| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2021/05537/И |
| Дугаар | 101/ШШ2022/00550 |
| Огноо | 2022-02-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2022/00550
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Баянзүрхийн ******* тоот хаягт оршин суух Боржигон овогт И*******гийн Ж******* /РД:*******//-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, *******,******* тоот хаягт оршин суух Н.М******* /РД:*******/-д холбогдох,
Гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 25,680,000 төгрөг, алданги 4,853,520 төгрөг, нийт 30,533,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Ж*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжилцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Ж******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч миний бие Налайх дүүрэгт баригдаж байгаа орон сууцыг захиалахаар болж Т******* ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан.
Гэрээний үүрэгт нийт 25,680,000 төгрөг төгрөг шилжүүлсэн. Барилга одоогоор баригдаагүй. Баригдах нь байтугай суурь төдий л байгаа.
Миний бие нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Одоо нөхрийн эрүүл мэндийн шалтгаанаар ажил хийх боломжгүй байгаа. Одоо хүртэл барилга баригдаагүй байгаа тул гэрээгээ цуцлаж, өгсөн мөнгө болох 25,680,000 төгрөгөө буцаан гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Харин алдангид 4,853,520 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байгаа болно. Миний хувьд Н.М******* гэх хүнтэй уулзаагүй. Компанийн ажилтан болон гэрээнд заасан дансанд мөнгийг тушаасан. Энэ мөнгө нь Н.М*******гийн данс байсан. Миний бие Н.М******* гэх хүний данс руу мөнгө шилжүүлсэн тул энэ хүнээс л мөнгөө гаргуулах шаардлага гаргаж байна.
Шүүхээс хариуцагчаа солих уу, яагаад Н.М******* гэх хүнээс нэхээд байгаа юм бэ? гэж удаа дараа асуусан. Би хуульчаас зөвлөгөө хангалттай авсан. Өгсөн мөнгөө Н.М*******гаас л нэхэмжилж байна. Энэ компанийн захирал нь Н.М******* гэсэн. Тэгэхээр энэ хүнээс л мөнгөө буцаан гаргуулж авмаар байна.
Бага насны 3 хүүхэдтэй, төрийн албан хаагч хүн олон сар түрээсийн байраар явж байна. Иймд гэрээнээсээ татгалзаж өгсөн мөнгө болох 25,680,000 төгрөгийг хариуцагч Н.М*******гаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжилцэрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
И.Ж*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ гэрээ иргэн И.Ж******* болон Т******* ХХК нарын хооронд хийгдсэн.
Шүүхээс удаа дараа хариуцагч нь мөн үү, хариуцагчаа солих уу гэж асуухад нэхэмжлэгч тал огт солихгүй гэдэг. Мөнгөө түүний данс руу шилжүүлж байсан тул Н.М******* гэх хүнээс гаргуулна гэж тайлбарладаг.
Энэ гэрээ Т******* ХХК-тай байгуулагдсан гэрээ. Гэрээний нэг тал нь компани. Н.М*******гийн хувьд түүний дансруу шилжүүлсэн. Энэ хүн гүйцэтгэх захирлаар л ажиллаж байгаа хуульд заасан буюу компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд юм. Бид компаниад холбогдуулан нэхэмжлэл гаргасан тохиолдолд нэхэмжлэгч талтай эвлэрэн хэлэлцэх боломж байсан. Харин иргэн, хувь хүнд нь холбогдуулан нэхэмжлэл гаргаад байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ хүн зөвхөн гүйцэтгэх захирлын хувиар ажил үүргээ гүйцэтгэж байсан. Мөнгийг компанийн ажилтан болон гүйцэтгэх захирлын хэний ч дансаар авч болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Ж******* нь хариуцагч Н.М*******д холбогдуулан 25,680,000 төгрөг, алданги 4,853,520 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдангид 4,853,520 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах тухай гэх гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 25,680,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон.
Мөн орон сууцны төлбөрийг компанийн гүйцэтгэх захирал Н.М*******гийн хувийн дансанд шилжүүлсэн тул түүнээс буцаан гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүнд гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зохицуулсан.
Хэн нэгэн этгээд бусадтай байгуулсан гэрээ, хэлцлээс татгалзаж, өгсөн мөнгөө буцаан гаргуулах шаардлага гаргаж байгаа маргааны хувьд тухайн гэрээ, хэлцэл нь тэдгээрийн хооронд байгуулагдсан эсэх, хариуцагчид буцаан төлөх үүрэг үүссэн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр орон сууц захиалан бариулах тухай гэрээ-ээр нэг талаас Т******* ХХК нь Налайх дүүргийн Тайжид 202 дугаар байр 02 давхар, 206 тоот хаягт байрлалтай, 65,76 мкв орон сууцыг гэрээнд заасан хугацаанд багтааж барьж, ашиглалтад оруулах, нөгөө талаас И.Ж******* нь орон сууцны үнэ төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 8-13 дугаар тал/
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан гэрээнд тусгагдсан талуудын хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийхэд иргэн И.Ж******* болон Н.М******* нарын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Харин хэрэгт авагдсан орон сууц захиалгын гэрээгээр И.Ж******* нь Т******* ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан байна гэж үзэх үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 8-13 дугаар тал/
Тодруулбал, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл нь тодорхой зорилго бүхий этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл байх бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох зохицуулалттай.
Нэхэмжлэгчээс орон сууц захиалгын хөлсийг иргэн Н.М******* гэх хүний дансанд шилжүүлсэн гэх үндэслэлээр түүнээс үнийг гаргуулна гэж тодорхойлж, хариуцагчийг солихгүй гэх тайлбарыг шүүх хуралдаануудад удаа дараа илэрхийлсэн.
Хэдийгээр орон сууц захиалгын гэрээнд хүлээн авагч Н.М******* гэх хүний ...тоот дансанд төлбөрийг шилжүүлэх гэж тусгасан байх хэдий ч энэ нь гэрээ байгуулагдах үндэслэл болох талуудын хүсэл зориг, түүнийг хүлээн авсан хүсэл зоригийн нэгдлийн илэрхийллийг тодорхойлохгүй юм. /хх-ийн 9 дүгээр тал/
Мөн нэхэмжлэгчээс иргэн Н.М******* нь тус компанийн гүйцэтгэх захирал тул түүнээс иргэнийх нь хувиар гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага нь тухайн компанийг хуульд заасны дагуу буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөн эрх зүйн харилцаанд оролцдог этгээд бөгөөд хувь хүний хувьд компанийн бусдын өмнө хүлээсэн үүргийг хүлээдэггүй болно.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Иймд зохигчид хооронд буюу иргэн И.Ж******* болон Н.М******* нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагчаас 25,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.М*******гаас 25,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И.Ж*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310,620 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА