| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 203/2020/0049/Э |
| Дугаар | 64 |
| Огноо | 2020-10-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 64
Ш.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Прокурор: В.Төгсбаяр /онлайнаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Ц
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал
Нарийн бичгийн дарга: О.Очмаа нар оролцов.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ш.М-д холбогдох 2029000000054 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх
Шүүгдэгч Ш.М нь 2020 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс баруун тийш "О” ХХК орох хатуу хучилттай авто замын 17 дахь километрийн хойно 300 метр зайд М.У-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хоолойн тус газар нь хутгаар хутгалж хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч Ш.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Ш.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-ийг 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-ийн цагдан хоригдсон 96 хоногийг хорих ялын 96 хоногоор тооцож, түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Ш.М-ээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-д 14440000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, “Х” ХХК-ийн зээлтэй холбоотой, жолоочийн хөлс 100000 төгрөг болон цаашид гарах бусад зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.М-ээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хавтаст хэрэгт хавсаргагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг СD хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1-5 хүртэл дугаарласан цус мэт зүйлээр бохирлогдсон байгалийн чулуулаг шороо, латин үсгээр РипсН гэсэн бичиглэлтэй ундааны сав, 28-81 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс илрүүлж бинтэнд шингээж бэхжүүлэн авсан 6-10 хүртэл дугаарласан цус мэт зүйл, эвхэгддэг хүрэн өнгийн хутга 1 ширхэг, иргэн Ж-ийн гэрээс хураан авсан Хараа нэртэй архины шил 1 ширхэг, Сэнгүр гэсэн бичиглэлтэй, пивоны сав 1 ширхэг, талийгаач М.У-ийн өмсөж явсан цус мэт зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн фудволк, латин үсгээр Ы1КЕ гэсэн бичиглэлтэй хар өнгийн бэлтгэлийн өмд, саарал өнгийн оймс 1 хос, хар өнгийн пүүз 1 хос, цэнхэр өнгийн дотоож, Ш.М-ийн өмсөж явсан цус мэт зүйлээр бохирлогдсон юүдэнтэй цагаан цамц, цагаан саарал өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож, латин үсгээр АЗЮ8 гэсэн бичиглэлтэй пүүз хос, иргэн Ж-ийн өмсөж явсан цус мэт зүйлээр бохирлогдсон бөөрөнхий хээтэй хөх өнгийн дээл 1 ширхэг, хар өнгийн шар аралтай бүс 1 ширхэг, цагаан өнгийн футволк 1 ширхэг, ул хэсэг нь цагаан улаантай хар өнгийн пүүз 1 хос, иргэн С.У-ын өмсөж явсан ногоон өнгийн монгол хүрэм 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, улаан өнгийн футволк 1 ширхэг, хар өнгийн түрийтэй гутал /бакал/1 хос устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд: “шүүхээс шүүгдэгч Ш.М-д эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Ш.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэн 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Миний бие энэ хүний гарт хүүгээ алдсанд гомдолтой байна. Би сэтгэл санаа болон эдийн засгийн их хохиролтой байна. Тухайн үед буюу 2020 оны 4 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө 01 цагийн орчимд хэрэг болоход миний хүү талийгаач М.Ууганбилэг нь Монгол Улсын шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 сарын 29-ний өдрийн №2451 тоот шинжээчийн дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн Мөнхжаргал Ууганбилэг 24 н эр Ханбогд сум 14Д/ гэсэн хаягтай цуснаас 3.7 промилли илэрч байна.
Цусанд илэрсэн 3.7 промилли спиртийн агууламж согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэсэн байх бөгөөд миний хүү тухайн цаг хугацаанд биеэ хамгаалж хүний өөдөөс эсэргүүцэх чадваргүй байгааг нь далимдуулж амь биед нь зэвсэг хэрэглэн халдсан байхад анхан шатны шүүх энэ нөхцөл байдалд ямар нэгэн дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барьж шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Хэрэв миний хүү биеэ хамгаалж чадахааргүй согтуу байгаагүй бол өөрийгөө хамгаалах ямар нэг үйлдэл хийж хутга мэсэнд өртөхгүй байх байсан.
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж санаатай алсан гэх үндэслэл хуульд тогтоогдож байхад анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн байгаа нь эргэлзээ төрүүлж байна.
Монгол Улсын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №559 тоот тогтоолд “Эрүүгийн хуулийн тусгай 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэг заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал нь хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй байсан, үүнийг гэмт этгээд ухамсарлан мэдсэн, ашигласан гэсэн нөхцөлийг шаардах ба хохирогч биеэ хамгаалж чадахгүй байх тухай ойлголтод хохирогч бага насны эсвэл өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн хөгжлөөр илтэд сул дорой, эсвэл хүчтэй мансуурсан, согтуурсан болох бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болсон байхыг ойлгоно” гэж хууль хэрэглээг тайлбарласан байгааг мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийг бодит байдалд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь бусдад ял завшуулах, гэм буруутай үйлдлийг нь өөгшүүлж байгаа хэлбэр гэж үзэж багаа тул миний гаргасан гомдлыг хүлээн авч Өмнөговь аймгийн Ханбогд сум дэхь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №2020/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.
Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд тусгагдсан хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр гарсан байна гэсэн нь бодит амьдрал дээр жирийн иргэн, хэн ч бай согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг хэдий хэр хэмжээний согтолттой байгааг тогтоох боломжгүй. Тиймээс бид хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэрч У-ын “...У ах машины баруун талын хаалгаар орж ирээд М ахад чи хүнтэй танилцаж чаддаггүй сонин залуу байна гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдаад хоорондоо ноцолдоод байсан...” гэх мэдүүлгээс харахад талийгаач хүнтэй хэвийн харилцан ярилцаж, бусдын эсрэг үйлдэл хийгээд биеэ хамгаалаад байсан нь тогтоогдсон. Мөн гэрч Ж-ийн “...М, У хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгтэл тэр хоёр машин дотор зодолдоод эхэлсэн...” гэх мэдүүлгээр харилцан зодолдсон нь тогтоогдсон учир бид хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт буруутган зүйлчилсэн. Тэрнээс биш илтэд биеэ хамгаалж чадахгүй муужраад унасан хүнийг хутгалаагүй байна гэж хэргийн бодит байдал тогтоогдсон учир хэргийн зүйлчлэлийг хийсэн юм. Тиймээс хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд ойлгомжгүй, эргэлзээтэй зүйл байхгүй байна гэж харж байна. Тийм учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, тухайн шийтгэх тогтоолд дурдагдвал зохих, шийдэгдвэл зохих хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтуудыг тодорхой хэмжээнд дурдаж өгөөд гэм буруу болон хохирол, оногдуулах ял шийтгэл гэх зэрэг зүйлсийг хамааруулж гарсан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7 дугаар зүйлд заасныг хангасан байна. Тиймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг үнэхээр ойлгохгүй байна. Прокурор болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг эсэргүүцэж байна. Яагаад гэвэл тэр хоёр зодолдоод байсан гэж байна. Тэгвэл яг яаж зодолдсон юм бэ? Амьд үлдсэн хүний эрх ашгийн төлөө байна. Үхсэн хүн босож ирээд үг хэлж чаддаггүй гэсэн байдалтай байна. Би үүний эсрэг чадах чинээгээрээ эсэргүүцэх болно” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гомдлыг дэмжих байр суурьтай оролцож байна. Бид 2451 тоот шинжээчийн дүгнэлтийг үндэслэл бүхий хийгдээгүй гэж үзэж байгаа. Тухайн хүний бие физиологийн онцлогоос шалтгаалан гаднаа эрүүл харагдаж байхыг үгүйсгэхгүй юм. Мөн гэрчийн мэдүүлэг дээр үндэслээд хэргийн зүйлчлэл хийсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, эргэлзээгүй байх хуулийн шаардлагыг зөрчсөн байгаа учраас гомдол маань үндэслэлтэй байна гэж үзэж байна. Эргэлзээ бүхий шийдвэр гарсан гэдэг нь согтуурлын зэрэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдчихоод байхад шүүхээс дүгнэлт хийгээгүй байгаа нь эргэлзээ бүхий байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-ийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр бичсэн давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
“Шүүгдэгч Ш.М нь 2020 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс баруун тийш “О” ХХК орох хатуу хучилттай авто замын 17 дахь км-ийн хойно 300 м зайд М.У-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хоолойн тус газар нь хутгаар хутгалж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ш.М-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /2 хх-8-9/, гэрч Ө.Ж /1 хх-148-154/, С.У /1 хх- 142-147/, М.Н /1 хх-129-130/, Б.Л /1 хх-134-136/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц /1 хх-121-125/ нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны 44, 16, 2129, 2452, 2453 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1 хх-192-193, 196-198, 220-226, 228-236, 239-241/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна” гэж анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-ийг 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Хэргийн бүх ажиллагааг хянахад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-ийн давж заалдах гомдолд заасан “Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж санаатай алсан” гэх үндэслэл нь гэрч Ө.Ж-ийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын явцад өгсөн “...Тэгээд орой 19 цагийн үед талийгаач архиндаа согтоод тасраад унтаад өгсөн. ...Бид нарыг очиход талийгаач сэргэчихсэн босчихсон байж байсан. ...Тэгээд орж очоод л М нь талийгаач руу хандаад чи ер нь хаанахын лалар вэ гээд шууд агсраад эхэлсэн. Тэгээд би боль юу яриад байгаа юм та хоёр эвлэр гэж хэлсэн чинь талийгаач У өөрийгөө М-д танилцуулаад тэр хоёр гар бариад гайгүй болцгоосон. ...Тэгэхээр нь би мотоциклтой засмал зам руу явах замд оруулж өгөхөөр явсан. Тэгсэн чинь талийгаач би цуг явъя гээд миний араар сундалсан. ...Тэгээд бид хоёр манайхаас 2 км орчим яваад сайжруулсан шороон зам руу оруулаад зогссон. Тэр хоёр ч гэсэн зогссон. Тэгээд би талийгаачид та хоёр одоо зүгээр учраа ол гэж хэлсэн чинь талийгаач М-ийн машины баруун хаалгаар орж суусан. ...Би машиныг гадна талаар нь тойроод жолоочийн талын хаалга дээр явж очоод жолоочтой юм яриад зогсож байсан. Тэгсэн чинь М, У хоёр хоорондоо маргалдаад л байгаа бололтой байсан. ...Тэгсэн чинь гэнэт машин дотор М талийгаач хоёр зодолдоод пид пад гээд цохилцоод унах шиг болсон” /1 хх-150/ гэсэн мэдүүлэг, гэрч С.У-ын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын явцад өгсөн “...Тэнд байсан хохирогчийг босож ирээд надтай танилц Ш овогтой М гэж таних уу гээд эхэлсэн. Тэгсэн чинь тэнд байсан нас бардаг хохирогч бас өмнөөс нь намайг Булганд очоод асуугаарай, аймгийн 13 сумаас асуугаарай намайг танихгүй хүн байхгүй. Намайг У гэдэг гэж өөрийнхөө нэрийг хэлсэн. Тэгсэн чинь Ж ах болохоор М ах руу чи солгой Ж гэж Өмнөговийн коллеж дээр очоод асуугаарай гэж маргаанд орж ирсэн. Тэгээд энэ гурав хэрэлдэж байгаад гарч зодолдох юм болсон.
Би М ахыг хориод гаргахгүй гэж хэлсэн. У ахыг эхнэр нь хориод бас гаргахгүй гэсэн. Тэгсэн чинь хажуугаар Ж ах орж ирээд гаргачих эрчүүд хоорондоо учраа олох гэж байна гэж хэлээд М, Ж, тэр хохирогч У нар гэрээс гарсан. Тэгтэл төд удалгүй буцаад ороод ирсэн. ...Тэгээд Ж ах, У ах хоёр мотоциклтойгоо урд гараад явсан. ...У ах над дээр ирээд миний талын хаалгыг онгойлгоод одоо 30 м хүрэхгүй газар яваад засмалдаа орчихно гэж хэлсэн. Тэгэхээр нь би за сайхан танилцлаа гэж хэлсэн. Тэгсэн У нөгөө талын хаалга руу явсан. ...У ах машины баруун талын хаалгаар машинд орж ирээд М ахыг шахаад суусан. Тэгээд У ах машинд орж ирэнгүүтээ М ахад чи хүнтэй танилцаж чаддаггүй сонин залуу байна гэж хэлсэн. Тэгтэл М ах өөдөөс нь би ийм хүнтэй танилцдаггүй гэж хэлээд маргалдаад хоорондоо ноцолдоод эхэлсэн /1 хх- 144-145/ гэсэн мэдүүлэг, гэрч М.Н-ийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын явцад өгсөн “...Э ах чинь залгаад байна. Тосоод авчих гээд байна. Ах нь явчхаад ирье гээд мотоциклоо унаад ганцаараа явсан. Талийгаач унтаад үлдсэн. ...Тэгэхэд талийгаачийг сэрчихсэн орон дээр эхнэртэйгээ сууж байсан чинь Э талийгаачийг чи хаанахын пизда вэ гэсэн чинь талийгаач юу гэнээ би ч бас хүнээр пизда гэж дуудуулдаг хүн биш гээд уурлаад байсан. ...Э ахтай хамт явж байсан ах Э ахыг одоо явъя гээд Ж ахыг зам руу дөхүүлээд өг гээд Ж ах талийгаач хоёр мотоциклтойгоо сундлаад Э ахыг найзтай нь зам руу оруулж өгнө гээд хөдөлцгөөсөн /1 хх-129-130/ гэсэн мэдүүлэг, гэрч Б.Л-ийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын явцад өгсөн “...Тэгээд нилээн байж байгаад 23 цагийн үед У нэлээд архи нь гарчихсан сэрсэн. Тэгээд надаас Ж хаачсан юм бэ гэж асуухаар нь дүү охин нь Э ах дуудаад явсан гэж миний өмнөөс хариулсан. Тэгээд У Ж-руу залгаад хаана байгаан янзан бүрийн юм болоогүй биз дээ, ирэх болоогүй юм уу, би очих уу гэсэн чинь Ж одоо очлоо гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд 5 минутын дараа У дахиад Ж руу залгаад ирэх болж байна уу гэсэн чинь одоо очиж байна гэж хэлж байсан. Тэгээд У дахиад жаахан унтсан юм.
Тэгсэн 23 цаг 30 минутын үед Ж, У, Э гэх хүмүүс орж ирсэн. Тэгээд Э гэх хүн нь У-ийг хаанахын пизда вэ чи гэж хэлсэн. Тэгсэн чинь өмнөөс нь У чи яасан том юм бэ, хүн танилцъя гэж хэлэхийн оронд гэж хэлсэн чинь Э нь би Баян-Овоогийн атман байна. Намайг хэн ч дийлэхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь У жаахан уурлаад би хэнээр ч дээрэлхүүлэхгүй гэсэн чинь Э нь чи хаанахын атман юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь У би Булган сумынх. Би Ж-тай багаасаа найзалсан. Найзындаа ирээд байж байна гэсэн. Хүн аятайхан танилцъя гэж байхад өмнөөс пизда уншаад гэж хэлсэн. ...Тэгээд У за хөгшөөн танилцъя гэж хэлээд тэр Э гэх залуутай танилцсан. Тэгээд Э нь гаднаас нэг шил архи оруулж ирээд ууж байгаад янз янзын юм яриад У тэр хоёр дахиад муудалцсан юм. Тэгсэн чинь Ж та хоёр гарч зодолд гээд хэлсэн. Тэгээд Э, У хоёр гарч явсан юм. Тэгээд тэр хоёр гаднаас удалгүй орж ирсэн юм. ...Э гэх залуу нь найз У-тайгаа явлаа гэж хэлээд Ж-г засмалтай зам нийлүүлж өг гэсэн. Тэгсэн чинь Ж У-ээ хоёулаа хамт явчхаад ирье гэж хэлээд хамт гарах гэхээр нь би явуулахгүй. Ж-г чи ганцаараа яв гэсэн. Тэгсэн чинь У би найзыгаа ганцааранг нь явуулахгүй гэж хэлсэн /1 хх-134-135/ гэсэн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэн няцаагдаж байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-ийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-ийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ш.М-ийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 86 /наян зургаан/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.БЯМБАЖАВ