Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 08 өдөр                             Дугаар 218/МА2018/00021                                                 Сайнцагаан сум

 

Ж.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Бямбажав, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 18-ны өдрийн 139/ШШ2018/00503 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч Ж.Т-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт хариуцагдах ажилгүй байсан хугацааны цалин 10.843.206 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн  даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Т

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д

Хариуцагчийн төлөөлөгч Б.Т

Нарийн бичгийн дарга А.Мягмардорж нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2005 оноос эхэлж Дундговь аймгийн Засаг даргын тамгын газарт нягтлан бодогч, Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэнээр ажиллаж байсан. 2016 оны орон нутгийн сонгууль болсоны дараа шинээр томилогдсон Засаг даргын Тамгын газрын дарга Чулуунбат гэдэг хүн Засаг даргын Тамгын газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн гэж үзэж намайг 2016 оны 11 сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Үүнийг үндэслэлгүй гэж үзэж Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин буюу 2016 оны 11 сарын 23-наас 2017 оны 4 сарын 30-ныг хүртэлх хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг маань хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч талаас давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. 2016 оны 11 сарын 23-наас 2017 оны 4 сарын 30-ныг хүртэлх хугацааныхаа цалинг авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэсэн. Харин урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох гэсэн шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаа. Тус шүүхэд 2017 оны 5 сарын 1-нээс 2018 оны 4 сарын 6-ныг хүртэлх хугацааны цалин гаргуулах, мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул ажилгүй байсан хугацааны цалин 10.843.206 төгрөг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Дундговь аймгийн засаг даргын тамгын газар нь 2018 оны 6 сарын 5-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

 

 Анхан шатны шүүх

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Дундговь аймгийн Засаг даргын тамгын газраас 10168819 /арван сая нэг зуун жаран найман мянга найман зуун арван ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Ж.Тийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт бичилт хийхийг Дундговь аймгийн Засаг даргын тамгын газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 203708 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 203708 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, улсын орлогод 44143 төгрөгийг оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Миний бие тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн  анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 139/ШШ2018/00503 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх зөвхөн хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй гэдэг үндэслэлээр уг хэрэгт холбоотой бусад шаардлагатай баримт материал, тайлбарт судалгаа, дүгнэлт хийлгүй хэт нэг талыг  баримталсан шийдвэр гаргасан байна. Тухайлбал:

1.Миний бие 2018 оны 7 дугаар сарын 6-наас 12-ны өдрүүдэд эрүүл мэндийн улмаас Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс ажилдаа орсон ч, гэрээр зохих эмчилгээтэй, 2018 оны 7 дугаар сарын 18-нд болохоор товлогдсон уг хэргийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг илэрхийлж, шүүх хуралдаанд оролцох, шаардлагатай тайлбараа хэлэх хүсэлтэйгээ нотолж, хүсэлтээ хүргүүлсэн боловч шүүхээс хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа хэмээн дүгнэсэн.

2.Нэхэмжлэгч Ж.Тийг аймгийн Засаг Даргын  Тамгын газраас Төрийн албаны тухай хуулийн дагуу ажлаас нь чөлөөлөхдөө харилцан тохиролцож Ж.Т-т олгосон 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж, Ж.Тийн нэхэмжилсэн мөнгөн дүнтэй давхардсан нь тодорхой байгааг үл тооцон шийдвэрлэсэн байна. Иймд тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 139/ШШ2018/00503 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна. Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Т-ийн 2017 оны 5 сарын 1-нээс 2018 оны 4 сарын 6-ныг хүртэлх хугацааны цалин гаргуулах, мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчжээ.

Шүүх хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Т-т 2018 оны 07 сарын 18-ны өдөр болох шүүх хуралдааны товыг 2018 оны 07 сарын 17 ны өдөр буюу 1 хоногийн өмнө мэдэгдсэн, хариуцагч өвчний улмаас шүүх хуралдаанд оролцож чадахгүй үндэслэлээ дурдаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан байх бөгөөд хүсэлтэд эмнэлгийн магадлагааг хавсаргажээ.

Шүүх хариуцагчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг 2018 оны 7 сарын 18 ны өдөр шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн эзгүйгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Уг хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд нэхэмжлэгч хүсвэл хариуцагчийн эзгүйгээр шүүх хуралдааныг явуулж болох талаар хуульчилсан.

Гэтэл хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан болохоос 1 хоногийн өмнө томилогдсон итгэмжлэлийн дагуу шүүх хуралдаанд оролцох болсон боловч тэрээр өвчний учир хуралдаанд оролцох боломжгүй болсон талаараа мэдэгджээ.

  Хариуцагчийн өвчний улмаас хуралдаанд оролцох боломжгүй болсныг шүүх яагаад хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзсэнээ тодорхойлоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэх оролцох эрхийг ноцтой зөрчиж, улмаар уг хуулийн 6 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг талуудын мэтгэлцээний үндсэн дээр явуулах зарчмыг алдагдуулжээ.

 

Иймд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн бөгөөд анхан шатны шүүхийн энэхүү алдааг Давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт  заасныг удирдлага  болгон  ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 18-ны өдрийн 139/ШШ2018/00503 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

   2.Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

   3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ                              Ш.ТӨМӨРБААТАР

                                              ШҮҮГЧИД                              Т.БЯМБАЖАВ  

       Ц.ОТГОНЦЭЦЭГ