| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 187/2020/0569/Э |
| Дугаар | 2020/ДШМ/1341 |
| Огноо | 2020-10-22 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2020/ДШМ/1341
187/2020/0569/Э
2020 10 22 2020/ДШМ/1341
В.Б-эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч В.Б-,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/560 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч В.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1914008540219 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б-,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 554 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн;
В.Б- нь 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд С.А-д “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон өөрийн “Хаан” банкны 5925275414 дугаарын дансаар нийт 4.290.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд О.А-д “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон өөрийн “Хаан” банкны 5925275414 дугаарын дансаар нийт 5.110.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2019 оны 9 дүгээр сарын 10-наас 2019 оны 11 дүгээр сарын 15-ны хооронд О.Б-од “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуур,ч зохиомол байдлыг зориуд бий болгон өөрийн “Хаан” банкны 5925275414 дугаарын дансаар нийт 1.870.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Ц.М-ад “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон өөрийн “Хаан” банкны 5925275414 дугаарын дансаар 500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 11.770.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: В.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-ийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-ийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/6 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч В.Б-ийн цагдан хоригдсон 250 /хоёр зуун тавь/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч В.Б-ээс нийт 11.770.000 төгрөг гаргуулан хохирогч С.А-д 4.290.000 төгрөгийг, О.А-д 5.110.000 төгрөгийг, О.Б-од 1.870.000 төгрөгийг, Ц.М-ад 500.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч В.Б-эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч В.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Уг тогтоолын дагуу хорих 407 дугаар ангид ял эдэлж байгаад 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 461 дүгээр цагдан хорих ангид шилжүүлэн уг хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. 2019/ШЦТ/06 дугаартай тогтоолтой хэргийг хохирогчид гомдол гаргахаас өмнө хийсэн хэрэгтээ гэмшин сайн дураараа илчлэн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очсоноороо уг хэрэгт шалгагдаж эхэлсэн. Олон удаагийн хохирогч нарын дайралт, олон нийтийн сүлжээнд миний зургийг тавин, миний ажиллуулж байсан “Хан-Мон” боловсролын төв дээр ирж дарамтлан зодож, доромжилсон. Улмаар төрсөн хүү Б.Дөлгөөнтулга, дүү В.Орхонлхам нарын ажил дээр хохирогч нар ирж мөн л өмнөх байдал давтагдаж байсны улмаас би мөрдөгч, прокурор, шүүхэд хэргийг шалгаж байх явцад цагдан хоригдох хүсэлтийг удаа дараа амаар болон бичгээр өгч байсан боловч цагдан хоригдоогүй.
Мөн энэ хэрэгт шалгагдаж байхдаа О.Б-, С.А-, О.А-, Ц.М- нарын гомдол ирээгүй болохыг мөрдөгчид хэлж хэргээ нэгтгэн шалгуулахыг хүсэхэд “чам шиг залилангийн авгайгаар ажлаа заалгахгүй, бид шалгадагаа шалгасан. Одоо прокурорт хэрэг чинь шилжиж байна” гэсэн. Прокурортой уулзан учир байдлаа хэлтэл “Бид ирсэн гомдлын дагуу шалгасан. Одоо тийм зүйл байхгүй” гэснээр хэрэг шүүхэд очсон. Хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшин, өөрөө гэм буруугаа хүлээн цагдаагийн байгууллагад очсон ба удаа дараа хохирогчид үлдсэн ба нэгтгэн шалгуулахыг хүссэн зэргийг харгалзан үзэлгүй дахин дуудлагаар авчран 1 жил 6 сарын хорих ял нэмж өгсөнд гомдолтой байна. Хэдийгээр би олон хүн хохироосон гэмт хэрэг үйлдсэн ч гэлээ хэрэгт шалгагдаж байх явцдаа хохирогч нарынхаа хохирогч болсоор байсан. Нэг бус удаа хохирогч нар гэрт дайрч орж ирэн хэл амаар дайрч, зодон олон нийтийн сүлжээнд миний зургийг тавьж төрсөн хүү Б.Дөлгөөнтулга, дүү В.Орхонлхам нарын ажил дээр очин хэл амаар доромжлох явдал үргэлжилсээр байна. Надаас болж энэ бүх зүйл үүсэж байгаа байгаа болохоор би хохирогч нарт гомдол хэлээгүй. Мөн би энэ хэрэгт чин сэтгэлээсээ гэмшиж, өөрөө хэргээ хүлээж очсон болохоор өмгөөлөгчгүй орсон. Бусдад учруулсан гэм буруугаа хүлээн, гэм буруу дээрээ огт маргаагүй бөгөөд бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна. Миний бие солонгос хэлний багш, орчуулагч мэргэжилтэй бөгөөд яг одоо надад байгаа зүйл бол эрдэмтэн багш нарын минь зааж өгсөн боловсрол болохоор би өдий хүртэл хоригдож байх хугацаандаа “Гайхамшигт Монгол орон”, “Хаалганы цаана” зэрэг номнуудыг хөрвүүлэн орчуулсан. Олон жил багшилсан туршлага дээрээ үндэслэн “Солонгос хэл бие даан сурах бичиг 1, 2”, Өвөрмонгол жуулчдад зориулж “Дэлхийн монгол” танин мэдэхүйн номыг уйгуржин монгол бичгээр тус тус бичсэн болно. Одоо эдгээр бүтээлүүдээ ар гэрийнхэндээ өгч хэвлүүлэн борлуулж, хохирлоо төлөхөө илэрхийлж байна. Миний эх С.Даариймаа нь 77 настай. Хорвоогийн мөнх бусаар хоёр хүүгээ алдан шаналж байхад нь төрүүлсэн том охин нь 6 жил 6 сарын хорих ял авч өдөр бүр уйлан шаналж, даралт нь ихсэн, удаа дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон биеийн байдал зэргийг нь харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Пүрэвтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч В.Б- нь 4 удаагийн үйлдлээр бусдад нийт 11.770.000 төгрөгийн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу өмнөх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоосон. Анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хохирол төлбөрөө төлөөгүй нөхцөл байдал зэргийг харгалзан 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч В.Б-эд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй болж чадаагүй байна.
Тодруулбал, В.Б- нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 18-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, нийт 71.920.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Д.Б- нь дээрх шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 4 хохирогчийг “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон залилж, нийт 11.770.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч С.А- /1хх 20-21/, О.А- /1хх 63-64/, Ц.М- /1хх 133-134/, О.Б- /1хх 242-243/, гэрч Б.Оргилбаяр /1хх 23-24/, Т.Азжаргал /1хх 141/ нарын болон В.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /1хх 94, 162/, /2хх 23, 37, 57/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 5-8, 29-33, 78-81,142/, /2хх 1-5/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
В.Б-ийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/6 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгэх үед түүний үйлдсэн гэх дээр дурдсан хэрэг илрээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно. ...” гэж, мөн зүйлийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. ...” гэж тус тус заасан байна.
Энэхүү зохицуулалтаас үзэхэд, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудал тодорхойгүй бөгөөд нэг зүйл хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэрэгт холбогдсон байх тул нэг тогтоолоор хэргийг шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдал дээрдэх ач холбогдолтой.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, В.Б-эд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч В.Б-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/560 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, В.Б-эд холбогдох хэргийг прокурорт буцаасугай.
2. Хэрэг прокурорт очтол В.Б-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН