Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/247

 

                                  Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,

улсын яллагч Б.Сүрмандах /томилолтоор/,

шүүгдэгч Ц.Б******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш******* овогт Ц******* Б******* холбогдох эрүүгийн 2331001640170 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1965 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Булган аймаг, Булган суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн ба Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан, хэрэг хариуцах чадвартай Ш******* овогт Ц******* Б*******, /РД******/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ц.Б******* нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Б” танхимд ахлах прокурор А.Б******* хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан буюу зөрчлийн шүүх хуралдаанд прокуророор оролцож байсантай холбогдуулан хүч хэрэглэж зүүн мөрөн тус газарт нь 2 гараараа санаатайгаар цохиж, прокурорт хууль бусаар нөлөөлсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Б******* нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Б” танхимд ахлах прокурор А.Б******* хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан буюу зөрчлийн шүүх хуралдаанд прокуророор оролцож байсантай холбогдуулан хүч хэрэглэж зүүн мөрөн тус газарт нь 2 гараараа санаатайгаар цохиж, прокурорт хууль бусаар нөлөөлсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б******* өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын “Чөлөөт бүс” дотор цонхонд гараа хавчуулаад тэр дээр гэмтлийн зэрэг тогтоогдоод эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэтэл энэ хэрэг одоо хүртэл олдохгүй алга болсон. Зөрчлийн хэрэг гээд прокурор Б******* зохиомол хэрэг үүсгэж намайг ялладаг. Төрд шургасан хэдэн хулгайч нарыг төсвийн өмч идээд байна гэж мэдээлэлдсэний төлөө намайг маш олон удаа яллаж байгаа. Байнга зохиомол хэрэг үүсгэж ялладаг. Яг нэг бохир технологио ашиглаж том хэрэг дээр ч гэсэн халаалтын төв хулгайд алдагдсаны эхний удаа намайг гүтгэж зохиомол хэрэг үүсгэж яллаж гол зорилго нь төсвийн мөнгийг хулгай хийдэг хэсэг бүлэглэл Сэлэнгэ аймагт байдаг. Яг тэр дээрээ бохир технологиор миний эрүүгийн хэргийг дарсан байсныг жил хөөцөлдөж байж сая нэг цагдаагийн байгууллага дотор нуун дарсан байсныг нь олж ирлээ...” гэх мэдүүлэг[1],

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Б******* өгсөн: “Мэдүүлэг өгнө. 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүх хуралдаан болж байсан. тухайн өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн 1.1, 1.3-т зааснаар Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокуророор оролцоно гэж заасны дагуу Б******* нарт холбогдох хэргийн шүүх хуралдаанд прокуророор оролцсон. Шүүх хуралдаанд болоод завсарлаад шүүгч шийдвэрээ уншин танилцуулсны дараа Б******* намайг прокурорын ширээнд сууж байхад миний зүүн дал мөр рүү 2 удаа цохиж миний биед халдсан. Энэ бол прокурорын хараат бус байдалд нөлөөлж байгаа шинжтэй байгаа учраас хуульд заасны дагуу арга хэмжээ авхуулах саналтай байна” гэх мэдүүлэг[2],

3.Хохирогч А.Б*******ийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн шүүхийн “Б” зааланд зөрчлийн 2331000074 дугаартай Ц.Б*******, М.С******* холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдаанд прокуророор оролцсон. Тухайн шүүх хуралдаанд холбогдогч М.Сарнай ирээгүй байсан. Иймд талууд ирцтэй холбоотой санал гаргаад шүүхээс шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн. Шүүх захирамж уншин сонсгосны дараа Ц.Б******* нь шүүгдэгчийн сандлаас босч ирээд хохирогчийн ширээний харалдаа зогссон ба энэ үедээ шүүх болон прокурорыг зүй бусаар хэлж маргаан үүсгэсэн. Яг юу гэж хэлж байсныг одоо санахгүй байна. Энэ үед би шүүх хуралдааны танхимын прокурорын ширээн дээр сууж байсан. Зөрчлийн хэргийн холбогдогч Ц.Б******* нь миний зүүн ард талд зогсож байсан. Намайг сууж байхад зүүн талын дал мөр лүү 2 удаа цохисон. Тухайн үед намайг албан үүрэгтэй холбогдуулж зүй бусаар хэлсэн. Улмаар шүүх хуралдааны дэг сахиулах эрх бүхий албан тушаалтан Ц.Б*******г шүүх хуралдааны танхимаас гаргасан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг[3],

4.Гэрч П.Ц 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зөрчлийн хэргийн шүүх хуралдаан болох гэж байсан. 10 цаг 50 минутад хурлын заал руу ороход Ц.Б*******, С.О нар бусад оролцогч нарын ширээний ард суусан байсан. Тэгэхээр нь би шүүх хуралдааны дэг журмыг хэлж зөрчилд холбогдогч Б*******г “та шүүх хуралдааны хаалтны цаана зогсох ёстой” гэж хэлэхэд “үгүй би хохирогч, яагаад би хохирогч байж холбогдогчийн зогсох газарт зогсох юм бэ” гэж хэлсэн. Улмаар зөрчлийн хэргийн шүүх хуралдаан 11 цаг 25 минут эхэлж шүүгч орж ирээд надаас “чи яагаад холбогдогчийг зогсох ёстой газар зогсоогоогүй юм бэ” гэхэд “миний хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байна” гэж хэлсэн. Шүүгч шүүх хуралдааны дэгийг танилцуулж Ц.Б******* “ойлгосон уу, та” гэж асуухад эхлээд хариу хэлээгүй, дахин асуухад “би та нарыг хүндлээгүй, шүүхийг хүндэлж байна шүү” гэж хэлээд босоод зогсох ёстой газартаа очин зогссон. Улмаар шүүх хуралдаан болж хэсэг завсарласан. Шүүгчийн арын өрөөндөө ороод буцаад гарч ирээд шүүгчийн захирамжийг уншиж дуусаад шүүх хуралдаан хаасныг мэдэгдээд алхаа цохисон. Тэгээд Б******* хохирогчийн ширээн дээр үлдээсэн байсан хар цүнхээ аваад прокурор А.Б*******ийн биеийн зүүн мөрний доод хэсэгт 2 удаа цохисон. Би шууд очоод “та яагаад прокурорын биед халдаж байгаа юм бэ” гээд дундуур нь ороод Ц.Б*******г хурлын танхимаас гаргасан” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч А.Э 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Он сарыг нь сайн санахгүй байна. 2023 оны 05 дугаар сарын сүүлээр шиг санаж байна. Зөрчлийн хэргийн холбогдогч Ц.Б******* холбогдох шүүх хурал болж байсан. Шүүх хурал дууссаны дараа шүүгч шүүх хуралдааныг хаав гэсний дараа холбогдогч Ц.Б******* өөрийн зогсож байсан газраасаа прокуророор оролцож байсан А.Б******* дээр дөхөж очоод нуруу хэсэгт нь 2 удаа цохисон. Би яг аль гараараа цохисон талаар хараагүй. Шүүх хурал хаав гэснээр би бичлэгийг зогсоосон. Б******* прокурорыг гараараа цохисны дараа шүүгч камерыг нээгээрэй гэж хэлсэн. Би тэр даруй бичлэгийг нээсэн. Үүний дараа Ц.Б******* нь прокурорыг хэл амаар доромжилж байсан. Юу гэж хэлснийг санахгүй байна. Тэгээд шүүх хурлын танхимаас гараад явсан” гэх мэдүүлэг[5], 6.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[6], 7.хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[7], 8.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[8], 9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9], 10.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[10] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хэдийгээр шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргадаг боловч хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шүүх хуралдааны танхимын Сиди бичлэгээс бүх зүйл тодорхой харагдаж нотлогддог.

Шүүгдэгч Ц.Б*******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгч Ш******* овогт Ц******* Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Б******* шүүх хуралдааны танхимд зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан хүч хэрэглэж, зүүн мөрөн тус газарт нь гараараа 2 удаа цохиж, прокурорт хууль бусаар нөлөөлсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч А.Б******* нь хохирол төлбөр эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Ц.Б******* эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б******* 1 /нэг/ жилийн хугацаагаар Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Ц.Б*******гийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцвол зохино.

Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хавтаст хэргийн хугацааг дуустал хэрэгт хадгалахаар тогтоов.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ш******* овогт Ц******* Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Б******* шүүх хуралдааны танхимд зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан хүч хэрэглэж, зүүн мөрөн тус газарт нь гараараа 2 удаа цохиж, прокурорт хууль бусаар нөлөөлсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б******* 1 /нэг/ жилийн хугацаагаар Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Шүүгдэгч Ц.Б*******гийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хавтаст хэргийн хугацааг дуустал хэрэгт хадгалсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

      

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Хавтаст хэргийн 23 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 18 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 25 дугаар тал

[6] Хавтаст хэсгийн 01 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 13-16 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 40-42 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 84 дүгээр тал

[10] Хавтаст хэргийн 118-119 дүгээр тал