Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 140/ШШ2020/00567

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн******* сумын баг хэсэг ******* тоотод оршин суух овгийн *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн******* сумын ******* тоотод оршин суух овгийн *******ын ******* /РД:*******/-д холбогдох

байрны үнээс буцааж аваагүй 5.000.000 төгрөг, 2018 оны 1 сарын 11-ний өдөр авсан хэрэглээний зээлийн хүүнд 2020 оны 7 дугаар сар хүртэл төлсөн 6.392.696 төгрөг, 2018 оны 1 сарын 17-ны өдөр авсан тэтгэвэрийн зээлд 2020 оны 7 дугаар сар хүртэл төлсөн 1.139.818 төгрөг, 3.380.000 төгрөгийн хадгаламжийн хүүнд олох байсан 657.072 төгрөг, 1.600.000 төгрөгний хадгаламжийн хүүнд олох байсан 311.040 төгрөг нийт 13.500.626 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. /онлайнаар/, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: 2018 оны 1 сарын 25-нд С.*******тэй тохиролцоод байрны урьдчилаа мөнгөнд 35.000.000 төгрөг өгөөд байрандаа орсон. Байрандаа орсны дараа гэрээгээ хийх гэтэл тухайн байрны цонх нь цанатаад асуудалтай байхаар нь цонхоо сольж өгснийхэн дараа гэрээгээ хийе гээд гэрээгээ хийгээгүй байсан. Мөн байрны үлдсэн мөнгөө ордер гарахаар өгнө гээд тохиролцсон байсан. Байрны ордер гарахыг хүлээсээр байтал нэг жил өнгөрсөн. Нэг жилийн дараа надад Улаанбаатар хотын Шинэ Монгол сургуулиас ажлын санал ирсэн. Тэгээд би Улаанбаатар хот явахаар боллоо энэ байраа авахаа болилоо өөр хүнд зарах боломж байна уу гэхэд манай байранд нэг өрөө байр авсан нэг айл манай авсан байрыг манай авсан үнээр худалдаж авсан. Тэгээд байр авсан айлын мөнгийг орж ирэхээр 35.000.000 төгрөгийг чинь буцааж өгнө гээд тохиролцоод байрнаасаа гарсан. Манайхыг гарсны дараа байр авсан айлын ипотекийн зээл гарахад С.******* манайд 30.000.000 төгрөг өгөөд үлдсэн 5.000.000 төгрөгийг дансандаа авч үлдчихээд танай нэг жилийн амьдарсан түрээс учраас танайхаас би 5.000.000 төгрөг авч байна гэж хэлсэн. Би тухайн байранд амьдарч байхдаа түрээсийг гэрээ хийгээгүй, байрны урьдчилгаа мөнгөө өгөөд ордер гарсны дараа үлдэгдэл мөнгөө өгнө гэж тохиролцсон учраас би С.*******ээс 5.000.000 төгрөгийг буцаан авах боломжтой гэж үзээд шүүхэд хандсан. Би 35.000.000 төгрөг бүрдүүлэхдээ өөрийн цалингийн зээл болон тэтгэврийн зээлийг авч бүрдүүлсэн. Уг зээлийг төлөхөд надад зээлийн хүүний 8.500.626 төгрөгийн хохирол учирсанө учраас үүнийгээ нэмж нэхэмжилсэн. Би С.*******ээс нийт 13.500.626 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: С.******* нь 2014 онд 14 айлын орон сууц барьсан. Тухайн орон сууцны нэг давхарт 68.5 метр квдарт 2 өрөө байрыг нэхэмжлэгч Б.*******ийн нөхөр Д.Намхайдорж худалдаж авахаар С.*******тэй амаар тохиролцож байсан бөгөөд 68.5 метр квдарт байр нь 82.000.000 төгрөг болж байсан. Д.Намхайдорж нь С.*******тэй хэлцэл хийхдээ манайх мөнгөө бэлнээр өгөх учраас үнээ буулгаач гэж ярилцсны үндсэн дээр 1 метр квдартыг 827.000 гаруй төгрөгөөр тооцож 68.5 метр квдарт байрыг нийт 57.500.000 төгрөгөөр худалдахаар амаар хэлцэл хийж тохиролцсон. Үүнээс байрны урьдчилгаанд Д.Намхайдоржийнх буюу Б.******* 35.000.000 төгрөгийг 2 хувааж өгсөн. 2018 оны 1 сарын 20-ны үед Б.*******ийнх байрандаа нүүж орсон. Үлдэгдэл 22.500.000 төгрөгийг байрны ордер гарах үед өгөхөөр тохиролцсон. Байрны ордер гарах юм бол үлдэгдэл мөнгөө боломжтой бол бэлнээр өгнө боломжгүй бол ипотекийн зээл гаргаж өгнө гэсэн зүйл ярилцаад үлдэгдлийг байрны ордер гарахаар тохиролцсон. Байранд орсноос хойш жил гаруй хугацаанд буюу 2019 оны 1 сард ордер гарахад бэлэн болсон. Үүний дараа 2020 оны 01 дүгээр сард ******* байрны ордер гарах гэж байна мөнгөө бэлдээрээ гэж хэлэхэд Б.******* нь манайх Улаанбаатар хот руу нүүлээ, ажилд орохоор болсон гээд гэрээнээс татгалзсан. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны үед Б.*******ийнх нүүсэн. Улаанбаатар хот руу нүүх гэж байгаа гээд С.*******ээр тохиролцооны гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Уг тохиролцооны гэрээ дээр гарын үсэг зурахдаа С.******* агуулгын нь сайн ойлгоогүй гэж хэлсэн. Б.*******ийн төлсөн 35.000.000 төгрөгнөөс 30.000.000 төгрөгийг нь С.******* буцааж өгсөн, үлдэгдэл 5.000.000 төгрөгийг 2019 оны 1 сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл тухайн байранд үнэ төлбөргүй амьдарчихаад өөрсдөөс хамаарах шалтгаанаар гэрээнээс татгалзсан учраас С.******* нь Иргэний хуульд заасны дагуу гэрээ хэлцлээс нэг тал нь гэнэт татгалзсан учраас өөрт учирсан хохирлоо буюу тухайн нэг жилийн хугацаанд уг байраа өөр айлд түрээслүүлсэн бол нэг сарын 400.000 төгрөгөөр тооцож түрээслүүлэх байсан гээд өөрийн хохирлоо тооцож 5.000.000 төгрөгөө суутгаж авсан. Үүнийг би хуульд нийцсэн гэж үзэж байна. Яагаад вэ гэхээр анх хэлцэл буюу гэрээ хийсний дараа нэхэмжлэгч тал гэнэт татгалзсан нь хариуцагч С.*******д хохиролтой байсан. Өөрөөр хэлбэл хэлцэл хийгдсэнээс хойш Б.*******ийн нэг жилийн турш тухайн байранд үнэ төлбөргүй амьдарсан нь хариуцагч талд хохиролтой байсан. Ийм учраас 5.000.000 төгрөгийг нэхэмжлэх нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага дээр дурдагдаад байгаа банкны зээлийн хүү нь банкнаас авсан зээлийн хүүгээ үлдэгдэл 5.000.000 төгрөг рүүгээ хамааруулаад 5.000.000 төгрөгийн хүү гэж нэхэмжилж байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой харагдахгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.*******ээс байрны үнээс буцааж аваагүй 5.000.000 төгрөг, 2018 оны 1 сарын 11-ний өдөр авсан хэрэглээний зээлийн хүүнд 2020 оны 7 дугаар сар хүртэл төлсөн 6.392.696 төгрөг, 2018 оны 1 сарын 17-ны өдөр авсан тэтгэвэрийн зээлд 2020 оны 7 дугаар сар хүртэл төлсөн 1.139.818 төгрөг, 3.380.000 төгрөгийн хадгаламжийн хүүнд олох байсан 657.072 төгрөг, 1.600.000 төгрөгний хадгаламжийн хүүнд олох байсан 311.040 төгрөг нийт 13.500.626 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С.******* нь нэхэмжилж байгаа 13.500.626 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч С.******* нарын хооронд 2019 оны 1 сарын 15-ны өдөр Завхан аймгийн******* сумын Богдын гол багт 14 айлын орон сууцны барилгыг захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, энэхүү 14 айлын орон сууцны 1 давхарын 3 тоот 68.5мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг С.*******эд хүлээлгэн өгөх, С.******* нь орон сууцны үнийг төлөх үүргийг хүлээжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь 14 айлын орон сууцны барилгыг захиалгаар гүйцэтгэх гэрээ гэж нэрлэгдсэн боловч зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хэргийн материалд авагдсан баримт зэргээс үзэхэд худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг хүлээснээс үзвэл зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.*******тэй Завхан аймгийн******* сумын Богдын гол багт байрлалтай 12 айлын орон сууцнаас 2 өрөө байрыг 57.500.000 худалдах авахаар харилцан тохиролцож 2018 оны 1 сарын 12-ны өдөр 22.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 13.000.000 төгрөг нийт 35.000.000 төгрөгийг хариуцагч С.*******ийн дансанд шилжүүлсэн нь талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй болно.

Талуудын хооронд 2020 оны 0 сарын 10-ны өдөр байгуулсан Тохиролцооны гэрээнд: ... Б.******* би С.*******д 35.000.000 төгрөг шилжүүлсэн ... ын 8 хувийн зээл гарангуут манай мөнгийг буцаан авахаар тохиролцлоо ... хугацаа 2020 оны 3 дугаар сарын 10 гэж тохирлоо гэж талууд харилцан тохирч, хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран нотариатаар баталгаажуулжээ. /хх-ийн 12/

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа: Хариуцагч С.******* нь нэхэмжлэгч Б.*******тэй байгуулсан тохиролцооны гэрээний агуулгын нь сайн ойлгоогүй гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй юм.

Учир нь хариуцагч С.******* нь өөрийн биеэр 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн нэг хувийг гардан авсан бөгөөд насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн бөгөөд түүнийг өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.

Нэхэмжлэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа:... манайх 2018 оны 1 сарын 25-ны өдөр тухайн орон сууцанд нүүж орсон ... ороод удаагүй цонх нь цанатаад, сэрүүхэн байсан ... энэ талаар С.*******д хэлсэн ... цонхыг нь сольж өгье тэгээд гэрээгээ хийе гэж хэлсэн ... надад Улаанбаатар хотын Шинэ монгол сургуулиас ажлын санал ирсэн тул манайх Улаанбаатар хот руу нүүх шаардлагатай болсон ... тэгээд уг орон сууцаа авахаа больж байгаагаа С.*******д хэлсэн ... тэгээд уг орон сууцанд амьдардаг айл байраа томсгоно гээд манай байсан байрыг яг манай худалдаж авсан үнээр худалдан авахаар С.*******тэй тохирсон ... тэгээд манайх уг байрнаас нүүж гарсан, тэр айл зөрөөд нүүж орсон ... С.******* нь тэр айлаас байрны мөнгөө авахаараа манай 35.000.000 төгрөгийг буцааж өгнө гэж хэлсэн боловч 30.000.000 төгрөгийг буцааж өгсөн ... үлдэх 5.000.000 төгрөгийг өгөөгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... хариуцагч С.******* нь тухайн 14 айлын орон сууцыг барьсан ... тухайн байрны 1мкв талбайг нь 1.200.000 төгрөгөөр зарж байсан ... Б.*******ийн нөхөр Д.Намхайдорж нь байрныхаа үнийг буулгаач гэсний дагуу 1мкв талбайн үнийг 827.000 төгрөг болгосон ... тэгээд Д.Намхайдоржтой хэлцэл хийж 68.5мкв байрыг 57.500.000 төгрөгөөр худалдахаар тохирсон ... 2019 оны 11 дүгээр сард байрны ордер гарахад бэлэн болсон ... Б.*******тэй барилга захиалгын гэрээг нөхөж хийсэн ... гэрээнээс татгалзсан учирсан хохирол, олох ёстой байсан орлого тул 5.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй ... тухайн байрыг түрээсэлсэн бол энэ хэмжээний мөнгийн олох байсан ... мөн банкны хүү, тэтгэвэрийн зээл, хадгаламжийн хүү нийт 8.500.626 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч С.******* нь нэхэмжлэгч Б.*******эд тухайн орон сууцыг 57.500.000 төгрөгрөөр худалдахаар харилцан тохирсон бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцыг худалдан авах гэрээнээсээ татгалзаж нүүсэн, С.******* нь Б.*******эд худалдахаар тохирсон үнэ болох 57.500.000 төгрөгийн үнээрээ бусдад худалдсан бөгөөд одоогийн байдлаар тухай орон сууцанд өөр айл амьдарч байгаа талаар талууд маргаагүй болно.

Иймд нэхэмжлэгч Б.******* нь орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 5.000.000 төгрөгөө нэхэмжилж байгааг буруутгах үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.******* нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзсанаар хариуцагч С.*******д ямар хэмжээний хохирол учирсан, эд хөрөнгийн ямар гэмтэл, алдагдал хүлээсэн, зайлшгүй орох ёстой байсан ямар орлого олоогүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзалыг хүлээн авах боломжгүй байна.

Мөн хариуцагч талаас 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Түрээсийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд энэхүү түрээсийн гэрээ нь энэ хэрэгт хамааралтай эсэх, хаана байрлалтай, ямар эд хөрөнгө /үл хөдлөх эд хөрөнгө/ түрээсэлсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заажээ.

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч С.*******д орон сууцны цонх цанатаад байгаа, сэрүүхэн байгаа талаараа мэдэгдэж байсан, хариуцагч С.******* нь цонхыг сольж өгнө гэж ярьсан талаар зохигчид тайлбарлаж байгаа тул нэмэлт хугацаа тогтоосонтой адилтган үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч Б.*******ийн орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 35.000.000 төгрөгөөс буцааж өгөөгүй 5.000.000 төгрөгийг хариуцагч С.*******ээс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 1 сарын 11-ний өдөр авсан хэрэглээний зээлийн хүүнд 2020 оны 7 дугаар сар хүртэл төлсөн 6.392.696 төгрөг, 2018 оны 1 сарын 17-ны өдөр авсан тэтгэвэрийн зээлд 2020 оны 7 дугаар сар хүртэл төлсөн 1.139.818 төгрөг, 3.380.000 төгрөгийн хадгаламжийн хүүнд олох байсан 657.072 төгрөг, 1.600.000 төгрөгний хадгаламжийн хүүнд олох байсан 311.040 төгрөг нийт 8.500.626 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь: нэхэмжлэгч Б.*******ийн банкнаас авсан хэрэглээний зээлийн хүү, тэтгэвэрийн зээлийн хүү, хадгаламжийн хүүнд олох байсан орлого, хүүг хариуцагч С.*******ээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225.453 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******ээс 5.000.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 94.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******эд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-т тус тус зааснаар хариуцагч овгийн *******ын ******* /РД:*******/-ээс 5.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч овгийн *******ийн ******* /РД:*******/-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.500.626 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225.453 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******ээс 5.000.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 94.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******эд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ