдрэлийн талаар мэдэхгүй... ямар ч байсан явж байгаа машин юм чинь гэж бодоод авсан... хэн ч явдаггүй машин худалдаж авахгүй шүү дээ гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагчид үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан Зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэхээр байна. Зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдах-худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл үйлчилнэ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч М.Ганбат нь хариуцагч Н.Пүрэвзагдад биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй тээврийн хэрэгсэл, түүнтэй холбоотой баримт бичгийг өмчлөлд нь шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүрэгтэй байна.
Харин хариуцагч Н.Пүрэвзагд нь нэхэмжлэгч М.Ганбатад худалдан авсан тээврийн хэрэгслийн үнийг гэрээнд заасны дагуу төлөх үүрэгтэй байна.
Гэтэл нэхэмжлэгч М.Ганбатыг гэрээгээр хүлээсэн биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй тээврийн хэрэгсэл, түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл Тоёота корса маркийн тээврийн хэрэгсэл нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч М.Ганбат нь энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Нэхэмжлэгч М.Ганбат нь 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Б.Баярцогтод олгосон итгэмжлэлдээ шүүх хуралдаанд төлөөлөн оролцох, нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, ихэсгэх, эвлэрэх бүрэн эрхийг олгосон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.
Хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг хариуцагч Н.Пүрэвзагдад 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцогтод 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр тус тус шүүхээс тайлбарлан танилцуулсан байна.
Гэвч зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд хэргийн оролцогчийн үүргийг талуудад албадан хүлээлгэх боломжгүй юм.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцогт нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа:
... Наймаа хийхэд Н.Пүрэвзагд машины доголдлын талаар мэдэж байсан. Машин бол зах зээлийн ханшнаас доогуур үнээр зарагдсан. Машины доголдлыг мэдэж байж байж М.Ганбат, Н.Пүрэвзагд нар 700.000 төгрөгөөр тухайн машиныг өгч авалцсан байх. Түүнээс биш 700.000 төгрөгийн үнэтэй машин гэж байхгүй. Н.Пүрэвзагдын нэр дээр бичиг баримтаа шилжүүлээгүй. Шилжүүлээгүй талаараа юу гэж тайлбарладаг вэ гэхээр Н.Пүрэвзагдаас 700.000 төгрөгөө авсныхаа дараа шилжүүлнэ гэж хэлсэн. Хариуцагч энэ талаар маргахгүй байгаа ... гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Н.Пүрэвзагд нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... Үгүй. Надад машин доголдолтой гэж хэлээгүй ... машинаа хямдхан зарж ... өөр машин худалдаж авах гэж байгаа гэж хэлсэн ... тухайн машиныг доголдолтой гэгийг би мэдээгүй авсан ... би тухайн машиныг авчихаад явцын дунд засварлачихна гэж бодож л худалдаж авсан ... Түүнээс биш хэн ч явдаггүй машин худалдаж авахгүй шүү дээ ... наймаа хийхдээ машины бичиг баримтыг надад авчирч өгсөн ... бичиг баримтыг хэзээ яаж шилжүүлэх талаар бид хоёр ярилцаагүй ... гэж тайлбарлаж байна.
Мөн Тоёота корса маркийн тээврийн хэрэгсэл нь хариуцагч Н.Пүрэвзагдын нэр дээр шилжээгүй, нэхэмжлэгч М.Ганбатын нэр дээр бүртгэлгүй, гуравдагч этгээдийн нэр дээр бүртгэлтэй байгаа болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн талуудын тайлбараар нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг Н.Пүрэвзагдын нэр дээр шилжүүлээгүй үндэслэлээ Н.Пүрэвзагдаас 700.000 төгрөгөө авсныхаа дараа шилжүүлнэ гэж хэлсэн, хариуцагч энэ талаар маргахгүй байгаа гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй юм.
Учир нь хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэзээ яаж шилжүүлэх талаар бид хоёр ярилцаагүй гэж маргаж байх бөгөөд тээврийн хэрэгслийн гэрчилгээг машины үнэ болох 700.000 төгрөгийг авсныхаа дараа Н.Пүрэвзагдын нэр дээр шилжүүлэхээр талууд харилцан тохирсон баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч үүнийгээ нотлох баримтаар нотлоогүй юм.
Иймд Тоёота корса маркийн тээврийн хэрэгсэл нь биет байдлын доголдолтой, эрхийн зөрчилтэй хөрөнгө гэж үзэхээр байна.
Түүнчлэн нэхэмжлэгч М.Ганбат нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Мөн Иргэний хуулийн 257 дугаар зүйлийн 257.1-т ямар нэгэн доголдолтой эд хөрөнгийг худалдсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй байх, эсхүл хүлээх хариуцлагыг хязгаарлахаар талууд тохиролцон гэрээнд зааж болох боловч худалдагч нь эд хөрөнгийн доголдлыг зориуд нуун дарагдуулсан бол уул тохиролцоо хүчин төгөлдөр бус байна гэж заасан байна.
Иймд Нэхэмжлэгч М.Ганбатын хариуцагч Н.Пүрэвзагдад холбогдуулан гаргасан тээврийн хэрэгслийн үнэ 700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заажээ.
Хариуцагч Н.Пүрэвзагд нь М.Ганбатаас Тоёота корса маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээж авсан бөгөөд тээврийн хэрэгслийн доголдлыг арилгуулахаар шаардлага гаргаагүй болно.
Нэхэмжлэгч М.Ганбатын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21.350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар нэхэмжлэгч Пэрэнлэй тайж овгийн Милаарагчийн Ганбат /РД:ИЭ76121015/-ын хариуцагч Алтай таванбогд овгийн Нямдоржийн Пүрэвзагд /РД:ДЖ79011018/-ад холбогдуулан гаргасан тээврийн хэрэгслийн үнэ 700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.Ганбатын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21.350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ