| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2020/00492/И |
| Дугаар | 140/ШШ2020/00566 |
| Огноо | 2020-09-09 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 140/ШШ2020/00566
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ц.*******гийн нэхэмжлэлтэй СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Х.Билэгтжаргалын нэрэмжит Хөгжим бүжгийн коллежид холбогдох 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хоорондох ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх, мөн нийгмийн даатгал тасарсаны улмаас авч чадаагүй ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн даатгал тасарсаны улмаас 2021 оны төсөвт тусгагдаагүй зардлыг нэмж гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.******* нь СУИС-ийн салбар Хөгжим бүжгийн коллежийн сургалтын албаны даргаар 2014 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 2018 оны 2 сард жирэмсэний амралтаа авч, 4-р сард төрсөн. 2019 онд ажилдаа эргэн орох гэтэл бүтэц орон тоогоор чөлөөлсөн байсан тул Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2019 оны 10 сарын 04-ний өдрийн 403 тоот захирамжаар ажилдаа орохоор тогтоолгосон.
Гэвч захирлууд маань солигдож биелэгдэхгүй явсаар шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх газарт хандахад хүрч сунжирсаар 2020 оны 5 сарын 4-нд ажилдаа эргэн орсон.
Ийнхүү ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 3 сараас 2020 оны 5 сарын 04-н хүртэлх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэдийн даатгал тасарч, 8 сарын цалингаар хохирсонд гомдолтой байна. Мөн нийгмийн даатгал тасарснаас үүдэн ээлжийн амралтын мөнгө, 5 жил хөдөө орон нутагт ажилласны нэмэгдэл 2021 оны төсөвт суулгуулж чадахгүй тус тус хохирч байна.
Цаашилбал жирэмсэний болон амаржсаны мөнгөө авч чадахгүй байхад хүрч давхар давхар хохирч байна.
Иймд дээрх асуудлуудыг хуулийн дагуу тогтоож, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх, мөн нийгмийн даатгал тасарсаны улмаас авч чадаагүй ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн даатгал тасарсаны улмаас 2021 оны төсөвт тусгагдаагүй зардлыг нэмж гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Х.Билэгтжаргалын нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн захирал Р.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Р.******* нь СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн захирлаар 2020 оны 5-р сарын 20-нд түр томилогдон ажиллаж байна. Тус сургуулийн сургалтын албаны даргаар ажиллаж байгаа Ц.*******гийн 2020 оны 6-р сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ асуудлын талаар ойлголт багатай өмнөх захирлуудын үед болсон асуудал байгаа тул шүүхээс гаргасан шийдвэрийг үндэслэх нь зүйтэй байх гэж үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эвлэрлэийн гэрээний дагуу 2019 оны 10 сарын 24-ний өдрийн 403 тоот захирамжаар ажилдаа эргэн орохоор болсон боловч эвлэрлийн гэрээ байгуулсан хариуцагч байгууллагын захирал 2019 оны 08 сарын 26-ны өдрөөс эхлэн ажилд авна гэж хэлсэн. Тэгээд ажилдаа орох гээд очтол захирал Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан байж байгаад 10 сард ажилдаа ирсэн. Захирлыг ажилдаа ирсний дараа би ажилдаа орох талаар удаа дараа уулзахад намайг ажилд эгүүлэн авна гэдгээ хэлдэг байсан. Үүний дараа Энхжаргал захирал болсны дараа би эвлэрсэн талаарх шүүгчийн захирамжаа бариад удаа дараа уулзсан боловч намайг үргэлжлүүлээд хүүхэд асрах чөлөөгөө авчих, хүүхэд чинь нялх байна, чи биеэ бод гэж хойшлуулж явсаар байгаад дараа оны 3 сар болгосон. Үүний дараа Энхжаргал захирал эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүний дараа сургуулийн захирлаар ******* гэдэг хүн болсон. Тэгээд ******* захирал намайг ажилд авахгүй байсан учраас би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэгч шаардсаны улмаас намайг 2020 оны 5 сард ажилд авахдаа миний цалинг бууруулахгүйгээр багшаар ажилд авъя гээд багшаар ажилд авах тушаал гаргасан. Ажилд авах тушаал гарахад миний цалинг бууруулахгүй гэж тохиролцсон боловч ажилд авах тушаал дээрээ нэг жилийн хугацаатай ажилд авна гэж тушаалаа гаргасан байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэг жилийн дараа миний ажлын байр хадгалагдахгүй байх тушаал гаргасан байсан учраас би өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад уг тушаалаар ажилд орох боломжгүй байна гэдгээ хэлсэн. Үүний дараа эргээд сургалтын албаны даргын ажил дээрээ эгүүлэн томилогдсон. Томилогдоод ажлаа хийж байсан боловч коронавирус халдварт өвчин гарч сургууль ажиллахгүй байж байгаад амарсан. Мөн зуны амралт давхардсан. Намайг бие давхар юм чинь дахин хүүхэд асрах чөлөөгөө авчих гэхээр нь би энд тэнд төслийн ажил хийж байсан. Миний ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 08 сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 сарын 01-ний өдөр хүртэлх цалингаа нэхэмжилж байгаа үндэслэл нь гэвэл хариуцагч тал буюу ажил олгогч тал маань намайг ажилд авна гэсэн үедээ ажилдаа аваагүй нь надаас шалтгаалах шалтгаан биш учраас энэ хугацаанд би хохирч ажилгүй байсан хугацааныаа цалин нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх эрхтэй учраас шүүхэд хандсан. Хариуцагч байгууллагын төлөөлөгчтэй шүүгчийн өрөөнд уулзахад би шүүхийн шийдвэрийн дагуу үүргээ биелүүлнэ гэдгээ хэлж байсан. Мөн нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын хувьд гэвэл би ажилдаа орсон байсан бол 5 жил дутамд олгогдох урамшууллаа Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн дагуу 2021 оны төсөвт суулгуулах байсан. 5 жил дутамд ажилласны дагуу 10 сарын цалингийн урамшуулал авах ёстой байсан. Намайг ажилд эгүүлэн аваагүйгээс болоод би уг урамшуулалыг авч чадахгүй хасагдсан. Энэ талаар хүний нөөцөөсөө асуухад нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр баримт болгож олгогддог учраас миний нийгмийн даатгалын дэвтэр дутуу бичилттэй болохоор 2021 оны төсөвт ороогүй байна гэж хэлсэн. Би ажил олгогчийн буруутай үйлдлээс болж давхар, давхар хохирч байна. Мөн би биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас энэ оны 10 сарын 01-ний өдрөөс эхлээд жирэмсний амралтаа авах ёстой, гэтэл нийгмийн даатгал байхгүй учраас жирэмсний амралтын мөнгөө бодохоор хохирол учраад байгаа.
Иймд миний ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны олговор 9,432,869 төгрөгийг, мөн амралтын мөнгө 1,186,664 төгрөгийг, нийгмийн даатгал тасарсаны улмаас 2021 оны төсөвт тусгагдаагүй зардлыг нэмж гаргуулах, албан тушаалтнуудын буруутай үйлдлийн улмаас албан тушаалын сарын цалингийн 15 хувийн нэмэгдэл 1,083,954 төгрөг, ур чадварын 5 хувийн нэмэгдэл 361,318 төгрөг, нийт 12,064,805 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийг хүсч байна. Тийм учраас миний энэхүү тайлбаруудыг минь харгалзан үзэж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2111 дугаартай шүүгчийн захирамж 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гарч хуралдааныг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цаг 00 миунтад хэлэлцэхээр товлож, нэхэмжлэгч, хариуцагч байгууллагын төлөөлөгч нарт хуульд заасан журмын дагуу хурлын тов мэдэгдэж баримтжуулсан байх бөгөөд хариуцагч байгууллагын төлөөлөгч 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд ирээгүй, түүнчлэн нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгчийг байхгүйгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч нар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Х.Билэгтжаргалын нэрэмжит Хөгжим бүжгийн коллежид холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх, мөн нийгмийн даатгал тасарсаны улмаас авч чадаагүй ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн даатгал тасарсаны улмаас 2021 оны төсөвт тусгагдаагүй зардлыг нэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Тэрээр нэхэмжлэгч Ц.******* нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардалгаа тодруулсан тайлбартаа ...2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны олговор 9,432,869 төгрөгийг, мөн амралтын мөнгө 1,186,664 төгрөгийг, ...нийгмийн даатгал тасарсаны улмаас 2021 оны төсөвт тусгагдаагүй зардлыг нэмж гаргуулах, албан тушаалтнуудын буруутай үйлдлийн улмаас албан тушаалын сарын цалингийн 15 хувийн нэмэгдэл 1,083,954 төгрөг, ур чадварын 5 хувийн нэмэгдэл 361,318 төгрөг, нийт 12,064,805 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийг хүсч байна... гэжээ.
Хариуцагч СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Х.Билэгтжаргалын нэрэмжит Хөгжим бүжгийн коллеж нь ...Тус сургуулийн сургалтын албаны даргаар ажиллаж байгаа Ц.*******гийн 2020 оны 6-р сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ асуудлын талаар ойлголт багатай өмнөх захирлуудын үед болсон асуудал байгаа тул шүүхээс гаргасан шийдвэрийг үндэслэх нь зүйтэй байх гэж үзэж байна... гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 403 дугаартай шийдвэрээр зохигчид эвлэрч, улмаар нэхэмжлэгч Ц.*******г 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, 1,902,805 төгрөгийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцах тул нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрхтэй.
Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан, нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан өрдөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны олговор шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарч байна.
Нэхэмжлэгч Ц.*******г СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Х.Билэгтжаргалын нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн захирлын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/32 дугаартай, мөн тус захирлын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 дугаартай тушаалуудаар ажилд нь эгүүлэн томилсон нь тогтоогджээ.
Иймд Ц.*******д дээрх хугацааны олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ц.*******г 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр сургалтын албаны даргаар томилохдоо түүний нэг сарын үндсэн цалинг ТҮМБ-6-2 шатлалд харгалзах 913,347 төгрөгөөр тооцож, бусад нэмэгдлийн хамт сар бүр олгохоор тогтоосон байна.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тооцох журмын дагуу дээрх 3 сарын цалин хөлс нийт 2,740,041 төгрөгийн дунджаас ажлын нэг өдрийн цалин хөлсийг бодож, ажилгүй байсан нийт хугацаа болох 174 хоногоор тооцон /2,740,041 төгрөг : 3 сар = 913347 төгрөг : 21.2 хоног = 43082 төгрөг х 174 хоног/ нийт 7,496,268 төгрөгийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олгох 7,496,268 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад холбогдох шимтгэлүүдийг суутган холбогдох санд төлж нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагын санхүүд үүрэг болгох нь зүйтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч Ц.******* нь Тэргүүлэх багш мэргэжлийн зэрэгтэй болох нь Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшид мэргэжлийн зэрэг олгох тухай Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 11-р сарын 22-ны өдрийн А/204-р тушаалыг үндэслэн Тэргүүлэх багш мэргэжлийн зэрэг олгосон үнэмлэхээр тогтоогдож байгаа бөгөөд тэрээр албан тушаалын сарын цалингийн 15 хувийн нэмэгдэл, мөн ур чадварын нэмэгдлийн 5 хувиар тооцож цалин олгож байсан болох нь түүний тайлбар болон 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн 0328353 тоот Нийгмийн даатгалын дэвтэрээр нотлогдож байна.
Дээрх байдлуудаас үзэхэд Ц.*******гийн нэхэмжилсэн 2019 оны 8 дугаар сараас эхлэн 2020 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны ур чадварын нэмэгдэл болох 361,318 төгрөг, мөн хугацааны зэргийн нэмэгдэл болох 1,083,954 төгрөг, нийт 1,445,272 төгрөгийг гаргуулах нь үндэстэй байна.
Мөн нэхэмжлэгч нь амралтын мөнгө болон нийгмийн даатгал тасарсаны улмаас 2021 оны төсөвт тусгагдаагүй зардлыг нэмж гаргуулахаар нэхэмжилжээ.
Түүний дээрх шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. Гэтэл дээрх эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш нэхэмжлэгч Ц.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг хэтрүүлжээ.
Иймд түүний амралтын мөнгө нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн нэхэмжлэгч нь нийгмийн даатгал тасарсаны улмаас 2021 оны төсөвт тусгагдаагүй зардлыг нэмж гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэ талаараа шүүхэд нотлоогүй байх тул нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг хангах боломжгүй юм.
Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар үндэслэл, татгалзлаа нотлох үүрэгтэй.
Гэтэл хариуцагч тал энэ үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгээгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7,496,268 төгрөгийг СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Х.Билэгтжаргалын нэрэмжит Хөгжим бүжгийн коллежоос гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,936,601 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 7,496,268 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд шилжүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийг СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Х.Билэгтжаргалын нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн захиргаанд үүрэг болгосугай.
3. Нэхэмжлэгч Ц.*******гийн 2019 оны 8 дугаар сараас эхлэн 2020 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны ур чадварын нэмэгдэл болох 361,318 төгрөг, мөн хугацааны зэргийн нэмэгдэл болох 1,083,954 төгрөг, нийт 1,445,272 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас амралтын мөнгө 1,186,664 төгрөг, нийгмийн даатгал тасарсаны улмаас 2021 оны төсөвт тусгагдаагүй зардал нэмж гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллага болох СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Х.Билэгтжаргалын нэрэмжит Хөгжим бүжгийн коллежоос улсын тэмдэгтийн хураамжид 158,015 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
6. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
7. Зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ