Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2018/00103

 

Орхон аймгийн Татварын хэлтсийн

нэхэмжлэлтэй, хүсэлт гаргагч

Э  ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2018/00731 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хүсэлт гаргагч: Э  ХХК-д холбогдох,

568.740 төгрөг гаргуулах, Э  ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б ы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Э  ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Э  ХХК нь 2002 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрээр шар айраг үйлдвэрлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд Д  овогтой С , Ш овогтой Л  нарын хоёр гишүүнтэй, 1 000 000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй. Төлбөрийн чадваргүй болсоны улмаас дампуурсанд тооцож, татан буулгуулах хүсэлтэй байна. Сүүлийн жилүүдэд зах зээлийн хямрал бусад холбогдох гадны нөлөөний улмаас компанийн үйл ажиллагаа доголдож, орлогын эх үүсвэргүй болсон. Улмаар үйл ажиллагаагаа сэргээх зорилгоор удаа дараа оролдсон боловч тухай бүрт ашиг олж чадаагүй. Одоо манай компани цаашид ямар нэгэн ашиг олох болон үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байна. Э  ХХК нь хуулийн этгээдийн хувьд ямар ч хөрөнгийн эх үүсвэргүй, үл хөдлөх хөрөнгө байхгүй учраас цаашид үйл ажиллагаа явуулах эдийн засгийн боломж, хүн хүчний бололцоо байхгүй болсон тул дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэжээ.

Орхон аймгийн Татварын хэлтэс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Э  ХХК нь татаварын хэлтэст 2002 онд **  тоот регистрийн дугаартайгаар бүртгэгдэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд 2007 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 557.400 төгрөгийн татвар төлөхөөр тайлан гаргаж 137 600 төгрөгийг буцаан авалтаар хасч 419.800 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2007 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 120.500 төгрөгийн албан татвар төлөхөөр тайлан гаргасан. Татварын ерөнхий хуулийн 43.5 дахь хэсэгт ...тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байх тухай хуульчилсан бөгөөд Э  ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ үл биелүүлэн албан татварын төлбөрөө бүрэн барагдуулаагүй байгаа юм. Үүсгэн байгуулагдсанаас хойш төсөвт 4.788.000 төгрөг төлсөн байх бөгөөд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 26.673.100 төгрөгийн өрөнд албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа боловч шүүхийн шийдвэрийг хангалтгүй биелүүлж байгаа юм.Тиймээс татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Э  ХХК-ийн захирал Д.С аас 568.740 төгрөгийн татварын өрийг гаргуулан төсөвт төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хэрэг гүйцэтгэгч А.Э  шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Шинээр ирүүлсэн лавлагаа, хэргийн материалд авагдсан бусад нотлох баримтууд болон Э  ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2011-2013 оны, 2015-2017 оны санхүүгийн тайланд үндэслэн хэрэг гүйцэтгэгч А.Э  миний бие хүсэлт гаргагчийн үйл ажиллагаанд хийсэн дүнэлтийг гаргаж шүүх, нэхэмжлэгч хариуцагч нарт танилцуулсан. Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж дампуурлын түвшинд үнэлгээ хийсэн. Уг үзүүлэлтээр Э  ХХК нь төлбөрийн чадваргүй болж дампуурах магадлал 95-98 хувь болсон үзүүлэлт гарч байна. Санхүүгийн тайлангийн үзүүлэлтээс харахад Э  ХХК нь Компанийн санхүүгийн тайланд Орхон аймгийн Татварын хэлтэст төлөх татварын өр 28.723.100 төгрөгийн өр төлбөрийг тусгаагүй байна. Энэхүү санхүүгийн тайлангийн 2011-2013 онууд, 2015-2017 оны жилийн эцсийн байдлаар компанийн өр төлбөр 24.366.906 төгрөг болж өөрийн хөрөнгийн 621.93 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Шүүгчийн 2018 оны 03-р сарын 22-ны өдрийн 142/ШЗ2018/01421 тоот захирамжийн дагуу холбогдох байгууллагуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаагаар "Э " ХХК-д Дампуурлын хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгөгүй, мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тогтоогдоогүй.

Хариуцагч "Э  ХХК-ийн төлбөрийн чадваргүй болоход хүргэсэн шалтгааныг хэрэг гүйцэтгэгч миний зүгээс дараахь нөхцөл байдлаас шалтгаалсан гэж дүгнэлээ. "Э " ХХК нь шар айраг үйлдвэрлэл, хүнсний жижиглэнгийн болон бөөний худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан боловч зөвхөн бусдад бараа нийлүүлэх гэсэн ганц чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байжээ. Үйл ажиллагааны өөр чиглэл байхгүй, зорилт, зорилго, эдийн засгийн тооцоолол төлөвлөлт байгаагүй байна. Хөрөнгийн эх үүсвэр бий болгож чадаагүй, хуримтлал үүсгээгүй нь тэдний үйл ажиллагаа зогсох хэмжээнд бусдаас хамааралтай ажиллаж байсан нь гол эрсдэл болсон байна. Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 14-р зүйл, Татварын ерөнхий хуулийн 13.1.2-р зүйл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14-р зүйлийг тус тус зөрчиж нийт 1 010 392 100 төгрөгийн бараа ажил үйлчилгээндээ НӨАТатвар, болон татвар ногдох орлого бууруулсан үйлдэлдээ ТУБ-ийн актаар нөхөн татвар, хүү, торгууль төлөх болсон байна. Компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, татварын өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар санаачлагагүй ажилласнаас үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцлийг алдагдуулж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болжээ. Э  ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэхийг тооцоход Дампуурлын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-д ... Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно... гэж зааснаар шүүхэд ирүүлсэн санхүүгийн баримтад хийсэн дээрх судалгаанд тулгуурлан тус Э  ХХК нь 2011 оноос өөрийн хөрөнгийн 621.93%-тай тэнцэх хэмжээний өр төлбөртэй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэлээ.

Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, Хариуцагч болон Хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно.

Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтад хийсэн дүгнэлтэд үндэслэн тус Э  ХХК нь 2011 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс Э  ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33-р зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.

Хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 37-р зүйлийн 37.1-д Татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор хариуцагч нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болно гэж заасны дагуу хариуцагчийн Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 744 тоот шийдвэрийн дагуу Орхон аймгийн Татварын хэлтсийн өмнө хүлээсэн 26 673 100 төгрөг болон 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 01/579 тоот нэхэмжлэлийн дагуу төлөх 568 740 төгрөгийн татварын өр төлбөрийг тус тус барагдуулах үүрэг дуусгавар болох юм гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2018/00731 дугаар шийдвэрээр:

Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1.-д заасныг баримтлан Э  ХХК /улсын бүртгэлийн дугаар 2011005103, регистрийн дугаар ** /-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Э  ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Э од шилжүүлж, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар Э  ХХК-с 568.740 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэст олгож, Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан Э  ХХК-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор, нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын өр 568.740 төгрөг, Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэлийн ажиллагаанд байгаа татварын өр 26.673.100 төгрөгийн төлбөр бүрэн төлөгдөөгүй тохиолдолд хангагдаагүй үнийн дүнгээр үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурдаж, Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3-д заасныг баримтлан Э  ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Э од даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Орхон аймгийн шүүхийн Тамгын газрын дарга М.Ганчулуун, шүүгчийн туслах Ө.Энхбаатар нарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хүсэлт гаргагч Э  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б  давж заалдсан гомдолдоо:

Татвар төлөгч нь 2002 онд үүсгэн байгуулагдсан боловч төсөвт 4.788.000 төгрөг төлсөн байх бөгөөд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 26.673.100 төгрөгийн өрөнд албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа боловч шүүхийн шийдвэрийг хангалтгүй биелүүлж байгаа юм. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, харъяа татварын албатай ямар ч холбоо харилцаа байхгүй ер нь татвар төлөгчийнхөө хувьд татвар төлөгчийн үүргээ огт биелүүлдэггүй атал дампуурч аливаа төрлийн хариуцлагаас шууд чөлөөлөгдөж байгаа нь туйлын учир дутагдалтай байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 142/ШШ2018/00731 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд шинжээч томилох хэргийг дахин шинжлэн судлах боломж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Э  ХХК нь дампуурсанд тооцож, татан булгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1.-д заасныг баримтлан Э  ХХК /улсын бүртгэлийн дугаар 2011005103, регистрийн дугаар ** /-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Э  ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Э од шилжүүлж, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар Э  ХХК-с 568.740 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэст олгож, Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан Э  ХХК-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор, нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын өр 568.740 төгрөг, Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэлийн ажиллагаанд байгаа татварын өр 26.673.100 төгрөгийн төлбөр бүрэн төлөгдөөгүй тохиолдолд хангагдаагүй үнийн дүнгээр үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурдаж, Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3-д заасныг баримтлан Э  ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Э од даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Орхон аймгийн шүүхийн Тамгын газрын дарга М.Ганчулуун, шүүгчийн туслах Ө.Энхбаатар нарт даалгаж шийдвэрлэжээ.

Э  ХХК нь 2002 оны 11 дүгээр сарын 23 ны өдөр 2 гишүүнтэй 1.000.000 төгрөгийн дүрмийн сантай, шар айраг үйлдвэрлэх үндсэн чиглэлтэй, мөн хүнсний жижиглэнгийн болон бөөний худалдаа, аялал жуулчлалын үйл ажиллагаа хамт эрхлэхээр үүсгэн байгуулагдаж, 2006 оны 07 дүгээр сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Шүүх Э  ХХК-ийн хүсэлтийг үндэслэн дампуурлын хэрэг үүсгэн, хүсэлт гаргагчийг төлбөрийн чадвартай эсэхийг тогтоолгохоор түр хэрэг гүйцэтгэгчийг томилжээ.

2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр түр хэрэг гүйцэтгэгч А.Э оос Э  ХХК-ийн төлбөрийн чадварын талаарх дүгнэлтийг ирүүлжээ.

Дампуурлын түр хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэн шүүх 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Э  ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсонд тооцож, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээллэхийг Орхон аймгийн шүүхийн Тамгын газрын даргад даалгаж, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дотор нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ ирүүлэхийг, дээрхи хугацаанд нэхэмжлэл гаргаагүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхгүй болохыг мэдэгдэж, нэхэмжлэгчдийн анхдугаар хурлыг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 14.00 цагт зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Дампуурлын хэргийн талаар Орхон аймгийн шүүхийн court.or.gov.mn цахим хуудас, Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын олон нийтийн сүлжээний цахим хуудас, орон нутгийн Тусгал, Номин, Мэдээллийн бирж, ETV телевизүүдээр мэдээллэсэн бөгөөд Шинэ мэдээ сонины 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаарт Э  ХХК-иас авлагатай нэхэмжлэгч нар 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргахыг нийтэд зарласан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэсний дагуу дээрх хуулийн хугацаанд Э  ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс 568.740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Э  ХХК нь 26.673.100 төгрөгийн төлбөрийг Орхон аймгийн татварт төлөх шүүхийн шийдвэртэй ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байна .

Э  ХХК нь хадгаламж банкинд 2103043 дугаартай төгрөгийн данстай бөгөөд 0.00 төгрөгийн үлдэгдэлтэй, тус компанийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй, ашигт малтмал хайгуулын лецензгүй болох тогттогджээ.

Хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцсоноос хойш Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 23 дугаар зүйлийн 23.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт гараагүй байна.

Хэрэг гүйцэтгэгч А.Э  нь Э  ХХК-ийн санхүү, эдийн засгийн байдалд дүгнэлт хийгээд нийт татварын өр төлбөрт төлөх мөнгө нь хариуцагчийн өөрийн хөрөнгийн 10 хувиас дээш буюу Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заалтанд бүрэн хамаарч байгаа, хариуцагчийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй, хариуцагч болон нэхэмжлэгч хэрэг гүйцэтгэгчээс дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаагүй тул тус компанийг дампуурсанд тооцож татан буулгах тухай саналыг шүүхэд гаргажээ.

Шүүх ...Э  ХХК-ний дампууралд хүрэх шалтгааныг шар айраг үйлдвэрлэл, хүнсний жижиглэнгийн болон бөөний худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан боловч зөвхөн бусдад бараа нийлүүлэх гэсэн ганц чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, зорилго, зорилт эдийн засгийн тооцоолол, төлөвлөлт байгаагүйтэй холбон тайлбарласан байна. Хөрөнгийн эх үүсвэр бий болгож чадаагүй, хуримтлал үүсгээгүй нь тэдний үйл ажиллагаа зогсох хэмжээнд бусдаас хамааралтай ажиллаж байсан гол эрсдэл болсон байх тул Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар Э  ХХК-ийг дампуурсанд тооцон татан буулгах нь зүйтэй гэж... мөн нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага 568 740 төгрөгийн талаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаагүй, хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б  давж заалдсан гомдолдоо 731 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд шинжээч томилох хэргийг дахин шинжлэн судлах боломж өгнө үү гэсэн боловч нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэнд ямар нэгэн санал, хүсэлт гомдол гаргаагүй, дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б ы давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2018/00731 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б ы давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР