| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 203/2020/0048/Э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2020-10-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 63
А.З-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Прокурор: В.Төгсбаяр /онлайнаар/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Б /онлайнаар/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ө.Учрал, Б.Хүрэлтулга /онлайнаар/
Шүүгдэгч: А.З
Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх
Нарийн бичгийн дарга: О.Очмаа нар оролцов.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/111 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.З-т холбогдох 2029000710076 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Ө.Учрал, Б.Хүрэлтулга нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
Шүүгдэгч А.З нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө “Тоёота Вангуард” маркийн ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож хашаа мөргөн зам тээврийн осол гаргаж хохирогч О.У-ийн эрүүл мэндэд хоёр талын умдаг, суудлын ясны дээд, доод салаа, аарцагны цагираг, тасарсан Мальгений хугарал, сээрний 10, 11, 12 дугаар нугалам, бүсэлхийн 11, 12 дугаар нугалам их биеийн шахагдсан хугарал, дух, хэвлийн шарх, баруун хацар, зүүн мөрний зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч А.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч А.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус зааснаар шүүгдэгч А.З-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавьж ажиллахыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч А.З-т тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршиг, хохиролыг төлж барагдуулах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.З тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах учрыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.З-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-д 2000000 төгрөгийг гаргуулж олгож, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.З-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.З нь хохирогч О.У-д 53132093 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн 10000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь цаашид хохирогчийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, олох ёстой байсан орлого 5000000 төгрөгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт хавсаргагдаж ирсэн шүүгдэгч А.З-ын тээврийн хэрэгсэл жолоодох жолоочийн үнэмлэхийг тогтоолын хамт Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-гээс давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “Уг хурлын эцсийн шийдвэрээр А.З нь хохирогч О.У-д 53132093 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэж гарсан. Энд дурдсан мөнгөн төлбөрийн дүн алдаатай, анхан шатны шүүх хурлын гаргасан шийдвэр бодит байдалд нийцээгүй, бүх зүйл сайхан байгаа, хохирогчийн биеийн байдлыг хөнгөн байгаа, Зулбаярыг осол үйлдсэндээ гэмшиж маш ихээр тусалж, халамжилж байгаа мэтээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. З-аас нийт 9960000 төгрөг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох ээж Д.Б-ийн Хаан банкны 5017023003 тоот дансанд 03 дугаар сарын 02-ны өдрөөс 07 дугаар сарын 08-ны өдрийг дуусталх хугацаанд орсон байгаа. Гэтэл энэ дээр нэмээд 1500000 төгрөгийг эхний удаагийн хагалгаанд ороход эмч нарын гарыг цайлгасан гэж тайлбарласан байсан. Дугтуйнд хэдэн төгрөг хийж хэдэн эмч нарт өгснийг би мэдэхгүй. Уг төлбөрийг хохирол барагдуулахаар төлсөн төлбөр гэж үзэхгүй байна. Ханбогдын Ханбумбат нисэх буудлаас онгоцны зардал болох 41000000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэж шүүх хурлын бүрэлдэхүүн авч үзсэн.
Ханбогд сумын засаг дарга Ш.Э “О” ХХК-тай гэрээ хийж 50%-ийг хөнгөлсөнг нотлох баримтгүй гэж үзэн үгүйсгэсэн. Гэвч А.З-ын нислэгийн төлбөрийг 100% буюу 41000000 төгрөгийг баримт байхгүй үед уг төлбөрийг бүрэн төлсөн гэж шийдвэрлэсэн. Гэвч уг төлбөрийн байдал бодитоор зөрүүтэй байгаа ба энэ мөнгийг эмчилгээний төлбөрт зарцуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна.
Мөн Д.Б миний өмгөөлөгчийн хөлс болох 10000000 төгрөгийн урьдчилгаа 5000000 төгрөгийг төлсөн баримтгүй гэж үгүйсгэсэн. Гэтэл Хаан банкны 5017023003 тоот данснаас 2020 оны 04 дүгээр сарын 27-нд Хаан банкны 5027896634 тоот Хүрэлтулга эзэмшигчтэй данс руу дараах байдлаар тус тус өмгөөлөгчийн урьдчилгаа гуйлгээний утгатай 15:35 цагт 2500000, 15:42 цагт 2500000 гүйлгээ хийгдсэн дансны хуулга байгаа.
Уг хурал дээр А.З нь өмгөөлөгч И.Олонмөнхөөр дамжуулан хэлэхдээ:
У-г осолд орсны дараа өөрийн биеэр хөөцөлдөж яаралтай онгоц бүтээж УБ хүргэсэн. Ундармааг УБ-т ГССҮТЭмнэлэгт хүргэж өгөн тухайн эмнэлгийн аль сайн эмч нараар хагалгаа хийлгэсэн. Хагалгааны дараа ээжтэй нь ээлжлэн өөрийн биеэр 20-иод хоног сахиж асарсан. Гэмтлийн эмнэлэгт ойрхон түрээсийн байр олж өгч оруулсан гэсэн З-ын дээрх тайлбарт маш их гомдолтой, дээрх тайлбарт үнэн үг алга байна.
Бодит байдал нь: Осол үүрээр болсон. Тухайн өдөр маш их цус алдаж бүлэгнэлтгүй байснаас анхны тусламж үзүүлж, цус сэлбэх, даралт зүрхний хэм тогтворжуулах нэг өдрийн эмчилгээг Ханбогд сум дундын эмнэлэгт хийсэн. Уг хугацаанд Ханбогд сумын сум дундын эмнэлгийн дарга Н.Т, засаг дарга Ш.Э нарт хүсэлт тавьж, “О” ХХК-ийн орон нутгийн хэлтэс, Оюутолгой дахь 808 эмнэлгийн хамт олны дэмжлэгээр яаралтай онгоц шийдэгдсэн. Тухайн өдрийн цаг агаарын байдал салхи шуурга ихтэй, төлбөрийн дүн, төлбөр төлөх нөхцөл, агаарын нислэгийн үед амь насны болон бусад эрсдэл гарах нөхцөл байдлыг ойлгож хүлээн зөвшөөрсөн гэсэн 2 хүсэлт, баримтад гарын үсэг зурж нисэх зөвшөөрлөө авч байсан. Бид цөөхөн хүн нисэх учраас төлбөрийн байдлыг харгалзан 25000000 төгрөгийн төлбөртэй жижиг онгоц захиалах хүсэлтээ өгсөн. Цаг агаарын, салхи шуурганы байдлаас хамаараад жижиг онгоц агаарын урсгалыг эсэргүүцэх чадвар бага, эрсдэл өндөр. Том онгоц эрсдэл багатай гэдгийг тайлбарлан ойлгуулсан учраас бид зөвшөөрч хугацаа алдалгүй Улаанбаатар хотод хүргэгдсэн. “О” ХХК-ийн орон нутгийн хэлтсээс Б миний нэр дээр онгоцны төлбөрийн нэхэмжлэх илгээх гэхэд А.З-тай зөвшилцөж түүний нэр лүү шилжүүлсэн.
Эмнэлэгт хүргэгдэх үед биеийн байдал маш хүнд агаарт зорчих үеийн эрсдэлийг бууруулах, өвчин намдаах зорилгоор морфин тарьж паникийн байдалтай ирсэн. Ийм байдалтай ирсэн хүнийг Гэмтэл согог судлалын тусгай эмнэлгийн хулээн авахын эмч нар үзэж шуурхай тасаг руу шилжүүлсэн. Амралтын өдөр байсан хэдий ч эмчлэгч эмчийг гэрээс нь дуудан эхний үзлэг хийж компьютер, МКЛ оношлогоог цаг алдалгүй хийж эмч нарын зөвлөгөөнийг шуурхай зарлаж хуралдаад эмчилгээ төлөвлөсөн.
Яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай байсан боловч биеийн байдал тогтворгүй, даралт унасан, цус алдалтын хэмжээ их байснаас дахин цус сэлбэж биеийн байдлыг дээрдүүлж байж 3 дугаар сарын З-ны өдөр эхний хагалгаанд орж гадны биетийг цэвэрлэх, хугарсан яснуудыг эхний байдлаар эвлүүлсэн.
Энэ хугацаанд буюу осол болсон гэдгийг сонсоод л аав ээж бид 2 нь шокны байдалтай, байнгын тайвшруулах эм ууж байсан учраас миний дүү Д.Одсүрэн нь осолд орсон өдрөөс эхлээд ажлаасаа тодорхойгүй хугацаагаар чөлөө авч 1 сар гаран хугацаанд надтай ээлжлэн байнга асарч байсан. Биеийн доод хэсэг задгай, хагалгааны том шархтай, нүцгэн байсан учраас эрэгтэй хүн оруулах боломжгүй байсан. Тухайн үеэс одоог хүртэлх хугацаанд эмнэлэгт байхад эхний хэдэн өдөр л эргэлтээр ирж байснаас биечлэн асарсан зүйлгүй. Улаанбаатар хотод очоод айлд байх хэцүү, хагалгааны шүүстэй орны даавуу, цээжний хувцас, памперсний дээр дэвсдэг жийргэвч даавуу зэргийг өдөрт багадаа 2 удаа угааж сольж индүүдэх, бага багаар хоол цай, эм тариа зөөх зэргээр байнгын орж гарах хөдөлгөөнтэй байсан учраас түрээсийн байр хайсан нь үнэн. Гэхдээ бид өөрсдөө хайж түрээсийн гэрээ хийж 2 удаа байр сольсон.
Анхнаасаа шөнийн цагаар гэрээс нь яах гэж, ямар шалтгаанаар тасралтгүй утсаар ярьж дуудан дагуулж гарсан талаар З-аас бодит, үнэн тайлбар сонсмоор байна.
Бидний зүгээс согтуурсан үедээ садар самуунд уруу татах зорилгоор санаатайгаар хийсэн үйлдэл гэж бодож байгаа. З нь өмнөх мэдүүлгүүд, шүүх хурлын үед үерхдэг, хосууд гэсэн тайлбар өгч, бусдад буруу ойлголт өгч байгаа нь хэргээс мултрах гэсэн санаатай оролдлого гэж харж байна.
Гадуур тарсан үерхдэг хосууд, тухайн өдөр эмнэлгийн ажилчидтай нийлж наргиж согтуу байсан гэх худал цуу үгийг няцааж охины минь нэр төрийг сэргээгээсэй гэж хүсэж байна. Энэ ослоос болоод охин минь насаараа эмнэлгийн хяналтад эрхтэн дутуу, эрүүл мэнд, сэтгэл санаа, цаг хугацаа. нэр төрөөрөө хохирч үлдэж байна.
Одоогоор аарцаг яс бэхжээгүй, шарх гүйцэд аниагүйгээс эмэгтэйчүүд нөхөн үржихүй, шулуун гэдэсний /анусны булчин тасарсан/ нарийн оношилгоо эмчилгээ хийх нөхцөл бүрдээгүй байна. Үзлэг, оношилгоо хийх цаг хугацааг урьдчилан товлох боломжгүй гэдэг хариуг нарийн мэргэжлийн эмч нар өгч байгаа.
Гэр бүлийн санхүүгийн байдалд уг осол нь маш ихээр нөлөөлж байна. Манайх ам бүл 4. 2 хүний орлогоор 1 дороо бид хамтдаа ажиллаж амьдарч байсан. Би энгийн үед ажиллаж байхдаа 1 сард цайны газраас дунджаар 1500000 төгрөг, гэр бүлийн орлогоо нэмэх зорилгоор аман хэлцлээр 2019 оны 1 дүгээр сараас эхлээд тасралтгүй ажилчдын байр 200000 төгрөг, 5 давхар байрны орц цэвэрлэж сарын 150000 төгрөг, нийт 1850000 төгрөг тогтмол олдог байсан. Одоо бидний нөхцөл Улаанбаатар хотод түрээсийн байранд төлбөр төлж амьдрах, миний ажил зогсож орлого тасалдсан, аав нь ажлын амралт бүрээрээ Улаанбаатар хот руу явах зэрэг урсгал зардал үүгээр хязгаарлагдахгүй байна.
А.З-аас өмгөөлөгчийн хөлс 10000000 төгрөг, сар тутмын орлого 1850000 төгрөг, Д.О нь миний охиныг асаргааны 1 сарын хугацаанд авах байсан цалин 1000000 төгрөг, цаашдын эмчилгээний төлбөрийг тухай бүрт төлбөрийн дүнгээр, Ундармаагийн нэр төр сэргээлгэх зэргийг нэхэмжилнэ” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Учрал, Б.Хүрэлтулга нарын давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо ”...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолийн “ТОДОРХОЙЛОХ” хэсэгтээ “...Шүүгдэгч А.З нь хохирогч О.У-ийн эм, эмчилгээ болон байрны түрээс, бусад зардалд 13132093 төгрөг төлсөн бөгөөд талууд энэ талаар маргаагүй...”, “ТОГТООХ” хэсгийн 7 дахь заалтдаа “...шүүгдэгч А.З нь хохирогч О.У-д 53132093 төгрөг төлсөн болохыг дурдсугай” гэж өөр хоорондоо зөрүүтэй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй хийгээд огт төлөгдөөгүй төлбөрийг төлөгдсөн мэтээр дүгнэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус хуульчилсан бөгөөд А.З нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хохирогч О.У-ийн хувьд амьдралын туршид бий болох боломж алдагдсан, уг гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өмгөөллийн хөлс төлөх нөхцөл байдал үүссэн, түүнчлэн хохирогч байнгын хүний асаргаанд байгаагаас шалтгаалж олох байсан ашиг, орлого үгүй болсон бодит үйл баримт байгаа юм. Олох байсан орлого, өмгөөлөгчийн хөлс зэрэг нь гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар бөгөөд энэ нь осолтой шууд шалтгаант холбоотой хийгээд гэм буруутай этгээдээр хор уршгийг арилгуулах талаар шүүх шийдвэрлэх ёстой байсан.
Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд зааснаар “Өмгөөлөгчид төлөх зардал” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах бөгөөд дээрх хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж тодорхой хуульчилсан.
2 дугаар хавтаст хэргийн 159 дүгээр талд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ээс өмгөөлөгч нарт өмгөөллийн хөлсөнд төлсөн 2500000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн баримт буюу дансны хуулга, түүний ажил хөдөлмөр эрхэлж байсантай холбоотой баримтууд авагдсан билээ.
Гэтэл шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ" хэсэгт “...өмгөөллийн хөлс шилжүүлсэн холбогдох баримт хэрэгт авагдаагүй, ... өөрийн олох ёстой байсан орлогыг нотолсон баримт болон үүнтэй холбогдох бусад баримтыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж ирүүлээгүй...” талаар дурдаж, дээрх баримтуудыг үнэлэхээс татгалзаж, заримыг огт байхгүй мэтээр дүгнэлт хийсэн байна.
Мөн тогтоолд “...онгоцны төлбөрт 40000000 төгрөгийн зардал гарсан талаарх баримт хэрэгт авагдсан ... шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.З нь онгоцны төлбөрийг өөрийн боломж бололцоогоор төлж байгаа талаараа мэдүүлжээ...” гэсэн байх боловч хавтаст хэрэгт онгоцны төлбөр төлж байгаа, төлсөн талаарх баримт, онгоцны төлбөр 40000000 төгрөг болсон талаарх нотлох баримтын шаардлага хангасан баримт огт байдаггүй. Ийнхүү шүүгдэгчийн мэдүүлэг, түүний гаргаж өгсөн баримтыг хохирогчийн мэдүүлэг болон гаргаж өгсөн баримтаас зөрүүтэй, ялгамжтай байдлаар үнэлж дүгнэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэж заасантай нийцэхгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд: “Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, шүүгдэгч А.Зулбаяр хохирогч О.У-д хохирол төлбөрийг төлсөн, гэмтэл авсан үеэс нь эхлэн эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн, 20 гаруй хоног эмнэлэгт хохирогчийг сахисан, хохирогчийн толгойд обо болон бусад эмнэлгийн тусламж үзүүлсэн, хэрэгтэй эм тарианууд авчирч өгсөн, цаашид гарах хохирогчийн эмчилгээний зардлыг төлөхийг илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэж дүгнээд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь үндэслэлгүй болжээ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан бөгөөд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь шүүхийн эрх хэмжээ хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг зэргийг нэг бүрчлэн анхаарч хэрэглэхээр хуульчлагдсан. Гэтэл шүүх хохирогчийн эрх ашигт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн шүүгдэгчийн ашиг сонирхлыг хамгаалсан шийдвэр гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь хууль шүүхийн практикт хэрэглэж болох ойлголт юм.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/111 дугаар шийтгэх тогтоолыг хянаж, үндэслэлтэй шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Энэ хэргийг шалгах явцад бол хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл нь З-ын хувьд согтуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хурд хэтрүүлсэн гэх асуудал яригдаж байгаа. Гол нь яагаад тэр хүн хурд хэтрүүлсэн бэ? гэдэг асуудлыг ярих хэрэгтэй гэж үзэж байна. Тэнд байсан хоёр залуугийн зүй бус харилцаанаас зайлсхийж зугтаж явснаасаа болж хурдаа хэтрүүлсэн. Зориуд санаатай үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдээгүй юм гэдгийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Тиймээс шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Шүүгдэгч манай охин руу утсаар залгаж чи гомдолгүй гээд хэлээд өгөөч тэгвэл би хорих ял авахгүйгээр шийдэгдэж болох юм байна гэж зөндөө олон удаа утасдаж сэтгэл санааны дарамт учруулсан байсан. Бид нар бол анхнаасаа хориулна гээгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч мөнгө төлж байгаа л гээд байна. Энэ мөнгө чинь зөвхөн эмчилгээнд явж байгаа. Эмчилгээнээс өөр нэг төгрөг ч З-аас аваагүй. Байрны мөнгө л авч байгаа. Илүү бид ямар ч мөнгө аваагүй талаарх нотлох баримтууд надад байгаа. З-тай уулзъя гэхээр уулздаггүй, утсаа авахгүй, зугтаагаад байдаг. Суманд дээр очих болгондоо би залгадаг боловч утсаа авдаггүй. Эсхүл утас нь унтраалттай байдаг. Энэ хүн хэдэн сая төгрөгийн өрөнд ороол биз, эрүүл саруул хөдөлмөрлөх чадвартай хүн. Гэтэл миний охин насаараа эрүүл саруул ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй одоо хэвтэрт, сурч боловсрох хугацаандаа эрүүл мэндээрээ хохироод бүхэл бүтэн найман сар хэвтэрт байж байна. Оюу толгойн төлбөрөөс хорин сая төгрөгийг нь хөнгөлүүлсэн гэдэг баримтыг өгсөн байгаа. Тэрнээс биш Оюу толгой надаас нэхээгүй. Энэ хөнгөлүүлсэн гэх баримтаа хавтаст хэрэгтээ хавсаргахгүй, ерөнхийдөө нуун дарагдуулж байна гээд үзээд өгсөн гэдгийг зөв ойлгоорой. Энэ хэрэг болоогүй байсан бол би өмгөөлөгч хөлслөхгүй байсан. Энэ хэргээс болоод надад ч бас маш их мөнгөн хохирол, өр учирч байна. Тиймээс би өмгөөлөгчийн төлбөрийг З-аас гаргуулах хүсэлтэй байна. Цаашдын гарах зардлаа цаг тухайд нь төлж өгч байгаасай гэж хүсэж байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Учрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Прокурор сая анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэж байна. Уг нь би прокурорыг анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шигээ яллах чиг үүрэгтэй оролцоосой. Гэтэл прокурорын чиг үүргийн хүрээнд биш шүүгдэгчийн өмгөөлөгчийн байр сууринаас оролцоод байх шиг байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч шиг юм яриад байх юм. Шүүхийн дүгнэлт нь зөрүүтэй байгаад байна шүү дээ. Гэмт хэргийн хохирол, хор уршгийг яагаад ойлгохгүй байна вэ? Өмгөөлөгчийн зүгээс анхны тусламж үзүүлсэн, сэтгэл гаргаагүй байсан бол яах байсан юм гээд байх юм. Энэ хэрэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдлээс үүдэн гарсан. Өөр хүний үйлдсэн хэрэг дээр сэтгэл гаргаад туслаад байгаа үйлдэл бол биш. Байр түрээсэлж өгсөн гэж байна. Энэ бол миний үйлчлүүлэгч өөрсдөө явж хайж, олсон байр байгаа. Хорь хоног сахиж хамт байсан гэж өмгөөлөгч нь бас худлаа яриад байна. Өөр нэмж тайлбарлах зүйл байхгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Хүрэлтулга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Өмгөөлөгч Учралын тайлбар, саналыг дэмжиж байгаа тул давхцуулан хэлэх шаардлага байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд Амармөрөн прокурор яллах саналтай оролцож байсан гэв.
Шүүгдэгч А.З давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Би нэхэмжлэлийнхээ дагуу бүх төлбөрөө өгсөн. Сарын хугацаанд яг хамт байсан. Тэр хугацаандаа байнга гарсан зардал, хэрэгтэй зүйлсийг байнга аваачиж өгч байсан. Цаашид гарах эмчилгээний төлбөрийг цаг тухайд нь өгөх болно. Мөн ээжийнх нь цалингийн нэхэмжлэл ирвэл би бүгдийг нь төлнө” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...З нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн байгаа. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах гомдолтой холбоотой дараах тайлбарыг гаргаж байна. Энэ хэрэг гарсан мөчөөс эхлэн З эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлсэн. Улаанбаатар хотын эмнэлэг рүү авч явахад гарсан зардал, хохирогчийн эмчилгээний зардал, мөнгө төгрөгийг гаргасан. Мөн хохирогчийн амь насыг аврах бүхий л арга хэмжээг авч хийсэн байдаг.
... Шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сайн дурын үндсэн дээр гэрээ хэлэлцээр хийж өмгөөлөгч хөлсөлсөн төлбөрийг нэхэмжилж байгааг шүүгдэгч хариуцах хууль зүйн үндэслэл нь хуулиар хязгаарлагдмал гэдгийг харгалзан үзэж анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б болон дүү О нарын ажилгүй байх үеийн цалин хөлсийг давж заалдах гомдолдоо тусгасан байна. Гэвч анхан шатны шүүх энэ талаар нээлттэй үлдээж, шаардлагатай нотлох баримтыг гарган иргэний журмаар нэхэмжлэх ёстойг хэлсэн байгаа. Тиймээс давж заалдах гомдол дээрээ энэ талаар бичсэн байгаа нь үндэслэлгүй учраас гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хохирогчийн гаргасан санал дээр онгоцоор УБ хот руу тээвэрлэсэн зардлыг Ундармаад өгсөн мэт тайлбарласныг өөрчлүүлэх, бусад шийдвэрийг хэвээр үлдээнэ үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Ө.Учрал, Б.Хүрэлтулга нарын 2020 оны 08 дугаар сарын 30, 09 дүгээр сарын 03-ны өдрүүдэд бичсэн давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч Г.Гантөр нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3220 дугаартай хохирогч О.У-ийн биед учирсан гэмтлийг тогтоохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг үйлдэж шинжээч Ө.С-д Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлийг танилцуулан гарын үсэг зуруулсан /1 хх-118/ байхад шинжээч Ц.О нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 3220 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.У-ийн биед үүссэн гэмтлийн зэргийг тогтоосон байна /1 хх-114-117/.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүхийн шинжилгээний байгууллага нь шүүх, прокурор, мөрдөгчийн тогтоолыг хүлээн авмагц шинжээч, эсхүл шинжээчдийн багт шинжилгээ хийлгэхээр даалгана” гэж заасныг хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж мөрдөгчийн тогтоолд заасан буюу томилогдсон эсэх нь тодорхойгүй шинжээчээр дүгнэлтийг гаргуулжээ.
Иймд дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.
Давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/111 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч А.З-т холбогдох 2029000710076 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт буцаасугай.
3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч А.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.БЯМБАЖАВ