| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2014000040181 |
| Дугаар | 2020/ДШМ/080 |
| Огноо | 2020-09-25 |
| Зүйл хэсэг | 15.1.3., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2020/ДШМ/080
И.О-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Г.Цогтмагнай
Хохирогч К.Д
Шүүгдэгч И.О , түүний өмгөөлөгч А.Энхбуйр/ онлайн/
Нарийн бичгийн даргаар Д.Номингоо нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/229 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын гаргасан давж заалдах гомдлоор И.О холбогдох эрүүгийн 2014000040181 дугаар хэргийг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, овогт И.О , ........., улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,
И.О нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт их эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн иргэн К.А эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас К.А нас барсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас И.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч овогт И.О ийг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч овогт И.О ийг эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нэг /01/ жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун /5.400/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая дөрвөн зуун мянган /5.400.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч И.О оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч И.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч И.О оногдуулсан нэг /01/ жилийн хугацаагаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч К.Д гийн дөрвөн сая зургаан зуун мянган төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдаж,
Энэ хэргийн учир шүүгдэгч И.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч И.О ийн эмчлэх эрхийн үйл ажиллагаа явуулах 0015623 дугаартай зөвшөөрлийн гэрчилгээг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гэрчилгээг Эрүүл мэндийн яаманд хүргүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч И.О ийн эзэмшлийн газар өмчлөх 0320005647 дугаартай гэрчилгээг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж,
торгуулийн ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч И.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж уг арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйр тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
...Тогтоолд дурдсан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй доорх үндэслэлүүд байх тул гомдол гаргаж давж заалдаж байна.
Гэм буруугийн зарчим: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дугаар зүйлийн 2-д “гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэсэн. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтээр талийгаач уушгины хатгалгаа өвчны улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан гэжээ, тэгэхлээр дээрх өвчин нь нэг өдрийн дотор илрээд шууд үхэлд хүргэх үү?
- мөн зөв оношилж, эмчилгээ хийлгэсэн бол эдгэрэх боломжтой байсан хэмээсэн нь буруу, хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь эдгэрэх өвчин биш амь нас тухайн үед аврагдах боломжтой эсэх тухай дүгнэлт байх ёстой.
Гэмт хэргийн шинжийг агуулаагүй буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах байр суурьтай. тухайлбал шүүгдэгч И.О нь 103-ийн буюу түргэний эмчийн үүрэг гүйцэтгэж явснаас үүдэлтэй хүний амь нас хохирох , хөнгөн, хүндэвтэр гэмтэл буюу хуульд зааснаар “... учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан тул хор уршиг гэм буруугүйгээр учруулсан тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх ёстой” гэм буруугийн үйлдэл , эс үйлдэл байхгүй юм.
3. Талийгаач өөрөө архи үргэлжлүүлэн олон хоногоор уусан тухайгаа асуумжид хариулсан, мөн шинжилгээ өгөлгүй, яаралтай хэвтэж эмчлүүлэх шаардлагатай талаар хэлэхэд өөрөө дур мэдэн гараад явсан байсан / хх-ийн 81 х/
Иймд шүүгдэгчийн үйлдэл болоод хохирогчийн амь нас хохирсон хохирлын хоорондх гэмт хэргийн шалтгаант холбоо үгүйсгэгдэж байгаа учир гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэж үзэж байна.
4. Нөгөө талаар хохирогч амь насаа алдсан нь чухам юунаас болов , уушгины хатгалгаа , амьсгалын дутагдлаас болсон гээд үзэж байгаа мөртлөө энэ байдалд хэний буруутай үйл ажиллагаа шууд нөлөөлсөн гэдгийг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй гэж үзэж байгаа бөгөөд талийгаач өөрөө архаг суурь өвчтэй байсан, эмчлүүлээгүй өөрөө сайн дурын шинжилгээ үзлэгээ хийлгээгүй орхиж явсан буруутай үйлдэл байх тул, өөрөөр хэлбэл шүүгдэгч И.О нь дээрх үйлдэлд буруугүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээс хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүнгүй тул
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дугаар зүйлийн 1.2,1.3-д заасан шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна. Иймд шүүгдэгч И.О ийн 229 тоот шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор Г.Цогтмагнай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээнэ үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Бичсэн гомдлоо дэмжин оролцоно. Тухайн гэмт хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, гэм буруугүй, амь хохирогчийн амь насаа алдсан нь И.О ийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын бичсэн гомдолд үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдлын үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад:
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналт, шалгалтын мэргэжилтэн М.Хонгорзулын дүгнэлт, яаралтай тусламжийн болон дуудлагын хуудас, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 4 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан үзэж шинжлэн судлахад хэрэгт чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлуудыг бүрэн тогтоогдоогүй байна гэж үзэх дараах байдлууд тогтоогдов.
Хавтаст хэргийн 24-25 дугаар талд авагдсан “...цээж хэвлийн хэсэгт 5 см дотор гадаргуугаар судал хатуурлын товруунуудтай, уушиг хөхөлбөр, хүрэн ягаан, 2 уушгины доод дэлбэнгийн дотор гадаргуугаар цөөн тооны цэгчилсэн цус харвалтуудтай, баруун уушгины дээд дэлбэнд хэмжээнээсээ томорч тогтоц хатуурч, зүслэгийн талбайд ногоон шаргал өнгийн шингэн гарна. ...үнхэлцэг хальс их хэмжээний шаргал өнгийн шингэн агууламжтай, зүрхний хөндий хар хүрэн бүлэгнэсэн цустай,зүрх 12x 10x4см хэмжээтэй зүүн ховдлын дэлгэмэл урт 9,5 см, баруунд 10.5 см гол судасны дэлгэмэл урт 6,5 см, зүрхний булчинд сорвижилтийн голомтуудтай, элэг 27x21x13x9 см хэмжээтэй, цус дүүрэлт дунд, дэлүү 13x8x3 см хэмжээтэй зүслэгийн талбайд их хэмжээний хусам өгнө,нойр булчирхай 17x3.5x15 см хэмжээтэй, бүтэц хэлтлэг,тогтоц хатуу, ходоодыг нээхэд их хэмжээний шаргал өнгийн шингэн агууламжтай, атираа нугалаа тод...”гэх цогцост задлан шинжилгээ хийсэн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэл,
Хавтаст хэргийн 67-71 дүгээр талд авагдсан “...шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болоод энэ өвчний талаарх мэдээллийг миний зүгээс тайлбарлах боломжгүй..., ...амь насыг аврах боломжийг мэргэжлийн хяналтын байгууллага тогтоох боломжгүй бөгөөд шүүх шинжилгээний албаны шинжээч эмч тогтоодог...” гэх шинжээчийн дүгнэлт гаргасан Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналт, шалгалтын мэргэжилтэн М.Хонгорзулын дүгнэлт,
Хавтаст хэргийн 134-137 дугаар талд авагдсан “...яаралтай тусламжийн тасагт ирсэн цаг... 11 цаг 10 минут... эмч үзсэн...11 цаг 15 минут...шийдвэрлэсэн 15 цаг 50 минут....яаралтай тусламжийн тасагт байсан нийт цаг 5 цаг 25 минут... одоогийн өвчний түүх архи уусан 5-6 хоног...урьдчилсан онош: архины шалтгаант хордлого...шийдвэрлэсэн байдал: цаашид дотрын эмчид, Ro зураг ...” гэх яаралтай тусламжийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 10 минутад бичсэн 7051 тоот хуудас, түргэн тусламжийн дуудлагын 7 дугаар сарын 23-ны өдрийн 25 тоот хуудас
“...3/.Шүүх эд эсийн шинжилгээний А-04 тоот хариунд: ХӨ-41
-Их, бага тархи:Цусны эргэлтийн алдагдал, судас тойрсон хаван
-Уушги:Капилляр-венийн цус дүүрэлт,уушгины пневмони /улаан элэгшлийн үе/
-Зүрх: Архаг гепатит/ үрэвсэл2/4, феброз1/4/, цусны эргэлтийн алдагдал
-Дэлүү: Цус дүүрэлт
-Нойр булчирхай:Венийн цус дүүрэлт, архаг панкреатит, цоргоны булчирхайлаг ургалцаг/intraductal adenoma/
-бөөрний дээд булчирхай:Холтослог бодисын цус харвалт, липофусциноз
-Бөөр;Цусны эргэлтийн алдагдал, сувганцрын голомтот үжил...
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: Баруун уушгины дээд дэлбэнг хамарсан цочмог хатгалгаа/ улаан элэгшлийн үе/,тархины хаван, бөөр, бөөрний дээд булчирхайн голомтот цус харвалт, үжил, дотор эрхтэнүүдийн цус дүүрэлт, элэг, нойр булчирхайн архаг үрэвсэл, баруун тавхайд зулгаралт...
Дүгнэлт: ...Талийгаач нь уушгины хатгалгаа өвчний улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ... “ гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 04 тоот дүгнэлт зэрэг өөр хоорондоо эргэлзээтэй баримтуудаар шүүгдэгч И.О ийг эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн иргэн К.А эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас К.А нас барсан гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл муутай болжээ.
Дээрх байдлаар Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 04 тоот дүгнэлт эргэлзээтэй болсон байхад Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2-т “ шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасныг шүүх хэрэгжүүлээгүй, шүүгдэгч И.О ийн шүүх хуралдаанд гаргасан “...мэргэжлийн ...бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахыг хүссэн...” хүсэлтийг шийдвэрлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлттэй танилцаад хүсэлт гаргаагүй, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагагүй гэж шүүх дүгнээд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12-д тус тус заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцээгүй гэж үзнэ.
Мөн хэрэгт амь хохирогчийн эмнэлэгт хандаад нас барсан цаг хугацаа, амь насыг нь аврах боломжтой байсан эсэх, шүүгдэгч И.О нь талийгаачийг үзээд эмчилгээ бичсэн байдал зэрэг хэргийн нөхцөл байдалд дахин шинжилгээний дүгнэлт гаргуулан гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь хэрэгт ач холбогдолтой юм.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын “... хэргийг хэрэгсэхгүй болгох...” агуулгаар бичсэн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.
Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/229 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.3 -т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/229 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч И.О холбогдох эрүүгийн 2014000040181 дугаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч И.О хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР,
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Б.БОЛОР-ЭРДЭНЭ