| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Золзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/01746/И |
| Дугаар | 001/ХТ2025/00170 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2025/00170
“ЦТ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/02532 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2025/00914 дугаар магадлалтай,
“ЦТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
М.Жад холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 35,120,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ЦТ” ХХК нь хариуцагч М.Жад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35,120,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/02532 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Жаас 23,840,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЦТ” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,280,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ЦТ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 333,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Жаас улсын тэмдэгтийн хураамжид 277,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЦТ” ХХК-нд олгож шийдвэрлэсэн.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2025/00914 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/02532 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “23,840,000” гэснийг “13,725,600” гэж, “11,280,000” гэснийг “21,394,400” гэж, 2 дахь заалтын “277,150” гэснийг “226,578” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дараахь үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх болзол тавьж хийсэн зээлийн гэрээний агуулгыг хууль зүйн үндэслэлтэй тайлбарлаж зөв хэрэглэсэн байтал давж заалдах шатны шүүх гэрээний зорилго зохицуулалтыг зөв тайлбарлаагүй. Гэрээний зорилго маш тодорхой. Өөрөөр хэлбэл, “20 жил ажилласан бол болзол биелэгдэж, гэрээний үүрэг дуусгавар болно, 10 болон түүнээс доош жил ажиллаад гарвал үндсэн зээл болох 20,000,000 төгрөгийг сарын 1.2% хүүтэй эргүүлэн төлнө” гэж талууд хүсэл зоригоо илэрхийлж хийсэн хэлцэл байдаг.
Гэтэл давж заалдах шатны шүүх харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасантай нийцсэн гэж дүгнэсэн атлаа хариуцагчийн ажилласан хугацаанд дүйцүүлэн зээлээс эргүүлэн төлсөн мэтээр хийсвэр дүгнэлтийг өөрийн санаачилгаар хийж, нэхэмжлэлийн үнийн дүнгээс 8,600,000 төгрөгийг багасгаж, үүнтэй холбоотойгоор хүүгийн төлбөрийг мөн багасгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан болзол тавьж хийсэн гэрээнд ажилтны ажилласан жилд дүйцүүлэн сар, жилээр зээлээс эргүүлэн төлөх нөхцөл, агуулга огт байхгүй бөгөөд зөвхөн 20 жил ажиллавал гэрээний үүрэг биелэгдсэнд тооцох, түүнээс өмнө буюу 10 жилээс доош ажиллаад гарвал хүү тооцож эргүүлэн төлөх нөхцөлийг маш тодорхой зохицуулсан.
Болзол тавьж хийсэн гэрээний үүрэг биелэгдээгүй тул гэрээ цуцлагдаж, холбогдох хууль зүйн үр дагавар нь өгсөн авснаа буцаах үндэслэлтэй. Ингэхдээ гэрээнд заасан хүүгийн төлбөрийг ч төлөх үүрэгтэй.
Гэтэл давж заалдах шатны шүүх өөрийн үзэмжээр хийсвэр дүгнэлт хийж, хууль болон гэрээнд заагаагүй нөхцөлөөр нэхэмжлэлийн үнийн дүнг илтэд багасгаж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул анхан шатны үндэслэл бүхий шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэв.
5.Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ШХТ2025/00781 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцацралын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгч “ЦТ” ХХК нь хариуцагч М.Жад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35,120,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ “ М.Ж нь “ЦТ” ХХК-д 2015 онд ажилд орсон бөгөөд ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2019.10.11-ний өдөр Урт хугацааны зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийн зээл олгосон. Ингэхдээ М.Ж нь 2035 он хүртэл компанид тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах үүргийг хүлээсэн ба … гэрээний 3.1. дэх хэсэгт … ажилтан 20 жилээс багагүй хугацаанд компанид тогтвортой ажиллах үүрэгтэй, гэрээний 3.6 дахь хэсэгт … ажилтан нь 10-аас доош жил ажиллаад ажлаас халагдах тохиолдолд нийт зээлээ сарын 1.2 хувийн хүүтэйгээр эргүүлэн төлнө ... гэж тус тус заасан. Гэтэл М.Ж нь 2023.09.30-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарч гэрээний үүргээ зөрчсөн тул зээлийн төлбөр 20,000,000 төгрөг, гэрээний 3.6 дах хэсэгт заасан хүүгийн төлбөрийг 2019 оны 10 дугаар сараас эхлэн 2025.01.30-ны өдрийг хүртэл нийт 63 сарын хугацаанд сар бүрийн 1,2% хүүтэйгээр тооцож 35,120,000 төгрөг гаргуулна.” гэж тодорхойлжээ.
7. Хариуцагч М.Ж нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “... эрүүл мэндийн шалтгааны улмаас 2023 оны 09 дүгээр сард ажлаас өөрийн санаачилгаар чөлөөлөгдсөн. … компанийн удирдлага … уг хүндэтгэн үзэх шалтгааныг хүлээн авч намайг 2019.10.11-ний өдрийн Урт хугацааны зээлийн гэрээний үүргээс бүрэн чөлөөлсөн” гэж маргасан.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 23,840,000 төгрөгийг хангаж, үлдэх 11,280,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараахь дүгнэлтийг хийжээ.
8.1. “ЦТ” ХХК-ийн захирлын 2015.03.18-ны өдрийн тушаалаар М.Жыг тус компанийн Гадаад харилцаа, маркетингийн албанд маркетингийн менежерээр томилсон, 2022.08.01-ний өдөр талууд хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилтныг Маркетингийн ахлах менежерийн албан тушаалд сарын 2,800,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан.
8.2. Зохигчид 2019.10.11-ний өдөр Урт хугацааны зээлийн гэрээ байгуулсан, гэрээний 1.2-т гэрээний хугацааг 2019.10 дугаар сараас 2035.03 дугаар сар хүртэл, гэрээний 2.4-т ажилтан 20 жилээс багагүй хугацаанд компанид тогтвор суурьшилтай ажиллах, гэрээний 3.5-д ажилтны ажиллаж эхэлсэн огноог 2015.03.18-ны өдрөөс эхлэн тоолох, гэрээний 3.6-д ажилтан нь 10-аас доош жил ажиллаад ажлаас халагдах тохиолдолд нийт зээлээ сарын 1.2 хувийн хүүтэйгээр эргүүлэн төлнө, гэрээний 3.7-д ажилтан гэрээнд заасан хугацаанаас өмнө, 10 жилээс хойш хөдөлмөрийн гэрээ цуцлагдах бол ажилласан жилийг 20-оос хасч, үлдэх зээлийн хэмжээг сарын 1.5 хувийн хүүтэйгээр зээлийг нөхөн төлнө гэж тохиролцсон. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан зээлийн хүүгийн талаар тохиролцож байгуулсан, ажилтны ажилласан хугацаанаас хамаарч зээлийн эргэн төлөлт болон зээлийн хүү төлөх талаарх тохиролцоо нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан болзол тавьж хийсэн хэлцэлд хамаарна.
8.3. М.Ж нь эрүүл мэндийн шалтгаанаар 2023.09 сард ажлаас чөлөөлөгдсөн.
8.4. Гэрээний 3.6-д заасан болзол хангагдсан тул ажилтан М.Ж нь 20,000,000 төгрөгийн зээлийг гэрээ байгуулагдсан 2019.10 сараас нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргасан 2025.01 дүгээр сар хүртэл 45 сарын хүү 10,800,000 /20,000,000*1,2 хувь*45 сар/ төгрөгийн хамт нийт 32,800,000 төгрөгийг төлөх үүрэгтэй, харин нэхэмжлэгч 11,280,000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй.
9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 13,725,600 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 21,394,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулан шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийжээ.
9.1. Хариуцагч М.Ж нь нэхэмжлэгч байгууллагад 2015.03.18-ны өдрөөс 2023.09 сар хүртэл хугацаанд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан.
9.2. Зохигчдын хооронд 2019.10.11-ний өдөр Урт хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр “ЦТ” ХХК нь шилдэг ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах, амьдралын нөхцөлийг сайжруулахыг дэмжих үүднээс М.Жад 20,000,000 төгрөгийн зээл олгож, 2019.10 сараас 2032.03 дугаар сар хүртэл тогтвор суурьшилтай ажилласан тохиолдолд зээлийг буцаан төлөхгүй, ажилтанд өгсөн урамшуулал болгон тооцох, харин 10-аас доош жил ажиллаад ажлаас халагдах тохиолдолд үлдэх зээлийг сарын 1.2 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон.
9.3. Ажилтан М.Ж нь 2023.09 дүгээр сард эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.
9.4. Талуудын хооронд болзол тавьж хийсэн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт тус тус нийцсэн.
9.5. Ажилтан нь 2035.03 сар хүртэл ажилласан тохиолдолд зээлийг буцаан төлөх үүргээс чөлөөлөгдөх бөгөөд уг хугацаанаас өмнө өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн.
9.6. Анхан шатны шүүх үндсэн зээл 20,000,000 төгрөгийг бүхэлд нь хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон нь үндэслэлгүй, хариуцагчийн ажиллаж байсан хугацааг гэрээний 3.5-д зааснаар 2015.3.18-ны өдрөөс эхэлж түүний ажлаас чөлөөлөгдсөн 2023.09.30-ны өдөр хүртэл 8 жил 6 сарыг 2035.03 сар хүртэл олгосон 20,000,000 төгрөгөөс харилцан тооцох нь гэрээний зорилгод нийцнэ. Дээрх хугацаанд үндсэн зээл 20,000,000 төгрөгөөс 8,600,000 төгрөгийг хариуцагч нь ажиллах хугацаандаа өөрийн ажил, хөдөлмөрөөр буцаан төлсөн байх тул нэхэмжлэгч нь үлдэх 11,400,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Гэрээний 3.6-д … заасан үндсэн зээлийн үлдэгдэл 11,400,000 төгрөгийн сарын хүү 136,000 төгрөгийн хэмжээг хариуцагч ажлаас чөлөөлөгдсөн 2023.09.30-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2025.02.26-ны өдрийг хүртэл тооцоход нийт 17 сарын хүүгийн төлбөрт 2,325,600 төгрөгийг Иргэний хуулийн 282 дугаар 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.
10. Давж заалдах шатны шүүх хууль болон гэрээнд заагаагүй нөхцөлөөр нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэв.
11. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийн буруутгах боломжгүй, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.
12. Хариуцагч М.Ж нь нэхэмжлэгч “ЦТ” ХХК-ид 2015.03.18-ны өдрөөс тус компанийн Гадаад харилцаа, маркетингийн албанд маркетингийн менежерээр, 2022.08.01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр Маркетингийн ахлах менежерийн албан тушаалд ажиллаж байсныг хоёр шатны шүүх зөв тогтоосон.
13. Хариуцагч М.Ж-ыг тус компанид ажиллаж байх үед буюу 2019.10.19-ний өдөр талууд “Урт хугацаатай зээлийн гэрээ” байгуулснаар тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх зөв гэж үзсэн. Гэрээний 1.2-т гэрээний хугацааг 2019.10 сараас 2035.03 сар гэж, гэрээний 1.3-т гэрээний хугацааг дуустал тогтвор суурьшилтай ажилласан тохиолдолд зээлийг буцаан төлүүлэхгүй, ажилтанд өгсөн урамшуулал болгон тооцох, гэрээний 3.6-д ажилтан 10-аас доош жил ажиллаж ажлаас халагдах бол 20,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.2 хувийн хүүтэйгээр, гэрээний 3.7-д ажилтан гэрээнд заасан хугацаанаас өмнө, 10 жилээс хойш хөдөлмөрийн гэрээ цуцлагдах тохиолдолд ажилласан жилийг 20-оос хасч, үлдэх зээлийн хэмжээг сарын 1.5 хувийн хүүтэйгээр зээлийг нөхөн төлөхөөр тохиролцсоныг хоёр шатны шүүх Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан болзол тавьж хийсэн хэлцэл гэж дүгнэсэн нь зөв болжээ.
14. Ажилтан 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон талаар талууд маргаагүй.
15. Анхан шатны шүүх ажилтан гэрээний 3.6-д “ажилтан нь 10-аас доош жил ажиллаад ажлаас халагдах тохиолдолд нийт зээлээ 1.2 хувийн хүүтэйгээр эргүүлэн төлнө” гэж заасныг үндэслэл болгосон бол давж заалдах шатны шүүх гэрээний зорилгод нийцүүлэн гэрээг тайлбарлаж ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон, ажилтны ажилласан хугацааг харгалзан хувь тэнцүүлэн зээлийг хөдөлмөрөөрөө буцаан төлсөн хэмжээгээр зээлийн үүрэг хариуцахгүй гэж хоёр шатны шүүх өөр өөрөөр дүгнэжээ.
16. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.1.-д “Энэхүү гэрээний зорилго нь “ЦТ” ХХК-ийн шилдэг ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах, амьдралын нөхцөлийг сайжруулах үүднээс компаниас зээл олгох, зээлд хамрагдсантай холбоотойгоор үүсэх эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, гэрээний 1.3-т “Энэхүү хугацааг дуустал тогтвор суурьшилтай ажилласан тохиолдолд зээлийг буцаан төлүүлэхгүй, ажилтанд өгсөн урамшуулал болгон тооцно”, гэрээний 3.1-д “Ажилтан нь энэхүү гэрээгээр 20 жилийн хугацаанд зээлэнд хамрагдаж, идэвхи санаачилгатай ажиллаж, ур чадвар, мэдлэгээ дээшлүүлэхэд бүхий л хүчин чармайлтаа гаргах үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Гэрээг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6 дахь хэсэгт зааснаар зорилгоор нь тайлбарлавал нэг талаас ажил олгогч ажилтны нийгмийн баталгааг хангах үүднээс амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор олгож буй мөнгөн урамшуулал олгох зорилготой, нөгөө талаас ажилтан хэлэлцэн тохиролцсон 20 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллахаас гадна идэвхи санаачилгатай ажиллах үүргийг хүлээж байгаагаас дүгнэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан цалин хөлсний бүрдэлд хамаарах урамшууллын талаар тохиролцсон гэж ойлгохоор байна.
Түүнчлэн ажил олгогч “ЦТ” ХХК нь ажилтан М.Жыг ажилласан хугацаандаа идэвхи санаачилгатай ажиллах үүргээ биелүүлээгүй гэж маргаагүй.
Иймд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилтны санаачилгаар хөдөлмөрийн эрхийн харилцаа дуусгавар болгож буй тохиолдолд гэрээний 3.5-д зааснаар ажилтны ажиллаж эхэлсэн огноог 2015.03.18-ны өдрөөс эхэлж тооцох бөгөөд дуусгавар болгосон хугацааг 2023.09 сар гэж үзвэл түүний ажилласан хугацааг 8 жил 6 сар гэж давж заалдах шатны шүүх зөв тогтоосон байгааг харгалзан үзэж уг хугацаанд хамрагдах урамшууллыг 20,000,000 төгрөгөөс хувь тэнцүүлэн тооцож 8,600,000 төгрөгөөр тодорхойлсныг буруутгах боломжгүй гэж дүгнэлээ.
17. Ажилтны ажилласан хугацаа 10 жилээс бага байгаа тохиолдолд эргүүлж төлөх үндсэн зээл 11,400,000 төгрөгийн зээлийн хүүг гэрээний 3.6-д зааснаар сарын 1.2 хувийн хүүгээр тооцож 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс нэхэмжлэл гарсан өдөр болох 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 2,325,600 төгрөгөөр тодорхойлсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
18. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2025/00914 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “ЦТ” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 225,181 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
Э.ЗОЛЗАЯА