Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 140/ШШ2021/00174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Г.*******гийн нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох 130,000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны үед Д.*******гийн тавьсан зарын дагуу түүний 99151874 дугаарын утсаар холбогдож Наран баарны тогоочоор ажилд орсон. Тухайн үед Д.******* нь надтай аман гэрээ хийж өдрийн 20,000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцож би 2020 оны 08 дугаар сард 19 хоног ажиллахад 13 хоногийн 10,000 төгрөгөөр бодож 130,000 төгрөг, 6 хоногийг 20,000 төгрөгөөр бодож 120,000 төгрөг нийт 250,000 төгрөгийн цалин олгож 9 сараас эхлээд өдрийн 20,000 төгрөгөөр тооцож, цалинг олгохоор тохиролцсон. Тэгээд 9 сараас ээлжийн тогоочтой болж би нэг өнжөөд гардаг болж, 2020 оны 09 дүгээр сард нийт 13 хоног ажилласан. 13 хоногийн цалин нийт 260,000 төгрөг олгох ёстой байсан боловч 130,000 төгрөгний цалин олгож нийт 130,000 төгрөгийг үндэслэлгүйгээр өгөхгүй байна. Иймд миний ажилласан цалингийн үлдэгдэл болох 130,000 төгрөгийг Д.*******гоос гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.******* миний бие Г.*******гийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие 10,000 төгрөгөөр 3-6 хүний хоол өдөрт 1 удаа хийгээд 14 цагт өгнө, эрт тардаг ийм ажил байна гэхэд хийе гээд аман гэрээ хийгээд маргааш ирнэ гээд явсан. 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 3 хоног 30,000 төгрөг бэлнээр, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 7 хоног 70,000 төгрөгийг 08 дугаар сарын 11-нд бэлнээр авсан. 2020 оны 07 сарын 31-нээс 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл миний бие бүх хоолонд гар бие оролцож, амталж хамт хийлцсэн. ******* нь бие дааж ганц ч удаа хоол хийгээгүй чадахгүй байсан учраас ажлаас нь гаргасан. Дараа нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ирж уулзаад би нөхөртэйгээ шүүхдэлцэж байгаа ганц мал ч болтугай салгаж авмаар байна. Өмгөөлөгч хөлслөх мөнгө хэрэгтэй байна гэж гуйхаар нь би өрөвдөж хоолныхоо хажуугаар 2 кг махаар бууз хийгээд өдрийн 20,000 төгрөг өгье гэж тохиролцсоноор 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 7 хоног ганцаараа чадахгүй охиноороо туслалцуулан би ч бас хоолыг нь амталж цуг хийлцсэн. Энэ 7 хоногт 4 өдөр нь бууз хийсэн. Гэхдээ 7 хоногоо 20,000 төгрөгөөр бодож 140,000 төгрөг бэлнээр өгсөн. Охины хичээл орсон ганцаараа бууз хийж чадахгүй гэсний улмаас өөр тогооч авч ажиллуулах болсон ба намайг битгий ажлаас гаргаарай одоо сурч байгаа гэж гуйсны дагуу Ганчимэг тогоочтой ярилцаж тохиролцоод нэг нэг өдрөөр ээлжээр ажиллуулъя гэж ярилцаад Ганчимэг нь гарсан өдөртөө 4 кг махаар бууз, 3-6 хүний хоол хийгээд өдрийн 20,000 төгрөг авахаар болж, ******* 3-6 хүний хоол хийгээд эрт тардаг 10,000 төгрөгөөр цалинжихаар болж тохиролцсон. Ганчимэг, ******* миний бие гурвуулаа цуг байж байгаад ярилцаж нийлээд тохиролцсон. Сүүлийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 13 хоногийн 130,000 төгрөгийг 5517261711 дансанд хийсэн. ******* гэх хүнд ямар нэг өглөг байхгүй бөгөөд ярилцаж тохиролцсоноороо цалинг нь тооцож өгсөн. Г.******* нь хувь хүний арчаа муутай, хүн чанаргүй, хүний сайхан сэтгэл боддоггүй худлаа луйвар хийх оролдлого гэж үзэж байна. Уг нэхэмжлэл нь санаатайгаар хүн гүтгэж, мөнгө салгаж авах гэсэн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн залилангийн шинжтэй байгаа учир Г.******* гэж этгээдийг сайтар шалган миний сэтгэл санааны хохирол болон нэр хүндэд халдсан хэрэгт эгүүлэн шалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би зарын дагуу Наран бааранд ажилд орж ажилласан. Тэр үед өдрийн 10,000 төгрөгөөр цалинжуулж байгаад дараа нь өдрийн 20,000 төгрөгөөр цалинжуулсан. Миний авах ёстой цалингийн талыг нь өгөөд талыг нь өгөхгүй байгаа. Би хийсэн ажлынхаа цалинг авах гэж шүүхэд хандсан. 2020 оны 8 сарын сүүлээр ажилд орсон. Тэгээд 10-н хэд хоногийн цалинг өдрийн 10,000 төгрөгөөр тооцож надад өгсөн. Түүнээс хойших цалинг өдрийн 20,000 төгрөгөөр тооцно гэж хэлчихээд 13 хоногийн цалин 130,000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 130,000 төгрөг өгөхгүй өдий хүрсэн. Тэгээд 130,000 төгрөгөө авъя гээд Д.******* руу залгахаар би чамд өгөх ёстой мөнгөө өгсөн гээд утсаа тасалсан. Хэрэв ******* намайг ажиллуулаагүй бол би өөр газар ажиллах байсан гэв.

Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Наран баар нь 7 сард тогооч ажилд авахаар зар тавьсан. Гэтэл Г.******* 2020 оны 7 сарын 30-нд ажилд оръё гэж надтай ирж уулзсан. Г.******* өөрийгөө би урьд нь тогоочийн ажил хийж байсан гэж хэлж байсан. Тэгээд бааранд өглөө 10 цагаас орой 23 цаг хүртэл ажиллана гэхэд Г.******* өө би тэгж харанхуй шөнө болтол ажиллахгүй гэж хэлж байсан. Тэгэхээр нь би бас нэг ажил байна гээд баарны үйлчлүүлэгч нарын хоол биш барилгын ажил хийдэг 5-6 хүний хоол хийнэ, өглөө 10 цагт ирээд өдөр 14 цагт тарна, эрт тардаг учраас өдрийн 10,000 төгрөгийн хөлс өгнө чи ажиллах юм уу гэж асуусан чинь Г.******* болж байна эрт тардаг юм бол би ажиллая гэж хэлчихээд яваад маргааш өглөө нь ирж ажилласан. Г.******* 2020 оны 8 сарын 2, 3-ны өдөр хүртэл ажиллаад надад мөнгө хэрэгтэй байна гээд 3 өдрийн цалин болох 30,000 төгрөгийг бэлнээр авсан. Тэгээд дараа нь 2020 оны 8 сарын 4, 8 сарын 5, 8 сарын 7, 8 сарын 8, 8 сарын 9, 8 сарын 10, 8 сарын 11-нд 7 хоногийн мөнгө гээд 70,000 төгрөгийг бэлнээр авсан. Г.******* ажиллах энэ хугацаанд мэргэжлийн тогооч биш учраас хоолоо хийж чадахгүй байсан. Г.******* 5 хүний ногоотой шөлөнд хэдэн ширхэг төмс орох вэ, 5 хүний цуйванд хэдэн төмс орох вэ гэдгийг мэдэдгүй, дандаа надтай хамт хоолоо хийж байсан. Ганцаараа нэг ч удаа бие дааж хоол хийгээгүй. Би Г.*******гийн ажлыг нь хөнгөвчлөх гээд яс чанаж шөл гаргачихсан байж байгаад Г.*******г ирэхээр 1 хүний 15 ширхэг банш гэж тооцоод 5 хүний 45 ширхэг банш тоолоод хийчих гэж хэлсэн чинь 45 ширхэг бууз хийчихсэн байсан. Тэгэхээр нь чи яаж байгаа юм бэ гээд асуусан чинь даанч том харагдаад байсан юм аа гэж хэлж байсан. Тэгээд би уурлаад таныг ажиллуулж чадахгүй юм байна, Би өөр тогооч ажилд авлаа гээд Г.*******г 2020 оны 8 сарын 11-нд ажлаас нь гаргасан. Тэгээд би өөр тогооч авахаар зар тавьсан. Тэгсэн Г.******* 2020 оны 8 сарын 21-нд дахин ирсэн. Ингэж ирэхдээ би нөхөртэйгөө шүүхдэж байгаа, Хуучин эхнэр нь манай нөхрийн хамаг мал эд хөрөнгийг нь авчихаад байна. Би нэг өнчин ишиг ч гэсэн салгаж авмаар байна. Би өмгөөлөгч авмаар байна, Хүүхдийн сургууль орох гэж байна надад ажил хэрэгтэй байна гэхээр нь би та өдрийн 14 цаг хүртэл ажиллаад өдрийн 10,000 төгрөг авна. Харин орлогоо нэмэгдүүлэхийн тулд өдөрт 2 кг махаар бууз хийгээд би тэрийг чинь зараад тэгээд танд нэмээд 10,000 төгрөгийг өгөөд өдрийн 20,000 төгрөгөөр цалинжуулах боломжтой гэж ярилцсан. Тэгээд 2020 оны 8 сарын 21-ний өдрөөс 2020 оны 8 сарын 29-ний өдөр хүртэл 7 хоногт Г.******* бууз хийж чадахгүй байсан. Г.******* буузаа хийж чадахгүй болохоороо охиноо туслуулахаар дагуулж ирсэн. Ингэж ирэхдээ мөн адил бага хүүхдээ дагуулж ирсэн. Тэгээд Г.******* охинтойгоо хамт 3 өдөр бууз хийсэн. Нэг өдөрт нь 2 кг махаар бууз хийсэн. Г.******* хэцүү юм байна, ядарч байна гэдэг байсан. Энэ хугацаанд би Г.*******гийн хийсэн бүх хоолонд оролцож байсан. Тэгээд Г.*******гийн хүүхдийнх нь хичээл орох гэж байна гэхээр нь 2020 оны 8 сарын 21-ний өдрөөс 2020 оны 8 сарын 29 хүртэл 7 хоногийг өдрийн 20,000 төгрөгөөр бодоод 140,000 төгрөгийг Г.*******д бэлнээр өгсөн. Г.******* дагуулж ирсэн охиноо аймар загнаж харааж зүхдэг. Тэгээд намайг ирсэн чинь Г.******* охиноо загнаад энгийн хувцастай хичээлдээ явчих гэсэн чинь заавал дүрэмт хувцас авна гээд байх юм гээд охиноо загнаад байхаар нь би зөөгч хийдэг охиноосоо чамд илүү дүрэмт хувцас байвал өгчихөөч гэсэн чинь манай зөөгч охин илүү дүрэмт хувцсаа өгсөн. Түүний дараа Г.******* хичээл орно гээд 2020 оны 8 сарын 30-ны өдөр ажилдаа ирэхгүй байж байгаад 2020 оны 8 сарын 31-ний өдөр ажилдаа ирсэн. Тэр үед зарын дагуу ирж байна гээд Ганчимэг гэдэг тогооч манайд ирсэн. Ганчимэг ирээд би танайд тууштай ганцаараа ажиллана гэхээр нь Г.*******г байлцуулж байгаад жаахан хүүхэдтэй өвөл болж байна, эртхэн тардаг ажил хийнэ гэсэн учраас би яаж Г.*******г ажлаас нь гаргах вэ, та хоёр ээлжлээд ажиллачих гээд нөгөө тогооч Ганчимэгээс гуйгаад ээлжилж ажиллуулахаар болсон. Г.*******гийн охины хичээл орчих юм бол Г.******* өөрөө бие дааж бууз хийж чадахгүй, тэр үед Г.******* өөрөө бууз хийж чадахгүй гэдгээ надад хэлэхээр нь би тэгвэл чи ажилчдын өдрийн хоолыг нь хийгээд 10 цаг ирээд 14 цагт ажлаа дуусгаад өмнөх шигээ өдрийн 10,000 төгрөгөөр цалинжуулна гэдгээ хэлсэн. Тэгээд Ганчимэг буузаа хийгээд хоолоо хийгээд өдрийн 20,000 төгрөгөөр цалинжуулна гээд Г.******* Ганчимэг хоёртой хамт байж байгаад ярилцсан. Тэгээд 2020 оны 8 сарын 31-ний өдрөөс хойш Ганчимэг, Г.******* хоёр ээлжээр ажилласан. 2020 оны 8 сарын 31, 2020 оны 9 сарын 2, 2020 оны 9 сарын 3, 9 сарын 4, 9 сарын 6, 9 сарын 8, 9 сарын 10, 9 сарын 12, 9 сарын 14, 9 сарын 16, 9 сарын 22, 9 сарын 24, 9 сарын 28, 9 сарын 30 гээд нийт 13 хоногийг өдрийн 10000 төгрөгөөр бодоод 130,00 төгрөгийг Г.*******д өгсөн. Манай аймагт 10 цагаас өдрийн 14 цаг хүртэл ажиллаад өдрийн 20,000 төгрөгийн цалин авдаг газар байхгүй. Хэрвээ би тийм байсан бол тууштай ажиллая гэсэн тогоочоо тууштай ажиллуулаад буузаа хийлгүүлээд өдрийн 20,000 төгрөгөөр цалинжуулах байсан. Г.*******гийн яриад байгаа зүйл бодит байдал дээр боломжгүй зүйл. Би Г.*******гийн охиныг гэрчээр асуугдсан мэдүүлгийг сая уншсан. Г.*******гийн охины дэргэд өдрийн 10,000 төгрөг, 20,000 төгрөг гэж огт яриагүй. Г.******* өдрийн 20,000 төгрөгийн цалинтай ажил байна, ажлаасаа гаръя гэж хэлээгүй. Надад хэлэхдээ оройны 17 цаг хүртэл ажиллах зайрмагийн цехэд ажиллах ажил байна, Тэнд тоног төхөөрөмж нь муухай дуугарсан ажил байна. Би тэнд ажиллахгүй, энэ ажил нь арай эрт тардаг учраас эндээ ажиллая гэж хэлсэн. Би Г.*******г ажиллаад өгөөч гэж гуйгаагүй, би яаж сүүлд өгсөн цалинг дансаар өгсөн юм бэлнээр өгсөн бол аваагүй гэж дайрах байсан байна. Намайг байхгүй үед Г.******* ажлаа хаяад явсан байсан. Тэгээд би чи яасан юм гэсэн чинь танай нөхөр намайг халуун саван доторх нь өмхийрсэн гэж хэлсэн учраас би ажлаа хаяад явсан, одоо би ажиллахгүй гэж Г.******* өөрөө надад хэлсэн. Би Г.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь Д.*******д холбогдуулан 130,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ...би 8 сарын сүүлээс эхлэн ажиллахдаа баарны эзэн Д.*******, Ганаа /Ганчимэг/, бид гурав хамт байж байгаад ярилцаж өдрийн 20,000 төгрөгөөр ажиллуулахаар тохиролцож, ээлжийн тогоочтой болж, би нэг өнжөөд гардаг болж 2020 оны 9 сард нийт 13 хоног ажилласан. 13 хоногийн цалин 260,000 төгрөг олгох ёстой байсан боловч 130,000 төгрөгний цалин олгож, үлдсэн 130,000 төгргийг үндэслэлгүйгээр өгөхгүй байна... гэж тайлбарлаж байна.

Харин хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...Манай аймагт 10 цагаас өдрийн 14 цаг хүртэл ажиллаад өдрийн 20,000 төгрөгийн цалин авдаг газар хаа ч байхгүй. ... Г.*******, Ганчимэг хоёртой хамт байж байгаад ярилцаад Ганчимэг 4 кг махаар буузаа хийгээд, ажилчдын хоолоо хийгээд өдрийн 20,000 төгрөгөөр, ******* 3-6 хүний зөвхөн хоолыг хийгээд өдрийн 10,000 төгрөгөөр цалинжуулахаар 2020 оны 8 сарын 31-ний өдрөөс хойш 13 хоног ажилласаны цалин 130,000 төгрөг өгсөн. Одоо надад Г.*******д өгөх өр байхгүй... гэж маргажээ.

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Учир нь нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Д.*******той 2020 оны 8 дугаар сарын 31-нээс эхлэн 2020 оны 9 дүгээр сарын 30-ныг хүртэл хугацаанд өдөрт нэг удаа ээлжээр гарч 3-6 хүний ажилчдын хоолыг бэлтгэн ажиллах, хариуцагч нь өдрийн 20000 төгрөгийн цалин өгөхөөр харилцан тохиролцсон байсан учраас 260,000 төгрөгийг авах ёстойгоос 130,000 төгрөгийг авч, 130,000 төгрөгийг авч чадаагүй үлдсэн гэж нэхэмжилсэн бөгөөд энэ талаараа шүүхэд нотлоогүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч Г.******* нь ганцаараа ажиллаж чадахгүйн улмаас хариуцагч тал нэмж тогооч ажилд авч байсан талаар талууд маргаагүй, энэ талаар хэн аль нь үгүйсгээгүй бөгөөд, нэхэмжлэгч нь тогооч С.Ганчимэгтэй хамт ээлжээр ажиллахаар болж харилцан тохиролцсон нь талуудын тайлбар хэрэгт авагдсан С.Ганчимэгийн ...******* нь мэргэжлийн тогооч биш бууз, баншны орцыг сайн тааруулж хийж мэдэхгүй байсан учраас намайг 4кг махаараа банш, буузаа хийж ажилчдыг хооллох, *******г банш бууз хийхгүй юм чинь ажилчдыг хооллох гээд 10000 төгрөгөөр цалинжуулая л гэж ярьсан.. гэсэн мэдүүлэгтэй нийцэж байна. Иймд тухайн үед талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн бөгөөд хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч Г.*******г ажиллуулсаны хөлс 130,000 төгрөгийг төлсөн энэ үйл явдлын талаар талууд маргаагүйг дурдах нь зүйтэй.

Харин нэхэмжлэгч нь дээрх хугацаанд ажиллахдаа өдрийн 20000 төгрөгөөр тохиролцсон байсан учраас 260,000 төгрөгийг авах ёстойгоос 130,000 төгрөгийг авч, 130,000 төгрөг үлдсэн гэж нэхэмжилсэн бөгөөд энэ талаараа шүүхэд нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд ...2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 20000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцсон... гэх тайлбараа нэхэмжлэгч нотолж чадаагүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь дээрх байдлаа нотлохын тулд өөрийн төрсөн охин Э.Бямбацэрэнг гэрчээр асуулгасан бөгөөд түүнтэй хувийн ашиг сонирхолтой байгаа учраас гэрч Э.Бямбацэрэнгийн мэдүүлгийг шүүх үнэлэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.*******гоос ажлын үлдэгдэл хөлс 130,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн учир ИРгэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Д.*******гоос 130,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ