| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 142/2024/01284/И |
| Дугаар | 001/ХТ2025/00180 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2025/00180
|
“Г” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Н.Батзориг, Н.Баярмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 312/ШШ2025/00716 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 207/МА2025/00083 дугаар магадлалтай, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Б-д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 12,154,615.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, Б.О, Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч “Г” ХК нь хариуцагч Д.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,154,615.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. 2. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 312/ШШ2025/00716 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан Д.Б-аас 12,154,615 төгрөг гаргуулах “Г” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209,424 төгрөгийг төрийн санд оруулж шийдвэрлэсэн. 3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 207/МА2025/00083 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 312/ШШ2025/00716 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар “Г” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 12,154,615.25 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Энэхүү гомдол гаргах үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.2 “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” байх бөгөөд энэ нь “хавтаст хэргийн баримт алга болсон”, “давж заалдах шатны шүүх хурлаар нотлох баримт алга болсон, энэ талаар тэмдэглэлд тусгуулахаар санал гаргасан боловч тэмдэглэл үйлдэгдээгүй” гэх 2 үйл баримтаар тодорхойлогдоно. Нэхэмжлэгчийн зүгээс 2024.06.26-ны өдөр хариуцагч Д.Б-аас “Г” ХК-тай байгуулсан 2715110620 тоот Зээл болон барьцааны гэрээний үүрэгт 12,154,615.25 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг 2024.07.04-ний өдөр Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хүлээн авч, 2024.07.08-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Шүүхээс ажиллагаа хийж 2024.12.18-ны өдөр шүүгчийн туслах Б.М хариуцагч Д.Б-д нэхэмжлэлийг гардуулж, шүүхийн баримтуудад гарын үсэг зуруулж, мөн хариуцагчаар хариу тайлбарыг гараар бичүүлж авсан. Түүний дараа шүүгчийн туслах Б.М нь 2024.12.16-ны өдрийн 10 цаг 37 минутад өөрийн ............. тоот утасны дугаараар бүртгүүлсэн вайбераар “Г” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х-ийн ..........тоот дугаар руу 7 хуудас бүхий хэргийн баримтуудыг зургаар илгээж танилцуулсан. Уг баримтууд дотор хариуцагчийн гараар бичсэн хариу тайлбар зургаар ирсэн байсныг банк өөрийн дотоод архивт 2024.12.27-ны өдөр хадгалсан. Хариуцагчийн гараар бичсэн уг хариу тайлбарт “ Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариу тайлбар гаргах нь: 1. Банк энэ хугацаанд нэг ч удаа утасдаагүй болно. Мөн миний бие зээлээ төлөх ёстой. 2. Миний бие энэ зээл 7, 8-н жил болж байгаа тул хүчингүй болсон байх гэж бодож явсан. 3. Иймд үндсэн зээл 4,607,761.60 төгрөгийг саадгүй төлж хүү болон хүүгийн хүү дээр тэтгэврийн намайг 50 хувиар бууруулж өгөх хүсэлтийг тавьж байна.” гэж бичсэн байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г 2024.12.25-ны өдөр хариу тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ бичгээр мэдэгдсэн байдаг. “Г” ХК-ийн 2025.01.14-ний өдрийн хүсэлтээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х-ийг хасаж, Г.О-ийг томилсон бөгөөд энэ нь хариуцагч үндсэн зээлийн үлдэгдлээ хүлээн зөвшөөрсөн тул тодорхой дүнгээр эвлэрэн хэлэлцэх чиглэлийг банкнаас өгч шүүх хуралдаанд оролцуулсантай холбоотой. Улмаар нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах шатны гомдлоо хариуцагчийн шүүхэд бичгээр гаргаж өгсөн хариу тайлбарт тулгуурлан Иргэний хуулийн тайлбарт 79.1 дэх заалтын тайлбарыг, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх заалт, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх заалтыг тус тус үндэслэн гаргасан. Мөн хариуцагч Д.Б-ын “Г” ХК-тай байгуулсан 2715110620 тоот зээл болон барьцааны гэрээний 2.1, 2.9, 3.1.5, 3.4.1, 3.4.3, 5.1 тоот заалтуудыг дурдаж хөөн хэлэлцэх хугацаа алдаагүй гэдгээ тайлбарласан. Давж заалдах шатны шүүхийн 2025.06.26-ны өдрийн хуралдааны явцад нэхэмжлэгч гомдлоо тайлбарлахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г иш татаад байгаа баримт хавтаст хэргийн хэд дэх хуудаст байгааг удаа дараа асуусан. Мөн шүүх бүрэлдэхүүн ч нэхэмжлэгчийн иш татсан баримт хавтаст хэргийн хэд дэх хуудаст байгааг лавласан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О цахимаар оролцож байсан тул яг хэд дэх хуудаст байгааг хэлж чадаагүй ба нөгөө төлөөлөгч Ш.О-ээр шалгуулахад хавтаст хэрэгт хариуцагчийн гараар бичсэн баримт байхгүй байгааг анх удаа мэдсэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс шүүх бүрэлдэхүүнд бидний иш татсан баримт алга болчихсон байна гэдгийг тайлбарласан боловч шүүх бүрэлдэхүүн шинээр үүсээд буй нөхцөл байдлыг огтоос үнэлээгүй. Магадлалд хувийн хэргээс хариуцагчийн гараар бичсэн хариу тайлбар алга байгааг огт дурдаагүй, зөвхөн магадлалын “Хянавал” хэсгийн “5.2 дахь хэсэгт: Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдааны явцад Д.Б-ыг үлдэгдэл зээлийг төлөхөөр зөвшөөрч, баталгаа гаргасан” гэсэн тайлбар гаргасан боловч тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.” гэж тусгасан нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагчийн гараар бичсэн уг тайлбар нь хавтаст хэрэгт эх хувиараа байх ёстой атал эсрэгээрээ алга болчихсон байна гэж нэхэмжлэгчээс тайлбарласаар байхад, энэ нөхцөл байдлыг хариуцагч талд овжиноор ашиглах боломжийг олгож нэхэмжлэгчийн давж заалдах гомдол илтэд үндэслэл муутай гэж няцаалгасан давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл тус хэргийг бүр анхан шатны шүүхэд хэлэлцэх үедээ л хэн нэгний санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас хэргийн маш чухал ач холбогдол бүхий баримтыг алга болсон байхад нь хяналт тавилгүйгээр шийдвэр гаргаж дүгнэсэн нь нэхэмжлэгчийг илтэд хохироосон үйлдэл юм. Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс магадлалыг гардан авсны дараа Улсын дЭэд шүүхэд гомдол гаргахаар 2025.07.29-ний өдөр хавтаст хэрэгтэй танилцахад давж заалдах шатны шүүх хурлын тэмдэглэл анхан шатны шүүхээс хэргийн материалтай цуг ирээгүй байсан бөгөөд энэ тухай шүүгчийн туслахад хэлэхэд “тэмдэглэл үйлдэгдээд араас нь ирнэ” гэсэн. Энэ тухай 2025.07.31-ний өдөр дахин тодруулахад давж заалдах шатны шүүх хурлын тэмдэглэл өнөөдөр ирсэн, шүүгч маргааш ирж гарын үсэг зурж 2025.08.01-нд и-мэйлээр явуулъя гэж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51.1-т заасныг зөрчиж байна Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах шатны шүүх хурлын үеэр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригоос “Хариуцагч яагаад зээлээ төлөөгүй вэ?” гэж асуухад тоомжиргүйгээр “Зээл төлөхийг хүсээгүй юмаа.” гэж хариулсан. Энэ хариултыг нь шүүх бүрэлдэхүүн сонсож харсаар байж бусдыг санаатайгаар хэн нэгэн этгээд хохироож болдог, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжиж болдгийг хөхүүлэн дэмжиж шийдвэрлэсэнд харамсаж байна. Дээрх бүх үндэслэлийг харгалзан “хавтаст хэргээс алга болсон баримтыг үзлэг хийлгэх, тэмдэглэл үйлдүүлэн нотлох баримтаар тооцуулах, энэ нь хөөн хэлэлцэх хугацаа тоолоход онц ач холбогдолтой байгааг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.5-т заасны дагуу Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 207/МА2025/00083 тоот магадлалыг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхэд буцаах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ. 5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ШХТ2025/00907 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгч “Г” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-ын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ. ХЯНАВАЛ 6. Нэхэмжлэгч “Г” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдов. 7. Нэхэмжлэгч “Г” ХК нь хариуцагч Д.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,154,615.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шаардлагын үндэслэлээ: “Д.Б нь 2017.12.12-ны өдөр “Г” ХК-тай 2715110620 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 7,780,000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Тэрээр зээлийн эргэн төлөлтийг удаа дараа зөрчиж, хугацаандаа төлөөгүй 1820 хоног хугацаа хэтрүүлсэн. Иймд 2024.06.24-ний өдрийн байдлаар ... үндсэн зээл 4,607,731.60 төгрөг, үндсэн хүү 6,612,931.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 933,952.35 төгрөг, нийт 12,154,615.25 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.” гэж тодорхойлсон. 8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...Нэхэмжлэгч нь 2017.12.12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн байх ба үндэслэлгүйгээр их хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүү бодож нэхэмжилсэн нь илт үндэслэлгүй. Хуулиар тогтоосон үүрэг гүйцэтгэхтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан, үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлээгүй зээлийг төлөх талаар огт мэдэгдэж байгаагүй атлаа үндсэн зээлээс давсан хүү бодож, ... удаан хугацааны хүүг зохиомлоор нэмэгдүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж тайлбарласан. 9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ “... хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,172,268 төгрөг, хүү 2,916,177 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,800 төгрөг, нийт 6,121,245 төгрөг төлсөн талаар маргаагүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээний харилцаа үүссэн. Хариуцагч нь хамгийн сүүлд 2021.05.10-ны өдөр 50,000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2020.12.12-ны өдөр дууссан. Нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 3 жилийн дотор шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан талаар нотлох баримтыг ирүүлээгүй тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.” гэж дүгнэсэн. 10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Магадлалд “...Гэрээний хугацаа дууссанаас хойш гурван жилийн дотор нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь нотлогдсон. Хариуцагч нь 2021.05.10-ны өдөр 50,000 төгрөгийг төлснөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх боловч шаардах эрх хэрэгжүүлэх хугацаа 2024.05.10-ны өдөр дууссан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.2, 79 дүгээр зүйлийн 79.1-д нийцсэн. Нэхэмжлэгч Д.Б-ыг “үлдэгдэл зээлийг төлөхийг зөвшөөрч, баталгаа гаргасан” гэсэн тайлбар гаргасан боловч баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.” гэж дүгнэсэн. 11. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлын хүрээнд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хэлэлцүүлэв. 12. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар талууд маргаагүй. Харин шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаар маргаж байх ба нэхэмжлэгч анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргаснаас хойш хариуцагчаас бичгээр гаргасан тайлбарт зээлийн гэрээний зохих хэсгийг төлөхийг зөвшөөрсөн агуулга илэрхий дурдагдсан байсан боловч уг баримтыг шүүхэд шинжлэн судлагдаагүй талаар тайлбарлаж байна. 13. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо иргэний хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцэх үед хэн нэгний санаатай болон санамсаргүй байдлын улмаас хэрэгт ач холбогдол бүхий баримт алга болсон, хариуцагчийн бичгэн тайлбар хэрэгт авагдсан байсныг зургаар илгээснийг хадгалж авсан талаар дурдаж, бичвэрийн хэлбэр, агуулгыг тодорхойлсон байна. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нэхэмжлэгчийн дурдсан баримт хэрэгт байхгүй гэх боловч хариуцагч Д.Б өөрийн гараар тайлбар бичиж байсан, улмаар уг тайлбараа шүүхэд өгөөгүй, эсхүл өгснийгөө буцааж авсан гэх хоёрдмол агуулга бүхий тайлбар гаргаж байна. 14. Зохигчийн гаргасан дээрх тайлбар, хэрэгт авагдсан баримтыг харьцуулан дүгнэсний үндсэн дээр зохигч хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаар маргаж байгаа үед уг нөхцөл байдалд ач холбогдол бүхий баримтыг цуглуулах, бүрдүүлэх, үнэлэхтэй холбоотой журам зөрчигдсөн эсэхийг анхааралгүй маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй гэж үзлээ. 15. Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулалгүй, нотлох баримт бүрдүүлэх журам зөрчигдсөн эсэх асуудлыг эцэслэн дүгнэлгүй хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 312/ШШ2025/00716 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 207/МА2025/00083 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “Г” ХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.08.01-ний өдөр 209,424 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ Н.БАЯРМАА Э.ЗОЛЗАЯА
|