| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхтөрийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 140/2020/00419/И |
| Дугаар | 140/ШШ2020/00512 |
| Огноо | 2020-08-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 140/ШШ2020/00512
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хаан банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт баг Үйлдвэрийн хэсэг 2-11 тоотод оршин суух Боржигон овгийн Доржготовын Дуламсүрэн /РД:ИР80102701/,
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт баг Үйлдвэрийн хэсэг 2-11 тоотод оршин суух Өндөр зурхайч овгийн Лхагвасүрэнгийн Гүрсэд /РД:ИР84051014/ нарт холбогдох
- үндсэн зээлийн үлдэгдэл 16.216.582 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2.401.704 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 19.956 төгрөг, нийт 18.638.242 төгрөг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамж 274.728,98 төгрөг гаргуулах,
-зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сэрээдорж, хариуцагч Д.Дуламсүрэн, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сэрээдорж нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Банкны зүгээс нэхэмжилж байгаа мөнгөн дүнг нэхэмжлэлийн шаардлага дээр тодорхой бичсэн байгаа.
Хариуцагч Д.Дуламсүрэн, Л.Гүрсэд нараас үндсэн зээлийн үлдэгдэл 16.216.582 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2.401.704 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 19.956 төгрөг, нийт 18.638.242 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 274.728,98 төгрөг гаргуулах, мөн зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Д.Дуламсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Манай нөхөр шүүх хуралдаанд ирэх боломжгүй байгаа. Нөхөр бид хоёрын санал нэг байгаа тул би шүүх хуралдаанд оролцоно. Би Хаан банкнаас зээлсэн мөнгөний хүүнд 2.162.928 төгрөг төлсөн байсан, мөн нийт 2.162.900 төгрөгийг үндсэн зээлээсээ төлсөн байсан. Миний төлсөн мөнгө болон хүү нийлээд 5.300.000 гаруй төгрөг болж байна. Үндсэн зээлээсээ 5.300.000 гаруй төгрөгийг хасахаар 18.638.242 төгрөг биш 14.000.000 гаруй төгрөг болж байна. Хүү зогсох хүртэл явагдсан хүүг банкны зүгээс хөнгөлөх боломж байдаггүй юм уу, би Хаан банкны нэхэмжилж байгаа 18.638.242 төгрөгийг төлөх ямар ч боломжгүй учраас Хаан банк болон шүүхийн байгууллагад хүндрэлд учруулахгүйн улмаас Монгол банкны эрсдлийн сангаар оруулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Эрсдлийн сан гэдэг нь тухайн хүний зээлсэн мөнгийн Монгол банкнаас гаргаж Хаан банкинд өгдөг юм байна лээ гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбар нь хариуцагч Д.Дуламсүрэн, Л.Гүрсэд нарт холбогдуулан:
- үндсэн зээлийн үлдэгдэл 16.216.582 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2.401.704 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 19.956 төгрөг, нийт 18.638.242 төгрөг гаргуулах,
- улсын тэмдэгтийн хураамж 274.728,98 төгрөг гаргуулах,
-зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Үндсэн зээлийн үлдэгдэл 16.216.582 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2.401.704 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 19.956 төгрөг, нийт 18.638.242 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа:
Хариуцагч Д.Дуламсүрэн, Л.Гүрсэд нараас зээл, зээлийн хүү нийт 18.638.242 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 274.728,98 төгрөг, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Хариуцагч Д.Дуламсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Хаан банк надаас энэ мөнгийг гаргуулна гэж байгаа бол надад энэ мөнгийг төлөх ямар ч боломж байхгүй. Хэрвээ Хаан банк намайг та боломжтой болох үедээ энэ зээлийг төл гэх юм бол би уг зээлийг төлөх боломжтой. Тийм учраас аль, аль талыгаа эрсдэлд оруулж байхаар Хаан банкыг Монгол банкны эрсдлийн санд материалаа бүрдүүлж өгнө үү гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбар нь зээлдэгч Д.Дуламсүрэн, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Гүрсэд нартай 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр №ЗГ/201843962180 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 7.236.890,49 төгрөг дээр нэмж 12.000.000 төгрөгийн зээлийг олгож, жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгө болох 12.000.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хувиар-ын хуулбараар тус тус нотлогдож байна. /хх-ийн 4-6/
Мөн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр №БГХ201843962180 дугаартай Барьцааны гэрээ байгуулан үндсэн зээлдэгч Д.Дуламсүрэн, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Гүрсэд нар нь зээлийн барьцаанд цахилгаан бараа буйданг барьцаалсан болох нь Барьцааны гэрээ-ний хуулбараар нотлогдож байна. /хх-ийн 7/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбар, хариуцагч Д.Дуламсүрэн, Л.Гүрсэд нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
Хариуцагч Д.Дуламсүрэн, Л.Гүрсэд нар нь Хаан банкны Завхан салбартай Зээлийн гэрээ байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсан өмнөх зээлийн үлдэгдэл 7.236.890,49 төгрөг дээр нэмж 12.000.000 төгрөгийн зээлийг авсан талаараа маргаагүй болно.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар Хаан банкны Завхан салбар нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй бөгөөд хариуцагч Д.Дуламсүрэн, Л.Гүрсэд нар нь үүргээ бүхэлд нь гүйцэтгэх хүртэл тэдний гэрээгээр хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Л.Гүрсэд нь зээлийн гэрээ-ний үүргийг хамтран гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрч зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар хамтран үүрэг гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүрэг хэвээр үргэлжилнэ.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ-ний эргэн төлөлтийн хувиараас үзвэл хариуцагч Д.Дуламсүрэн, Л.Гүрсэд нар нь зээлийн хүүнд нийт 2.401.704 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байна. /хх-ийн 4-6/
Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Д.Дуламсүрэн, Л.Гүрсэд нар нь зээл болон зээлийн хүүг гэрээнд зааснаар зохих ёсоор төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагч нарын шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т үүрэг гүйцэтгэгчийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ гэж, мөн хуулийн 242.2-т хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заажээ.
Өөрөөр хэлбэл хамтран зээлдэгч Л.Гүрсэд нь Хаан банкны Завхан салбартай байгуулсан Барьцаат зээлийн гэрээ-ний хамтран үүрэг гүйцэтгэгч болсон ба Хаан банкны Завхан салбар нь зээлийг үндсэн зээлдэгч Д.Дуламсүрэн, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Гүрсэдээс бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй юм.
Мөн талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-ний 4.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Гүрсэд нь зээлдэгч Д.Дуламсүрэнгийн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр байна.
Иймд хариуцагч Д.Дуламсүрэн, Л.Гүрсэд нараас үндсэн зээлийн үлдэгдэл 16.216.582 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2.401.704 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 19.956 төгрөг, нийт 18.638.242 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Барьцааны гэрээ-нд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн талаар:
Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-ний 7.4-т энэхүү гэрээний 5.1.2-т заасан данснаас зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж хүрэлцэхгүй тохиолдолд банз энэ гэрээний салшгүй хэсэг барьцааны гэрээнд зааснаар үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулна гэж,
Барьцааны гэрээ-ний 2.17.6-д Барьцаагаар хангагдах шаардлага үүссэн тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангана гэж заажээ.
Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэртүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар зохицуулсан байна.
Үүрэг гүйцэтгэгч хариуцагч Д.Дуламсүрэн, Л.Гүрсэд нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээлийн хүүг төлөөгүй тул үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсчээ.
Иймд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.Дуламсүрэн, Л.Гүрсэд нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа үл биелүүлсэн тохиолдолд Барьцааны гэрээ-ний барьцаа хөрөнгө болох цахилгаан бараа, буйдангийн үнийн дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч Д.Дуламсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... Хаан банкны Завхан салбараас нэхэмжилж байгаа 18.638.242 төгрөгийг төлөх боломжгүй, энэ мөнгийг Монгол банкны эрсдлийн сангаар оруулж өгнө үү ... гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй юм.
Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251.140 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дуламсүрэн, Л.Гүрсэд нараас улсын тэмдэгтийн хураамж 251.140 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т тус тус зааснаар хариуцагч Боржигон овгийн Доржготовын Дуламсүрэн /РД:ИР80102701/, Өндөр зурхайч овгийн Лхагвасүрэнгийн Гүрсэд /РД:ИР84051014/ нараас үндсэн зээлийн үлдэгдэл 16.216.582 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2.401.704 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 19.956 төгрөг, нийт 18.638.242 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбарт олгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч Д.Дуламсүрэн, Л.Гүрсэд нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд Барьцааны гэрээ-ний барьцаа хөрөнгө болох буйдан, цахилгаан барааний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсуай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251.140 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дуламсүрэн, Л.Гүрсэд нараас улсын тэмдэгтийн хураамж 251.140 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ