Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/228

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул, улсын яллагч А.Эрдэнэдэлгэр, шүүгдэгч Г.Б*******, түүний өмгөөлөгч Г.Батболд /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2106/ нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2331001730261 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Япон хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, сум,  баг, гудамж,оотод оршин суух хаягтай, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 511 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Г******* Б*******, РД: /******/,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Г.Б******* нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2012 онд Монгол улсын хилээр гарч Франц улсад амьдарч байгаа өөрийн төрсөн ах Г.Б******* овог, нэр, регистр, төрсөн он, сар, өдөр зэрэг хувийн мэдээллийг нь ашиглан өөрийн фото зургийн хамт Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ Сонгино-хайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гаргаж, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр РЕ****0 дугаартай үндэсний гадаад паспортыг хуурамчаар гаргуулан авч улмаар 2023 оны 06 дугаар сарын 14-ний өглөө 07 цагийн үед Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь авто замын боомтоор өөрийн зураг бүхий Г.Б******* хувийн мэдээлэл, өгөгдлийг ашигласан Монгол улсын үндэсний ангийн гадаад паспортыг гаргуулан авч Монгол улсын хилийг нэвтрэхийг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б******* нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2012 онд Монгол улсын хилээр гарч Франц улсад амьдарч байгаа өөрийн төрсөн ах Г.Б******* овог, нэр, регистр, төрсөн он, сар, өдөр зэрэг хувийн мэдээллийг нь ашиглан өөрийн фото зургийн хамт Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гаргаж, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр РЕ0075240 дугаартай үндэсний гадаад паспортыг хуурамчаар гаргуулан авч улмаар 2023 оны 06 дугаар сарын 14-ний өглөө 07 цагийн үед Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь авто замын боомтоор өөрийн зураг бүхий Г.Б******* хувийн мэдээлэл, өгөгдлийг ашигласан Монгол улсын үндэсний ангийн гадаад паспортыг гаргуулан авч Монгол улсын хилийг нэвтрэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2, 3 дахь хуудас), гэрч Б.Г******* мэдүүлэг (хавтаст хэргийн 109 хуудас), гэрч Д.Г******* мэдүүлэг (хавтаст хэргийн 115 хуудас),  гэрч Ж.Г******* мэдүүлэг (хавтаст хэргийн 112 дахь хуудас), гэрч Э.О******* мэдүүлэг (хавтаст хэргийн 144 хуудас), гэрч Д.М******* мэдүүлэг (хавтаст хэргийн 147 хуудас), гэрч К.М******* мэдүүлэг (хавтаст хэргийн 158 хуудас), “Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 33 дахь хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Г.Б******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Энэ хэргийн улмаас шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ял тохирч, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ял, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Г.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Г.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдвал зохино.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан*****40 дугаартай Үндэсний гадаад паспорт 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хавтаст хэргийн хугацаа дуустал хадгалах нь хуульд нийцнэ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Г******* Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэхийг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*******д 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

5.Шүүгдэгч Г.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор тэрээр бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан РЕ00755240 дугаартай Үндэсний гадаад паспорт 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хавтаст хэргийн хугацаа дуустал хадгалсугай.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10.Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРГЭРЭЛ