| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2024/0240/Э/223/2024/0039 |
| Дугаар | 2024/ШЦТ/253 |
| Огноо | 2024-07-29 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | М.Үүрийнтуяа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга М.Гантуяа,
улсын яллагч М.Үүрийнтуяа,
хохирогч Д.О,
хохирогч Э.А,
шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Д.Дд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 04-ний хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Д нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн А0501 замын 68 дахь километрийн шонгийн орчим 32-29 БРА улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.в, 12.1, 11.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ж.Ожолоодон явсан 01-20 УБГ улсын дугаартай Toyota Land cruiser prado маркийн тээврийн хэрэгслийг мөргөж Д.Оын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.Д:
... Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж,
Хохирогч Д.О:
... Анх осолд ороод гэмтлийн эмнэлэг дээр ирж үзүүлсэн. Миний бие орой 12 цагийн үед муудаад Багануур дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд хот руу гэмтлийн эмнэлэг рүү яв гэж хэлсэн. Тэгээд оройны 03 цагт гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Томографикт харуулахад тархиндаа цус хуралттай байна гэсэн. Гэмтлийн эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Төрийн тусгай нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд хэвтэх шаардлагатай гээд эмнэлэгт нэг сар хэвтсэн. Эмнэлгээс гарахад нэг сарын дараа дахиад эмнэлэгт үзүүлээрэй. Тархины чинь цус хуралт арилах ёстой. Сарын дараа дахин үзүүлэхэд өөрчлөлт ороогүй байна. Хэвээрээ байгаад байна гэсэн. Орой унтахаар толгой өвддөг. Хааяадаа гар мэдээгүй болоод байдаг. Дахин эмчилгээ хийлгэе гэхээр санхүүгийн асуудал гараад одоо ажлаа хийж байгаа.... гэж,
Хохирогч Э.А: Тухайн өдөр Д.Д ах хурд хэтрүүлж явсан. Манай найз залуу магадгүй хоёр гурван жилийн дараа унаж татдаг болчихвол яах вэ? харамсалтай байна. Надад бол гомдол байхгүй гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Д.Д нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн А0501 замын 68 дахь километрийн шонгийн орчим 32-29 БРА улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.в, 12.1, 11.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ж.Ожолоодон явсан 01-20 УБГ улсын дугаартай Toyota Land cruiser prado маркийн тээврийг хэрэгслийг мөргөж Д.Оын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9-15 дугаар хуудас/,
Хохирогч Ж.О“...Би 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос 15 цагийн орчимд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Бурхан Халдунд мөргөхөөр УБ хотоос өөрийн Toyota Land cruiser prado маркийн 01-20 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод найз Баттулга, Гантулга, Батбилэг нарын хамт гарсан юм. Тэгээд Бурхан Халдун уулын доор хончихоод өглөө нь хайрхан луу гарчихаад Улаанбаатар хот руу 11 цагийн орчимд хөдлөөд Төв аймгийн Эрдэнэ сум өнгөрөөд Баяндаваа руу өгсөөд явж байтал өөдөөс улаан хүрэн өнгийн тээврийн хэрэгсэл жолоодлого алдаж өөдөөс миний зорчих явсан урсгал руу орж ирсэн тэгээд би тээврийн хэрэгслээ мөргүүлэхгүйн тулд өөрийн явж байсан эгнээ тал руу замаас цас руу гарч зугтаасан боловч тухайн тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгслийн зүүн талын урд хаалганаас хойшоо арын дугуй хүртэл мөргөсөн. Тэгээд би тээврийн хэрэгсэл дотор сууж явсан хүмүүсээ нягталж шалгачихаад тээврийн хэрэгслээсээ буугаад намайг мөргөсөн тээврийн хэрэгсэл дээр очоод хартал жолоочоос гадна хоёр хүнтэй явж байсан. Тэгээд би хүмүүсийн биеийн байдлыг асуугаад араас явж байсан хүнээр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Хохирогч Д.Оын “...Би 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот БГД 5 дугаар хороо Тэмүүлэл хотхон 103-99 тоотод гэртээ найз охин Э.Аын хамт байж байгаад маргааш нь би ажилтай байсан учир Багануур дүүрэг орох унаа олохоор “Улаанбаатар-Багануур явна ирнэ” гэсэн зар дээрээс 99899539 дугаараар холбогдоод явхаар болоод Жуков дээр яваад очтол улаан хүрэн өнгийн Toyota prius-20 маркийн 32-29 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй жолооч нь гарцаараа байсан тэгээд бид хоёр суугаад байж байтал нэг хүн явна гээд байсан тэгээд 10 минут орчим зогсож байгаад нөгөө хүлээлгэж байсан хүн лүү жолооч яриад өөр унаанд суучих гэж хэлээд 16 цаг 10 минутын орчимд Улаанбаатар хот Жуковоос хөдлөөд Налайх дүүрэг өнгөрөөд явж байхад жолоочид би хандаж зөөлөн яваарай ах бид хоёр яараагүй гэж хэлээд бид хоёр замдаа унтчихсан байсан тэгээд явж байтал би юу ч санахгүй байгаа юм гэнэт аль хэдийнээ зам тээврийн осол болчихсон би замын тээврийн хэрэгсэлд суух гээд зогсож байхдаа сэрсэн. Тэгээд Багануур дүүргийн эмнэлэг хүргүүлсэн юм. Тэгээд тухайн үед эмнэлэгт үзүүлчихээд шөнө нь 03 цагийн орчимд Улаанбаатар хот руу Гэмтлийн эмнэлэгт үзүүлтэл намайг эмнэлэгт шууд хэвтүүлсэн. Маргааш нь Сонгино Хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт найз охин хэвтсэн юм. Би Гэмтлийн эмнэлэгт гурав хоног хэвтсэн найз охин Сонгино Хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 6 хоног хэвтээд гарсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ж.О“...Би өөрийн эзэмшлийн 01-20 УБГ улсын дугаартай Toyota Land cruiser prado маркийн тээврийн хэрэгсэлтэй Хэнтий аймгийн Мөнгөнморьт сумын Бурхан Халдун уулнаас найзууд болох Гантулга, Баттулга, Батбилэг нарын хамт 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагийн үед Улаанбаатар хотруу хөдөлсөн. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг 40 минутын үед би Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар хотруу чигтээ явж байтал өөдөөс улаан хүрэн өнгийн Toyota prius-20 маркийн 32-29 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодлогогүй болоод эргэлдэж байгаад миний явж байсан урсгалд ороод ирсэн. Тэгэхээр нь би уг машинаас зугтаах оролдлого хийж баруун гар тийш шороо хэсэгрүү дарахад нөгөө улаан хүрэн тээврийн хэрэгсэл миний машины зүүн талын 2 хаалгыг мөргөж зогссон. Тэгхээр би эхлээд өөрийнхөө машин дотор байсан хүмүүсийг зүгээр эсэхийг шалгатал зүгээр байсан ба машинаасаа буугаад улаан хүрэн өнгийн Toyota prius-20 дээр жолооч болон хойд суудал дээр нь хоёр хүн явж байсан. Жолоочийн хаалга онгойхгүй гацсан байхаар нь би татаж онгойлгож өгөөд биеийн байдлуудыг нь асуугаад замын машин зогсоогоод цагдаа, д дуудлага өгүүлсэн, хойд талын суудалд нь сууж явсан хоёр зорчигч нь замын унаанд суугаад яваад өгсөн. Ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г“...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа асуудалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Яллагдагч Д.Д нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Toyota prius-20 маркийн 32-29 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Төв аймгийн Эрдэнэ сум Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн А0501 дугаартай асфалтан замын 68 дахь километрын шонгийн орчим Ж.Ожолоодож явсан Toyota Land cruiser prado маркийн 01-20 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гарч, хохирогч Д.Оын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд хохирогч Д.О нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.496.000 төгрөгний зардал гарсан болох нь 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Д.Дгээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Гэрч Б. Б“... Би найзууд болох Оргил, Батбилэг, Гантулга нарын хамт Оэзэмшлийн 01-20 УБГ улсын дугаартай Toyota Land cruiser prado маркийн машинтай Хэнтий аймаг руу явсан юм. Тэгээд Бурхан Халдун ууланд 1 хоночихоод 12 цагийн үед тэндээс Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тэгээд 17 цагийн үед Эрдэнэ сум өнгөрөөд нэг даваа өгсөөд явж байтал өөдөөс эсрэг урсгалаас өнгийг нь санахгүй байна Toyota prius-20 маркийн автомашин хөндлөнгөөрөө халтираад ороод ирсэн. Оргил тухайн үед жолоодож байсан ба зугтаах зорилгоор баруун гар тийшээгээ үрүүлээ дарж зугтсан боловч машины зүүн талаас мөргөсөн. Надад 1 удаа мөргөлт мэдрэгдсэн. Осол болсны дараа бид нар машинаас буутал Toyota prius-20 жолооч талаас нэг настай ах, хойд талын суудлаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн бууж ирсэн бөгөөд эрэгтэй, эмэгтэй 2 замын унаанд суугаад яваад өгсөн. Бид нар замын унаа зогсоогоод сүлжээтэй газар очоод цагдаа дуудаад өгөөч гэж гуйгаад цагдаа дуудуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
Гэрч Б.Б“...17 цагийн үед Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт явж байтад өөдөөс эсрэг урсгалаас улаан өнгийн Toyota prius-20 маркийн машин хөндөнгөөрөө гулсаж ирсэн. Тэгэхээр нь жолоо бариж байсан Оргил зугтаах зорилгоор баруун гар талруу үрүүлээ дарсан боловч амжилгүй мөргөлдсөн. Надад машины зүүн талаас 1 удаа мөргөлт мэдрэгдсэн. Осол болсны дараа Toyota prius-20 маркийн машины жолооч талаас нэг настай ах, хойд талын суудлаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн бууж ирсэн бөгөөд эрэгтэй, эмэгтэй 2 замын унаанд суугаад яваад өгсөн. Бид нар замын унаа зогсоогоод сүлжээтэй газар очоод цагдаа дуудаад өгөөч гэж гуйгаад цагдаа дуудуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,
Б.Г“...Тэгээд 17 цагийн үед Эрдэнэ сум өнгөрөөд явж байтал гэнэт зүүн талаас тас хийх дуу гараад замын баруун тал руу гарж зогссон 1 удаа мөргөлт мэдрэгдсэн. Осол болсны дараа бид нар машинаас буутал Toyota prius-20 маркийн машин манай машиныг мөргөж зогссон байсан ба Toyota prius-20 жолооч талаас нэг настай ах, хойд талын суудлаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн бууж ирсэн бөгөөд эрэгтэй, эмэгтэй 2 замын унаанд суугаад яваад өгсөн. Бид нар замын унаа зогсоогоод сүлжээтэй газар очоод цагдаа дуудаад өгөөч гэж гуйгаад цагдаа дуудуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,
Гэрч Э.Аын “...2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр санагдаж байна. Тухайн би Улаанбаатар хотод найз залуу Отгонбаатарын хамт байсан бөгөөд Багануур дүүрэг орох гээд фейсбүүкийн зар дээрээс Улаанбаатараас Багануур явна гэсэн зар байхаар нь жолоочийн дугаар луу залгаад хамт явахаар болсон. Хэлсэн газар нь буюу Жуков дээр 15-16 цагийн үед ирсэн. Ирэхэд улаан өнгийн Toyota prius-20 маркийн автомашин байсан ба жолооч гэж настай ах хүн хүлээнэ гэхээр нь 10 минут орчим тэр хүнийг хүлээж байгаад ирэхгүй болохоор нь Жуковоос Багануур дүүрэг лүү хөдөлсөн. Отгонбаатар бид 2 арын суудалд сууж явсан бөгөөд бид 2 суугаад шууд унтаад өгсөн. Тэгээд би цагийг сайн санахгүй байна, нар жаргаж байсан санагдаж байна. Тухайн үед Эрдэнэ сумын нутагт явж байсан бөгөөд жолооч 100 гаран км/цагийн хурдтай явж байсан. Тэгж байгаад гэнэт машин нь эргээд эсрэг урсгал руу орсон бөгөөд өөдөөс ирж байсан цагаан өнгийн Toyota Land cruiser prado маркийн автомашиныг мөргөж зогссон. Тэгсэн чинь жолооч гарч яваад явсан бөгөөд Отгонбаатар луу хартал сэрэхгүй ухаан алдсан байсан. 10-аад минутын дараа Отгонбаатар сэргэсэн бөгөөд буух гэтэл Отгонбаатарын тал буюу машины баруун хойд талын хаалга, цөмөрчихсөн байсан болохоор онгойхгүй байхаар жолоочоор онгойлгуулаад Отгонбаатарыг түшиж буулгаад дараа нь машинаас цүнхээ аваад байж байтал жолооч замын унаа зогсоогоод бид хоёрыг суулгаж явуулсан. Хэдэн минутын дараа Багануур дүүрэгт ирээд эмнэлэгт үзүүлтэл Гэмтлийн эмнэлэг рүү яв гэхээр нь маргааш нь Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд Отгонбаатарыг хэвтүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Дгийн сэжигтнээр өгсөн “...Би 2024 оны 02 дугаар сарын 17-ний өдөр би өөрийн эзэмшлийн 32-29 БРА улсын дугаартай Toyota prius-20 маркийн машинтай Улаанбаатар хотод ажлаа амжуулчхаад 14-15 цагийн үед фейсбүүк групп дээр “Багануур явлаа, явах хүн байна уу” гэж зар оруулахад Отгонбаатар гэх залуу надтай фейсбүүкээр холбогдсон. Отгонбаатарыг би Жуковын зогсоол дээр 16 цаг хүртэл хүлээсэн бөгөөд Отгонбаатар нэг эмэгтэй ирж суугаад бид нар Жуковоос Баганүүр дүүрэг лүү хөдөлсөн. Тэгээд явж байтал 17 цагийн үед Төв аймгий Эрдэнэ сумын Баяндаваа гэх газрыг уруудаад 4-5 км орчим явж байтал замд цасан явган шуурга шуураад замын ирмэг харагдахгүй байсан бөгөөд замын баримжаа алдаад миний машины баруун талын 2 дугуй замаас гарч шороо руу орохоор нь би буцаж зүүн гар тийшээгээ үрүүлээ дартал миний машин хөндлөн замын зорчих хэсэг дээр гулгаад эсрэг талын урсгал руу орсон юм, тормосоо тултал гишгэсэн байсан ч миний машин зогсоогүй байж байтал машины зүүн хойд талаас тас хийгээд явсан. Би буугаад хартал цайвар өнгийн Toyota Land cruiser prado маркийн машинтай мөргөлдсөн байсан. Тэгсэн Toyota Land cruiser prado тээврийн хэрэгслийн жолооч нь бууж ирээд “гайгүй юу” гэж байсан. Эмч, цагдаад дуудлага өгөх гэсэн утас сүлжээгүй байсан учир миний машинд зорчиж явсан 2 хүнийг замын машинд суулгаад Багануур луу явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Кости-Эстимэйт ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №41658 дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 55-60 дугаар хуудас/,
Шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаартай “...Д.Оын биед зүүн чамархайн ясны шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” талаарх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-66 дугаар хуудас/,
Шинжээчийн 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн №118 дугаартай “...Э.Аын биед гэмтэл тогтоогдсонгүй...” талаарх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-72 дугаар хуудас/,
Техникийн шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №07/91 дугаартай “...Toyota prius-20 маркийн 32-29 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Дэмбэрэлийн Д.Д нь МУ-ын ЗХД-ийн заалт зөрчсөн байна. Toyota prius-20 маркийн 32-29 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Дэмбэрэлийн Д.Д нь МУ-ын ЗХД-ийн 3.7 “в”-р заалт буюу “Жолоочид... тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох... ыг хориглоно”, 12.1-р заалт буюу “Жолооч... замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 11.3-р заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал серехийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Toyota Land cruiser prado маркийн 01-20 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Жарантайгийн Оргил нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн Toyota Land cruiser prado маркийн 01-20 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Жарантайгийн Оргил нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Toyota prius-20 маркийн 32-29 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Дэмбэрэлийн Д.Д нь ЗХД-ийн 12.1-р заалтыг зөрчин замын нөхцөлд автомашины хурдыг тохируулаагүй явсанаас автомашины тогтворжилт алдагдан, улмаар эсрэг урсгалд орж 11.3-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна. Ослоос учирсан эвдрэл гэмтлүүдээр 2 автомашины хурдыг тогтоох боломжгүй байна. Осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлсөн байх магадлалтай байна. Хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зүйлс илэрсэнгүй...” талаарх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Дгийн яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолтой уншиж танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч М.Үүрийнтуяа:
...Шүүгдэгч Д.Д нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн А0501 замын 68 дахь километрийн шонгийн орчим 32-29 БРА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.в, 12.1, 11.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ж.Ожолоодон явсан 01-20 УБГ улсын дугаартай Тоёота Ланд Крузер Прадо маркийн тээврийг хэрэгслийг мөргөж Д.Оын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Д.От 4 668 200 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс нотлох баримтын шаардлага хангаж нэхэмжилсэн нь 2 886 293 төгрөг байсан. Харин шүүгдэгч Д.Д хохирогч Д.От 4 500 00 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэгч Оргилд 10 065 000 төгрөгийн хохирол гарсныг бүрэн төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэгч Ган-Эрдэнэ буюу Эрүүл мэндийн даатгалын санд 2 496 000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Д.О:
... Д.Д ах тухайн машинд учруулсан хохирлоо бүгдийг нь төлж барагдуулсан байж бид хоёр луу залгаад та хоёрын бие яаж байна гээд асуугаагүй юм бэ? Би сайн ойлгохгүй байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Э.А:
... Хүний амь нас, эрүүл мэд нэг машины гүпэрнээс хямдхан байсан байна. Бид хоёр хохирлоо авах гэж гуйж байж авдаг байсан. Хааяа ярихад согтуу байдаг. Тэгэхдээ би тэр шоронд чинь суучихна гэж дарамталдаг байсан. Энэ хүний буруугаас болоод бид хоёрын эрүүл мэндэд хохирол учирсан... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Д:
...Би хохирлоо зээл аваад бүх хүмүүст өгсөн. Эрүүл мэндийг хойш тавиад байгаа зүйл байхгүй. Над руу залгаад би үзүүлмээр байна гэх болгонд би өгч байсан. Цаашдаа ч ажил төрлөө хийгээд эмчилгээний зардлыг өгөх боломжтой. Би гэм буруугаа маш сайн ойлгож байгаа... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Д.Д маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Д нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Д гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг хэдий ч дээрх дөрвөн нөхцөлүүдийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрдөггүй болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь ...Жолооч автотээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдлыг гэмт хэрэгт тооцохоор хуульчлан тогтоосон байна.
Хуулийн энэхүү зохицуулалтаар зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл эсхүл бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсныг гэмт хэрэг тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл ...Жолооч автотээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон бол материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзнэ.
Тодруулбал: Шүүгдэгч Д.Д тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.в-д “зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох..” гэх,
12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэх,
11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.
Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.
Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.
Тэрээр шүүгдэгч Д.Д Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.в, 12.1, 11.3 дахь заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний биед хүнд хохирол учирсан, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Дгийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Оын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.
Хохирогч Д.Оын эмчилгээний зардалд 4.500.000 төгрөгийг, мөн иргэний нэхэмжлэгч Ж.Омөрдөн шалгах ажиллагааны шатанд нэхэмжилсэн нийт 5.065.000 төгрөгийн хохирлыг тус тус бүрэн төлж барагдуулсан болох нь /хх-ийн 153, 157 дугаар хуудаст авагдсан баримт болон Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байна.
Харин шүүгдэгч Д.Дгээс 2.496.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/ эс үйлдэхүй/ -ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан бол заасан байна.
Иймд хохирогч Д.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч М.Үүрийнтуяа:
... Шүүгдэгч Д.Д түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор ууршиг, гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын харгалзан ялын саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Д.О:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Э.А:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Д:
...Гэм буруу дээр хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.
Шүүх шүүгдэгч Д.Дд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчлагдсан учраас шүүгдэгч Д.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Д энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Дд шүүхээс тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Дг тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
мөн тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Д энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Д.Оын цаашид гаргах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Дгээс 2.496.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН