Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 140/ШШ2021/00173

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Н.*******ын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Дөрвөлжин сумын ерөнхий боловсролын сургуульд холбогдох 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, мөн дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* миний бие 1974 онд Дөрвөлжин суманд төрж өссөн. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуульд 2011 оноос хойш жолооч, мужаанаар тасралтгүй 8 дахь жилдээ үр бүтээлтэй, ямар нэгэн алдаа дутагдал, зөрчилгүй ажиллаж байгаад үндэслэлгүйгээр 2019 оны 02 сарын 18-нд хууль бусаар халагдсан хүртэл ажилдаа ороогүй  байна.

Миний бие шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлүүлэх, амралтын мөнгө гаргуулах, нэхэмжлэл оруулсан ба Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн  анхан шатны шүүхийн  2019 оны 5 сарын 01-ний өдрийн 183 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Хариуцагч байгууллагын гомдлоор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 07 сарын 02-ний өдрийн 13-р магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч гомдол гаргаж Улсын дээд шүүхийн 2020 оны 07 сарын 07-ний өдрийн 001/ХТ2020/00354 тоот тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт мужаан гэсэн үг нэмж бусад заалтыг хэвээр үлдээсэн.

Гэтэл хариуцагч байгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг одоог хүртэл биелүүлэхгүй урьд эрхэлж байсан ажилд минь авахгүй байсан тул Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 05 сарын 02-ны өдрөөс хойш 2020 оны 10 сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх, уг дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2020 оны 12 сарын 15-ны өдрийн 748 дугаар шийдвэрээр дээрх хугацааны цалин хөлс болох 7,200,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн.

Гэтэл одоог хүртэл ажилд минь авахгүй байгаа тул 2020 оны 10 сарын 03-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл цалин хөлсөө гаргуулж, мөн хугацааны Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлж, НДД, ЭМД -үүдэд нөхөн бичилт хийлгүүлэхээр танай шүүхэд хандаж байна гэжээ. 

Хариуцагч Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.*******ын нэхэмжлэлтэй Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах иргэний хэрэгт хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* би дараах хариу тайлбарыг  гаргаж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны А/024/11 дугаар тушаалаар Н.*******ын ажиллаж байсан орон тоо хасагдсан тул Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 тушаалаар Н.*******ыг дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Н.******* шийдвэрийг эс зөвшөөрч маргасан бөгөөд улмаар Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183 дугаартай шийдвэрээр Н.*******ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговор 1.005.600 төгрөгийг олгохоор шийдвэр гарч, уг шийдвэр давж заалдах шатны шүүхээс хүчингүй болж, хяналтын шатны шүүхээс хэвээр батлагдаж хүчин төгөлдөр болсон.

"Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад, захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг норматив батлах тухай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны А/024/11 дугаар тушаалаар 161-320 хүртэл суралцагчтай 1-9 дүгээр ангитай дунд сургууль жолооч, мужааны орон тоогүй байхаар баталж, улмаар Н.******* нь дээрх шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн Манай байгууллага энэ тухай шүүхэд хангалттай тайлбарлаж, холбогдох баримтыг ч гаргаж өгсөн боловч шүүх шийдвэр гаргах процессын зарим зөрчилд ач холбогдол өгч, тухайлбал Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад, захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг норматив батлах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны А/024/11дугаар тушаал батлагдсанаас хойш орон тоо, цалингийн санг шинэчлэн батлахдаа Н.*******ын ажиллаж байсан орон тоог хасаагүй байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Н.*******од 1 сарын өмнө мэдэгдээгүй гэж үзэж Н.*******ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалин олговор олгохоор шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, ойлгомжтой тодорхой байж түүнийг бодит байдалд биелүүлэх бүрэн боломжтой байх ёстой. Гэтэл шүүх Бага дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10-д Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багтаамж буюу хүүхдийн тоо, хэв шинж, ангиллыг харгалзан багшаас бусад захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны боловсролын болон төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран жишиг нормативыг батална" гэж, мөн "Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад, захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг норматив батлах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны А/024/11 дугаар тушаалд "Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад захиргааны болон үйлчилгээний ажилтны орон тооны нормативт тусгайлан заагаагүй чиг үүргийг гэрээгээр эсхүл захиргааны бусад ажилтнуудын ажил үүргийн хуваарьт тусган гүйцэтгүүлнэ" гэж, Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолоор батлагдсан Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх журам"-аар зохицуулсан хэм хэмжээг зөрчиж, Н.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь бодит байдалд биелүүлэх боломжгүй, захирал надад хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэхийг даалгаж шийдвэрлээд байгаа нь харамсалтай байна. Өөрөөр хэлбэл шүүх шийдвэрээрээ сургуулийн захирлыг албан тушаалаа хэтрүүлсэн, төсвийг зориулалтын бусаар зарцуулсан эрүүгийн хэрэг үйлдэхэд хүргэж байна.

Н.******* нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар хүсч шүүх 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 741 дугаартай шийдвэрээр Л.*******од ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу 2020 оны 12 сард аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэстэй зөвшилцөж төсвөөс Н.*******ын цалинг гаргуулж олгож байсан. Энэ үед Н.*******той уулзаж шууд орон тоо үүсгэж томилох эрх надад байхгүй байна. Иймд Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын дагуу гэрээгээр жолооч мужааны ажил үүрэг гүйцэтгэх боломж байна гэж холбогдох хууль тогтоомж, журам, тушаалыг танилцуулж ярилцсан боловч шүүхийн шийдвэр гарсан учир заавал тушаалаар жолоочийн ажилд томилуулна гэдэг хариу өгсөн. ЕБС-ын зүгээс шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа ч түүнийг биелүүлэх арга замаа хараахан олоогүй, нэхэмжлэгч Н.******* заавал тушаал гаргуулж томилогдох хүсэлт гаргаад байгаа нь хүндрэлтэй байдал үүсгэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралд нэхэмжлэгч Н.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Н.******* нь өмнө Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас улсын дээд шүүхэд нэхэмжлэгч талаас гомдол гаргаж уг гомдлыг хянан хэлэлцээд Н.*******ыг ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хангаж шийдвэрлэсэн. Үүнээс хойш 2020 оны 10 сарын 02-ны өдөр мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2020 оны 12 сарын 15-ны өдрийн шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 7.200.000 төгрөг гаргуулж, түүнээс нийгмийн даатал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх, хүн амын орлогын албан татварын зохих журмын дагуу суутгуулахаар шүүхийн шийдвэр гарсныг хариуцагч байгууллагаас уг шийдвэрийг бүрэн биелүүлсэн. 2020 оны 10 сарын 02-ны өдрөөс хойш нэхэмжлэгч Н.******* нь одоог хүртэл ажилдаа эгүүлэн томилогдоогүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Тийм учраас 2020 оны 10 сарын 03-ны өдрөөс хойш өнөөдрийн шүүх хуралдааны шийдвэр гарах хүртэл цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварыг хуульд зааснаар хувь хэмжээгээр нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.******* нь 2020 оны 10 сарын 03-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Н.******* 2018 онд төрийн болон орон нутгийн өмчийн сургуулиас бусад захиргааны болон үйлчилгээний ажилтны орон тооны нормативд тусгайлан заагаагүй чиг үүрэг бүхий гэрээгээр, эсхүл захиргааны бусад ажилтны ажил үүргийн хуваар тусгайлан гүйцэтгэх чиг үүргийн Засгийн газрын 81 дүгээр тогтоол, мөн Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолоор батлагдсан төсвийн байгууллагын зарим ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх журмын хэм хэмжээг зөрчиж Н.*******ыг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь бодит байдалд биелэгдэх боломжгүй байна. Иймээс тухайн байгууллагад төсвийн хохирол учруулж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ сургуулийн захирал намайг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж шийдвэр гаргахаар болоод байна. 2020 оны 12 сарын 15-ны өдрийн 745 дугаартай шүүхийн шийдвэрээр Н.*******од ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн хэлтэс, хууль зүйн хэлтэс болон боловсролын газарт албан бичиг явуулж байж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нь олгосон. Гэтэл манай байгууллагын энэ оны төсөв дээр акт тавигдсан. Тэгээд би Н.*******той уулзаж ажиллах орон тоо байхгүй талаар ярилцаж гэрээгээр ажиллах санал тавьсан боловч Н.******* энэ талаар надад хариу өгөөгүй. Би шүүхийн шийдвэрийг хүндэтгэж ажилд орох тушаалыг нь гаргана гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, мөн дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 183 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Н.*******ыг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, 1.005.600 төгрөгийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2020/00354 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцах тул нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрхтэй.

Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан, нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны олговор шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарч байна.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорыг хариуцагч байгууллагаас гаргуулах нь зүйтэй байна. Уг олговрыг тооцохдоо Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ...буруу халсан үеийн олговрыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж тус тус заасан байх тул хэрэгт авагдсан Н.*******ын нийгмийн даатаглын дэвтрийг үндэслэн сарын дундаж цалин хөлс болох 1297194 төгрөгийг нэхэмжлэлд заасан ажилгүй байсан хугацааг 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаагаар тооцож 2,473,776 төгрөгийн цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулж нэхэмжлэгч Н.*******од олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолоор батлагдсан Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх журам"-аар зохицуулсан хэм хэмжээг зөрчиж, Н.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь бодит байдалд биелүүлэх боломжгүй, захирал надад хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэхийг даалгаж шийдвэрлээд байгаа нь харамсалтай байна. Өөрөөр хэлбэл шүүх шийдвэрээрээ сургуулийн захирлыг албан тушаалаа хэтрүүлсэн, төсвийг зориулалтын бусаар зарцуулсан эрүүгийн хэрэг үйлдэхэд хүргэж байна гэж тайлбарлажээ.

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургууль нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон Н.*******ыг ажилд нь эгүүлэн томилох үүрэгтэй бөгөөд энэ хугацаанд Н.*******ын буруутай үйлдлээс болж ажилд эгүүлэн томилоогүй гэх байдал нотлогдохгүй байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан үеэс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар дутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургууль нь нэхэмжлэгчид олгох 2,473,776 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад холбогдох шимтгэлүүдийг суутган холбогдох санд төлж, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагын санхүүд үүрэг болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардалга нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговорт 54530 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2,473,776 төгрөгийг Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулж нэхэмжлэгч Н.*******од олгосугай.

2. Нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 2,473,776 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд шилжүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговорт 54530 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ