| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0157/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/156 |
| Огноо | 2024-08-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/156
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
Улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин
Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ургийн овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2431002260168 дугаартай, 175/2024/0157/Э индекстэй хэргийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт ******* хот ******* дүүрэг 8 дугаар хороо К-4 апартмент ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй ******* ургийн овогт *******ийн ******* /РД:*******/,
Хэргийн товч агуулга:
Яллагдагч Н.******* нь 2024 оны 06 дугаар сарын 16-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг *** тоотод согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б. зодсоны улмаас түүний эрүүл мэндэд зүүн талын дух, шанаа, хацар, зүүн баруун гуя, бүсзлхий нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “...мэдүүлэг өгөхгүй....” гэжээ.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь 2024 оны 06 дугаар сарын 16-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг 5-8 тоотод согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б. зодсоны улмаас түүний эрүүл мэндэд зүүн талын дух, шанаа, хацар, зүүн баруун гуя, бүсзлхий нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-02 дугаар хуудас/, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтын тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/, хохирогч Б.ийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 4 дүгээр хуудас/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 05-16 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн ******* сумын хамтарсан багийн хуралдааны тэмдэглэл /хх-ийн 17-18 дугаар хуудас/, зөрчил үйлдэгдсэн гэх газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/, согтуурсан мансуурсан хүнийг түр саатуулах тухай тогтоол /хх-ийн 23 дугаар хуудас/, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 21-22 дүгээр хуудас/, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 23 дугаар хуудас/, хохирогчоор Б. тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 25 дугаар хуудас/, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугар сарын 20-ны өдрийн 226 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/, эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 38 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2431002260168 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 43-45 дугаар хуудас/, дуудан ирүүлэх прокурорын мэдэгдэх хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 57 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/, шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/, захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-68 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Н.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Н.*******ын үйлдсэн гэмт хэрэгт 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Н.*******т мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ын хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ